Салугара дахь айлдвар: хоёр дахь өдөр

3-04-2013, 05:19  |  Хэвлэх

2013 оны 3 дугаар сарын 28

Энэтхэг, Баруун Бенгал, Салугара - Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Салугара дахь Дүйнхорын ордонд ном айлдахаар яаравчлан мориллоо. Ер нь ордонд голчлон Хималайн Буддист Соёлын Нийгэмлэгийн сургууль 1-ээс 8 дугаар ангийнханд дунд шатны англи хэл, ботиа болон хинди хэл заадаг. Сурагчид нь Хималайн бүс болон ойр орчмын нутгаас ирдэг байна. Энэ удаа Дээрхийн Гэгээнтний айлдварыг сонсохоор 25,000 гаруй хүн Салугара, Даржилин, Калимпон, Сикким болон Бутанаас ирцгээжээ.

Салугара дахь айлдвар: хоёр дахь өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хурсан олонтой мэндчилэв.
Энэтхэг, Баруун Бенгал, Салугара.2013.03.28.
Зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Хэдий халуун, чийгтэй байгаа боловч эргэн тойронд дээвэр татсан нь хүмүүсийг хурц нарнаас хамгаалж байлаа. Дээрхийн Гэгээнтэн номын өмнөх уншлага залбирлыг тайлбарлан айлдав. “Бид аврал одуулахыг бодь сэтгэл төрүүлэхтэй найралдуулсан залбирал уншина. Хэрэв бид энэхүү богинохон шүлгийг нарийвчлан тайлбарлавал Бурхан багшийн аман зарлигийн цогц болох Ганжуурыг тэр чигээр нь ярих болно. Эхний хоёр мөр нь бид Бурхан, Ном, Хуврагийн чуулганд аврал одуулахыг илэрхийлдэг. Бодьсадвын мөрийн аврал одуулна гэдэг нь бид сэтгэлийн хамаг нисванис болон тэдгээрийн хөрөнгөөс бүрэн ангижран, Дармакаяа (Номын лагшин)-г олох хүртлээ аврал айлтгана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, гэгээрэхийг хүртэл аврал одуулна.

Тэрээр Дээрхийн Гэгээнтэн, бурханы хутагт хүрэхээс өмнө Бурхан, Ном, Хуврагийн чуулганд аврал одуулахыг шалтгааны аврал, бурханы хутгийг олоход бидний хүрэх Бурхан, Ном, Хуврагийн чуулганыг үрийн аврал гэдэг болохыг тайлбарлалаа. Энэ сайн цагийн нэгэн бурхан нь Шагжмуни бурхан билээ. Тэрбээр хааны гэр бүлд төрсөн хэдий ч тэр амьдралаасаа татгалзан, улмаар зургаан жилийн туршид хатуу дияаныг сахин, дараагаар бодь модны дор Бурхан болоод Сарнат-д таван шавьдаа номын хүрдийг анхлан эргүүлсэн билээ.

Хоёр дахь удаагаа номын хүрдийг эргүүлэхдээ билгүүний чанадад хүрэхүйн сургаалыг айлдсан ба гурав дахь удаагаа номын хүрдийг эргүүлснийх нь дараагаар шавь нар Бурханы номыг сэтгэл оюундаа бүтээж эхэлжээ.
Бидэнд бурхан болох мөн чанар буй учир сэтгэлийн үндэснээс нисванисыг арилгаж болно. Бидний энэхүү бурхан болох мөн чанар буюу сэтгэл оюуны хоосон мөн чанар нь Номын лагшинд (Дармакаяа) урвадаг юм. Бурханы хутагт хүрэхэд бие, хэл, сэтгэл нэгэн болдог хэмээдэг. Сэтгэлийн төрмөл тунгалаг тодорхой мөн чанар, түүнийг буртаглах хамаг нисванис бүхнээс бүрэн ангижирсан цагт бид гэгээрлийн хутагт хүрнэ. Тэр цагт бид гэгээрлийн эрдмүүдийг эрхшээж, гэгээрлийн үйлсийг зохиох болно.

“Дараагийн хоёр мөрөнд, өглөг тэргүүтэн буяны шимээр би бээр амьтныг бодийн хутагт хөтлөх болтугай хэмээнэ. Бид заримдаа билгүүнийг үл тоомсорлон, буяныг дангаар нь хураах мэтээр боддог ч, буяны хийгээд билиг билгүүний чуулганыг аль алиныг нь хураах ёстой юм. Бурхан багш хутагтын дөрвөн үнэнийг айлдахдаа, бидний орчлонгийн хүрдэнд эргэлдэхийн шалтгааныг айлдсан хэдий ч мөн орчлонгийн хүрднээс гэтлэхийн шалтгааныг ч айлдсан юм. Үүнийг шүтэн барилдлагын арван хоёр гишүүнээр дүрслэн үзүүлдэг бөгөөд дараа би үүнийг тайлбарлах болно.”
Энэхүү залбиралд “би” хэмээхийг төлөөлөгч мэтээр үзнэ. Бид “би”-г бие, сэтгэлийн эзэн хэмээн үздэг хэдий ч Бурханы шашинд тэрчлэн үзэх явдал огтхон ч байдаггүй юм. Бидний бие, сэтгэлийг эзэгнэдэг биеэ даасан зүйл хаа ч үгүй. Бурхан гэдэг нь ч зөвхөн гэгээрсэн лагшин, зарлиг, таалалд өгсөн нэр төдий юм. Бид ч мөн адил бие сэтгэлийн таван цогц дээр суурилан нэрийдсэн төдий л юм.

Цааш нь Дээрхийн Гэгээнтэн: “Амьтны тусад би Бурхан болох болтугай’ хэмээн хэлэхэд бид бодь сэтгэлийг төрүүлэх болон сэргээн тэтгэж байгаа юм. Агуулга нь “Өглөг тэргүүтэн буяны шимээр би Бурхан болох болтугай” хэмээнэ. Эдгээрийн утгыг тунгаан бодоорой” хэмээн айлдлаа.
Мөн “Энэ адилын дээдийн номын айлдварын үеэр багш болон сонсогчдын аль аль нь зөв сэдэл төрүүлэхгүй бол номын айлдвар үр дүнгүй болно. Аръядэва гэгээнтний, хэрэв та ялгаварлан барьдаг бол хэзээ ч амгаланг олохгүй, хэрэв та тэгшид үздэггүй бол бодит байдлыг тодорхой үзнэ гэж үгүй хэмээн айлдсанчлан шавь тэгш сэтгэлийг барьж суух хэрэгтэй” хэмээв.

Дээрхийн Гэгээнтэн Бурхан багшийн сургааль номонд шүтэн барилдлагын гүн ухааны үзэл болон хүч үл хэрэглэх явдал гэсэн хоёр тал байгааг хүмүүст ихэвчлэн тайлбарладгаа айлдлаа. Эдгээрийн аль аль нь шалтгаан, үрийн жам ёстой нийцдэг бөгөөд Бурханы шашны бүхий л тогтсон тааллууд хүлээн зөвшөөрдөг юм. Бусдад хорлол үл үзүүлэх, цаашилбал тэдэнд тустай байснаар тэднийг амгалантай нь учруулна. Төв үзэлд (Мадъяамика) юмс үзэгдэл нь бүрдүүлэгч бусдаас хамаарч оршдог учраас өөрөө бие даан бүтэж оршихоос хоосон гэж үздэг.

Салугара дахь айлдвар: хоёр дахь өдөр
25,000 гаруй сүсэгтэн олон Дээрхийн Гэгээнтний номын айлдварт суув.
Энэтхэг, Баруун Бенгал, Салугара.2013.03.28.
Зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Бурханы шашны зохиолуудыг дотор нь нэг талаас Бурханы шашны шинжлэх ухаан болон гүн ухааны, нөгөө талаас, шашин шүтлэгийн зохиолууд хэмээн хуваалаа. Шинжлэх ухаан, гүн ухааныг нь хичээл сургуулиар мэдлэг олох хэмжээнд суралцаж болно. Бурханы шашны сэтгэл оюуныг шинжлэн үзэх ухаанаас суралцах зүйл асар их бий. Хорт муу сэтгэлийн гэм болон тэдгээрийг хэрхэн хувирган урвуулах зэргийг шашны ямарваа агуулгагүйгээр, дагалдан ирэх ач тусынх нь төлөө суралцаж болно.

Дээрхийн Гэгээнтэн мэдлэг олох хүрээнд ч гэсэн суралцахыг шавдууллаа. Тэрбээр Ладак-т хүмүүс Бурханы шашныг суралцах болон хэлэлцэж мэтгэлцэх дугуйлангууд байгуулсныг дурьдлаа. Мөн Бурханы шашны сургааль номыг ойлгож ухаарахын тулд өөрийн оюун ухааныг судлах хэрэгтэйг чухалчлав.
Ийнхүү тайлбар, удиртгал айлдсаны дараагаар Дээрхийн Гэгээнтэн Лончэн Равжамба-гийн “Оюуныг Язгуур Мөн Чанарт нь Амарлиулахуй” хэмээх номыг нээлээ. Энэхүү номонд чөлөө, учрал бүрдсэн хүний төрлийн үнэ цэн, түүнийг олох нь ихэд бэрх болох болон ач тусыг нь гаргахын чухлын талаар сонгодог хэрбэрээр тайлбарладаг юм. Улмаар номонд үхэл ирэх нь гарцаагүй, хэзээ ирэх нь магад байхгүй, үхэл ирэхийн цагт ном буянаас өөр тустай зүйл нэг ч үгүй гэдгийг айлдана. Эдгээрээс Бурханы номыг өчүүхэн ч сааталгүйгээр үйлдэх хэрэгтэй гэдэг шийдвэр гарна. Бурхан багш бид өөрийн хувь заяаны эзэн нь хэмээн айлдсан билээ. Гэтэл Дээрхийн Гэгээнтний шогчлон айлдсанчлан Бурхан багш хэдийгээр амгалан жаргалан бидний үйлээс үүднэ хэмээн айлдсан байтал Бурханы шашинтай олон хүн жаргал гэдэг нь гадна талын тэнгэрийн хайрладаг зүйл мэт залбирцгаах юм.

Салугара дахь айлдвар: хоёр дахь өдөр
Лам нар номын айлдварын үеэр хурсан олонд талх тараав.
Энэтхэг, Баруун Бенгал, Салугара.2013.03.28.
Зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Үдээс хойшхи номын айлдвартаа Дээрхийн гэгээнтэн, зовлон бэрхшээл үйл, нисванисаас үүдэх тул цахилгаан тасрахад бүх юм ажиллахаа больдог адил үйл, нисванисыг арилгаснаар зовлонг амарлиулж болно хэмээлээ. Тэрбээр үргэлжлүүлэн, хийд орны үүдэнд залсан байдаг Орчлонгийн Хүрдийг дурьдлаа. Хүрдний гадна талын тойрог нь шүтэн барилдлагын арван хоёр гишүүнийг, харин голд нь биенээ хөөн тойрон эргэлдэх гахай, тахиа, могой гурвыг дүрсэлсэн байдаг. Эдгээр нь мунхагт суурилсан шунал тачаал, уур хорсол гэсэн хор хөнөөлт муу сэтгэлүүдийг бэлэгдэнэ. Арван хоёр гишүүний эхнийхэд сохор хүнээр дүрсэлсэн мунхагаас шаварчнаар бэлэгдсэн үйл үүдэж, түүнээс бичээр дүрсэлсэн тийн мэдлийн хөрөнгийг үлдээн, улмаар өтлөх, үхэх хүртэл үргэлжилнэ. Гэсэн хэдий ч мэргэн арга, билиг билгүүнийг төрүүлснээр бид гэтлэхүйд хүрч чадна.

Лончэнба-гийн зохиолын тавдугаар бүлэгт эмчтэй зүйрлэдэг буяны садан багш болон нисванисын өвчнөөс илааршуулагч түүний сургааль номын талаар дурьдана. Номын наймдугаар бүлгийн төгсгөлд бодь сэтгэлийн тухай дурьддаг ба Дээрхийн Гэгээнтэн энд хүрээд Богд Зонховын “Бодь Мөрийн Зэргийн Хураангуй” зохиолд их хөлгөний мөрийн гол багана тулгуур нь бодь сэтгэл хэмээснийг айлдлаа. Ингээд эргэн Лончэнба гэгээний зохиолын ихэнхийг үдээс хойших ном өндөрлөхөөс өмнө ихэд шамдан уншлаа.

Дээрхийн Гэгээнтэн удаахь өглөө лам багшид сүжиг төрүүлэн, түүний өмнө ам тангараг авдаг Жанрайсиг бурханы авшиг болон гэргийтний хийгээд бодьсадвын сахил санваар хайрлана хэмээн айлдав. Үүнтэй холбогдуулан Дээрхийн Гэгээнтэн урт удаан хугацааны туршид тайлбарлаж байгаа хорлолт буг Шүгдэнг шүтсээр байгаа хүмүүс байгаа талаар тодруулав. Тэр тохиолдолд тухайн хүмүүсийг дараахь өдрийн номонд ирэхгүй байхыг хүслээ. Харин ямар нэгэн аюул эрсдэлээс эмээх болон айх ичих зүйл байхгүй гэдгийг ухааран, шүтэхээс татгалзсан хүмүүсийг номонд ирэхийг заллаа.
Үзсэн: 2 936
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц