Боловсролын ач холбогдол

11-11-2012, 18:59  |  Хэвлэх

2006 оны 3 дугаар сарын 27-нд Дарамсала хотноо болсон шүтэн бишрэгчдийн томоохон цуглаан дээр Далай лам Төвд үндэстний өвөрмөц байдлын оршин тогтнолд нүүрлэж байгаа асар том аюулын талаар анхааруулахын зэрэгцээ Төвдийн түүхэнд тохиолдож байгаа энэ хүнд нөхцөлд байдалд Төвдийн Буддын соёлыг хадгалахад орчин үеийн боловсрол маш чухал ач холбогдолтойг цохон тэмдэглэжээ.

Төвдүүдийн ихэнхийг төлөөлж буй та бүхэн Төвдийн хувь заяаг голлон бүтээгчид бөгөөд энд цөллөгт амьдарч байгаа 150,000 орчим Төвдүүд бол зөвхөн Төвдийн үнэний төлөө зүтгэж тэдний чөлөөт хэвлэллийн төлөөлөгч болон ёс төдий төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэж байдаг шүү гэдгийг би Төвдөд амьдарч буй Төвдүүдэд байнга сануулж байдаг юм.

Одоогийн байдлаар Төвдөд амьдарч буй ард иргэдийн дийлэнхийг эрх чөлөөнөөс нь салгаснаас болж тэд гай зовлонд нэрвэгдсэн хэвээр байна. Тэгсэн хэдийн ч, тэд амь насанд нь аюул заналхийлсэн ч ард түмнийхээ хувьд өөрсдийн эрхийн талаар санаж явахын зэрэгцээ бүх талаараа өөрийн үндэс угсаа болон өөрсдийн ирээдүйд итгэх хамтын итгэлдээ тууштай үнэнч байгаа билээ. Ийм ч учраас дэлхийн тавцан дээр биднийг сонсдог хүмүүс байгаа ба бид Төвдийн эмгэнэл болон сайн сайхны талаар тэдэнд ярьж, бидний хэлж байгаа зүйлүүдийг үнэн зүйл гэж хүндэтгэлтэйгээр хүлээн авч байгаа.

Дэлхийн тавцан дахь бидний нэр хүндийн хамгийн гол чухал үнэт зүйл бол Төвдөд амьдарч байгаа ард түмэн, тэдний бүх нийтийн төлөөд үнэнч байгаа байдал, хэзээ ч эцэж цуцдаггүй эр зориг ба тууштай байдал юм. Чухам эдгээрээс бидний байр суурь үнэн зөв байгаа нь батлагдсан юм. Иймд бүх нийтийн төлөөчин сэтгэлээсээ байж биднийг тэдэнтэй холбож байдаг хамтын итгэл үнэмшилдээ халдашгүй үнэнч байгаад нь бид Төвдийн ард түмэнд талархал илэрхийлэх ёстой. Би энд ирж байгаа хүмүүсээр дамжуулан Төвдийн ард тумэнд талархаж байгаагаа байнга илэрхийлж байдаг бөгөөд өнөөдөр ч бас үүнийг хэлэх шаардлатайг мэдэрч байна.

Ирээдүйд ч гэсэн Цаст Төвд нутгийн оршин суугчид гэгдэх өвөрмөц ард түмэн болон түүнтэй холбоотой тодоос тод соёл урлаг ба шашин шүтлэг энэ дэлхий дээр оршин тогтнож үлдэх эсэх нь гол төлөв Төвдөд амьдарч байгаа хүмүүсээс хамаарна. Нөгөө өнцгөөс нь бодолцож үзэх юм бол Төвдөд амьдарч буй Төвдийн ард түмний байдал эмгэнэлтэйгээр эргэж тэд хэзээ ч өөрийн орон нутагтаа цөөнх болж хувирахгүй гэж хэлэх боломжгүй. Ийм тохиолдолд Төвдөд амьдарч буй хүмүүс Төвд үндэстний нийтлэг хүсэл эрмэлзлийг дэмжиж хадгалж чадахгүй бол цөлллөгт байгаа бидэнд Төвд үндэсний өвөрмөц байдлыг хадгалах, мөн Төвдийн шашин шүтлэг, соёл урлагийг хадгалж, хамгаалж, хэд хэдэн үе дамжуулан тараахад тун хэцүү болно. Намайг цөллөгт байх энэ үед бүх зүйл гайгүй байх болно. Үүний дараагаар шинэ үе гарч ирнэ. Энэ шинэ үе гарч ирэхэд байдал харьцангуй гайгүй байж болох юм. Харин тэр үеэс хойш байдал сайн, эсвэл муу байна гэж хэлэх боломжгүй. Ирээдүйд гоц аюулууд биднийг хүлээж байна. Хамгийн гол нь Төвдөд амьдарч байгаа хүмүүс маш чухал. Иймээс хүн болгон шийдвэр төгс байдлаа алдалгүйгээр идэвх зүтгэлтэй байх нь хамгийн чухал юм шүү.

Идэвх зүтгэлтэй байх хамгийн чухал арга замын нэг бол боловсрол эзэмших асуудал дээр онцгой анхаарал тавих юм. Дэлхий ертөнц өнөөдөр асар их өөрчлөлтөд орж байна. Тэр байтугай коммунизмын дэглэмтэй улс оронд хүртэл боловсролыг чухал гэж үзэж болжээ. Олон жилийн өмнө Соёлын хувьсгалын үеэр боловсрол ямар ч хүндэтгэл, үнэ цэнээ алдсан мэт байлаа. Харин өнөөдөр Хятадын байдал 1960-аад онтой харьцуулах юм бол тэс өөр болсон байна. Тэр байтугай Хойд Солонгост хүртэл орчин үеийн мэдлэг боловсролд ач холбогдол өгөхгүй байхын аргагүй болж байгаа талаар мэдээллүүд ирж байна. Иймд бид эр зоригоо алдалгүйгээр хичээн зүтгэх ёстой гэж миний хэлээд байдгийн гол утга нь бид эн тэргүүнд боловсролыг чухалчлах ёстой гэдэгт байгаа юм.

Эрх чөлөөний төлөөх бидний кампанит ажил нь хүч хэрэглэхээс татгалзахыг эрхэмлэнэ. Хүч хэрэглэхээс татгалзах замыг сонгох нь бидний кампанит ажлын хувьд бизнесийн капиталтай адил бөгөөд бидний бахархал. Бид үнэнийг эрхэмлэхгүй л юм бол бидэнд зовж зүдрэхээс өөр арга байхгүй. Үнэнийг эрхэмлэнэ гэдэг нь өөд өөдөөсөө халз тулан ярьж сууж байхад бүх зүйлийн талаар ил тод, шалтгаануудын талаар ярих боломжийг олгодог. Зөвхөн мэдлэг боловсролын үндсэн дээр л үнэнийг хүч хэрэглэхээс татгалзах арга хэрэгслээр хамгаалах ёстой. Энэ үүрэг зөвхөн баяр ёслолын тангараг өргөснөөр биелэгдэнэ гэж байхгүй.

Орчин үеийн мэдлэг боловсролын чиглэлээр Төвдүүд ихээхэн хоцрогдсон байсан. Эхнээсээ авахуулаад түүнд ач холбогдол өгөөгүйгээр зогсохгүй боловсрол эзэмших зорилго бүхий тогтолцоог бий болгоогүй байсан юм. Дээрхийн гэгээнтэн XIII-р Далай лам Хятадад 1907, 1908 болон бусад онуудад айлчилсан ба Энэтхэгт 1910-1911 онуудад айлчилж гадаад ертөнцийн талаар олон зүйл олж харж гэрч болсон юм. Үүний үр дүнд тэрээр 1915-аас 1920 онд зарим Төвд оюутнуудыг англи хэл сургах, мөн механикийн ур чадвар, мэдлэг олж авахуулах зорилгоор Англи болон бусад орнуудад явуулах анхны дорвитой алхмуудыг авч эхэлсэн. Гэвч тэрээр эдгээр алхмуудаа үргэлжлүүлж чадаагүй. Энэ бол тун харамсалтай асуудал байлаа. Ямар ч байсан XIII-р Далай ламд шинэчлэл хийх өргөн хүрээт хэтийн төсөөлөл байсан ч түүний хүчин чармайлт үр дүнгүй болоход дотоод болон гадаад олон олон хүчин зүйлс, бэрхшээлүүд нөлөөлсөн байна.

1959 оны 4 дүгээр сард Энэтхэг улсад цөллөгдөөд ирсний нэг жилийн дараа 1960 онд бид Mассурид анхны сургуулиа богино хугацаанд байгуулж чадсан юм. Цөллөгдсөн Төвдүүдэд орчин үеийн боловсрол олгох боломжийг бий болгох зорилгоор сургуулиудыг байгуулахын тулд нэлээд их чармайлт гаргасан. Ялангуяа 1960-аад оны эхээр цөллөгт байгаа Төвдийн нийгэмлэгт сүм хийдээс илүү сургууль барихад илүү ач холбогдол өгөх чиглэлээр олон олон санаачлагууд гарсан. Бид сургууль барих асуудал дээр илүү анхаарч ажилласан гол шалтгаан нь Тєвд үндэстэн ядуу тарчиг байгаагийн нэг гол шалтгаан нь бид орчин үеийн боловсролын чиглэлээр ерөнхий стандартад хүрч чадаагүйтэй холбоотой гэж үзсэнд оршино. Үүний үр дүнд бид нэг ард түмний хувьд дэлхийн бусад ард түмэнтэй эн зэрэгцэх стратегиа тодорхойлж чадаагүй, үүнээс болж бид орчин үеийн сорилтуудыг даван туулах байтугай хэт хоцрогдолд орсон билээ. Чухам энэ байдал дээр үндэслэн бид шашны тєвүүд барьж байгуулахаас сургууль барьсан нь илүү чухал гэж үзсэн юм.

Төвдөд байгаа нийт ард түмэн ч гэсэн үүнээс сургамж авч орчин үеийн мэдлэг боловсрол олж авахад анхаарлаа хандуулах нь нэн чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Төвдөд өнөөдөр энэ асуудал ихээхэн хүндрэлтэй байгаа бөгөөд ялангуяа хүмүүс хүүхдээ сургахын тулд өндөр төлбөр төлж байна. Гэсэн ч тэд дотоод, гадаад хүнд нөхцөлүүдийг үл ойшоон хүүхдүүдээ сургуульд нь явуулсан хэвээр байгаа бөгөөд энэ нь Хятадын засгийн газрын сургууль байна уу, Төвдүүдийн ажиллуулж буй хувийн сургуулиас үл хамаарна. Дотой, Домей болон Ү-Зан хаана ч байсан олон олон Tөвдүүд гарч ирж хүчээ шавхан мэдлэг боловсролын чиглэлээр бүх ур чадвараа дайчилж ажиллаж байна. Би тэдэнд баярлаж талархсанаа илэрхийлж гаргасан хүч чармайлтыг нь магтан биширч байна. Ямар ч тохиолдолд, юү ч болж байсан боловсролын чиглэлээр хүч чармайлт гаргана гэдэг бол ихээхэн чухал ач холбогдолтой.

Хятадаас Төвдөд барьж өгсөн сургуулиудын хувьд гэвэл хүүхдүүдээ тэр сургуульд явуулахгүй байдлаар үл тоомсорлох нь хэт ойрын хараатай байна гэсэн үг. Хэдийгээр Хятадын засгийн газар барьж өгсөн ч гэсэн тэдгээр сургуулиуд нь сайн сургуулиуд. Төвд хэл болон бусад хичээлийг Төвд хэлээр заах ажлыг өндөр түвшинд байлгахын тулд энэ асуудлыг холбогдох хүн, байгууллагатай хэлэлцэх хэрэгтэй. Ямар ч тохиолдолд Төвд хүмүүс бүгдээрээ бүх талаар хүч чармайлт гаргах ёстой.

Орчин үеийн боловсрол олон асуудлыг хамардаг. Энэ бол шинжлэх ухаан, хууль, эдийн засаг, байгаль орчин г.м. Гэсэн хэдий ч Төвд хэл ийм олон хичээлийн хувьд боловсроогүй. Энэтхэгт Төвд хүүхдүүдийг 1 дүгээр ангиас нь эхлүүлээд бүх хичээлийг нь Төвд хэлээр заахаар чармайж байна. Гэвч Төвд хүүхдүүдийг бүү хэл Энэтхэгүүд ч өөрсдөө орчин үеийн төрөлжсөн хичээлийг англи хэлгүйгээр сурах нь нэн хүнд гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Төвдөд ч гэсэн орчин үеийн боловсролын төрөлжсөн чиглэлээр мэдлэг олж авахад Хятад хэлийг түшихээс өөр аргагүй байдаг. Өнөөдөр Төвдөд орчин үеийн янз бүрийн чиглэлээр мэргэжилтэн болох, эсвэл судлаач болохын тулд шаардлагатай мэргэжил эзэмшье гэвэл Хятад хэл ашиглах нь нэн чухал.

Бид өнөөдөр Төвдийн утга төгөлдөр бие даасан байдлын төлөө тэмцэж байна. Гэвч бие даасан байдлын зохистой стандартад хүрэхийн тулд ард түмэн маань өөртэйгөө холбоотой бүхий л арга хэмжээний бүхий л чиглэлээр бүрэн хариуцлага хүлээж үр дүн гаргаж чаддаг байх хэрэгтэй. Зүгээр нэг мэтгэлцээнд оролцоод зогсох нь хэрхэв ч хангалттай биш. Бид өөрсдөө бие даасан байдлынхаа төлөө тэмцэж гардан хэрэгжүүлж чаддаг байх ёстой. Үүний гол утга нь бид өөрөө өөрсдөө өөрийнхөө ажлыг хийх ёстой. Oрчин үетэй зохицсон гадаад болон дотоод дэвшилд хүрэхийн тулд орчин үеийн боловсролтой байх нь нэн чухал. Өнөөдөр Төвдөд бодит байдалд ямар байна вэ гэвэл хэн нэгэн орчин үеийн боловсролтой больё гэвэл Хятад хэлэнд найдахаас өөр арга байхгүй.

Миний санаанд юү орж ирж байна вэ гэвэл 100 Төвд оюутан байлаа гээд төсөөлөөд үз. Үүнээс дал юм уу наян оюутан нь Төвд хэлээ голчлон судлаж өөрийн үндэснийхээ өвөрмөц байдлаа урьдчилан төлөвлөж бидний соёлын үнэт өвийг хадгалахад дээд зэргийн амжилт гаргалаа гэж бодьё. Хорь юм уу, гучин оюутан нь Хятад хэлээр голчлон сурч орчин үеийн нарийн мэргэжил эзэмшихээр чармайлт гаргалаа гэж бодьё. Би үүнийг л чухал гэж бодож байна.
Үзсэн: 4965
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц