Дээрхийн гэгээнтэн Далай лам Бангалор хотын Христийн их сургуулийн оюутан залуучуудад “Шашин ба шинжлэх ухаан” сэдэвт илтгэл тавив

1-12-2012, 15:45  |  Хэвлэх

2012 оны 11 сарын 26.

Дээрхийн гэгээнтэн Далай лам Энэтхэгийн Кочи хотоос “Цэцэрлэгт хот” хэмээн алдаршсан Карнатака мужийн төв Бангалор хот руу богино хэмжээний нислэгээр хүрэлцэн ирэв. Үндэсний хэв маягаар засч янзалсан зочид буудлын үүдэнд шашныхаа тэргүүн, оюун санааны удирдагчаа, мөн дагалдан яваа бараа бологч лам нарыг угтах гэсэн олон тооны Төвд хүмүүс, шавь нар цугларсан байлаа.

Үдийн зоог барьсны дараа Дээрхийн гэгээнтэн “Бурхан багшийн замаар” хэмээх уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болон Пунита Карти зохиолчийн бичиж хэвлүүлсэн номын нээлтийн ёслолын үйл ажиллагаанд уригдан оролцов. Ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочдод Дээрхийн гэгээнтэн “Өнөөдөр бидэнд “хүн төрөлхтөн бид бүгдээрээ нэгэн цогц нэгдэл мөн” гэсэн ухаарал үнэхээр дутагдаж байна. Хэрвээ бид хүн төрөлхтөн нь нэгэн цогц мөн болохыг байнга ухаарч, ойлгож чадвал ядуурал болон байгаль дэлхийдээ хор хөнөөл учруулах гэх мэт олон асуудлыг шийдэж болох байна. Бидэнд тохиолдоод буй ихэнх асуудлыг бид өөрсдөө л бий болгосон. Тиймээс бид өөрсдөө эргэн тойрны амьдрал, нөхцөл байдалд анхаарлаа хандуулж нэгэн зорилго тавьж чадваас асуудлыг шийдэж чадах юм. Асуудлыг шийдэх боломж бидэнд бүрэн бий. Та яамар ч ажил хийдэг байсан энэ талаар бодож ойлгож явбал таны хийж буй ажилд сайнаар нөлөөлөх нь гарцаагүй” хэмээн айлджээ.

Дээрхийн гэгээнтэн Далай лам Бангалор хотын Христийн их сургуулийн оюутан залуучуудад “Шашин ба шинжлэх ухаан” сэдэвт илтгэл тавив
Дээрхийн гэгээнтэн Далай лам Христийн их сургуульд үг хэлж байна.
Бангалор хот, Энэтхэг Улс. 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр.
Зургийг Джереми Рассел (ДЛО).
Мөн түүнчлэн “Бид бүхэн эхээс төрж, эхийн хайраар хайрлуулан өссөн болохоор бидэнд бусдыг энэрэн хайрлах сэтгэлийн уг үндэс бий. Уур хилэн бол хүнийг оюун санааны зовлонд унагадаг, айдас хүйдэс ганцаардлыг бий болгодог. Тэгвэл оюун санааны тайван байдал нь бидний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхийн зэрэгцээ хувь хүний гэр бүл, амьдралыг аз жаргалтай болгоод зогсохгүй нийгмийн энх тунх, эв найрамдалтай байдалд нөлөөлдөг.

Яаж сэтгэлийн амар амгаланг олох вэ? Юуны түрүүнд бид өөрсдийн оюун ухааныг ашиглах ёстой. Сайхан, энэрэнгүй сэтгэл хүний сэтгэл хөдлөлтэй холбоотой байдаг. Харин сэтгэлийн хөдлөл бол сохор юм. Сэтгэл хөдлөлөөр муу зүйлийг ч бас үйлддэг. Тиймээс сэтгэлийн хөдлөлдөө захирагдах биш, харин ч сэтгэл хөдлөлийг ухаанаараа удирдаж сурах хэрэгтэй. Бид өөрсдийн саруул ухаанаар энэрэнгүй сэтгэл, тэвчээр, уучлах зэрэг сайн чанарууд ба уур хилэн, үзэн ядалт, атаархал зэрэг муу сэтгэлийн хөдлөлүүдийг ялгаж салган ойлгож үүнд амьдралынхаа тодорхой цагийг зориулж хэвших нь зүйтэй юм” хэмээн айлдлаа.

Ёслолын үйл ажиллагаа өндөрлөж Дээрхийн гэгээнтэн Далай лам ойролцоогоор 12,000 оюутан суралцдаг Христийн их сургуулийн эртний түүхт байранд хүрэлцэн ирсэн юм. Далай багшийг машинаас буухад түүнийг харах гэсэн олон зуун оюутан сурагчид уухайлан тосож авав. Сургуулийн төв үүдэнд уламжлалт ёс заншлын дагуу арвайн гурил бүхий тавгийн идээг амсуулав. Сургуулийн хурлын танхимын индэр дээр эцэг Томас Аяка угтан мэндчилж сургуулийн хамт олон, оюутнуудын нэрийн өмнөөс хүндэтгэл үзүүллээ.

Дээрхийн гэгээнтэн өөрийнхөө илтгэлийг “Эрхэм хүндэт ахан дүүс нар минь ээ, миний залуу анд нараа. Би ийм олон хүний өмнө гарч үг хэлэх болгондоо, мөн бусад үед хүмүүстэй уулзах бүртээ "бид бүгд адил тэгш хүн" гэдгээ байнга ойлгож, ухаардаг. Дэлхий дээрх долоон тэрбум хүн бүгдээрээ бие махбодь, оюун ухаан, сэтгэл хөдлөлийн байдлаараа адил. Би та бүгдийн нэг нь байна” хэмээн эхлэв.

Түүний дараагаар 15, 20, 30 наснаас доош настай залуучуудыг ээлжлэн гараа өргөхийг хүсэв. Ихэнх нь 30-аас доош насны залуучууд байгаа нь харагдаж байлаа. Далай багш яагаад ийм асуулт тавьснаа тайлбарлав. “30 нас хүрээгүй залуучууд бол энэ XXI дүгээр зууны хүмүүс, харин 60 хүрч яваа хүмүүс бол өнгөрсөн зууны хүмүүс. Өнгөрсөн зуун маань түүхийн хуудаснаа үлдсэн, түүний алдаа оноо дээр бид суралцах ёстой, харин өөрчилж үл чадна. Тэгвэл ирээдүй хараахан бий болоогүй байна. Ирээдүй ямар байх нь бидний өнөөдрөөс шалтгаална. Тиймээс бидэнд ирээдүйгээ сайн тал руу нь өөрчлөх сайхан боломж байна.

Ирээдүйг сайн сайхан болгохын тулд бидэнд эрх мэдэл, хүч чадал, мөнгө хэрэггүй юм. Харин сэтгэлийн амар амгалан л чухал байх болно. Дэлхийг өөрчлөх гэх нь боломжгүй, хэцүү зүйл мэт санагдаж болох ч энэ дэлхий дээр амьдарч буй хүн бүр хичээвээс болохгүй, бүтэхгүй зүйл биш ээ. Хэрэв нэг хүн өөрийнхөө сэтгэлд амар амгалан байдлыг бий болгоод түүнийгээ бусад 10 хүнтэй хуваалцах ба тэд мөн адил 10 хүнтэй хуваалцаж чадваас нэг л өдөр бүх хүн төрөлхтөн сэтгэлийн амгаланг олох нь гарцаагүй юм”.

“Яг одоо бүгдээрээ өөрсдөөсөө эхлэе. Тэгээд үр дүнг нь өөрсдийн гэр бүл, хамаатан садан гэх мэтээр өөрийн хүрээлэлд түгээе. Та бүхэн бүгдээрээ залуу хүмүүс, бидний итгэл найдвар мөн. Та бүгд алсын хараатай байх ёстой. Өнөө цагт бид материаллаг эд зүйлд асар их цаг зарцуулж байна. Оюун ухаан, сэтгэлийн амар амгалангийн тал дээр маш хангалтгүй анхаарал тавьж байна. Бид эрх тэгш байдлыг тогтоож, баян ядуугийн ялгааг үгүй болгож, хавдар мэт нийгэмд тархсан авлига, хээл хахуулийг устгахыг хичээх ёстой. Авилга, хээл хахууль байгаа нь хүмүүст шударга зан чанар, зарчим байхгүй болсныг харуулж байна. Хүн хүнээ дарамтлан ашиглаж байна. XXI-р зуунд энэхүү асуудлуудыг байхгүй болгож, нийгмийг цэвэрлэж сайн сайхан болгохын тулд та бүгд хичээгээрэй.”

Дээрхийн гэгээнтэн Далай лам Бангалор хотын Христийн их сургуулийн оюутан залуучуудад “Шашин ба шинжлэх ухаан” сэдэвт илтгэл тавив
Далай багшийг машинаас буухад түүнийг харах гэсэн олон зуун
оюутан сурагчид уухайлан тосож авав.
Бангалор хот, Энэтхэг Улс. 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр.
Зургийг Джереми Рассел (ДЛО).
Дээрхийн гэгээнтэн шашин ба шинжлэх ухааны тухай айлдахдаа “Шашин бол ихэвчлэн бидний сэтгэл зүй, сэтгэлийн хөдлөлтэй холбоотой. Харин шинжлэх ухаан бол хүний тархитай холбоотой гэж үздэг” гэжээ. Тэрээр Ромын хамба ламын “Итгэл болон оюун санаа хоёр хамтдаа хөтлөлцөөд явж байдаг” гэсэн айлдвартай санал нэг байгаагаа илэрхийлээд “Шинжлэх ухаан бол шинжлэн дүгнэх ба туршилт, судалгаагаар дүүрэн байдаг. Ямар ч зүйлийг итгэл, сүсэг бишрэлээр хүлээн авдаггүй. Гэхдээ эрдэмтэд хараахан бүгдийг мэдээгүй байна.

Саяхныг хүртэл тэд ихэнхдээ дэлхий дээрх материаллаг зүйл дээр бүхий л анхаарлаа төвлөрүүлж ирсэн. Хүний дотоод сэтгэл, оюун санааны тал дээр маш хязгаарлагдмал байдалтай хандаж байлаа. Харин өдгөө оюун санаа, сэтгэлээ дадуулж чадваас уураг тархинд өөрчлөлт орж байгааг нотолж чадсан энэ үед эрдэмтэд хүний янз бүрийн сэтгэлийн хөдлөлүүдийг судалж эхлээд тодорхой үр дүнд хүрээд байна. Жишээ нь энэрэнгүй сэтгэл, сайхан сэтгэл хүний биеийн эрүүл мэнд болон оюун санаанд машид сайнаар нөлөөлж байгааг олж тогтоосон байна.

Тэрээр “Ер нь сайн хүн байхын тулд заавал шашин шүтлэгтэй байх албагүй л дээ” гэж тэмдэглээд “Миний энэ насны нэг үүрэг бол хүмүүст эрүүл ухаан, шинжлэх ухааны үндэслэл дээр суурилсан бүх хүн төрөлхтөн нийтийн үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх явдал юм. Бид өөртөө маш их итгэлтэй байх ёстой, бидний тэр итгэл хөгжсөөр бусдыг хайрлах, энэрэх сэтгэл болон хувирдаг. Сэтгэлийн хүч чадал, өөртөө итгэх итгэл зэрэг нь сайн санаанаас л улбаатай. Мэдээж хэрэг ийм болохын тулд шашин шүтлэгтэй байх албагүй. Хэрэв та шашны мэдлэг боловсрол, зан үйлийг дагах гэж буй бол хайш яайш бус, хамаг сэтгэлээ зориулж яг Тереза эх болон Томас Мертон эцгийг жишээ болгон хичээх ёстой.

Дээрхийн гэгээнтэн Далай лам Бангалор хотын Христийн их сургуулийн оюутан залуучуудад “Шашин ба шинжлэх ухаан” сэдэвт илтгэл тавив
Дээрхийн гэгээнтэн Христийн Их сургуульд суралцдаг
Төвд оюутнуудын найрал дууг таалан сонирхов.
Бангалор хот, Энэтхэг Улс. 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр.
Зургийг Джереми Рассел (ДЛО).
Ийнхүү илтгэл тавьсны дараагаар тус сургуульд суралцаж буй Төвд оюутнууд дуу дуулж сонирхуулав. Үүний дараагаар Далай багш танхимд цугласан хүмүүсийн асуултанд хариулав. Төгсгөлд нь хуран цугларсан бүх хүн нийтээрээ сургуулийн сүлд дуу болон Энэтхэг улсын төрийн дууллыг хамтдаа дууллаа. Сургуулийн гадаа Дээрхийн гэгээнтнийг олон зуун оюутнууд үдэв. Дээрхийн гэгээнтэн түр саатаж тэдний заримтай нь зургаа авхуулсан юм.

Их сургуулийн сүмд сургуулийн оюутнуудад зориулж цөөн хэдэн үг айлдав.
“Та бүгд бол бусдад үйлчлэхийн тулд суралцаж байгаа билээ. Хими, физик гэх мэт хичээлүүд нь цэвэр мэдлэг боловсролтой холбоотой байдаг. Та бүгдэд оюун санааны түвшинд ажиллаж, амьдрахын тулд өөрийнхөө оюун санааг өөрчилж, муу сэтгэл хөдлөлүүдийг дарж чадах тийм дадал, туршлага хэрэгтэй шүү. Хүний сүсэг бишрэл зөвхөн хийд, сүмийн хана дотор орших биш, түүнийг өдөр тутмынхаа амьдралд хэрэглэж хэвших нь зүйтэй юм.

Түүнчлэн тэрээр “Би өөрөө Бурханы шашинтай хүн л дээ, гэхдээ бусад шашинд гүн хүндэтгэлтэй ханддаг. Энэтхэг бол хорвоо ертөнцийн ихэнх шашин хамтдаа зэрэгцэн оршиж, хөгжиж ирсэн цорын ганц орон мөн. Тиймээс энэ уламжлалаа хадгалан авч үлдэх хэрэгтэй. Мөн бусад орнуудад энэхүү уламжлалаа хуваалцах хэрэгтэй. Энэтхэг улсад олон мянган жилийн турш хүчирхийллийг үгүйсгэсэн уламжлал хадгалагдаж ирсэн байдаг. Хүчирхийлэлгүй үйлийн үзүүрт хүчирхийлэлгүй бодол, учир шалтгаан бий. Энэхүү эрдэнэ мэт өвийг та бүгд хайрлан хадгалж явах нь маш чухал юм шүү” хэмээн айлдсанаар Дээрхийн гэгээнтний Христийн их сургуульд зочилсон үйл ажиллагаа өндөрлөв.

27-ны өдөр Дээрхийн гэгээнтэн Бангалор хотод морилох бөгөөд Тумкурын Их сургуульд “Дэлхийн энх тайванд хандах хүний хандлага” сэдвээр илтгэл тавих юм.
Үзсэн: 3 980
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц