Дээрхийн Гэгээн Далай лам "Төвдийн Анд Нөхөд" хөдөлгөөнийхэнтэй уулзаж, Сирийн Маланкар Үнэн алдарт шашны 100 жилийн ойд оролцов

28-11-2012, 20:31  |  Хэвлэх

2012 оны 11 дүгээр сарын 26

Энэтхэг, Керала муж, Кочи хот – Төвдийн холбогдолтой аливаа асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр болох үүднээс байгуулагдсан “Төвдийн анд нөхөд” олон нийтийн хөдөлгөөнийг үндэслэгч Сэтху Дас энэ өглөө Дээрхий Гэгээн Далай ламд Кочи хотноо Төвдийн талаархи фото зураг болон бусад материалыг дэлгэн үзүүлсэн бага хэмжээний үзэсгэлэнг танилцуулав. Дараа нь Сетху Дас Төвдийн анд нөхөд чуулганы болон Төвдийн уламжлалт эмчилгээний лагерьт эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн өмнө Дээрхийн Гэгээнд хүндэтгэл үзүүллээ.Тэрээр “Сайн сайхан амьдрал” нэрт хөтөлбөр болтлоо өргөжин тэлсэн Төвдийн Уламжлалт анагаах ухааны үр шимийг орон нутгийн хүмүүст хүртээж байгаа эмчилгээний лагеруудын хөгжлийн талаар тодорхой ярилаа.

Дээрхийн Гэгээн Далай лам Төвдийн анд нөхөд хөдөлгөөнийхэнтэй уулзаж, Сирийн Маланкар Үнэн алдарт шашны 100 жилийн ойд оролцов
Дээрхийн Гэгээнтэн Керала муж, Кочи хотноо Төвдийн анд нөхөд нийгэмлэгийн шугамаар зохион байгуулагдсан үзэсгэлэнг үзэн сонирхож байгаа нь. 2012.11.25. Фото: Жереми Рассел (Далай ламын офис)

“Төвдөд хэдийгээр эмгэнэлт явдал учирсан ч үүний ачаар Энэтхэгийн ард түмэн бидэнд эртний энэхүү анагаах ухаанд ойртох, үр шимийг нь хүртэх, мөн түүнчлэн өнөөдөр бидэнд Далай ламын адис жинлав хүртэх боломжийг бий болголоо” хэмээн Ситху Дас үргэлжлүүлэн хэлэв.

2010 онд нээгдсэнээс хойш уг эмчилгээний лагерь дахь Төвдийн хоёр эмчийн тусламжийг нийт 2000 гаруй өвчтөн авсан талаар доктор Дорже Рабтен Нешар мэдээлэл хийлээ. Ихэнх архаг хууч бүхий өвчтөнүүдийн эрүүл мэнд мэдэгдэхүйц сайжирсан тул цаашид “Сайн сайхан амьдрал” лагерийг өөр бусад хотод нэмж байгуулах шаардлага бий болжээ.

Дээрхийн Гэгээнтэн “Ийм хүмүүстэй уулзаж байгаадаа, ялангуяа Төвдийн эмчилгээний амжилтын талаар сонссондоо баяртай байна” гээд цааш нь “Энэхүү анагаах ухаан бол Төвдийн соёлын буюу энх тайван, хүч үл хэрэглэх зарчим болон нигүүлсэхүйн илрэл мөн” гэлээ. Тэрээр Бурхан багшийн сургааль, учир шалтгааны зүй тогтол бүхий гүн ухаан Төвдөд дэлгэрснээс хойш Төвдийн нийгэм бүхэлдээ энэрэнгүй болсон хэмээв. Далай лам мөн Төвдийн уламжлалт эмийг байнга хэрэглэдэг нэгэн бөгөөд манай эриний VIII-р зуунд Трисон Дэцэн хааны зохион байгуулсан анагаах ухааны олон улсын хурлын дараа Төвдийн анагаах ухаан улам эрчимтэй хөгжих болсон тухай, гэхдээ өнөөдөр ч төгөлдөржүүлэх шаардлага буй талаар Далай лам нэмж дурьдлаа.

Энх тайван, энэрэн нигүүлсэхүйн тухай Төвдийн соёлын талаар тэрээр, “Энэ бол сэтгэл оюуны амар амгаланг хангадаг эмтэй адил юм. Харамсалтай нь Төвд дэхь богино ухаантай, алсын хараагүй коммунист албаныхан оюун санааны амар амгалангийн хүч чадлыг үл хүлээн зөвшөөрч, гагцхүү зэр зэвсгийн хүчинд дулдуйдаж байна” гэж тодорхойлов.

“Буддын дхарма буюу номын тухайд гэвэл Төвдүүд бидний нандигнан хамгаалж ирсэн энэхүү уламжлал нь хамгийн баян эрдэм болох тул дэлхий дахины үнэт эрдэнэ мөнөөс мөн. Буддын номлол нь хэдийгээр зөвхөн буддистуудын асуудал боловч өөр бусад итгэл үнэмшил бүхий хүмүүсийн хувьд ч буддын зарим соёл хэрэглэгдэх боломжтой.”

Төвдөд тулгарч байгаа хүндрэлтэй асуудлын талаар Далай лам ярихдаа Хятад улс Төвдөд асар их цэргийн хүч төвлөрүүлж байгаагаас дотоодын аюулгүй байдлын төсөв нь батлан хамгаалалтын зардлаас нь давж байгаа талаар дурьдлаа. Дундаж хандлагыг баримтлах бодлого нь Төвдийн өнө эртний статусыг үгүйсгэж буй хэрэг бус тухай Дээрхийн Гэгээнтэн онцлон айлдаад Төвдийн соёл иргэншил нь Хятадын соёлоос огт ангид, өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой болохыг батласан нотлогоо байдаг талаар 1979 онд судлагаа гаргасан Хятадын археологчийн яриаг дурсав.
“Төвдийг хамгаалах нь Энэтхэгийн эрх ашигт нийцнэ” хэмээн тэрээр онцлон тэмдэглээд, “Төвдийн Анд Нөхөд” нийгэмлэгийнхэнд хандан энэ үйлсийн төлөө цуцалтгүй хүчин чармалт гаргаж байгаад нь талархалаа илэрхийллээ.

Дээрхийн Гэгээн Далай лам Төвдийн анд нөхөд хөдөлгөөнийхэнтэй уулзаж, Сирийн Маланкар Үнэн алдарт шашны 100 жилийн ойд оролцов
Дээрхийн Гэгээн Далай лам Индиавижн Ньюс-т ярилцлага өгч байгаа нь. Керала муж, Кочи хот. 2012.11.25. Фото/Жереми Рассел (ДЛО)

Уулзалтын дараа Дээрхийн Гэгээнтэн “Индиа Вижн ньюс”-т өгсөн ярилцлагынхаа үеэр 2008 онд Төвдийн бус нутагт өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөний дараа Хятадын засаг захиргаанаас авч хэрэгжүүлсэн хатуу арга хэмжээний уршгаар Төвдийн байдал улам хурцадсан болохыг батлан хэлсэн юм. Түүний бодлоор энэ байдал Төвдүүдийг амь наснаасаа хагацах явдал руу түлхэж байгаа ажээ. Хятадын засаг захиргаа нөхцөл байдлын хариуд илүү их хүч хэрэглэх, зөвхөн Далай лам хийгээд гадаадад дүрвэсэн Төвдүүдийг буруутгадаг байна. Үүний оронд тэд Дэн Сяопиний зөвлөснөөр бодит нөхцөл байдлын дотроос үнэнийг эрж, Төвдүүдийн сэтгэл дундуур байгаагийн жинхэнэ шалтгааныг олох талаар хичээх ёстой гэлээ.

“Хятад бол хамгийн их хүн амтай орон, эдийн засаг, цэрэг зэвсгээр хүчирхэг улс болохын хувьд хэрвээ дэлхий нийтэд эерэг нөлөө үзүүлэхийг хүсч л байгаа бол дэлхий дахины итгэлийг олох ёстой. Дэлхий дахины хандлага илүү ардчилал, эрх чөлөө, хууль ёсыг дээлэх явдал руу чиглэж байгаа тул Хятад улс үүнийг сөрж чадахгүйгээс гадна асуудалд хандах илүү бодит хандлагыг олох шаарадлага тэдэнд байна. Хятадын шинэ удирдлага өөрсдийн сэхээтний оюунлаг давхаргад анхаарлаа хандуулах нь зүйтэй болов уу. Tэгэх ч болно гэдэгт би итгэлтэй байна.”

Төвдөд үзүүлж байгаа олон улсын дэмжлэгт Далай лам сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд энэ бол амаргүй зүйл гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Энэтхэгийн засгийн газар өөрөөс хамаарах хамгийн дээд тусламжийг үзүүлж байгааг онцоллоо.

Ийм хүнд нөхцөл байдлын дунд улс төрийн үүрэг хариуцлагаас чөлөөлөгдөх нь түүний хувьд арай эрт биш үү гэсэн асуултад тэрээр хариулахдаа, Төвдийн асуудал бол нэгэн хүний асуудал бус, бүхэл бүтэн ард түмний тэмцлийн хэрэг гэлээ. Түүний улс төрийн үүргээсээ татгалзаж, Далай ламын институцийг иргэний захиргаанаас салгасан явдал нь аль 50-ад оны үед Дээрхийн Гэгээнтэн өөрөө хэрэгжүүлэхийг хүсч байсан шинэчлэлийн нэг хэсэг бөгөөд ямарваа өөрчлөлт шинэчлэлийг өөрсдөддөө нийцүүлэхийг хүсч байсан Хятадууд үүнд саад болсон ажээ.

Шинжлэх ухаанд үнэхээр итгэдэг эсэх тухай асуултанд хариулахдаа “Мэдээж миний итгэл үнэмшил баримт сэлт дээр үндэслэнэ. Бурханы шашинтан нарт өгөх миний зөвөлгөө бол бид асуудалд практик талаас хандаж, бодит үнэнийг хүлээн зөвшөөрөх ёстой” гэлээ.

Дээрхийн Гэгээн Далай лам Төвдийн анд нөхөд хөдөлгөөнийхэнтэй уулзаж, Сирийн Маланкар Үнэн алдарт шашны 100 жилийн ойд оролцов
Дээрхийн Гэгээн Далай лам Сирийн Үнэн алдарт Маланкар сүмийн 100 жилийн ойн нээлтийн арга хэмжээ дээр. 2012.11.25. Фотo/Тензин Чойжир (ДЛО)

Үдийн хоолны дараа Дээрхийн Гэгээнтэн Сирийн Үнэн алдарт Маланкар сүмийн 100 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор хөдөллөө. Түүнийг ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирэх мөчид Энэтхэгийн тэнгисийн цэргийн нисдэг тэрэгнээс сарнай цэцгийн дэлбээг цацаж, 100,000 гаруй хүн талархан уухайлсан байна. Тэнд байсан хүн бүхэн залбирч, үндэсний сүлд дуугаа дуулахын тулд босч зогссон байлаа.

Ерөнхийлөгч Базелиос Тар Тома Паулосе II хэлсэн үгэндээ, мөн 100 жилийн нэрэмжит хүмүүнлэгийн хөтөлбөрийг танилцуулахдаа, Христийн шашин Кочид 1960 жилийн өмнө анх дэлгэрсэн гэв. Гадны ямарваа нөлөөгүйгээр Энэтхэгийн сүмийн статус 1912 онд Дорнын католикос байгуулагдсанаар тодорхойлогдох ажээ. Тэрээр энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Дээрхийн Гэгээнтэн Далай лам болон APJ ерөнхийлөгч асан Абдул Каламт онцгойлон талархал дэвшүүлэв.

Дээрхийн Гэгээнтэн доктор Абдул Калам болон Керала мужийн сайд Ооттен Чанди нарын хамт нээлтийн ажиллагааны гэрлийг асаасны дараа үг хэлэв.

“Шашны эрхэм удирдагчид, агуу энэ ард түмний ерөнхийлөгч асан эрхэм, миний сайн нөхөр бөгөөд агуу эрдэмтэн доктор Абдул Калам, ахан дүүс нараа! Энэхүү сүмийн баярын энэ том арга хэмжээнд оролцож байгаадаа би туйлын баяртай байгаа бөгөөд энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг юм. Олон зууны туршид энэ сүм өөрийн гишүүд төдийгүй нийт Энэтхэгийн ард түмэнд тус нэмрээ оруулж ирсэн гэдэгт би эргэлзэхгүй байна.”
Үзсэн: 2 846
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц