Дээрхийн Гэгээнтэн Далай лам болон эцэг Лоренс Фрийман нар “багш ба шавь” сэдвээр ярилцлаа

14-01-2013, 12:55  |  Хэвлэх

2013 оны 1 дүгээр сарын 13

Энэтхэг, Уттар Прадеш, Сарнат, 2013.1.12. Өнөөдөр бүтэн өдрийн турш Дээрхийн Гэгээнтэн болон түүний эртний шашны анд, Христийн Бясалгалын Дэлхийн Нийгэмлэгийн захирал, эцэг Лоренс Фрийман нар харилцан ярилцлаа. Өнөөдрийн сэдэв Есүс, Будда багш нар хийгээд шавь нарын үүрэг ролийн тухай байв. Сарнатын Төвд Судлалын Төв Их сургуулийн Атиша танхимд ярилцлага болсон байна.

Дээрхийн Гэгээнтэн болон эцэг Лоренс, зарим найз нөхөд, өглөгийн эздийн хувийн уулзалтын үед ярилцлагаа эхэллээ. Үнэний тухай тэдгээрийн асуусан асуултад Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа,

Дээрхийн Гэгээнтэн Далай лам болон эцэг Лоренс Фрийман нар “багш ба шавь” сэдвээр ярилцлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай лам болон эцэг Лоренс Фрийман нар
уулзалтын үеэр. Энэтхэг, Уттар Прадеш, Сарнат. 2013.01.12.
Фото/Жереми Рассел/ДЛО
“Нэгэнт та үнэнийг мэддэг бол, үнэн таны оюун санаанд нөлөө үзүүлж байгаа. Бурхан багш шавь нарынхаа олон янзын зан авир, байр байдлаас хамааран өөрийн сургаальд бодит үнэнийг янз бүрээр тодорхойлсон байдаг. Христийн ба Буддын шашинтнууд цугларвал бид үнэний хоёр өөр хувилбарыг гаргаж ирэх ба хэрвээ лалын шашинтнууд нэмэгдвэл хувилбар гурав болон нэмэгдэнэ” хэмээв.

Шашин хэрэгтэй эсэх талаархи асуултад “Шашин бол бидний оюун санааг ямар нэг эерэг зүйл болгон хувиргах зорилго бүхий нэг төрлийн хэрэгсэл юм. Хүн бүр аз жаргалтай амьдрахыг хүсдэг бөгөөд XXI зуунд материаллаг бааз өндөр хөгжсөн байна. Үнэхээр энэ олон ядуу хүн байгаа цагт бидэнд материаллаг хөгжил шаардлагатай. Харин материаллаг үнэ цэнийн хязгаарын талаархи бидний хэрхэн ухамсарлахаас болон дотогшоогоо хэрхэн харж эхлэхээс маш их зүйл шалтгаална. Гэхдээ өнөөдрийг хүртэл материаллаг хөгжил аз жаргалтай нийгмийг байгуулж чадаагүй билээ” хэмээн Далай лам хариуллаа.

Хоёр зуун тавь орчим хүн цугларсан том танхимд эцэг Лоренс ярилцлагыг нээж, Дээрхийн Гэгээнтнээс Евангелийн хэсэгт тайлбар хийхийг хүсч байснаа дурсан “Манай ариун үгсийг хэрэглэж, Евангелийн үнэнийг ойлгож байсанд тань бид маш их сэтгэл хөдөлж байсан. Тэр бол эр зоригийн шалгуур байлаа” хэмээв.

Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа “Буддын сургаальтай нийтлэг үзэл санааг тэнд би олж харсан бөгөөд энэ нь уулзалтыг маш сайхан болгосон. Түүний дараа та найз нөхдийн хамт Бодгаяад ирж, анх удаа Буддистууд болон Хрисийн шашинтнууд хамтдаа бодь модны дор залбирал үйлдсэн” хэмээлээ.

Эцэг Лоренс эхлээд Есүсын тухай, хэрхэн түүний хувьд багш болох тухай ярьж, дараа нь Дээрхийн Гэгээнтэн Буддаг хэрхэн ойлгодог талаар ярих болно гэв. Тэрээр Дээрхийн Гэгээнтэнд хандан, дуртай үедээ түүний яриаг тасалж болно гэхэд, Далай лам:

Дээрхийн Гэгээнтэн Далай лам болон эцэг Лоренс Фрийман нар “багш ба шавь” сэдвээр ярилцлаа
Дээрхийн гэгээнтэн Далай лам болон эцэг Лоренс Фрийман нар
ярилцлагын үеэр. Энэтхэг, Уттар Прадеш, Сарнат. 2013.01.12.
Фото/Жереми Рассел/ДЛО
“Бид бүгд хүмүүний төрөлтөн. Хэн нэгэнтэй уулзан учрах үедээ би “Намайг хайрладаг, аз жаргалыг хүсдэг өөр нэг хүн энд байна” гэж боддог. Ёсорхох нь бидний дунд шаардлагагүй саадыг бий болгохоос цаашгүй. Хүний гэх нэгэн гэр бүлийн гишүүд болох бидний хувьд ёсорхол хэрэггүй учраас хэрвээ би хэлмээр санагдсан зүйл гарвал шууд хэлнэ” хэмээн хариулав.

Эцэг Лоренс үзэл бодлоосоо хуваалцан хэлэхдээ,

“Есүс бол хүн, хожим нь Эзэн-ий хүү хэмээн ойлгогдох болсон түүхэн хувь хүн гэж би боддог. Би түүнд жинхэнэ Есүс, ер бусын гайхалтай хүн, бүх нийтийн багш болсон цөөхөн хүмүүсийн нэг гэж ханддаг. Бид түүний эхэн үеийн амьдралын талаар бага мэдэх боловч Жон Баптист түүнийг адислах үед тэрээр гэгээрч, тэр эрч нь түүнийг дөчин хоног элсэн цөл рүү хөтөлсөн гэдгийг бид мэднэ. Есүс жишээгээр номлодог байсан тул түүний амьдрал сургаальтайгаа нийцдэг. Хэдэн жилийн өмнө би танаас яагаад ийм дөлгөөн, амгалан байж чадаж байгаа талаар тань асуухад та “Ганцаараа байхдаа ч, дотны нөхөдтэйгээ хамт байх, эсвэл олон нийтийн дунд байдаг шигээ байхыг эрмэлздэг” гэж та хариулж байсан.

“Есүс бол миний амьдралын үлгэр жишээ мөн. Би түүнийг бүх нийтийн багш, үнэнийг өөртөө агуулсан, байгалаасаа нэр хүнд бүхий шударга үнэний илэрхийлэл гэж үздэг. Итгэл найдвараар аврал одуулж болох нэгэн бол миний хувьд тэр мөн. Есүстэй холбогдсон миний холбоо намайг засч байдаг” хэмээн хэллээ.

Хүн бүр Эзэн тэнгэрийн дүрээр бүтсэн гэх Христийн шашны үзэл санаа болон Бурханы мөн чанарын тухай санаанууд тохирч байгаа мэт санагддаг хэмээн тэр тэмдэглэн хэлэв. Тэрээр өөрийн дотоод ертөнцдөө Христийг мэдрэх үедээ, уулзсан хүмүүсийнх нь дотоодод мөн тусгал нь байгааг олж хардаг гэв.

“Есүс бол эм, эмч, харин шүүгч бус, дэлхийг анагаагч нэгэн. Тэр бол багш, удирдагч, арга зам мөн. Ийм л учраас утга учиртай амьдарч чадна гэдгээ би мэдэрдэг.”

“Гайхалтай, гайхалтай, энэ л Есүсыг ойлгох миний ойлголт мөнөөс мөн. Өөрийн оюун ухаанаар задлан шинжилсний үр дүнд таны амьдралд юу нөлөөлж байгааг та ойлгосон байна” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам болон эцэг Лоренс Фрийман нар “багш ба шавь” сэдвээр ярилцлаа
Дээрхийн гэгээнтэн Далай лам болон эцэг Лоренс Фрийман нар
ярилцлагын үеэр. Энэтхэг, Уттар Прадеш, Сарнат. 2013.01.12.
Фото/Жереми Рассел/ДЛО
“Будда бол тухайн нутгийн хааны хүү байсан гэдгийг бүх буддистууд мэддэг. Хан хүүгийн амьдрал хүртэл асуудал, хүндрэлээр дүүрэн болохыг ойлгосон тэрээр амьдралын гүн гүнзгий утга учир хийгээд бодит үнэнийг ойлгох эрэлд гарсан. Будда ордноо орхин, зургаан жилийн турш тарчиг, өлөн зэлмүүн амьдралаар амьдран, бясалгал хийсэн байна. Амьдралынхаа явцад тэрээр ёс суртахуун, төвлөрөл хийгээд билиг ухааныг олж нээсэн. Тэр гэгээрэлд хүрч, Сарнатад сургаалиа айлдаж эхэлсэн. Тэр нийгмийн гарал үүслийг үл харгалзан, хаан ба харцыг ижил түвшинд авч үздэг байсан бөгөөд үүнийгээ бодитоор хэрэгжүүлэх нь асар чухалд тооцож байсан байна.”

“Ордноо орхин гарсны дараа тэрээр үсээ хусч, хааны гоёлоосоо татгалзан, ламын улбар шар өмсгөлийг өмсчээ. Лам нарын баримталдаг үндсэн дэг жаяг болон сахил санваараас гадна лам нарын үйлддэг байсан алдааг Будда зассан бөгөөд дүрэм журмыг урьдчилан тогтоож байгаагүй. Бие даасан “би” гэж байхгүй, “би” бол бие махбодь болон оюун санааны суурин дээрх жирийн нэг тодорхойлолт гэдгийг тэр тайлбарласан юм. Бие даасан “би” гэж байхгүйн тухай сургаалийн эцсийн зорилго нь амин хувиа хичээх явдлыг багасгахад орших ба гагцхүү эзэн тэнгэрт шүтэх шашныхан мөн үүнийг хэрэгжүүлэх боломжтой. Бидний бүх шашин хэдийгээр гүн ухааны өөр өөр үзэл бодлыг баримталдаг ч, хайр энэрэл, нигүүлсэл, тэвчээр хатуужил болон хүлээцтэй байдлыг тунхагладаг” хэмээн Далай лам айлдсан юм.

Сургуулийн талбай дахь асарт бүгд өдрийн хоол идсэн бөгөөд хүмүүс хооллож байх үед ч мэтгэлцээн өрнөж байлаа. Уулзалтын танхим руу явах үедээ Дээрхийн Гэгээнтэн түүнтэй уулзахаар ирсэн зарим нөхөд, тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн Жееван Жиоти их сургуулийн харааны бэрхшээлтэй охид, тэдний багш нартай мэндчилсэн бөгөөд тэдний сайн сайхны төлөө Далай лам ихээхэн анхаарал тавьдаг ажээ. Үдээс хойшхи яриа “шавь байх” гэдэг нь юу гэсэн утгыг илэрхийлэх тухайд өрнөлөө. Эцэг Лоренс яриаг дахин эхэлсэн бөгөөд Есүс шавь нараа цуглуулан “Намайг дага” хэмээн уриалсан гэлээ. Шавийн энэхүү дүр төрх нь Христийн утга болон өвөрмөц онцлогийн тухайд зайлшгүй зүйл мөний хамт бүх нийтийн шинж чанарыг мөн агуулна хэмээн тэр хэллээ. Шавь хүн нээлттэй, итгэдэг, үнэнийг өгүүлдэг байх ёстой. Багш хүн шавьдаа үнэнч байдаг. Энэхүү үнэнч байдал нь багш-шавийн холбоог тодорхойлдог. Багштайгаа холбогдох таны жинхэнэ харилцаа таны амьдралын замыг заагч од болно хэмээн тэр батлан хэлэв.

Багш хүн туршлагатай, ялангуяа дотоод оюуны туршлагатай байх ёстой хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдлаа. Багшийг дагаснаар та дөлгөөн амгалан хүн болох нь чухал юм. Багш, шавийн холбоонд аль аль тал нь хариуцлага хүлээх бөгөөд багш шавийнхаа төлөө санаа тавьж, шавь нь багшдаа хүндэтгэлтэй хандах ёстой.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам болон эцэг Лоренс Фрийман нар “багш ба шавь” сэдвээр ярилцлаа
Дээрхийн Гэгээнтэн Жееван Жиоти их сургуулийн харааны
бэрхшээлтэй хүүхдүүийн хамт. Энэтхэг, Уттар Прадеш, Сарнат.
2013.01.12. Фотo/Жереми Рассел/ДЛО
Бидний харилцаанд дотоод гоо сайхан чухал атал, залуу эмэгтэй гадаад гоо сайхнаа гоо энгэсгээр торддогийн адил бид үзэгдэх орчинд хэт их анхаарч байна хэмээн тэрээр тэмдэглэн хэлэв. Дотоод амар амгалан нь хувь хүн, гэр бүл, ард түмний аз жаргалыг нэмэгдүүлнэ. Хэрвээ бидэнд дотоод амар амгалан буй бол асуудалтай тулгарсан үедээ бид түүнийг амархан шийдэж чадна. Дотоод амар амгалан хүч чадлыг нэмэгдүүлдэг.

Нэгэн зэрэг Есүс болон Буддаг даган шүтэх боломжтой эсэх талаар нэг хүн асуулт тавилаа. Эцэг Лоренс хэлэхдээ, мэргэн ухаант хэн боловч түүнээс бид зөвөлгөө авах ёстой хэмээн Библи хэлдэг учир үнэнийг олсон газраа хүлээж авч байхыг санал болгов. Буддист болон Христийн итгэгч нэгэн зэрэг байж болох талтай бөгөөд эцсийн эцэст аль нэг рүү нь та татагдах болно хэмээн Дээрхийн Гэгээнтний хэлснийг тэрээр эш татав. Далай лам үүнийг зөвшөөрлөө.

Буддын шашны бясалгалыг хйиж буй зарим Христийн шашны шүтэгч нарын талаар мөн хэн нэгэн асуув. Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа, оюун санаагаа хөгжүүлэх олон арга байдгийн дээр эдгээрээс авах боломжтой гэв. Аль нь танд хамгийн үр дүнтэйг та харах шаардлагатай.

Үхлийн дараа хүнд юу тохиолддог тухай асуултад Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа,

“Энгийн анхаарах зүйл бол бид амьд байхдаа утга учиртай амьдрах ёстой. Энэ нь бусдад аль болохоор туслах, чадахгүй бол ядаж гэм хийхгүй гэсэн үг. Тэгсэн тохиолдолд үхэл ирэх цагт бидэнд харамсах зүйл байхгүй байх ба диваажинд очих, эсвэл сайн төрлийг олох итгэлтэй байх болно. Энэ бол миний баримталдаг зүйл. Би зүүдэндээ ч өөрийгөө жирийн лам хүн гэж хардгаас Далай лам гэж хэзээ ч харж байгаагүй. Үхэл энэ шөнө ирлээ ч, надад харамсах зүйл үгүй бөгөөд миний итгэл урьдын адил баттай байх болно” хэмээв.

Тэд хамтдаа зургаа авахуулж, талархлын үг хэлцгээн, дахин уулзах мөчийг хүсэн хүлээхээ бүгдэд нь илэрхийллээ.
Үзсэн: 2380
 

Хуваарь (ойрын)

Номын айлдвар. Энэтхэг, Бихар, Бодьгаяа

2018 оны 1 дүгээр сарын 5-8

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн сүсэгтнүүдийн хүсэлтээр "Номын хүрд эргүүлсэн судар", "Шүтэн барилдахуйн судар" номуудыг тайлбарлан айлдана.
Номын айлдвар. Энэтхэг, Бихар, Бодьгаяа

2018 оны 1 дүгээр сарын 14-16

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хутагт Нагаржунайн "Бодь сэтгэлийн тайлбар", Тогмэд Санбугийн "Бодьсадвын гучин долоон гарын авлага" номуудыг тайлбарлан айлдана.
Номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 3 дугаар сарын 2

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уламжлалт ёсоор "Бурхан Багшийн төрөл цадиг" номыг Зүглаг Хан дуганд тайлбарлан айлдана.

Сайтын үндсэн бүтэц