Шашин, Шинжлэх ухаан хоорондын хамтын ажиллагаа

17-12-2012, 12:51  |  Хэвлэх

Бидний энэ цаг үед уур хилэн, айдас хүйдэс, үзэн ядах зэрэг хөнөөлт муу сэтгэл дэлхий даяар гай гамшиг, зовлон бэрхшээл тарьж байна. Энэ мэтийн сэтгэлийн хөнөөлт хүч чадлын тухай өдөр тутмын мэдээллийн хэрэгслүүд бидэнд хайр найргүйгээр сануулахад тэр сэтгэлээс хэрхэн хагацах вэ хэмээн бид асууцгааж байх ёстой.

Мэдээж хорт муу сэтгэлүүд нь үргэлжид л хүмүүний нэгээхэн хэсэг байсаар байсан ба хүн төрөлхтөн мянга мянган жилээр тэдгээртэй зууралдсаар ирэв. Гэвч шашин болоод шинжлэх ухааныг хослуулснаар үүнийг өөрчлөхөд ахиц дэвшил гаргах асар чухал боломж бидэнд байна.

Чухам энэ зорилгоор 1987 оноос эхлэн би эрдэмтдийн багтай цуврал харилцан яриа өрнүүлдэг болсон юм. Үүнийг “Сэтгэл ба Амьдрал” хүрээлэнгээс зохион байгуулж, квантын физик, сансар судлалаас авахуулаад энэрэл нигүүлсэл, хөнөөлт муу сэтгэл хүртэлх сэдвээр ярилцдаг. Шинжлэх ухааны ололт нээлтүүд нь сансар судлал мэтийн мэдлэгийн салбарт гүнзгий ойлголт өгөх ч Бурханы шашны тайлбар нь эрдэмтдэд заримдаа өөрийн салбарыг шинэ өнцөгөөс харахад нь тусалдаг мэт надад санагддаг юм.

Бидний харилцан яриа зөвхөн шинжлэх ухаанд тустай байсангүй, шашны хувьд ч тустай байдаг. Хэдийгээр Төвдийн ард түмэн дотоод ертөнцийн талаар үнэт их мэдлэгтэй ч шинжлэх ухааны мэдлэг дутмаг зэрэг шалтгаанаас эд материалын хөгжлийн хувьд хоцрогдмол байна. Бурханы шашны сургааль ном нь үнэн бодит байдлыг ойлгож ухаарахыг чухалчилж үздэг. Тиймээс орчин үеийн эрдэмтдийн туршилт, хэмжилтэнд тулгуурлан үнэн бодит хэмээн баталсан зүйлсэд бид анхаарлаа хандуулах хэрэгтэй байна.

Эдгээр харилцан ярианы эхэн үед Бурханы шашныг төлөөлж би хоёр орчуулагчийнхаа хамт л оролцдог байв. Гэвч саяхнаас бид орчин үеийн шинжлэх ухааны сургалтыг дацан хийдүүдэд нэвтрүүлж байгаа бөгөөд ойрмогхон болсон шинжлэх ухааны ярилцлагыг сонсогчидын дунд хорь гаруй Төвд хувраг байлаа. Ярилцлагын зорилго хоёр талтай. Нэг нь мэдлэгийг өргөжүүлэн тэлэх судалгааны тал юм. Ерөнхийдөө шинжлэх ухаан нь материаллаг ертөнцийг ойлгон таних гайхамшигт хэрэгсэл болохын хамт бидний энэ цаг үед асар их ахиц дэвшил гаргаж байгаа ч мэдээжээр судалж нээх олон зүйл бий. Гэсэн хэдий ч дотоод ертөнцийн талаар орчин үеийн шинжлэх ухаан тийм ч дэвшилттэй бус мэт санагддаг.

Харин эртний Энэтхэгийн гүн ухаан Буддизм нь сэтгэл оюуныг маш гүн гүнзгий шинжилж судласан байдаг. Зуун зууны туршид олон хүн энэ салбарт туршилт гэж хэлж болох зүйлүүдийг олноор явуулж, тэд өөрийн мэдлэг дээр суурилсан үйлээр гайхамшигтай бүр ер бусын үр дүнд хүрсэн байдаг. Тиймээс шинжлэх ухааны эрдэмтэд болоод Буддын шашны эрдэмтэн мэргэд судалгааны түвшинд харилцан хэлэлцүүлэг өрнүүлж, хамтарч судалгаа хийх нь хүн төрөлхтөний мэдлэг ухааныг өргөжүүлэхэд тун ашиг тустай байж болох юм.

Нөгөө талдаа, хэрэв хүн төрөлхтөн оршин тогтнохыг хүсвэл аз жаргалан, амар амгалан асар чухал. Үүнийг үл хэрэгсвэл бидний үр хүүхэд, тэдний үр хүүхдийн амьдрал аз жаргалгүй, арга барагдсан, охор богино болж мэднэ. 2011 оны 9 сарын 11-ний эмгэнэлт үйл явдал нь орчин үеийн техник технологи болон хүний оюун ухааныг уур хорслоор хөтөлбөл асар их хөнөөл сүйрэл тарьдгийг батлан харуулсан билээ. Эд материалын хөгжил нь тодорхой хэмжээгээр аз жаргал болон тав тухтай амьдрахад хувь нэмрээ оруулдаг нь зайшгүй. Гэвч энэ нь дангаараа хангалттай бус юм. Улам илүү жаргалд хүрэхийн тулд дотоод сэтгэлийн хөгжлийг орхигдуулж үл болно. Жишээлэхэд л хүн төрөлхтөний үндсэн үнэт зүйлсийн талаархи бидний сэтгэлгээ нь эд материалын хүчирхэг шинэ дэвшилтэй зэрэгцэн явж чадахгүй байна.

Ийм учраас би шинжлэх ухааны эрдэмтдийг Төвдийн өндөр түвшний бясалгаач бүтээлчин нарыг судалж, сэтгэл оюуны үйлийнх ямар үр нөлөө бусдад ач тустай байж болохыг шашны гаднах байр сууринаас судлахыг хүсдэг. Үүний нэг санаа нь энэхүү дотоод арга техникийн үр дүнг тодорхой болгоход эрдэмтдийн туслалцааг авах юм. Гол нь бидний сэтгэл оюун, ухамсар болон сэтгэл хөдлөлийн ертөнцийн тухай ухаарлаа гүнзгийрүүлэх явдал.
Хэд хэдэн бүтээлч бясалгаач нар дээр тэдэнд таагүй бэрх нөхцөл байдал тулгарахад ч дотоод амар амгаланг хадгалж чадаж байгааг нь үзүүлэх туршилтуудыг аль хэдийнээ явуулаад байна. Судалгааны үр дүн, эдгээр хүмүүс жаргалтай, сэтгэлийн сөрөг хөдлөлд амархан автдаггүй бөгөөд илүү бусдыг гэх сэтгэлтэй гэдгийг харуулсан юм. Эдгээр арга нь ач тустай байгаад зогсохгүй та юу ч худалдаж авах эсвэл үйлдвэрлэх шаардлагагүй хямд төсөр билээ. Танд эм, тарианы ч хэрэг үгүй.

Дараагийн асуулт бол эдгээр ач тустай үр дүнг Бурханы шашинтан бус хүмүүстэй хэрхэн хуваалцах вэ? Энэ бол Бурханы шашин юм уу эсвэл өөр ямарваа шашин шүтлэгтэй огт хамаагүй, зөвхөн хүний сэтгэл оюуны чадвар чадавхийг л тодорхой ойлгуулж өгөхийг оролдож буй хэрэг. Баян, ядуу, боловсролтой, боловсролгүй байхаас үл хамааран хүн бүр амар амгалан, утга учиртай амьдрах чадвартай. Хүн бүр аль чадахаараа энэ чадварыг хэрхэн боловсруулахад суралцах хэрэгтэй. Ийнхүү суралцах явцад зовлон бэрхшээл бүхэн гаднын шалтгаанаас бус харин сөрөг муу сэтгэл зэрэг дотоод шалтгаанаас үүдэж байгаа нь тодорхой болно. Бэрхшээл зовлонгийн эх үүсвэрийн хамгийн сайн ерөндөг нь өөрийн хорт муу сэтгэлийг дарж номхруулах чадвараа нэмэгдүүлэх явдал мөн. Улмаар хорт муу сэтгэлийг дарах арга замыг ухааруулах ухааныг төрүүлж хөгжүүлэх хэрэгтэй.

Үүнд шашин номын арга зам бол байна, гэвч бид шашин шүтлэггүй нийт олонд эдгээр аргыг хүргэх хэрэгтэй. Гагцхүү үүнийг хийж чадвал эдгээр арга замын үр дүн нь асар өргөн хүрээтэй байх болно. Шинжлэх ухаан, техник технологи, материаллаг хөгжил дэвшил бидний бэрхшээл зовлонг бүрэн арилгаж чадахгүй учраас энэ бол маш чухал. Бид материаллаг хөгжил дэвшлийг хүний үнэт зүйлс болох энэрэл нигүүлсэл, тэсвэр тэвчээр, уучлал өршөөл, хангалуун сэтгэл, ёс суртахуун зэрэг дотоод хөгжилтэй хослуулах ёстой.

Дээрхийн гэгээнтэн XIV-р Далай лам Данзан Жамц

2003 оны 1 сарын 14
Үзсэн: 4 833
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц