Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэрэн нигүүлсэх соёлын талаар илтгэв

17-09-2013, 04:15  |  Хэвлэх

2013 оны 9 дүгээр сарын 9

Латви улс, Рига хот, 2013.09.09 – Энэтхэгээс ниссэн урт нислэгийн дараа хойд Европийн боомт хот Ригад газардахад нарлаг сайхан өдөр угтлаа. Энэ айлчлалыг зохион байгуулах комиссын дарга Мартинс Скуяа болон бусад хүмүүс угтан авав.

Айлчлалын эхний хөтөлбөр хэвлэл мэдээллийн хүмүүстэй уулзан:

“Энэ сайхан хотод гурав дах удаагаа айлчлаж байгаадаа туйлын баяртай байна. Би явсан газар бүртээ хүн төрөлхтөн бид бүгдээрээ адилхан нэгэн бүл гэдгийг үргэлж сануулахыг хичээдэг. Мөн Буддист лам хүний хувьд шашин хоорондыг эв нэгдлийг бэхжүүлэхийг зорьдог. Бүхий л шашин энэрэн нигүүлсэхүйг зааж тэсвэр тэвчээртэй байж уучлахыг сургадаг. Төвдийн тухайд гэвэл амар амгалан, энэрэн нигүүлсэхүйн соёл, Төвдийн Буддист соёлыг хайрлан хамгаалахыг өөрийн үүргээ гэж бодож явдаг” хэмээлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэрэн нигүүлсэх соёлын талаар илтгэв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэвлэл мэдээллийхэнтэй уулзав.
Латви, Рига. 2013.09.09. Зургийг Игор/Save Tibet Russia
Сэтгүүлчид Дээрхийн Гэгээнтнээс олон асуулт тавьсны дотор мөнгөний тухайд ямар бодолтой байгааг нь асуулаа. Мөнгө бид бүгдэд хэрэгтэй гэж хариулаад Барселона хотод таарсан католик ламын тухай өгүүлэв. Тэрээр таван жилийн турш хайрын бясалгал хийж зөвхөн ус ууж талх идэхэд л хүрэхүйц мөнгөөр амьдарсан тухай ярилаа. Мөнгө их олж ашиг их хураадаг хүмүүс илүү их мөнгө, ашиг олохыг хичээж заримдаа тэр нь хээл хахууль авилгал бий болгодог. Бид ёс зүйтэй, үнэнч шударга ажиллах хэрэгтэй.

Доромжлол тохуурхлыг дуугүй өнгөрөөсөн нь дээр үү хэмээн асуухад:
“Нэгэнт бид ам заяагдаж, мөн дээр нь гайхалтай хэл яриа байгаа учраас өөрийгөө илэрхийлсэн нь дээр” гэлээ.

Айлчлалын явцад улс төрийн хүмүүстэй уулздаг тухайд асуухад Вашингтон, Брусель хотуудаас бусад хотуудын айлчлал нь улс төрийн айлчлал биш юм. Мэдээж миний үүрэг хариуцлага, ажиллах чиглэл маань хүний эрхэм чанарыг дэлгэрүүлэн хүргэх, шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэх тэр л зорилгын хүрээнд ажилладаг. Төвдийн талаар хэлэхэд, бид салган тусгаарлахыг зориогүй. Гагцхүү Төвд хэл соёл, буддист өв уламжлалыг унаган байдлаар нь хадгалан үлдэх боломжийг хайж байгаа юм.

Чөлөөт сэтгэлгээний талаар асуухад “Энэ нь өөртөө итгэлтэй байх маш чухал чанар төдийгүй хүний нээлттэй шударга зан чанарыг хөгжүүлэх чухал хүчин зүйл болдог. Зарим нэг хүмүүс бодь сэтгэлийг хуримтлуулахгүйгээр бясалгал үйлддэг талаар дурьдахад амар амгалангийн сэтгэлийг хөгжүүлэх нь сайн хэрэг. Энэ нь бодь сэтгэлийг төлөвшүүлэх суурь болдог. Үүнд хүрэхийн тулд олон жилийн чармайлт, зүтгэл хэрэгтэй” гэж айлдав.

Эцэст нь, Сири улс олон улсын зүгээс дайралтанд өртөж байгаа талаар бодлийг нь асуухад хүчирхийлэл хэзээ ч асуудлыг шийдэж байгаагүй. Асуудлыг шийдэх гарц нь хүчирхийллийн бус арга хэлбэр. XXI зууны бид зөрчлийг яриа хэлэлцээрийн замаар шийдэх хэрэгтэй. Хүч хэрэглэхийн хор уршигийг тааварлашгүй хэмээн айлдав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэрэн нигүүлсэх соёлын талаар илтгэв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эрх чөлөөний хөшөөнд цэцэг
өргөв. Латви улс, Рига хот, 2013.09.09 Зургийг Игор/SaveTibetRussia
Хэвлэлийн бага хурлын дараа Латвийн Парламентийн гишүүн Давид Сталцийн хамт эрх чөлөөний хөшөөнд зочилж (1918–1920) онд Латвийн тусгаар тогтнолын дайнд амь үрэгдсэн цэргүүдийн дурсгалд зориулан цэцэг өргөж хадаг барив.

Тэндээсээ 90 жилийн түүхтэй гайхамшигт киноны ордонд зочлон буддистууд болон Төвдийг дэмжигч хүмүүстэй уулзлаа. Уулзалтын эхэнд энэ удаагийн айлчлал нь гурав дах удаагийнх болохыг дурьдаад өмнө нь 1991, 2001 онд айлчилж байсан хэмээв.
“Нисэх буудал дээр буусан цагаас эхлэн та бүхний надад үзүүлж байгаа халуун дулаан сэтгэлийг мэдрэх маш сайхан санагдаж байна” гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэрэн нигүүлсэх соёлын талаар илтгэв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Буддистууд болон Төвдийг дэмжигч
нартай Cinema Splendid ордонд уулзалт хийв. Латви, Рига. 2013.09.09.
Зургийг Игор/Save Tibet Russia
Дээрхийн Гэгээнтэн шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэхийн төлөө сүүлийн 30 жил, мөн төдий хугацаанд орчин үеийн эрдэмтэдтэй харилцан ярилцаж байгаа тухайгаа өгүүлээд шинжлэх ухааны олон талт нотолгоо, Энэтхэгийн их багш Нагаржунайн шүүн судлахуйг харьцуулан XXI зууны Буддистууд учир шалтгааныг тунгаан шүүж судлахыг чухалчлав.

Төвдийг дэмжих бүлгийн гишүүдэд Төвд хэл соёлоо хадгалан үлдээхээр хүчин чармайлт гаргаж буй 6 сая Төвдүүдийн нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Латвийн телевизд өгсөн ярилцлагадаа удирдагч нартай уулзахаас илүүтэйгээр жирийн хүмүүстэй уулзах илүү сонирхолтой байдаг талаараа дурьдлаа. Миний Төвдийн улс төрийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөхийг хүссэн шалтгаан маань бага наснаасаа цөөхөн хүний гарт хэт их давуу эрх байдгийг мэдэрч өссөнтэй холбоотой. Ардчилал нь хүн хүнээ удирдах тогтолцоог нээлттэй болгож, ард түмэн засаг төрөө сонгох бололцоог бий болгосон хамгийн тохиромжтой тогтолцоо юм.

Түүхийн үүднээс авч үзэхэд Хятад, Монгол, Төвд улсууд нь хүчирхэг гүрэн байсан. Төвдийн өнөөгийн сонирхол нь Хятадын нэгэн хэсэг хэвээр үлдэх юм. Төвдийн асуудлыг НҮБ-д хандахаас илүү Хятадын удирдлагуудтай шууд харьцах нь илүү дөхөм хэрэг болно хэмээн Пандит Неру зөвлөж байсныг дурьдлаа. Хятадын ард олон Төвдүүд тусгаарлан салахыг бус жинхэнэ утгаар нь автономит засаглал хүсч байгаа гэдгийг мэдээж байгаа. Тэдний засаг төр нь яагаад энэ нөхцлийг олгохгүй байгааг мэдэхийг хүсч байгаа байх хэмээв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэрэн нигүүлсэх соёлын талаар илтгэв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Латвийн телевизид ярилцлага өгөв.
Латви, Рига. 2013.09.09. Зургийг Жереми Расселл (ДЛО)
Сурвалжлагч хуучин хобби сонирхол дээрээ нэмж ямар хоббитой болсон талаар нь асуухад сүүлийн үед илүү их уншиж, бясалгал хийхэд цагаа зарцуулж байгаа. Мөн түүнчлэн Латвийн ард олонд хандаж юу хэлэхийг хүсч байна вэ гэхэд:

“Аз жаргалтай амьдарлыг зөвхөн мөнгө хэмээн бүү ойлгоорой. Дотоод сэтгэлээ илүү сонсож оюун санааныхаа хүчээр асуудлыг шийдвэрлэхийг хичээгээрэй” гэж хэлэв.

Энэ сэдвийн хүрээнд мөн Латвийн сэтгүүлд ярилцлага өглөө. Өөрсдийн зүрх сэтгэлээс амар амгаланг олж чадах уу хэмээн асуухад:

“Сэтгэлийн амар амгалангийн эсрэг тал нь гадаад хүчин зүйлүүдээс ирдэг. Америкийн сэтгэл судлаач Аарон Бек хэлэхдээ бид уурлах үед, бидний уур уцаарын 90% нь өөрсдийн сэтгэлийн төсөөлөл хөөрөл” хэмээн хэлсэн гэж дурьдав.
Та үхэлд өөрийгээ бэлтгэдэг үү хэмээн асуухад: Өдөр тутмын бясалгалаар таван удаа үүнийг давтаж байдаг. Биеийн цул болон шингэн, дулаан, энерги, оюун санааг дөрвөн түвшинд дүрслэн харж томоор нь зурагласан оюун санаанаас маш нарийн оюун санаанд уусган бясалгадаг.
Та үүнийг яагаад хийдэг вэ хэмээн асуухад: “ Үхэх үйл явцыг хянаж, дахин төрөхөд бэлтгэдэг” юм хэмээн хариуллаа.
Бас нэгэн сэтгүүлч Төвд болон бусад хүмүүст яаж тусалсан нь дээр вэ хэмээн асуухад: Энэ талаар санаа тавьж байгаад тань баярлалаа. Асуудлын гол нь Төвдийн улс төрийн эрх төдийгүй Төвдийн Буддист өв соёлыг хадгалан үлдэхэд байгаа юм. Эстоничууд та бүхэн ч мөн амар амгалан, энэрэн нигүүлсэхүйн соёлыг улам дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулаарай хэмээн хүслээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэрэн нигүүлсэх соёлын талаар илтгэв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Терезе Телпед залуу энэрэн
нигүүлсэгч шагнал гардуулав. Латви, Рига. 2013.09.09.
Зургийг Игор/Save Tibet Russia
Үдээс хойш Рига хотын цэнгэлдэх хүрээлэнд цахилгаан хөгжимтэй хамтлаг тоглож үүний дараа Латви Төвдийн холбоог үүсгэн санаачлагч Жанис Мартинс Скуяа Дээрхийн Гэгээнтнийг латви хэлээр танилцууллаа. Дээрхийн Гэгээнтэн залуу энэрэн нигүүлсэгч шагналаар энэ жилийн манлайлагч Терезе Телпег тодруулан түүний орон нутгийн төлөө хийсэн үйлсэд нь талархан шагнав.

“Латви ах дүү нар аа, Өөрийн туршлагаас хуваалцах бас нэгэн боломж олдсонд баяртай байна. Олон саад бэрхшээлтэй тулгарсан ч энэ үйл ажиллагааг зохион байгуулсанд талархал илэрхийлье. Ажлын өдөр боловч энэд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа.
“Надад боломж олдох бүрд дотоод үнэ цэнийн тухай ярьдаг. Бидний амьдралын ихэнх хэсэг материаллаг ертөнцөөс бүрддэг ч энэ нь бидэнд түр зуурын мэдрэхүйн сэтгэл ханамжийг олгодог. Харин урт удаан хугацаанд сэтгэл хангалуун байя гэвэл хүсвэл оюун санаагаа түшиглэх хэрэгтэй. Бидний оюун санаанд л амар амгалангийн орон зай бий. Оюун санаа амар амгалан байх нь бие махбодийн эрүүл мэндэд ч сайн нөлөөтэй.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэрэн нигүүлсэх соёлын талаар илтгэв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэрэн нигүүлсэх соёл сэдвээр олон
нийттэй хийсэн уулзалтын үеэр. Латви, Рига. 2013.09.09.
Зургийг Игор/Save Tibet Russia
“Бидний үйлс сайн муу байх нь бидний сэдлээс хамаатай. Бид бусдад санаа тавьбал хуурах мэхлэх орон зай үлдэхгүй. Бид бусдад итгэж, нөхөрлөл нь итгэл дээр тулгуурлана.

“Бидний сэтгэл хөдлөл бусдад тус болж болно, ус болж ч болно. Бид оюун санаандаа амар амгаланг суулгах хэрэгтэй. Мэдлэг дутмагаас уур хилэн, үзэн ядалтыг хүлээн зөвшөөрдөг. Мунхаг байдал нь бидэнд тулгардаг асуудлын үндэс суурь болдог. Бид сөрөг сэтгэл хөдлөлөө багасган эерэг сэтгэл хөдлөлөө нэмэгдүүлэх хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөө эерэг байлгах нь нийгэм эрүүл байхад хувь нэмрээ оруулж байгаа хэрэг болно.”

Үзэгчдээс айдасын талаар асуухад Дээрхийн Гэгээнтэн: Мэдээж хэрэг галзуурсан нохойноос айж зугтаах нь зүйн хэрэг боловч үл итгэн айж балмагдах нь зүй бус.
Яагаад зарим нэг боловсролтой хэмээгдэх хүмүүс богино өчүүхэн бодолтой байдаг вэ хэмээн асуухад: Энэ нь дотоод сэтгэл болон ёс суртахууны доройдлоос үүдсэн хэрэг. Зарим нэг тохиолдолд хэт шашинд автсанаас ч ийм байдалтай болох нь ч бий.

Эхнэр хүүхэдгүй, гэр бүлгүй амьдрах нь утгатай юу хэмээн асуухад: Мэдээж гэр бүлийн амьдрал олон өнгөтэй. Ганц хүний амьдрал цөөн өнгөтэй харагдах ч гэр бүлийн амьдралд өгсөх уруудах үе гардаг. Ганц хүний амьдрал илүү тогтуу төдийгүй сэтгэлийн амар амгаланд хүрэхэд тустай. Бас нэгэн оролцогч бусад шашнаас таньд суралцах тохиолдол байсан уу хэмээн асуухад Христийн шашинтан ах дүү нар дэлхий дахинаа боловсролыг түгээхэд маш их хөдөлмөрлөсөн. Энэ нь надад урам өгдөг хэмээлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэрэн нигүүлсэх соёлын талаар илтгэв
Дээрхийн Гэгээнтний олон нийттэй хийсэн уулзалтанд оролцогсод.
Латви, Рига. 2013.09.09. Зургийг Игор/Save Tibet Russia
Эцэст нь амьдралын утга учир юунд оршдог вэ хэмээхэд Дээрхийн Гэгээнтэн:

“Амьдралын зорилго аз жаргалтай амьдрахад оршдог. Бидний оршин тогтнохуй нь итгэл найдвар дээр тулгуурладаг. Бидний амьдрал аз жаргалтай байх боломжуудаас бүрддэгээс баян болохын төлөө бус юм. Гэхдээ аз жаргал маань бидний оюун санаанд байгаа. Бид зөвхөн мэдрэхүйн таатай байдалд тулгуурлавал амьтнаас өчүүхэн зүйлээр ялгагдана. Гэвч бидэнд энэ гайхамшигт оюун ухаан уураг тархи заяагдсан болохоор үүнийгээ бид ашиглаж сурах хэрэгтэй.”

Төгсгөлд нь энэд сонссон зүйлээ дахин тунгаан бодож утга учиртай яриа гэж бодвол найз нөхөдтэйгээ хуваалцан амьдралдаа хэрэгжүүлээрэй хэмээн захив.
Үзсэн: 2 543
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц