Дээрхийн Гэгээнтэн Далай лам Оросын буддистуудад ном айлдлаа – Дөрөв дэх өдөр

5-01-2013, 19:29  |  Хэвлэх

2012 оны 12 дугаар сарын 28

Энэтхэг, Шинэ Дели – Дээрхийн Гэгээнтэн Далай лам Делид Оросын буддистуудад зориулан айлдаж байгаа дөрөв дэх өдрийнхөө айлтгалыг сэтгэл өндөр эхэлсэн юм. Тэрээр айлдахдаа “Дээдийн ном нь бидний өдөр тутмын амьдралтай салшгүй холбоотой бөгөөд номлол дуусангуут цааш нь таьчихдаг эд зүйл биш юм. Миний заасан бүхнийг аливаа үйлийг эхлэх боломж болгон ашиглацгаа. Номын агуулгыг зүтгэл гарган судалж, дээдийн номын хамт оюун ухаанаа тэлцгээ. Хэрвээ та бүхэн үүнийг хийж чадвал, эргээд бүгдээрээ учран золгох цагт амин хувиа хичээх зан ба уур хилэнг тодорхой хэмжээнд хязгаарласан байх болно гэсэн итгэл дүүрэн байх болно. Тэгсэн цагт дээдийн ном хийгээд энэ өдрүүдийн сургаалийн зорилго биелнэ” хэмээлээ.

“Бодьсадын Явдалд Орохуй”-н орчуулгаас гадна өөр бусад номууд, тухайлбал орчин үеийн шинжлэх ухаан болон Буддын гүн ухааныг харьцуулсан ном, мөн Дээрхийн Гэгээнтний сургаалиуд англи, орос хэл дээр байгаа тухай тэрээр мөн сануулан хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Оросын буддистуудад ном айлдлаа – Дөрөв дэх өдөр
Дээрхийн Гэгээнтэг Далай лам Оросын буддистуудад ном
айлдаж байгаа нь. 2012.12.27. Энэтхэг, Дели.
Фото/Tэнзин Чойжир/ДЛО
Логик ухаан чухал болох тухай асуудалд анхаарлаа хандуулах тал дээр Дээрхийн Гэгээнтэн шинжлэх ухааны эрдэмтэдтэй яриа өрнүүлж ирсэн өөрийн туршлагаасаа мөн хуваалцав. Эрдэмтэд хэдийгээр салбар салбартаа мэргэжилтэн байдаг ч, тэднийг сонсох бүрт ямар нэг зөрчилтэй мэт зүйлийг байнга олж хараад, тэдэнд асуулт тавихаас өөр аргагүйд хүрдэг тухайгаа яриад, ихэнхдээ “Би энэ талаар бодох ёстой юм байна” гэсэн хариулт сонсдог гэж тэр хэлэв. “Оюун ухаан ба амьдрал” сэдэвт ярилцлагад оролцож байсан нэгэн эрдэмтэн үүнийг анзаараад Төвдийн логик ухааны тогтолцоог өөр салбарт ашиглаж болох эсэхийг асуухад нь Дээрхийн Гэгээнтэн боломжтой гэдгийг хэлсэн байна. Үүнийг Төвдийн хэд хэдэн сургуульд одоо хэрэгжүүлж байгаа ажээ. Орос хэлтэй сүсэгтнүүддээ хандан тэрээр логик ухааныг өөрсдийн сурах үйлсдээ ашиглахын тусыг олж харна гэдэгт найдаж байгаагаа хэллээ.

Иргэний ёс суртахууныг өргөн утгаар эрчимтэй хөгжүүлэх шаардлагын тухай эргэж хөндөхдөө Далай лам, өнөөдөр дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүнээс нэг нь зовлон шаналлын асуудлыг идэвхтэй тавих нь хангалттай бус бөгөөд ихэнх асуудлаа бид өөрсдөө үүсгэдэг гэдгээ ойлгох хэрэгтэй гэв. Дэлхийн хэмжээнд санаа зовоосон асуудлын нэг жишээнд тэрээр Японы тухай ярьсан бөгөөд орчин үеийн боловсрол бүхий орчин үеийн улс, дээр нь уламжлалт буддын шашинт энэ оронд амиа хорлож байгаа хүний тоо өсөн нэмэгдэж байгааг дурьдлаа. Ийм явдал нийгмийн халамжийн хамгийн сайн бодлоготой, баян ядуугийн зааг харьцангуй бага Швед орон болон Ладакт мөн тохиолдож байна. Тэрээр бид үндсэндээ өөрөө өөрсдийнхөө эзэн гэсэн Бурхан багшийн сургаалийг эш татаад, Бурхан аз жаргалыг гагцхүү олгох хүч чадал бус, харин эрх чөлөөний зам мөрийг заасан хэмээн тэмдэглэн хэлсэн юм.

“Бурхад бузрыг усаар угаахгүй ,
Бүх амьтны зовлонг гараараа арчин арилгахгүй,
Өөрийн ухаарлыг бусдад шилжүүлэхгүй
Өрөөл бусдыг зовлонгоос ангижруулах үнэнийг гагцхүү заана”

Хувийн ашиг сонирхол хөндөгдөх үед бид амьдралд ойртож, харин бусдын хэрэгцээний асуудал гарч ирэхэд бид гагцхүү залбирдаг хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Тэрээр сүүлийн 15-20 жилийн хугацаанд олон эрдэмтэдтэй уулзаж, тэдэнтэй яриа өрнүүлж ирсэн байна. Үүний үр дүнд нийгэмд үгүйлэгдэж буй зүйл бол нигүүлсэл гэсэн дүгнэлтэд тэд хүрчээ. Гэр бүлийн хүрээнд хүртэл хүмүүс үр хүүхэддээ зохих хэмжээнд анхаарал хандуулах цаг гаргахаа больсон нь үүний нэг жишээ мөн билээ.

Шашны нөлөө буурч, шашинд итгэх итгэл алдарч байгаа үед ёс суртахуун хийгээд ёс зүйн талаар сургах, энэ асуудлыг дэвшүүлэн тавих талаар хэн ч алхам хийхгүй байна. АНУ-д сургуульд олноор нь буудсан тохиолдол гарч, энд Энэтхэгт бид хүчингийн хэргийн тухай сонсож байна. Эдгээр гунигт үйл явдлууд нь зарим хувь хүмүүст ёс суртахууны хэм хэмжээ дутагдаж байгааг харуулж байна. Бодлогогүй, бүдүүлэг байдал гэм биш, зан болоод байна. Эдгээр асуудлыг шашин тийм амархан шийдэж чадахгүй байна хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэллээ. Тиймээс цэцэрлэгээс эхлээд дээд сургууль хүртэл нь боловсролын тогтолцоонд ёс зүйн дадлыг оруулах нь чухал байна. Бие бялдрыг эрүүл байлгахын тулд эрүүл ахуйг сахих тухай сургадагтайгаа адил илүү эерэг дадал зуршил суулгаж, сэтгэл оюуны амар амгалан хийгээд аз жаргалыг хангах үүднээс оюун ухааны эрүүл ахуйн мэдрэмжийг хөгжүүлэх шаардлагатай байна.

Ёс зүйн хичээлийг боловсролын тогтоолцоонд хэрхэн тусгах талаар судалгаа хийгдэж буй бөгөөд Дээрхийн Гэгээнтэн ойрын хугацаанд одоогийн байдлаар хүрээд байгаа дүгнэлтийн талаар сонсох зорилгоор зарим уулзалт яриануудад оролцохоор төлөвлөж байгаа ажээ. Тэрээр судалгаа хийж, иргэний ёс зүйн асуудлыг боловсролын тогтолцоонд оруулах хэрэгт үр дүнг нь тусгах үүднээс энэхүү төсөлд нэгдэхийг Оросоос ирсэн сүсэгтнүүдэд хандан уриалав.

“Миний хэлэхийг хүссэн зүйл ингээд дуусч байна. Тиймээс зарим үүрэг хариуцлагыг та бүхэнд үлдээлээ” хэмээн Далай лам яриагаа өндөрлөлөө.


Дээрхийн Гэгээнтэн Далай лам Оросын буддистуудад ном айлдлаа – Дөрөв дэх өдөр
Танхим дахь хүмүүс Дээрхийн Гэгээнтэнд асуулт тавьж байгаа нь.
Энэтхэг, Дели. 2012.12.27.Фото/Жереми Рассел/ДЛО
Дээрхийн Гэгээнтэн дараа нь танхим дахь хүмүүсийн асуултад хариулсан юм. Дэлхий дээр хэдэн буддист байдаг тухай эхний асуултад тэрээр хариулахдаа, тэдний тоог гаргахад хэцүү бөгөөд тэрхүү тоог нэмэгдүүлэхүүднээс хүмүүсийг буддизмд татан оруулах хүсэлгүй гэдгээ илэрхийлэв. Дараагийн хүн боловсролтой хүмүүсийн дунд ёс зүйг хэрхэн хөгжүүлэх талаар санаа зовниж буйгаа илэрхийллээ. Боловсрол, мөнгө болон эрх мэдэл дангаараа аз жаргалын баталгаа биш хэмээн Далай лам тэмдэглэн хэлэв. Бүх хүн үнэндээ бүгд адил гэж бодох нь илүү үр дүнтэй гэж боддогоо тэрээр хэлсэн байна. Бидний хоорондын ялгаа багаас гадна өнгөн талдаа байдаг. Бид бүгд хүмүүний гэх нэгэн гэр бүлд харьяалагддаг гэдгээ санаж явах ёстой.

Өөрийгөө Оросын Үнэн Алдарт шашны сүсэгтэн хэмээн танилцуулсан нэгэн өөрийн итгэл бишрэлээс татгалзахгүйгээр, Буддизм-аас хэрхэн үр өгөөж хүртэх тухай мэдэхийг хүсч буйгаа хэллээ. Өөрийн шашныг үнэн сэтгэлээсээ шүтэхийн чухлыг Дээрхийн Гэгээнтэн онцлон тэмдэглээд, үүнийхээ зэрэгцээ хайр энэрэл, нигүүлслийг хэрхэн хөгжүүлэх, хүлээцтэй байдал болон бусад хэрэгтэй зүйлийг өөртөө төлөвшүүлэх тухай номлолыг дагаж болохыг зөвлөсөн байна. St Francis-ийн мөргөл зөвөлгөөтэй адил олон зүйлийг “Бодьсадын Явдалд Орохуй”-аас олж болно гэдгийг тэр тэмдэглэн хэллээ.

Төвд орон эрх чөлөөгөө алдахад хээл хахууль ямар нэг хэмжээгээр үүрэг гүйцэтгэсэн эсэх талаар хэн нэгэн асуув. Дэлхий дахинд хээл хахуулийн асуудал хорт хавдрын шинэ төрөл лугаа адил тархаж байна хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариуллаа. Бид үүнийг сөрөн тэмцэх ёстой, бид амаа хамхин сууж болохгүй хэмээн тэр үргэлжлүүлэн хэлэв. Хээл хахуулийг сөрөн зогсоход хувийн сахилга бат шаардлагатай. Бид өөрсдийн хүчээр ямар нэг зүйлд хүрэхдээ сайрхах дуртай, харин авилга, хээл хахууль бол гайхуулах зүйл биш. Тиймээс авилгад өртсөн хүн аз жаргалтай байдаггүй, мөн сэтгэл амар байдаггүй. 1951 онд Төвд болон коммунист Хятадын хооронд гэрээ байгуулагдахаас өмнө Төвдөд авилга, хээл хахууль тун бага байсан. Тэр цагаас хойш Хятадад хээл хахууль өсөн нэмэгдэж, Төвд тэрхүү нөлөөнд автагдаж байна хэмээн тэрээр хариулав.

Эцэст нь интернетээр ван авшиг хүртэх боломжийн талаар асуулаа. Шууд дамжуулагдаж байгаа сургаалийг хараад, түүнийг бүрэн хүртсэн, хүлээж авсан гэж ойлгож болох эсэх талаар тэрээр мэдэхийг хүсчээ. Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа, ерөнхий сургааль номлолыг ийм замаар хүлээж авч болох нь мэдээж гэлээ. Харин нууц тарнийн ёсны тухайд бол ийм маягаар ном сонсож байгаа шавь нар байгаа гэдгийг багш мэдэж байсан тохиолдолд энэ боломжтой хэмээлээ. Бурхан багшийн эрин үед ч зайнаас сахил хүртээж байсан тохиолдлыг тэрээр эш татсан юм. Янз бүрийн шалтгаанаар Бурхан багш нэг газар заларч, сахил хүртэхийг хүссэн нэгэн өөр газар байх үед холоос сахил хүртээх тохиолдол байжээ.

“Тэгэхээр зорьсон зүйлээ бид хийж дуусгалаа. Би энэхүү уулзалт ярилцлагадаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа бөгөөд өөрийн үүргээ биелүүллээ гэж бодож байна. Та бүхэнд маш их баярлалаа” хэмээн Дээрхийн Гэгээнтэн энэ удаагийн айлтгалаа өндөрлөсөн юм.
Үзсэн: 2 867
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц