Дээрхийн Гэгээнтэн Рикон дахь Төвдийн хүрээлэнд айлчлан Дерри хот руу замдаа гарлаа

19-04-2013, 16:05  |  Хэвлэх

2013 оны 4 дүгээр сарын 18

Умард Ирланд, Дерри. 2013.04.17 - Анх 1961 онд хэсэг бүлэг Төвдийн дүрвэгсэдийг Швейцарийн Рикон хотод ажиллаж амьдрах боломж олгожээ. Тэдгээр хүмүүс тэнд суурьшин амьдарч Төвдийн соёл уламжлалыг хадгалан үлдээхээр 1960 аад оны сүүлээр Төвдийн Хүрээлэнг Риконд байгуулжээ.
Энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам бурханы сургааль, соёлын уламжлалыг суралцахад залуу үеийнхэн ямар ахиц дэвшил гаргаж байгааг харахаар айлчлав. Дээрхийн Гэгээнтнийг хүрэлцэн ирэхэд хөгшин залуугүй цэцэг, хүж барин түүнтэй мэндчилэхээр эгнэн зогссон байлаа.

Дээрхийн Гэгээнтэн Рикон дахь Төвдийн хүрээлэнд айлчлан Дерри хот руу замдаа гарлаа
Дээрхийн Гэгээнтнийг Төвдийн хүрээлэн рүү явах замд Төвд иргэд
зам дагуу зогсон угтан авав. Рикон, Швейцарь, 2013.04.17
Зургийг Мануэл Бауэр
Дээрхийн Гэгээнтнийг сэнтийдээ заларсны дараа хамба лам Түвдэн Лэгмон товчхон танилцуулга хийлээ. Тэрээр Дээрхийн Гэгээнтэн морилон саатсанд талархал илэрхийлээд түүний зөвлөлгөөг даган Бурханы шашны сургаалийн талаар өнгөрсөн хоёр жилд 38 удаа сургалт семинар зохион байгуулсны 18 удааг хүрээлэндээ хийжээ. Тэрээр Дээрхийн Гэгээнтнийг урт наслаж, Төвдийн асуудал түргэн шийдэгдээсэй хэмээн залбиран танилцуулгаа төгсгөв.

Др. Карма Лувсан Төвдүүд Швейцарьт ирснээс хойш даруй 50 гаруй жил өнгөрч бараг дөрвөн үеийг элээжээ. Тийнхүү Бурханы шашны талаархи сургалт хөтөлбөрийн ач холбогдлыг тайлбарлан ярилаа. Сургалтаар энэрэн нигүүлсэнгүй үзлийн дадал, Бурхан багшийн цадиг гэх зэргийн хичээлийг ордог байна. Хичээлийг Төвд хэлээр зааж Герман хэлээр нэмэлт тайлбар өгдөг ажээ. Тэрээр хэлэхдээ: “Би Швейцарьт төрж энд өссөн. Би бага байхдаа шашны зан үйлд оролцсоны дараа гэртээ харихад их сайхан санагддаг байсныг санаж байна. Тиймээс эдгээр хүүхдүүд ч тийм боломж олгохыг хүсч байгаа юм.”

Сурагчдыг төлөөлж хоёр нь босч зогсоод Дээрхийн Гэгээнтэнд хандан шашны зан үйлд оролцох нь сайн хэрэг гэж боддог, мөн зөв замаар явж байна гэж мэдэрдэг тухайгаа ярилаа. 12 настай Бадмаа ярихдаа бодьсадвагийн явдлын өөрийн биеийг өлсгөлөн барсанд идүүлдэг хэсгийг сурч байгаа. Бусдад туслах нь сайн хэрэг боловч би өөрийн биеэ өлгөлөн барсанд өгч чадах эсэхдээ эргэлзэж байна” гэж ярилаа.

Дээрхийн Гэгээнтэн Рикон дахь Төвдийн хүрээлэнд айлчлан Дерри хот руу замдаа гарлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Төвдийн Хүрээлэнд морилон ирэхэд
Др. Карма Лувсан өөрийн хүрээлэнгийн хөтөлбөрийг танилцууллаа.
Рикон, Швейцарь, 2013.04.17. Зургийг Мануэл Бауэр
Дээрхийн Гэгээнтэн “Энд суугаа ноён Жак Куныг олон жилийн өмнөөс мэдэх бөгөөд тэрээр энэхүү хөгжмийн зэмсэгийг энд бий болгосон билээ. Энд байгаа хүн бүрийн хүчин зүтгэлд талархал илэрхийлье” хэмээлээ.

“Хийд дуганын газар нь Бурханы сургаалийг сахин хамгаалж, дэлгэрүүлэх газар гэж би үргэлж хэлдэг. Өөрчлөлт нь дотроосоо эхэлдэг. Гурван Эрдэнээ магтан залбирал ном унших нь хангалттай бус бурханы сургаалийн гол зорилго Бурхан багшийн замналаар явах хэрэгтэй” хэмээн айлдав.

Дотоод сэтгэлийн өөрчлөлтийг зөвхөн Бурхан багшийн ерөөл хишгийг эрж хайхдаа бус өөрсдөө үүнд хүчин чармайх хэрэгтэй. Бурхан багш, түүнийг дагагсадад сургааль номыг зөвхөн итгэл сүсгээр бус ямар утга санаа агуулж байгааг эхлээд сайтар сурч судлан шинж хэмээн сургажээ. Бидний сэтгэл, оюун санаа заримдаа эерэг, заримдаа сөрөг бодлыг тээж байдаг. Бид ялгааг нь суралцаж суралцахын ашиг тус нь юу болох, яагаад хийд дуган нь сургалтын төв болдог тухай ойлгох хэрэгтэй.
“Энэхүү суурь мэдлэгийг олж авснаар Бурхан багшийн сургаалийг хадгалан үлдэж хувь нэмрээ оруулж байгаа юм. Та бүхэн Төвд хэл сурч байгаад баяртай байна. Магадгүй шинжлэх ухааныг тайлбарлахад тийм сайн хэл биш ч Бурханы шашныг тайлбарлахад хамгийн сайн хэл нь юм.”

Өөрийн сониуч занд хөтлөгдөн шинжлэх ухааныг анх сонирхож байсан тухайгаа яриад сүүлийн жилүүдэд эрдэмтэд Бурханы шашинд оюун санаа, сэтгэл хөдлөлийг юу гэж тайлбарладаг талаар мэдэх сонирхол нь улам бүр нэмэгдэж байна хэмээлээ. Тэдгээр хүмүүс Бурханы шашинтан болохгүй ч тэдний сонирхол, жишээ нь Ганжуур, Данжуурын сургааль нийт хүн төрөлхтөнд яаж тус болох вэ гэх мэт сонирхол өсөн нэмэгдсээр байна. Тэрээр Төвдийн Буддизмын утга зохиол бол үнэт эрдэнэ юм. Зөвхөн ариун ном судар гэдгээс гадна түүнд агуулагдсан мэдлэгийн цар хүрээ агуу. Иймээс Бурханы сургааль нь Төвдийн мөн чанар болдог онцгой ач холбогдолтой.

Дээрхийн Гэгээнтэн Рикон дахь Төвдийн хүрээлэнд айлчлан Дерри хот руу замдаа гарлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвдийн хүрээлэнд айлдвар айлдаж
байгаа нь. Рикон, Швейцарь, 2013.04.17. Зургийг Мануэл Бауэр
“Өнгөрсөн жил Кашмирийн Шринагарт очиход Төвдийн лалын бүлгийнхэн хүүхэд томчуудгүй бүгд маш сайн Төвд хэлээр ярьцгааж байхыг хараад миний сэтгэл хөдөлсөн. Тэдгээр хүүхдүүд гэртээ Төвд хэл сурцгаадаг. Гэтэл Америкт байдаг төвд хүүхдүүд бараг л Төвд хэлээ мэдэхгүй шахам. Тэд гэртээ ч англиар хоорондоо ярьдаг.”

Бурханы шашин Төвдөд анх хэрхэн дэлгэрсэн талаар VIII зуунд 70 настайдаа Шантаракшита, XI зуунд Адиша гэгээн анх дэлгэрүүлж байх тэр үед амаргүй хүнд байсан, урт замыг туулж цаг агаарын өөр нөхцөлд амьдрах хэрэгтэй байсан ч тэр бүхнийг даван туулж байсныг санууллаа. Энэ үед Дээрхийн Гэгээнтэн найтаахад бүгдээрээ “Цэрэн” хэмээн хэлсэнд тэрээр инээв. Энэ нь төвдөөр “Бурхан өршөөг” гэсэн утга юм.

Үүний дараа олон асуулт асуусны дотор өмнөх амьдрал хойд амьдралыг хэрхэн нотлох вэ гэсэн асуулт байлаа. Тэрээр:

“Бурхан багш ингэж хэлсэн юмаа гэж хэлэх төдий бус учир шалтгааныг нь магадлах хэрэгтэй. Ямар нэгэн зүйлийн шалтгаан нь ижил үр дагаварыг гаргадаг байх ёстой. Нэг үйл нөгөө үйлийг үүсгэхээс биш ухамсарыг төрүүлэхгүй, харин ухамсар нь ухамсарыг төрүүлэхээс биш үйлийг төрүүлэхгүй. Тархи нь ухамсарыг дэмжих нөхцөл болохоос биш түүний учир шалтгаан биш. Ухаан болон ухамсарын тухайн мөч нь өмнөх ухамсарын мөчөөр нөхцөлдсөн байна гэж үздэг. Энэ үргэлжлэл нь ирээдүйн амьдралын үндэс болдог. Үүнээс гадна өөрийн өмнөх амьдралаа санадаг хүмүүсийн баримт байдаг.

Энэрэн нигүүлсэхүй нь Бурханы сургаалийн үндсэн бүрэлдэхүүн хэсгийн нэг боловч бүхий л томоохон шашнууд бас үүнийг өгүүлдэг. Гэхдээ Буддизмд хүмүүн бүгдээр аз жаргалтай амьдарч зовлонг үл хүсдэг. Зовлонгоос гэтлэх шалтгаан нь энэрэн нигүүлсэх юм хэмээв.
Буддист хүн юуг зайлшгүй суралцсан байх ёстой вэ хэмээн асуухад:

Дээрхийн Гэгээнтэн Рикон дахь Төвдийн хүрээлэнд айлчлан Дерри хот руу замдаа гарлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвдийн хүрээлэнгийн хөтөлбөрт
хамрагддаг баг залуу үеийнхэний хамт. Рикон, Швейцарь.
2013.04.17. Зургийг Мануэл Бауэр
“Бүгдийг л суралцах хэрэгтэй. Би бага наснаасаа эхлэн суралцсан. Одоо 78 настай ч суралцсаар л байна. Сажа Бандида хэлсэн шиг санагдаж байна. Үдээс хойш үхэх байсан ч өглөө нь юм сураарай. Учир нь сурсан эрдэм хэзээ хэрэг болохыг мэдэхгүй шүү дээ” гэж хэлснийг эш татав.

Эцэст нь Төвдийн ард түмэн юу хийх хэрэгтэй вэ хэмээн асуухад Дээрхийн Гэгээнтэн төвд хэлээр ийнхүү хариулав:

“Төвдийн ард түмэн жинхэнэ утгаар автономит улстай болохыг хүсч байгаа бөгөөд үүний төлөө “Дундаж Хандлага”-ыг баримталж байна. Мэдээж VII, VIII, IX зууны үед бид тусгаар улс байсан ба тусгаар тогтнохыг хүсэх хэдий ч одоогийн нөхцөл байдал өөрчлөгджээ. Британийн хаанчлалын үед Кашмир, Хайдрабад, Гвалёор зэрэг нь тусгаар тогтнож байсан ч Энэтхэг улс тусгаар тогтносны дараа тэд том улсын нэг хэсэг нь болсон билээ. Бид ч гэсэн нөхцөл байдлыг бодитойгоор харах хэрэгтэй юм. Энэ талаар Сикёон Лувсан Сангай та бүхэнд ярьсан байхаа.”

Дээрхийн Гэгээнтэн Рикон дахь Төвдийн хүрээлэнд айлчлан Дерри хот руу замдаа гарлаа
Дерри хотын нисэх буудал дээр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг
хүрэлцэн ирэхэд хуучны анд Ричард Мур болон түүний охин Эняа
нар угтан авлаа. Умард Ирланд , 2013.04.17
Зургийг Жереми Расселл (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн 2013 оны Их Британийн соёлын хот болох Умард Ирландын Дерри хотыг зорин Цюрих хотын нисэх буудал руу хөдлөхийн өмнө хүрээлэн дээр үдийн хоол зооглов. Дерри хотын нисэх буудал дээр хуучны анд Ричард Мур тосон авч уулзсан бөгөөд тэрээр Кросфайер дахь хүүхдийн халамжийн төвийн захирал нэгэн билээ. Тэдний уулзалт баяр хөөрөөр дүүрэн байсан бөгөөд Ричард Мур Дээрхийн Гэгээнтэнд гоёмсог цахирмаа цэцэг бэлэглэж мөн өөрийн охин Эняаг танилцууллаа. Дээрхийн Гэгээнтэн түүнийг аавтайгаа адил хөөрхөн байна хэмээлээ.

Дерри хотын Захирагч Кевин Кампел Дээрхийн Гэгээнтнийг хүлээн авч найрамдал нөхөрлөлийг бэлгэдсэн дүрс бухий дурсгалын зүйл гардуулахад Дээрхийн Гэгээнтэн хариуд нь мөн хадаг барив.
Маргааш Фойле голыг гаталсан шинэхэн баригдсан Энх тайвны гүүрээр энхийн төлөө жагсаал хийх юм.
Үзсэн: 2 605
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц