Дээрхийн Гэгээнтэн Сарнат хотод Шантидевагийн номын тайлбар сургаалаа эхэллээ

9-01-2013, 07:10  |  Хэвлэх

2013 оны 1 дүгээр сарын 8

Энэтхэг, Уттар Прадеш, Сарнат,- Өчигдөр Дээрхийн Гэгээнтэн Шантидевагийн “Бодьсадын Явдалд Орохуй” ном айлдахаар Патнагаас Сарнатад ирсэн бөгөөд Сарнат нь Хойд Энэтхэгийн бусад нутгийн адил агаарын хүйтэн урсгалын нөлөөн дор байдаг учраас танхимд цугласан олон дулаан хувцасласан байв. Сэнтийд залрахын өмнө тэрээр хуучин олон анд нартайгаа, түүний дотор ламтан Жанзе Цорж Лувсан Тэнзинтэй мэндчилэв.

Дээрхийн Гэгээнтэн Сарнат хотод Шантидевагийн номын тайлбар сургаалаа эхэллээ
Төвд Судлалын Төв Их сургуулийн оюутнууд "Билгүүний Зүрхэн"
судрыг уншиж байгаа нь. Энэтхэг, Уттар Прадеш, Сарнат. 2013.01.07.
Фото/Жереми Рассел/ДЛО
Уригдан ирсэн Энэтхэгийн бага хөлгөний хэсэг лам нар Мангала судрыг пали хэл дээр уншсаны дараа энэхүү айлтгалын ажлыг хамтран зохион байгуулж буй Төвд Судлалын Төв Их сургуулийн оюутнууд “Билгүүний Зүрхэн” судрыг санскрит хэл дээр уншсан байна. Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэхдээ Буддизмын пали болон санскрит хэл дээрх урсгал уламжлалд аль алинд нь лам хүний сахилга бат буюу винайн ёс байдаг боловч логик ухааныг хэрэглэж байгаа нь гагцхүү Төвдийн буддизм байх хэмээлээ. Энэ утгаараа Буддизмыг Төвдөд дэлгэрүүлэхэд тусалсан, гүн ухаан болон логик ухааны их мастер, Наландагийн их багш Шантаракшитад Төвдүүд талархан баярлаж байдаг ажээ.

Бүх шашин хайр энэрэл ба нигүүлсэл гэсэн эерэг зүйлийн талаар сургадаг бөгөөд энэрэн нигүүлэхүй нь аз жаргалын эх сурвалж болдог бол амин хувиа хичээх үзэл нь сүйрлийн эх болдог тухай Дээрхийн Гэгээнтэн тайлбарлав. Хүн бүхэн үүнийг мэдэх ёстой хэмээн тэрээр хэллээ. Бид шалтгааны үрийг тарьдгийн хувьд бидэнд тохиолдсон зүйлийн тухайд хариуцлага хүлээх учиртай. Хэрвээ бид бусдыг хууран мэхлэх, айлган доромжлох аваас, эцсийн дүнд өөрсдөө зовлонд унана. Энэ бол өөрсдийн аз жаргалыг бүтээгч нь бид гэсэн учир шалтгааны хууль мөн.

VII-VIII зууны Энэтхэгийн их сэтгэгч Шантидева хэлэхдээ “Хэрвээ та өөрийн аз жаргалыг хэн нэгний зовлонгоор сольж чадахгүй бол та Бурханы хутгийг олохгүй” хэмээсэн байдаг. Та бусдын хэргийг өөрийнхөөс илүү чухалчлан бодох, бусдын аз жаргалыг өөрийнхөөс илүүд бодох хэрэгтэй. Бурхад энэ талаар удаан хугацаанд тунгаан соёрхоод, хамаг амьтанд туслах хамгийн сайн арга нь бодийн сэтгэлийг үүсгэх явдал бөгөөд энэхүү сэтгэл нь чухамдаа гэгээрэлд хүрэх энэрэнгүй тэмүүлэл мөн гэсэн дүгнэлтэд хүрсэн хэмээн Далай лам үргэлжлүүлэн хэлэв.

“Энэ сургаалийг та бүхэнд дамжуулах хувь надад тохиосон бол үүнийг сонсох хувь бас та бүхэнд тохиолоо. Энэ бол зөвхөн адис жинлав авахын тулд сонсоод өнгөрөх зүйл биш юм. Мөн нэг удаа сонсоод, цааш нь тавьчихдаг зүйл биш. Та бүхэн үүнийг байнга судалж, ойлгож, дахин дахин тунгаан бодох ёстой.” хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв.

“Та бүхэнд гай зовлон тохиолдоход гай зовлонтой учирсан өрөөл нэгний талаар мөн бодож бай. Өөртөө “Зовлонгийн их далай хатаж ширгэх хүртэл бусдын зовлон надад ирэх болтугай” хэмээн бод. Бодь сэтгэлийг бодитой төрүүлээгүй боловч, энэ үзлийг дээдэлж явдаг, үүний талаар өдөр бүр боддог, энэ л үзэл надад амар амгалан хийгээд аз жаргалыг авчирдаг гэдэгт би итгэлтэй байдаг.”

Дээрхийн Гэгээнтэн Сарнат хотод Шантидевагийн номын тайлбар сургаалаа эхэллээ
Энэтхэг, Уттар Прадеш, Сарнатад болж байгаа Дээрхийн Гэгээнтний
айлдварын эхний өдөр хэдэн мянган хүн оролцлоо. 2013.01.07.
Фото/Жереми Рассел/ДЛО
“Нөгөө талаас “Бодьсадын Явдалд Орохуй”-н талаархи Далай ламын тайлбарыг олон удаа сонссон” хэмээн сайрхах нь зохимжгүй. Түүнчлэн мөнгө, эрх мэдэл болон нэр нөлөө олох боломжит арга болгон үүнийг ашиглах нь мөн зохимжгүй. Хэрвээ ингэх аваас, бид тархи толгойндоо эд баялгийн тухай бодолтой, дээдийн номыг хэрэгжүүлэгч дүр эсгэсэн хуурамч дүртэнгүүд болно.”

Их хөлгөний шашинд аврал одуулагч хэн боловч одоогийн амьдралаа дээшлүүлэх бус, ирээдүйд сайхан амьдрах бус, харин ирээдүйд Бурханы хутгийг олох эрмэлзэлтэй байх ёстойг тэрээр тодруулан тайлбарлалаа. Бурхан, ном, лам гурван эрдэнэд аврал одуулах нь таны Буддист гэдгийг тодорхойлохын хамт, бодийн сэтгэлийг хөгжүүлэх нь Бодьсадын зам мөрд орох таны эрмэлзлийг тодорхойлно.

“Бурхан, ном хийгээд чуулганы дээд нугуудад
Бодийн хутаг олохыг хүртэл би бээр итгэмүй” хэмээн унших үедээ “Би”-гийн тухай бодохдоо ямар нэг бие даасан, мөн чанартаа оршдог мэтээр бус, харин гагцхүү “Би” гэж нэрлэсэн төдий зүйл мөн хэмээн бодохыг хичээ.”

“Бодьсадын Явдалд Орохуй” номын эшийг Дээрхийн Гэгээнтэн Бодгаяад Киннаурын лам, Күннү лам Тэнзин Жалцан эрхмээс хүртэж байсан байна. Гэхдээ Күннү лам Сарнат дахь нэгэн бөглүү хинду сүмийг хамгийн тохиромжит, нам гүм газар хэмээн үзсэн учраас тэнд бодь сэтгэлийн номын айлдварыг анх хүртсэн байна.

“Номын текстийг төвд, хинду, англи хэл дээр үзэх боломжтой байгаа. Би зарим хэсэгт тайлбар хийх замаар уншаад явна. Харин та бүхэн бүлэг бүлгээр нь үүнийг дахин дахин унших ёстой. Гэртээ харьсныхаа дараа энэ номоо бүү алга болго, өөртөө хадгал, тэгээд өдөр болгон уншиж бай.” хэмээн Далай лам зөвлөлөө.

Өнөөдөр дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүн бүгд аз жаргалыг хүсч байгаа бөгөөд хэн нь ч хүндрэлтэй асуудалтай тулгарч, зовж шаналахыг хүсэхгүй байгаа. Бидэнд тулгараад байгаа асуудлын ихэнхийг хүн бий болгодог. Энэ утгаар шашин бусдад гай тарих бус, харин туслах үүрэгтэй. Энэ нь дотоод өөрчлөлт шинэчлэлийг хийх гэсэнтэй утга нэгэн билээ. Дээрхийн Гэгээнтэн сониноос дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүнээс 1 тэрбум нь тухайлсан аль нэгэн шашин шүтдэггүй гэж бичсэнийг уншсан байна. Гэхдээ үлдсэн 6 тэрбум хүн өдөр тутмын амьдралдаа шашны зарчмыг дагахгүй бол тэд итгэл үнэмшилдээ үнэнч биш гэсэн үг. Tиймээс хүмүүст хайр энэрэл хийгээд нигүүлслийн давуу талын тухай ойлголт өгөх нь юу юунаас чухал юм.

Дээрхийн Гэгээнтэн Сарнат хотод Шантидевагийн номын тайлбар сургаалаа эхэллээ
Дээрхийн Гэгээн ном айлдаж байгаа нь. Энэтхэг, Уттар Прадеш,
Сарнат. 2013.01.07. Фото/Жереми Рассел/ДЛО
Шинжлэх ухаан хүний оюун санааны талаар судалж эхэлсэн тухай Дээрхийн Гэгээнтэн ярихдаа, оюун санаа нь тархинаас үүсэх шинж чанар бөгөөд гагцхүү тархинд болж байгаа үйл явц л оюун санаанд нөлөөлдөг хэмээн үздэг хүмүүс одоо хир байсаар байна гэлээ. Гэтэл оюун санаанд гарч байгаа өөрчлөлт, хөгжил нь тархинд нөлөөлдөг гэдгийн баталгаа өнөөдөр нэмэгдсээр байна. Оюун санааны хүч чадлын жишээ болгож тэрээр гадаадад дүрвэн гарсан Төвдийн их багш нарын 20 тохиолдол буюу тэдний 50 гаруй жилийн турш үхлийн дараахь бясалгалын гүнд орсон жишээг эш татан ярив. Энэ үзэгдлийг одоо эрдэмтэд судалж байгаа ажээ.

Эрдэмтэд хийгээд буддистуудын хооронд тогтмол явуулж байгаа уулзалт ярилцлагын утга нь эрдэмтэд буддист болоход бус, харин буддын шинжлэх ухаан болон гүн ухаанаас олж авсан мэдлэгээ өөрсдийн судалгаа шинжилгээндээ хэрэглэхэд оршино.

Үдийн зоогийн дараа яриагаа эхлэхдээ Дээрхийн Гэгээнтэн “Бодьсадын Явдалд Орохуй” зохиолыг бодийн сэтгэлийг хөгжөөх аргыг сурахад хамгийн сайн ном хэмээн магтлаа. Энэхүү зохиол нь Нагаржунагийн номлол дээр суурилж, үзэл санаа нь Чандракритигийн байр суурьтай нийцдэг.
Шантидева гэгээн мөн “Бясалгалын Эмхэтгэл” бичиж гаргасан бөгөөд түүний эшлэлийг Дээрхийн Гэгээнтэн сажа Лам Гунгаа Ванчүгээс хүртсэн байна. Бие биенээ нөхөж байдаг хоёр зохиолыг хамтад нь заадаг гаадамба уламжлал гэж байдаг бөгөөд түүнийг тэр сэргээсэн ажээ.

Дээрхийн Гэгээнтэн энэ зохиолын эх хувийг олж аваад, гарчгийн тайлбар болон зохиогчийн хүсэл эрмэлзлийг ойлгохоос эхлээд уншиж эхэлсэн байна.

Эр зориг хийгээд итгэл үнэмшлийн эх сурвалж болох бодийн сэтгэлийг үүсгэх тухайд, Дээрхийн Гэгээнтэн билгүүний судрын “Найман Мянгат /Жадамба/”-ын тухай өгүүлэхдээ:

“1959 оны 3 дугаар сарын 17-нд би “Найман Мянгат”-аас өөртөө итгэлтэй байж, эр зориг гаргахыг зөвлөсөн хэсгийг уншсан бөгөөд хэдийгээр миний сэтгэл санаа тогтворгүй байсан боловч энэ бол Норбүлингаг орхихын өмнөхөн уншсан ганц зүйл минь юм.” гэж айлдав.
Үзсэн: 2 952
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц