Дээрхийн Гэгээнтэн Далай лам ТСТИС-д үг хэлж, Дамек Суварга болон Сарнатын Төвд сүмд зочлов

14-01-2013, 09:03  |  Хэвлэх

2013 оны 1 дүгээр сарын 11

Энэтхэг, Уттар Прадеш, Сарнат - Төвд Судлалын Төв Их сургуулийн (ТСТИС) проректор, ламтан, проф. Агваан Самдан Дээрхийн Гэгээнтнийг өргөөнөөс нь сургуулийн талбайд байрлуулсан асрын зүг урин залж ирэв. Тэнд их сургуулийн ажилтнууд болон оюутнууд Далай ламыг хүлээж байсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам ТСТИС-д үг хэлж, Дамек Суварга болон Сарнатын Төвд сүмд зочлов
ТСТИС-ийн оюутнууд Дээрхийн Гэгээнтэн Далай ламд зориулж
үндэсний хөгжмөөр тоглож байгаа нь. Энэтхэг, Уттар Прадеш, Сарнат.
2013.01.11. Фото/Жереми Рассел/ДЛО
Эмэгтэй оюутнуудын төлөөлөл санскрит хэл дээр мэндчилэн угтах дуу дуулсны дараа лам нар Гурван эрдэнэд өргөх мөргөлийг төвд хэл дээр уншиж, оюутнууд драмнян (Гималайн үндэсний хөгжмийн зэвсэг) лимбэ, бөмбөрөөр их сургуулийн сүлд дууг тоглож үзүүлэв.

Ламтан Агваан Самдан мэндчилгээндээ, “Бодьсадын Явдалд Орохуй” номын айлдварын дараа тус сургуулийн ажилтан, оюутнуудад яриа хийхийг зөвшөөрсөн Дээрхийн Гэгээнтэнд талархлаа илэрхийлэв. Тэрээр цааш нь их сургуулийн олсон ололт амжилтын талаар танилцуулсан байна. Буддын судлалын хамтарсан зэрэг олгох нээлттэй их сургууль байгуулах талаар Индира Гандитай хамтын ажиллагааны гэрээ байгуулсны дагуу энэхүү их сургууль үйл ажиллагаагаа явуулж байгаа боловч албан ёсны нээлт хойшлогдсоор байгаа ажээ. Төвдийн Төв Захиргаанаас хүссэний дагуу багш нарыг бэлтгэх коллеж байгуулах төлөвлөгөө бэлтгэл шатандаа явж байгаа боловч хүнд суртлын саадыг даван туулах шаардлага мөн байсаар байна. Ерөнхийдөө оюутнууд сайн сурч байгаа ажээ. Илүү үр өгөөжтэй байх талаас нь шалгалтын асуудлыг дахин боловсруулж байгаа бөгөөд төгсөлтийн нэг хэсэг болгож дипломын ажил хийх боломжийг авч үзэж байгаа ажээ. Олон нийтийн өмнө үг хэлэх оюутны чадавхийг хөгжүүлэн дэмжиж, бясалгалын мэдэгдэхүүнийг олгож байгаа юм байна.

Бихар мужийн засгийн газартай найрсаг харилцаатайгаас гадна,Төвдөөс Рахул Санкритияны авч явсан санскрит зохиолуудын талаар шүүмж бичих, төвд болон англи хэл рүү орчуулах төсөл хэрэгжүүлэх санал мөн байгаа ажээ. Дашрамд өгүүлэхэд, Мадхья Прадеш мужийн засгийн газраас Санчи их сургуульд Буддизмын анги бий болгох талаар тус сургуульд хүсэлт тавьсан байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам ТСТИС-д үг хэлж, Дамек Суварга болон Сарнатын Төвд сүмд зочлов
Дээрхийн Гэгээнтэн Далай лам проф. ламтан Агваан Самдантай
хамт их сургуулиас хэвлэн гаргасан шинэ номнуудыг үзэж
сонирхож байгаа нь. Энэтхэг, Уттар Прадеш, Сарнат.
2013.01.11. Фото/Жереми Рассел /ДЛО
Эцэст нь тус сургуулиас санскрит, төвд, хинду хэл дээр хэвлэн гаргасан эрдэм шинжилгээний зарим ном, тухайлбал проф. Рам Шанкар Трипати болон проф. Еши Тавхай нарын бүтээлийг таалан сонирхохыг Дээрхийн Гэгээнтнээс проректор хүслээ.

Дээрхийн Гэгээнтэн үүнийг талархалтай хүлээн авч, “Хоёр үеийн турш Төвд болон Энэтхэгийн эрдэмтэд энд эрчимтэй хамтран ажиллаж, амжилтад хүрсэн байна. Тэрхүү амжилтын тод жишээ болсон номнуудыг үзэх боломж олдсонд би маш их баяртай байна” хэмээн хэлэв.

“Гэхдээ зарим үед ажил сайхан бүтэхийн хэрээр бид бүх юмыг баталгаатай хэмээн бодож, назгайрах хандлага гардаг. Бид ажлынхаа эрчийг бууруулахгүйгээр үргэлжлүүлж, төгс төгөлдүүржүүлэх ямар боломж байгааг хайх хэрэгтэй” хэмээн анхаарууллаа.

Алдарт Наландагийн эрдэмтдийн зохиол бүтээл нь гүн ухааны хоосон эргэцүүлэл бус, харин билиг ухааны үр шим байсан бөгөөд өнөөдөр практик ач холбогдолтой хэмээн тэрээр өгүүлэв. Шантаракшита Төвдөд буддизмыг дэлгэрүүлснээс хойш асар их өв уламжлал бий болж, тэр нь өнөөдрийг хүртэл хадгалагдан ирсэн гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй. Сүүлийн тавь гаруй жилийн хугацаанд сургалтын хөтөлбөрийг боловсруулсаар ирсэн боловч, гадаад ертөнцтэй харилцах харилцаа тийм сайн байгаагүй байна. Тус их сургууль нь академик орчинд судалгаа хийхийг зөвшөөрдөг бөгөөд гадаадын академик ертөнц рүү гарах зарим боломжийг бүрдүүлдэг ажээ.

Ганжуур, Данжуурыг уншиж байгаа ажилтнууд, оюутнуудад тэрээр урам өгөөд сурах, түүнийгээ амьдралд хэрэгжүүлэхийн чухлыг дахин онцлон тэмдэглэлээ. Бүх нийтэд ашиг тусаа өгөх их зүйл эдгээр ботид байдаг.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам ТСТИС-д үг хэлж, Дамек Суварга болон Сарнатын Төвд сүмд зочлов
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Төвд Судлалын Төв Их
сургууль дээр үг хэлж байгаа нь. Энэтхэг, Уттар Прадеш,
Сарнат. 2013.01.11. Фото/Жереми Рассел/ДЛО
“Аз жаргал бол эрүүл ёс зүй дээр суурилдаг. Шашны бүх уламжлал үүнийг сургадаг бөгөөд тэдгээрийг үндэслэгч нар их тэмүүллийн эх ундарга болсоор байна. Харин залгамжлагчид нь үйл хөдлөлөөрөө тэдэнд нийцэхгүй зүйлийг өнөөдөр хийж байна. Тиймээс шашин зөвлөсөн учраас хүмүүсийг тодорхой байдлаар биеэ авч яв гэх нь хангалттай биш юм. Харин бид одоо ч, алсдаа ч үр өгөөжийг нь хүртэх учраас зохих ёсоор биеэ авч явахыг тэдэнд зөвлөх ёстой.

“Хэрвээ хүмүүс оюун санааны үйл ажиллагааны талаар илүү мэдлэгтэй болбол ямар хүчин зүйл бат бэх аз жаргал болгодгийг сурч мэдэх болно. Сэтгэлийн дотоод хөгжилд бусдын сайн сайхны төлөө санаа тавих асуудал багтана. Эдгээр янз бүрийн номыг бэлдэн гаргах явдал бол гайхалтай үйлс боловч, дараагийн алхам нь эдгээр номноос энгийн хүмүүсийн өдөр тутмын амьдралд тус болох зүйлийг, амьдралаа хэрхэн зөв замаар төвхнүүлэх зүйлийг шүүж нэгтгэн гаргах ёстой. Энэ нь бидний иргэний ёс зүйн хөтөлбөрт хувь нэмрээ оруулах болно” хэмээн Далай лам айлдлаа.

Проф. Еши Тавхай Дээрхийн Гэгээнтэнд хандан талархлын үг хэлэхдээ, түүнийг бүх амьд амьтны нөхөр хэмээгээд, тухайлбал буддын соёл Төвдөд бараг устаад байгаа энэ үед өргөн цар хүрээтэй сургааль айлдаж байгаад нь талархлаа илэрхийлэв. Оюутнууд өнөөдөр сонссон зүйлээсээ онцгой урам зориг авсан гэдэгт тэрээр найдаж буйгаа хэлээд, түүнийгээ оюун санаандаа байнга санаж явахыг тэдэнд сануулсан байна. Тэрээр,

“Хамаг амьтны тусын тулд та урт удаан наслах болтугай, таны үнэт сургааль өргөн дэлгэр тархах болтугай, манай сургуульд та дахин дахин залрах болтугай” хэмээн үгээ өндөрлөлөө.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам ТСТИС-д үг хэлж, Дамек Суварга болон Сарнатын Төвд сүмд зочлов
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Мулаганда Кути Вихар сүмд.
Энэтхэг, Уттар Прадеш, Сарнат. 2013.01.11.
Фото/Жереми Рассел/ДЛО
Үдээс хойш Дээрхийн Гэгээнтэн ойролцоо орших агуу Дамек суваргад мөргөл үйлдлээ. Түүний замд хүлээж байсан хүмүүстэй мэндчилээд тэрээр эртний дурсгалт суваргыг бүтэн гороолов. Дараа нь тэр Махабоди нийгэмлэгийн Мулаганда Кути Вихар сүмд очлоо. Шри Ланкийн лам нар түүнийг хаалган дээр угтаж, сүмд дагалдан орсон бөгөөд сүмд тэрээр ёслолын зул өргөсөн байна. Тэд одоогийн Пакистаны баруун хойд хэсэгт байгаа Таксила суваргаас олдсон шүтээн бүхий авсыг Дээрхий Гэгээнтэнд үзүүлэхэд тэрээр хүндэтгэл үзүүлэв. Далай лам шүтээнийг дахин нэг гороолоод, мөргөл үйлдэхээр суулаа. Түүнчлэн Даммачакра Сутта сүмийг тойрч гороолсон байна.

Түүний хамгийн сүүлд саатсан газар нь Төвдийн сүм байв. Сүмийг 1955 онд олонд Гиен Го-Сэр нэрээр алдаршсан Түвдэн Жуннай байгуулсан бөгөөд таалал төгсөхдөө сүмээ Далай ламд үлдээсэн ажээ. Дээрхийн Гэгээнтэн сүмийн үүргийг Төвдийн Төв Захиргааны Шашин, соёлын газарт шилжүүлсэн бөгөөд одоо сүмийг Лхадхан Чотрул Монлам сан эзүмшиж байгаа юм байна. Тэр цагаас хойш сүм мөргөлчдөд дэмжлэг үзүүлсээр иржээ.

Шашны калон Бадма Чойнжор хэлсэн үгэндээ, Гиэн Го-Сэр ямар ч боловсролгүй хэрнээ энэ газрыг худалдаж авахаар зориг шулуудаж, дээр нь сүм барьсан хэмээн Пунжаб их сургуулийн эрдэмтэн Ангруп Лахоули түүнд ярьж байсныг дурслаа. Үүнийг хийхэд маш их эр зориг шаардагдсан бөгөөд Төвдийн нийгэмлэгт ихээхэн тус нэмрийг үзүүлсээр байгаа ажээ. Сангийн тухайд бол Монлам буюу Их Мөргөлийн ёслолыг анх богд Зонхов Лхаст хийснээс хойш 600 орчим жил болж байгаа хэмээн тэр хэлэв. Сан энэхүү уламжлалыг хадгалан, ирээдүй хойч үедээ уламжлуулах зорилгыг агуулж байгаа ажээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам ТСТИС-д үг хэлж, Дамек Суварга болон Сарнатын Төвд сүмд зочлов
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Төвдийн сүмд. Энэтхэг, Уттар Прадеш,
Сарнат. 2013.01.11. Фото/Жереми Рассел/ДЛО
Энэ барилгыг багахан хэмжээтэй байхад 1956 онд Банчин богдын хамт энд ирж байснаа Дээрхийн Гэгээнтэн дурсан ярилаа. 1959 онд түүнийг эргэн ирэхэд барилга томорсон байсан байна. Түүний багш Трижанг ринбучи өвлийг энд өнгөөрөдөг байсан бөгөөд эндхийн аарц хичнээн сайхан амттай талаар ярьдаг байжээ.

“Хэрвээ та бүхэн дээдийн ном болон Төвдийн талаархи номнууд гаргах боломжтой бол сайнсан. Мөргөлчдийн сургалтад тус болохоор, Төвдийн буддизмын түүхийн талаар тайлбарласан зурагт хуудас бас байж болно. Мөргөлчдөд зориулж та бүхэн бага хэмжээний сургалтын хөтөлбөрийг ч гаргаж болох юм. Жишээ нь Төвдийн буддизм нь Наландагийн их сургуулийн уламжлалаас эхтэй гэдгийг хүмүүст мэдүүлэх нь зүйтэй” хэмээн Далай лам айлдав.

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн энэхүү газар болон сүмийн эзэмшлийг Лхадхан Чотрул Монлам сангийн мэдэлд бүрэн шилжүүлсэн тухай баримт бичгүүдэд гарын үсгээ зурж, хүрууны хээгээ үлдээлээ. Үүний дараа тэрээр их сургуулийн доторхи өргөө лүүгээ буцсан байна.
Үзсэн: 1713
 

Хуваарь (ойрын)

Номын айлдвар. Энэтхэг, Бихар, Бодьгаяа

2018 оны 1 дүгээр сарын 5-8

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн сүсэгтнүүдийн хүсэлтээр "Номын хүрд эргүүлсэн судар", "Шүтэн барилдахуйн судар" номуудыг тайлбарлан айлдана.
Номын айлдвар. Энэтхэг, Бихар, Бодьгаяа

2018 оны 1 дүгээр сарын 14-16

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хутагт Нагаржунайн "Бодь сэтгэлийн тайлбар", Тогмэд Санбугийн "Бодьсадвын гучин долоон гарын авлага" номуудыг тайлбарлан айлдана.
Номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 3 дугаар сарын 2

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уламжлалт ёсоор "Бурхан Багшийн төрөл цадиг" номыг Зүглаг Хан дуганд тайлбарлан айлдана.

Сайтын үндсэн бүтэц