Шашнаас ангид ёс зүйн талаар ярьж “Бодьсадвын Явдалд Орохуй” айлдав

16-10-2013, 16:41  |  Хэвлэх

2013 оны 10 дугаар сарын 14

Мексик, Мехико хот, 2013.10.13 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өдөр Мехико хотын дугуй танхимд морилон орон нутгийн Буддын шашны хүмүүстэй уулзлаа. Тэдэнд хандан шашны зан үйлээ хийж уншлага залбирал үйлдэх нь зйлшгүй ч XXI зуунд буддизмыг ойлгон мэдэж тунгаан судлах нь чухал. Эрдэмтэд ч буддизмын талаар өргөн дэлгэр сонирхож байгаа. Бид тэдэнд оюун санааны тухай хэлж чадна. Ганжуур, Данжуурыг шинжлэх ухаан, философи, шашин хэмээн ангилан эмхэтгэх төсөл амжилттай үргэлжилж байгаа. Ингэж ангилан эмхэтгэх нь академик түвшинд сурч судлахад хялбар дөхөм болно. Үүнд бурханы номын газар та бүхэн ч идэвхийлэн оролцох хэрэгтэй хэмээв.

Шашнаас ангид ёс зүйн талаар ярьж “Бодьсадвын Явдалд Орохуй” айлдав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 15,000 хүний багтаамж бүхий Мехико
хотын дугуй тайзнаа морилон хуран олонтой мэндчилэн буй нь.
Мексик, Мехико хот. 2013.10.13. Зургийг Оскар Фернандес
15,000 хүмүүс бүхий олон нийтийн уулзалтанд:
“Ах дүү нараа, ийм олон хуран цугласан та бүхнийг харж байгаадаа баяртай байна. Энэ дашрамд уулзалтыг зохион байгуулсан хүмүүст талархал илэрхийлье. Мөн өөрийн хуучны анд Ричард Гирт талархал илэрхийлье. Өнөөдөр би та бүхэнд шашнаас ангид ёс зүйн талаар ярина.”

“Би хүмүүстээ уулзах бүртээ дэлхий дээр амьдран буй 7 тэрбум хүний нэгэн адил хүн гэж боддогоо хэлдэг. Бид бүгд оюун бодол, бие махбодь, сэтгэл хөдлөлийн хувьд адилхан. Бидэнд адилхан сайн муу чанарууд бий. Бид уур хилэн, айдас, үзэн ядалт, шунал зэрэг муу сэтгэл хөдлөлөө давж үл чадаад асуудлуудыг үүсгэдэг. Үүний оронд өгөөмөр нинжин сэтгэл, энэрэн нигүүлсэл, бусдын төлөө сэтгэлээ зориулбал уур хилэн, үзэн ядаж атаархах орон зай бидний сэтгэлд үлдэхгүй.”

Жишээлбэл би өөрийгөө төвд хүн, буддист лам, Далай Лам хэмээн бусдаас тусгаарлан өөр хүн гэж бодох нь ямар ч хэрэггүй бодол бөгөөд ингэж бодох аваас зөвхөн стресс л үүсгэнэ.

“Бид бүгдээрээ асуудал бэрхшээлгүй амар амгалан амьдрахыг хүсдэг. Бидэнд ингэж амьдрах эрх нь ч буй. Өнөөгийн бидний нийгэм материаллаг амьдрал хэт хэлбийж түүгээрээ аз жаргалыг олж авна гэж найдах болжээ. Хэрэв энэ нь үнэн байсан бол баян хүн бүр аз жаргалтай байхсан. Гэвч энэ нь хараахан тийм биш. Харин дотоод сэтгэлийн хүч, өөртөө итгэлтэй байх нь аз жаргалтай байхад тустай.”

Бидний зовлон шаналан хийгээд таашаал бие махбодийн болон оюун санааны хоёр түвшинд явагддаг. Бидний харах, сонсох,хүртэх, ухамсарын мэдрэхүй гээр хүртсэн таашаал түр зуурынх байдаг. Оюун санааны түвшинд мэдрэхүйн эрхтний таашаалаас үл хамааран урт удаан хугацааны таашаалыг эдэлж чадна. Жишээ нь нэгэн үзүүрт сэтгэлээр хайр энэрлийг дадлагжуулснаар сэтгэлийн амар амгаланг эдлэх нь үүний нэг жишээ. Бид сэтгэлийн таатай байдлаар бие махбодийн өвчинг илааршуулж болох хэдий ч оюун санаа амар тайван биш бол махбодь тав тухтай байхгүй.

Шашнаас ангид ёс зүйн талаар ярьж “Бодьсадвын Явдалд Орохуй” айлдав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Мехико хотын дугуй танхимд олон
нийтийн яриа хийв. Мексик, Мехико хот. 2013.10.13.
Зургийг Оскар Фернандес
Урьдын цагт Европт сүм хийдээр дамжуулан ёс зүйн үнэ цэнийг түгээдэг байсан бол тэр цаг үе өнгөрч боловсролыг тогтолцоогоор дамжуулан энэ үнэ цэнийг хүргэх хариуцлага ногдож байна. Боловсролын тогтолцоо нь оюун ухааныг мэдлэг мэдээллээр дүүргэхийг зорьдог байсан бол үүн дээр бид өгөөмөр нинжин сэтгэлтэй хүнийг төлөвшүүлэх зорилтыг нэмж тусгах шаардлагатай болсон.

“Дэлхий нийтээрээ бид ёс зүйн хямралд өртсөн. Үүнээс яаж гарах вэ? Боловсролоор. Бид бие махбодийн ариун цэврийг сахидагийн адил оюун бодол, сэтгэл хөдлөлийн ариун цэврийг сахих хэрэгтэй. Энэ маань шашнааас ангид ёс зүйн гол судас нь юм. Хүний үнэ цэнэ, ёс зүйг үр дүнтэйгээр хүргэх гол зам нь боловсрол бөгөөд бага наснаас нь их сургууль хүртэл ёс зүйн хөтөлбөрийг бүрдүүлэх хэрэгтэй.”

“Бид бүгд хүний үнэ цэнийг амьдрал дээр хэрэгжүүлэх чадвартай. Бид өгөөмөр нинжин сэтгэлээ өөрсдөдөө хөгжүүлж үр хүүхэддээ сургаж гэр бүлээрээ хэвшүүлж чадна. Гэр бүлээсээ хөрш зэргэлдээ найз нөхөд, түүнчлэн өргөн хүрээг хамрах чадвартай.”

“Энэхүү яриаг сонирхолгүй гэж үзвэл мартаарай. Хэрэв сонирхолтой санагдсан бол найз нөхөдтэйгээ хуваалцаарай. Баярлалаа” хэмээгээд асуулт асуухыг урив.

Нийгэмд бий болсон хүчирхийллийг яаж намжаах вэ хэмээн асуухад Дээрхийн Гэгээнтэн: бага насандаа хайр энэрлээр дутмаг өссөн хүүхэд насанд хүрсэн хойноо ч өөртөө итгэлгүй айдсаар дүүрэн хүн болдог. Аз жаргалтай амьдралд хөтөлж амар тайван амьдрах оньс нь өгөөмөр нинжин сэтгэл хэмээлээ. Гэм нүглээ яаж цагаатгах вэ гэсэн асуултанд Бурханы сургаалд ямар алдаа хийснээс үл шалтгаалан түүнийг цагаатган ариусгаж болно гэж үздэг. Уураа яаж барих вэ хэмээн асуухад “Заримдаа уураа хүүхэд адил гарган дарсан нь дээр. Зарим хүмүүс дотроо хадгалаад гаднаа инээмсэглэсэн царай гаргаад яваад байдаг. Энэ нь буруу.”

Сүүлийн асуулт манай дэлхий сайн сайхан болно гэдэгт итгэж байна уу гэсэн асуултанд Дээрхийн Гэгээнтэн энэ талаар эерэг бодолтой байдгаа илэрхийлээд 1996 Английн Хатан хаантай уулзаад XX зуунаас одоогийн нөхцөл байдал дээрдсэн эсэхийг асуухад тэрээр эргэлзэх зүйлгүйгээр дээрдсэн. Урьд бид хүний эрх, өөрийн зорилго чиглэлийг ярьдаггүй байсан. Одоо энэ тухай дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг болж хэмээн хариулж байлаа. XX зуунд хэн ч экологийн талаар төдийлөн санаа тавьдаггүй байсан. Одоо бол том асуудал болсон.

Тони Карам Дээрхийн Гэгээнтэнд дахин зочлон ирж өөрийн бодол, сургаалаа харамгүй хайрласанд талархал илэрхийлэхийн сацуу дахин морилон ирэх эсэхийг асуув.

Дээрхийн Гэгээнтэн үүний хариуд: “Та бүхний сайхан инээмсэглэл халуун дулаан сэтгэл надад үзүүлж буй урилга хэмээн хүлээн авч байна” гэж хариулав.

Шашнаас ангид ёс зүйн талаар ярьж “Бодьсадвын Явдалд Орохуй” айлдав
Reforma-гийн сэтгүүлч Лазаро Риос Кавазос Дээрхийн Гэгээнтнээс
ярилцлага авав. Мексик, Мехико хот. 2013.10.13.
Зургийг Жереми Расселл (ДЛО)
Үдийн цайны завсарлагаар Мексикийн хамгийн олон уншигчтай сонин Reforma-гийн сэтгүүлч Лазаро Риос Кавазос ярилцлага авч сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятадын засгийн газрын харилцаа дээрдсэн эсэхийг асуулаа. Дээрхийн Гэгээнтэн: Нөхцөл байдал хараахан сайжраагүй байна. Гэхдээ сайжрах төлөвтэй хандлагууд ажиглагдаж байгаа. Шинэ удирдлага илүү бодитой харах байх аа.

Үдээс хойш “Бодьсадвын Явдалд Орохуй” сургаалдаа эргэн орлоо. Ажигласнаар Бурхан багшийн оюун санаа болон аливаа хүмүүний оюун санааны хоосон чанарт ялгаа байхгүй. Дөрөвдүгээр бүлгээс хүний амьдралын үнэ цэнэ ба үхлийн дотоод чанарыг санаж байх хэрэгтэй. Бид үхнэ гэдгээ мэддэг ч хэзээ үхэхээ мэддэггүй. Үхэх цаг ирэхэд бидний оюун санааны дадлын хүч багаахан ч атугай тустай гэдгийг л мэднэ.

Биднийг самууруулдаг сэтгэл хөдлөл жишээ нь уур, шунал зэрэг нь бидний гадаад дайсан шиг нээлттэйгээр довтолдоггүй. Биднийг хууран, арга башираар довтолж байдаг. Гадаад талын дайснууд өөрчлөгдөж заримдаа найз нөхөд маань болох тохиол байдаг ч биднийг самууруулдаг сэтгэл хөдлөл хэзээ ч тэр мэт хувирдаггүй. Иймээс самууруулдаг сэтгэл хөдлөл бидний жинхэнэ дайсан. Үүнийг давахын тулд юу хийх хэрэгтэй вэ?
“Хэрэв хэн нэгэнд уур хилэн чинь хүрч үзэн ядаж байвал хайр энэрэлээр сэтгэлээ дүүртэл бясалгаарай. Бага багаар хоосон чанарыг ухан ойлгосон цэцэн ухаанаар самууруулдаг сэтгэл хөдлөлүүд устан арилна.”

Шашнаас ангид ёс зүйн талаар ярьж “Бодьсадвын Явдалд Орохуй” айлдав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдварын өмнө тайзнаа залсан
хөрөг дүрд мөргөлөө. Мексик, Мехико хот. 2013.10.13.
Зургийг Жереми Расселл (ДЛО)
Тавдугаар бүлэг сэтгэлээ чандлан сахих тухай өгүүлсэн.

Зургаадугаар бүлэг тэсвэр тэвчээрийн дадлын тухай. Дээрхийн Гэгээнтэн тэвчээрийг хэрхэн суулгах талаар бид эхлээд бодох хэрэгтэй.

Бид бодьсадвын амьдралыг дагаж мөрдөхийг хүсвэл түүнийг эрдэнэ мэт үзэх хэрэгтэй. Үл хүндэтгэн хандваас Бурханы сургаал номын хүрд бидэнд тусаа үл өгнө.

Ийнхүү зургаадугаар бүлэгт хүрээд өнөөдрийн айлдвараа өндөрлөв.
Үзсэн: 3 885
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц