Дээрхийн Гэгээнтэн Далай лам Оросын буддистуудад ном айлдлаа- Хоёр дахь өдөр

3-01-2013, 10:13  |  Хэвлэх

2012 оны 12 дугаар сарын 25

Энэтхэг, Шинэ Дели- Хэдийгээр Делид тэнгэр бүрхэг, цаг агаар хүйтэн байсан боловч Дээрхийн Гэгээнтэн Далай лам Кемпински Амбиенс зочид буудалд морилон ирсэн бөгөөд танхим дүүрэн инээмсэглэсэн хүмүүс түүнийг угтлаа.

“Би адис өгөхгүй. Би өөрийгөө Далай лам гэж бодохыг бус, харин бусадтай адил нэгэн гэж бодож байна. Хамгийн чухал нь бид аз жаргалтай амьдрахыг хүсч, өөрсдийгөө боловсруулах шаардлагатай байна.” гэсэн үгээр Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Оросын буддистуудад ном айлдлаа- Хоёр дахь өдөр
Оросын лам нар хоёр дахь өдрийн номыг нээж "Билгүүний Зүрхэн"
номыг уншиж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2012.12.25.
Фото/Жереми Рассел /ДЛО
Бурханы ид шид түүний бие махбодь хийгээд үг хэл, ухаан бодлоор дамжин илрэн гарч байгаа бөгөөд, үг хэлнийхээ хүчээр буруу зөвийг заан сургадаг хэмээн Далай лам айлдлаа. Тэрээр хэрхэн аз жаргалыг олж, зовлонгоос ангижрах тухай тайлбарласан байна. Бидний хүсдэггүй зовлон шаналал, хүсээд байдаг аз жаргал хоёрын аль аль нь учир шалтгааны улмаас үүсдэг. Зовлон шаналал нь үндсэндээ бидний мунхгаас үүдэлтэй. Бид хэдийгээр жаргалыг эрэлхийлж байгаа ч, харанхуй мунхгийн гайгаар зовлонгийн үрийг тарьж байдаг. Тиймээс бид жаргалыг юу бий болгож, зовлонг юу учруулж байдаг талаар мэдэх шаардлагатай. Төвдийн их сэтгэгч Богд Зонхов Бурхан багшийн тухай “Таны бүхий л ариун үйл хэргийн дундаас таны зарлиг хамгийн эрхэм дээд нь” хэмээн магтсан байдаг.

Бид эд юмсын гадаад төрхтэй зууралдсанаар өөрсдийн зовлонгийн шалтгааныг үүсгээд байгаа тухай Дээрхийн Гэгээнтэн тайлбарлан ярив. Бидний мэдэх шаардлагатай зүйл бол юмс угтаа юу болох тухай юм. Үүний тулд бид өөрсдийн оюун ухааныг дээд цэгт нь хүртэл дайчлах шаардлагатай. Бид сурах, өөрсдийн дотоод мунхгийг даван туулах хэрэгтэй. Нэг удаагийн тохиолдлоор бүхэл бүтэн номыг заах боломжгүй тухай тэрээр тэмдэглэн хэлэхдээ,

“Танд ном байгаа бол түүнийгээ унш, доторхи бүхэнтэй нь танил болтлоо унш, уншсаар байгаад хуудсууд нь хар болтол үүнийгээ дахин дахин хий” хэмээлээ.

Номыг зохиогч Шантидева энэхүү номоо зугаацахын тулд бичээгүй. Номын агуулганд Бурхан багшийн номлол хийгээд дараа дараагийн сэтгэгч нарын тайлбарууд багтсан байна. Тэрээр үүнийг зохиохдоо бусдыг өөрийн оюун бодолтой танилцуулахыг зорьсон хэмээн хэлсэн байдаг. Энэхүү ном юу өгүүлээд байгааг олж харахын тулд оюуны чадал, ойлгохын тулд тууштай зан хэрэгтэй хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдав. Тэр дахин : “Тиймээс оюун ухаанаа эрдэм мэдлэгээр цэнэглэх эрмэлзэл бүхий хэн боловч мэргэн ухаант” гэсэн богд Зонховын үгээс эшлэл татлаа. Үүнээс хийх дүгнэлт нь сургаалийг өөрсдөддөө давтан үглэх бус, харин тунгаан бясалгах, гэхдээ бидний амьдрал, туршлагатай ном харшилж байгаа эсэх талаар нягталж, бусад хүмүүсийн ярьж хэлж байгаатай өөрсдийн олж нээснээ харьцуулах ёстой. Эцэст нь халуун дулаан сэтгэлийг төлөвшүүлэхийн чухлыг ойлгох болно.

Төвд хэлний бясалгал гэсэн үгэнд сургааль ном хийгээд номонд заасан зам мөртэй танилцах гэсэн салаа утга агуулагддаг. Дээрхийн Гэгээнтэн үүнийг нисэгчийн дасгал сургуультай харьцуулан тайлбарлахдаа,

“Та анх удаа онгоцны кабин руу харахдаа сандарч, яахаа үл мэднэ. Гэвч дасгал сургуулилтын болон илүү сайн танилцсаны үр дүнд хийх ёстой юмныхаа эзэн болно. Өөрийн оюун ухаанаа дайчлах чадвартай байх ёстой” хэмээв.

Нэгээс есдүгээр бүлэг рүү шилжихдээ тэрээр “Энэ бүх сургаалийг мэргэн ухааны тусын тулд айлдсан” хэмээн уншив.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Оросын буддистуудад ном айлдлаа- Хоёр дахь өдөр
Дөрвөн өдрийн ном айлтгал болж буй Кемпински
зочид буудлын гал тогооны ажилчдын хамт.
Энэтхэг, Шинэ Дели. 2012.12.25.Фото/Жереми Рассел/ДЛО
Мунхгийн улмаас бид дотооддоо саруул ухааныг хөгжүүлэх шаардлагатай. юмс мөн чанартаа юу болохыг ойлгох хэрэгтэй. Мэдлэг олгодог гэдэг үүднээс боловсрол чухал. Энэ утгаараа шүтэн барилдлагын холбоо хийгээд юмс үзэгдлийн мөн чанарын талаархи үл мэдэхийг бид ялан дийлэх шаардлагатай. Зовлонг номхотгохыг хүсэх хэн боловч саруул ухааныг хөгжүүлэх ёстой. Есдүгээр бүлэгт заасны дагуу энгийн ба иогч гэсэн хоёр төрлийн хүмүүс байдаг. Иог гэсэн төвд нэр томьёо нь хоёр утгыг буюу нэгдэх нь зөв утгыг, хоёр дахь нь түүнтэй холбоотой гэсэн утгыг илэрхийлдэг. Тиймээс иогч гэдэг нь зөв утгатай холбоотой хүмүүсийг хэлнэ. Дээрхийн Гэгээнтэн аливаад аналитик ханддаггүй, үзсэн, сонссондоо баясаж байдаг энгийн хүмүүс ба бодит байдлыг ойлгохыг байнга эрэмэлзэж байдгийнхаа хувьд байгаадаа сэтгэл хангалуун бус байдаг эрдэмтдийг хооронд нь харьцуулж ярилаа.

Нэгдүгээр бүлэгт энэрэнгүй эрмэлзлийн давуу тал, бодь сэтгэлийг сэргээх тухайд номлохдоо “Эрх чөлөө рүү тэмүүлэх, бусдыг нирвааны эрх чөлөө рүү хөтлөх нь доод төрөлд эргэн төрөх шалтгаан болно. Түр хийгээд эцсийн бүхий л зорилго бодийн сэтгэлийг төрүүлснээр гагцхүү хэрэгжих боломжтой. Тиймээс бодь сэтгэлийг би дээдэлнэ” гэжээ.

Дээрхийн Гэгээнтэн IX зууны сэтгэгч Шагжа Шри-ийн “Би баяртай байгаа үедээ бүх гавьяагаа бусдад зориулна, гунигтай байгаа үедээ хамаг амьтны зовлон шаналлыг өөртөө авна, энэ гавьяаны маань ачаар зовлонгийн их далай хатах болтугай” хэсгийг эш татан уншив.

Майдарын “Илт Онохуйн Чимэг”-т бодь сэтгэлийг хөгжүүлэхийн мөн чанарыг тодорхойлохдоо “Хамаг амьтны тусын тулд Бурханы хутгийг олох хүсэл нь төгс төгөлдөр хүсэл бөлгөө. Бодийн сэтгэлийг төлөвшүүлэхдээ та эн тэргүүнд бусдыг зовлонгоос ангижруулахын тулд нигүүлсэхүй сэтгэл хийгээд хүслийг хэвшүүлэх бөгөөд үүний үндсэн дээр Бурхан болох эрмэлзэл төрнө” гэсэн байна.

Бодь сэтгэлийг төрүүлэхэд хоёр зүйл бий. Бодь сэтгэл төрүүлэхийг хүсэх ба түүндээ бодитоор хандах. Энэ нь явахыг хүсэх ба жинхэнээсээ явах хоёртой агаар нэгэн юм. Та оюун ухаандаа зорих цэг, түүндээ хүрэх эрмэлзэл бий болгож, дараа нь үнэхээр түүндээ зорих болно.

Дээрхийн Гэгээнтэн маргааш Манал бурханы авшиг хүртээхийн хамт бодь сэтгэл үүсгэх хүслийг бий болгох зан үйл хийнэ гэдгээ хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Оросын буддистуудад ном айлдлаа- Хоёр дахь өдөр
Оросын телевизийн сэтгүүлч Ольга Липич Дээрхийн Гэгээнтэн
Далай ламаас ярилцлага авч байгаа нь.
Энэтхэг, Дели. 2012.12.25. Фото/Жереми Рассел/ДЛО
Өглөөний болон өдрийн айлтгалын хооронд Дээрхийн Гэгээнтэн Оросын телевизэд өгсөн ярилцлагаа үргэлжлүүлэн өгөв. Сэтгүүлч Ольга Липич хайр, нигүүлсэл болон өөрт хамаатуулахын ялгааны талаар асуулаа. Тэрээр хариулахдаа өөрт хамаатуулах бидний мэдрэмж нь хэн нэгэнд бид найрсаг, эсвэл дайсагнасан харьцаатай эсэхээс хамааран хийх бусад хүмүүсийн хариу үйлдлээс хамаардаг гэлээ. Үүний оронд бид бүгд хүмүүний гэх нэгэн гэр бүлд харьяалагддаг учраас бүх нийтийн төлөө санаа зовних сэтгэлээ хөгжүүлэх ёстой хэмээн тэрээр зөвлөлөө. Бид , “Энэ хүмүүс надтай л адил, тэд бас миний адил аз жаргалыг хүсч, зовлонг хүсдэггүй ” гэж бодох ёстой.

Пусси Риотын хөгжимчдийн хувь заяаны талаар түүний үзэл бодлыг асуухад тэр гар өргөн, энэ бол түүний хувьд сэтгэгдлээ хэлэхэд дэндүү эмзэг асуудал бөгөөд тэгээд ч энэ талаар үнэхээр юу ч мэдэхгүйгээ хэллээ. Тэрээр ёжтойгоор,

“Энэ асуудлаар миний бодлыг сонсохыг хүсч байгаа бол надад Москвад очихыг зөвшөөр, тэгээд сонс” хэмээн нэмж хэлэв.

Үүний хариуд сэтгүүлч энэ удаагийн номын айлдварт суусан олон хүн таныг Орост морилон ирэхийг хүсэн хүлээж байгаа учраас хэзээ энэ боломжтой вэ хэмээн асуулаа. Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа,

“ЗХУ-ын бүрэлдэхүүнд байх үед нь би Орост 1979 ба 1982 онд очиж байсан бөгөөд коммунист тоталитар дэглэмийн үед би очиж болж байсан бол өнөөдөр чөлөөт нийгэмд орсон үед нь очиж чадахгүй байгаа нь эмгэнэлтэй. Оросын буддистуудын үе үеийнхэн Далай лам болон Төвдүүдтэй өвөрмөц хэлхээ холбоотой байсан түүхэн холбоо буй. Би үнэн сэтгэлээсээ Оросын ард түмний сайн сайхан хийгээд Оросын Холбооны улсын талаар санаа зовдог. Миний өмнөх төрөл XIII Далай лам Орос улстай холбоотой байсан, түүний талаар санаа зовнидог байсан. Түүнээс гадана надад Буддист биш олон орос найз нөхөд бий.” хэмээв.

Тэрээр инээмсэглээд,

“Юу ч тохиолдсон, би хэн нэгнийг эвгүй байдалд оруулахыг хүсдэггүй” хэмээн яриагаа өндөрлөв.
Үзсэн: 2 837
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц