Спикер Нэнси Пелосийн хэлсэн үг

24-10-2012, 20:04  |  Хэвлэх

Конгрессын гишүүдэд олон өвөрмөц боломж нээлттэй байдаг. Гэхдээ АНУ-ын ерөнхийлөгч, Конгрессын удирдлагуудын хамт Дээрхийн Гэгээнтэн Далай ламд Конгрессын алтан медалийг гардуулж байгаа энэ үйл явц бол миний хувьд нэр төрийн хэрэг юм.

Өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулах нөхцлийг бүрдүүлж, ивээн тэтгэж хувь нэмрээ оруулсан (хууль тогтоох байгууллагын) хүмүүст талархлаа илэрхийлье. Энэхүү Алтан медалийг гардуулснаар АНУ Далай ламтай онцгой харилцаатай гэдгээ нотоллоо.

Энэ бол алтан цагнаас эхтэй түүхт харилцаа юм. Далай лам хүүхэд ахуй насандаа шинжлэх ухаан, тухайлбал механикын ухааныг сонирхож оролддог байсан ажээ. Үүнийг анзаарч мэдсэн ерөнхийлөгч Френклин Рузвельт залуухан Далай ламд сарны тоолол хийгээд долоо хоногийн гаригуудын заалт бүхий цагийг бэлэглэсэн байна. Далай ламд алтан цаг үнэхээр гайхалтай санагдаж, 1959 онд Төвдөөс дүрвэхдээ хүртэл биедээ авч явсан гэдэг. Далай лам одоо ч гэсэн тэрхүү цагийг ашигласаар байгаа билээ. Дээрхийн Гэгээнтний шашин, шинжлэх ухааны уялдаа холбооны тухай яриа, айлдварууд нь хүмүүст хамгийн их урам зориг өгдөг юм. Өөрийгөө илүү ч үгүй, дутуу ч үгүй, эгэл жирийн лам гэж дүгнэдэг Дээрхийн Гэгээнтэн Америкийн ард түмэн болон үе үеийн ерөнхийлөгчийг зоригжуулсаар ирсэн юм.

Төвдийн буддистуудын хувьд тэрээр газар дэлхий дээрх бурханы хувилгаан дүр билээ. Харин олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд Төвдийн ард түмний оюун санааны удирдагч мөн. Олон сая сүсэгтэн бишрэгчдийн хувьд Далай лам саруул ухаан, нигүүлслийн эх ундарга юм. Залуучуудын хувьд Дээрхийн Гэгээнтэн бол дэлхий ертөнцийг хэрхэн илүү сайхан болгохын төлөө зөв үлгэр дууриалыг үзүүлж байгаа нэгэн билээ.

1987 онд Дээрхийн Гэгээнтэнтэй анх конгрессын олон гишүүдийг уулзуулах нөхцлийг бүрдүүлсэн Том Лантос даргад миний бие үргэлж талархаж явах болно. Үүний дараахан Дээрхийн Гэгээнтэн БНХАУ-ын хүрээнд Төвдийн жинхэнэ автономт байдлыг бий болгоход чиглэсэн "төв үзлийн хандлага" хэмээх бодлогоо тодорхойлсон юм. Шийдэлд хүрэх үүднээс харилцан буулт хийх замыг сонгож, Дээрхийн Гэгээнтэн тусгаар тогтнолын зорилгоосоо татгалзсан тул энэ нь түүхэн явдал байлаа.

Хятадын дээд хэмжээний удирдагчидтай биечлэн уулзах хүсэлтээ Далай лам илэрхийлсэн. Энэхүү боломжийг ашиглан ажил хэрэгч яриа хэлэлцээр өрнүүлэх урилгыг Бээжингээс Далай ламд ирүүлнэ гэдэгт би чин сэтгэлээсээ найдаж байна. Өнөөдөр энд цуглаад Далай ламд хүндэтгэл үзүүлэх асуудал бидний хувьд амархан ч, Төвдүүдийн хувьд энэ нь хичнээн хүнд болохыг бид ойлгож байна.
Дээрхийн Гэгээнтний зургийг хадгалсаныхаа төлөө л шоронд орж, тамлагдах аюулын дор байдаг тэд Далай ламтай уулзахын тулд өөрийн эх орноосоо дүрвэн гарч байна. Тэд олигтой хоол унд, хувцас хунаргүйгээр цэвдэг Гималайн нурууг даван хэдэн долоон хоногоор явдаг. Дэлхий дээр аюулаас зугтах олон зам байдгаас хамгийн амь өрссөн, аюултай зам нь энэ буй заа. Далай ламд бараалхсаныхаа дараа тэд дахин нөгөө замаараа Төвд рүү, гэр орныхон руугаа буцдаг.

1989 онд Далай ламд Нобелийн Энх Тайвны шагналыг гардуулахдаа Нобелийн хороо энх тайвны төлөөх түүний үйл хэргийг болон дэлхийн олон газарт эрх чөлөө, энх тайван, нэр хүндийнхээ төлөө зэвсэг үл хэрэглэн тэмцэж байгаа түмэн олны үйлсийг эргэлт буцалтгүй дэмжиж байгаагаа батлан харууллаа. Түүнчлэн энэхүү шагналаараа Нобелийн хороо Гималайн нурууг даван туулсан хийгээд давж чадахгүй байгаа олон Төвд хүмүүст хүндэтгэл илэрхийлсэн юм.

Өнөөдөр бид Конгрессын алтан медалиар дамжуулан энх тайван, хүний эрх, шашны ойлголцол, хүч үл хэрэглэхийн төлөөх үйлст оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Төвдийн ард түмэн болон Дээрхийн Гэгээнтэнд гүн хүндэтгэл илэрхийлж байгаадаа туйлын баяртай байна.
Дээрхийн Гэгээнтэн Та энэхүү шагналд гэрэл гэгээ, дэлхий нийтийн ухамсарт дуудлага нэмлээ.
Үзсэн: 5 095
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц