Токио хотод “Эх дэлхий, аж амьдрал ба боловсрол” сэдвээр эрдэмтэдтэй хийсэн ярилцлага

27-11-2013, 07:21  |  Хэвлэх

2013 оны 11 дүгээр сарын 17

Япон, Токио хот - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 2004 оноос хойш тав дахь удаагаа явагдах гэж буй Японы эрдэмтэдтэй хийх ярилцлагад оролцохоор Японы Буддизмийн Шингон сургуулийн төв байранд хүрэлцэн ирэхэд Кояасаны Хамба Лам угтан авав. Доктор Харуо Сажи Буддизм болон шинжлэх ухааны хооронд бодит байдалд нийцсэн ижил төстэй хандлага олон байдгийг оролцогчдын анхааралд сонордуулан уулзалтыг нээв. Тэрээр “Бидэнд мэдэж авахад хэцүү зүйлүүд байдаг бөгөөд бид өөрсдийн жинхэнэ нүүр царай, өнгө төрхийг олж харахад амаргүй, толинд харагдах зүйл бол зүгээр л нэг тусгал бөгөөд гэрэл зураг бол ердөө цаасан дээрх хэдэн дусал бэх юм” гэжээ.

Кояасаны Хамба Лам өөрсдийнх нь уламжлал болоод Төвдийн Буддизмын хооронд ижил төстэй нийтлэг зүйл олон байгааг олж мэдсэнээ дурдаад Дээрхийн Гэгээнтний эрдэмтэдтэй хийх ярилцлагыг сонсохыг тэсч ядан хүлээж байснаа хэлэв. Хурлын удирдагч Профессор Акира Икегами Дээрхийн Гэгээнтний талаар танилцуулав.

Токио хотод “Эх дэлхий, аж амьдрал ба боловсрол”  сэдвээр эрдэмтэдтэй хийсэн ярилцлага
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Японы Токио хотод эрдэмтэдтэй
ярилцав. Япон, Токио. 2013.11.17. Зургийг Япон дахь
Түвдийн Оффис
Бусад илтгэгчид болон оролцогчдод хандан тэднийг өөрийнхөө эрхэмлэн хүндэтгэдэг ах, эгч лугаа санаж байгаагаа илэрхийлээд, энэхүү ярилцлагад оролцож байгаадаа тун их баяртай, сэтгэл хангалуун байна гэж Дээрхийн Гэгээнтэн хэллээ. Сүүлийн гучин жилийн хугацаанд сансар судлал, физик, нейробиологи, сэтгэл судлал зэрэг сэдвээр эрдэмтэн судлаачидтай ярилцсан байна. Эдгээр ярилцлагууд нь хоёр талдаа харилцан ашигтай байдаг бөгөөд бид тоосонцорын болон материйн талаар гэх мэт шинжлэх ухааны өргөн ойлголт, онол, үндсийг мэдэж авч, харин эрдэмтэд оюун санаа, сэтгэлийн дотоод ертөнц рүү анхаарлаа хандуулж эхлээд байна.

Бидний уураг тархи хэрхэн ажилладагийг мэдэж ойлгохын тулд бид сэтгэл хөдлөл болон түүнээс гарах үр дагаврыг судлах хэрэгтэй. Урьд өмнө нь шинжлэх ухаан, шашин хоёр хоорондоо зөрчилддөг мэт ойлголттой байсан. Энэ нь буруу юм. Учир нь нэг нь материаллаг ертөнцийн талаар мэдлэг олгодог байхад нөгөө нь сэтгэлийн дотоод ертөнцийг таниулдаг болохоор бид хоёуланг нь мэдэх хэрэгтэй.

Дээрхийн Гэгээнтэн “Бурхан багшийн зөвөлгөө бол түүний даган бишрэгчид түүний сургаалийг шууд хүлээн зөвшөөрөх бус судалж, шалгаж эрүүл шүүлтүүрээр шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй” гэсэн айлдварыг онцлов. Дараа үеийнх нь Нагаржуна болон Энэтхэгийн эртний их мэргэд энэхүү зөвлөгөөг даган, Хутагтийн Дөрвөн Үнэний гурав дахь нь болох зовлонг хорихуйн үнэн гэж чухам юу болохыг магадлан шалгаж үзсэн байна. Хүний оюун санааг доройтуулдаг сөрөг муу бодлуудыг бүрэн арилгаснаар сэтгэлийн чөлөө буюу зовлонг хорихуйн үнэн бий болдог. Үүнд хүрэхийн тулд бид хоосон чанарыг ойлгох хэрэгтэй. Нагаржуна “Дүрс бол хоосон, хоосон чанар бол дүрс” гэж тодорхойлоод юу ч бодитоор оршин тогтнодоггүй, оршин байгаа зүйлс зөвхөн тэдгээрийн дээр нэр дохиог агуулах төдий юм гэдгийг батлан нотолжээ.

Дээрхийн Гэгээнтэн буддын сургаалийн амьдралд хэрэглэгддэг онцлогуудыг дурьдаад, хутагтын дөрвөн үнэнийг айлдав. Хутагтын Дөрвөн Үнэний сургаал нь аливаа зүйлийг уг үндэс, учир шалтгаан болоод түүнээс гарах үр дагавар дээр суурилан тайлбарладаг. Будда өөрөө бидний л нэгэн адил жирийн хүн байсан. Гагцхүү эгнэшгүй сэтгэлээр эрчимтэй хичээл зүтгэл гаргасны ачаар гэгээрэлд хүрсэн билээ. Бид бүгдэд ч Бурхан багшийн адил мөн чанар байдаг бөгөөд өөрсдийн хичээл зүтгэлээр л үүнийгээ хөгжүүлж чадна. Бурханы язгуур чанар бидний далд сэтгэхүйд байдаг бөгөөд түүний сургаалыг даган нигүүлсэнгүй сэтгэлийг үүсгэн дадуулсанаар оюун ухаан төгөлдөржинө.

Буддизмийн сургаалаас харахад хоосон чанарын тухай ойлголт чухал байдаг. Учир нь энэхүү дотоод билэг чанар, бодит байдлын гэрэл гэгээг олж харсанаар бид сэтгэлийн гэм хороо арилгаж чадна. Хүмүүс уурлаж бухимдсан үедээ үүний 90 % нь буюу бараг бүхэлдээ зөвхөн сэтгэлээс гарсан тусгал болохыг анзаарахгүй уур хүргэсэн уг зүйлтэйгээ зууралдаад байдаг гэж Америкийн сэтгэл судлаач, миний найз Аоран Бек нэг удаа надад хэлж байсан. Бидний оюуныг хордуулахын суурь гэм болсон үл мэдэх, мунхаг сэтгэлд тодорхойлсон үндэс байхгүй, харин бодит чанарыг ойлгуулдаг билгүүн ухаан нь учир шалтгаан дээр суурилдаг. Буддист чиг хандлага нь оюун ухаанаа дээд зэргээр дайчлан ашиглахыг сургадаг. Бид баримт дээр тулгуурлан шинжлэн судалж үнэнийг эрж хайх хэрэгтэй. Энэ ч учраас би эрдэмтэдтэй ярилцаж байгаадаа туйлын баяртай байна.

Токио хотод “Эх дэлхий, аж амьдрал ба боловсрол”  сэдвээр эрдэмтэдтэй хийсэн ярилцлага
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон эрдэмтдийн хооронд
явагдсан ярилцлагад оролцогсод Япон, Токио хот 2013.11.17
Зургийг Япон дахь Төвдийн Оффис
Боловсрол сэтгэл судлал шашин судлалын Самаграх инститүүдийн захирал Мория Окано огторгуйн эмчилгээний тухай ярьлаа. Тэрээр тайлбарлахдаа шинжлэх ухааны нэг дутагдал бол бүх зүйлсыг материаллаг түвшинд аваачиснаар хүмүүсийг амьдралын мөн чанар, ёс зүйн талаас харах байдлыг алдагдуулдаг. Утгагүй мэт мэдрэмжүүдийн үр дүнд бухимдал, итгэлгүй байдалд хүргэж байна. Гэсэн хэдийч экологи, харьцангуйн онол, генетгийн судалгаа нь хүмүүсийг нэг бүхэл цогцын эд эс гэдгээ ойлгоход тусалж байгаа нь эмчилгээний ач холбогдолтой юм.

Дээрхийн Гэгээнтэн буддистууд амьд биет болоод амьгүй биетийг ялгамжаатай авч үздэг. Дээрхийн Гэгээнтэн хүн, амьтан, ургамал ялгаагүй л эд, эс болох жижиг хэсгүүдээс тогтоно. Ургамал юмыг мэдрэх, таатай таагүй байдлыг ялган таних чадваргүй. Өөрөөр хэлбэл эдгээр нь ухамсартай, ухамсаргүй байдлаараа л ялгаатай гэж онцлон тэмдэглэв.

Токиогийн Технологийн Институтын магистр Сусуму Сакурай хүн төрөлхтөний түүхэн дэх математикийн хэрэглээ сэдвээр илтгэл тавьсан. Хүн төрөлхтөн тоо тооллыг хэрэглэж эхэлсэнээс хойш орчлон ертөнцийг таньж мэдэхэд чухал хэрэгсэл болсон математикийн шинжлэх ухаанд олон нээлт бүтээлүүдийг гаргаж хөгжүүлсээр ирсэн. Тэрээр тойргийн уртыг диаметртэй харьцуулсан математикийн тогтмол тоо болох π-гийн төгс утгыг онцолж энэ тооноос хүн болгоны төрсөн он сар өдрийг олох боломжтой гэсэн мэдээллийг өгсөн юм.

Гурав дахь илтгэлийг Сүзүка Жуниор Коллежийн туслах профессор Акико Кацүмата тавив. Тэрээр өөрийгөө бусад хүмүүсийн байр суурь дээр тавьж үзэхийн чухлыг боловсролын талын ач холбогдолтой холбон ярьж хэд хэдэн удаа эвгүй байдалд орж бүтэлгүйтсэн бөгөөд эдгээрээс сургамж авсан тухайгаа жишээ татан сонирхуулав. Нэгэн удаа тэрээр үе мөчний болон мэдрэлийн саажилттай хүнтэй цуг ресторанд орж хоолны захиалгыг түүний өмнөөс өгөхдөө сайхан сэтгэл гаргаж байна гэж бодсон. Гэвч цуг явж байгаа хүн нь өөрийг нь дутуу үнэллээ гэж гоморхжээ. Бас нэг удаа тэрээр Тохокүгийн газар хөдлөлтөд өртөж, түр зуурын барилгад амьдарч байсан хүмүүст туслаж байсан байна. Тэнд нэгэн эмэгтэй хамгийн муу хэсэгт хүн болгоны дамжиж өнгөрдөг бохир гал зуухтай хэсэгт амьдарч байгаа тухай сонсчээ. Эцэст нь тэрээр нүүрэндээ ямар ч амьдралын итгэлгүй гэгдэж байсан газар “бурханы инээмсэглэл” тодруулсан шинэ төрсөн хүүхдийн зургийг энд цугласан хүмүүст харуулж олныг баясгаж байсан юм.

Токио хотод “Эх дэлхий, аж амьдрал ба боловсрол”  сэдвээр эрдэмтэдтэй хийсэн ярилцлага
Токиод хотод Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон эрдэмтдийн
ярилцлагын үеэр. Япон, Токио. 2013.11.17.
Зургийг Япон дахь Төвдийн Оффис
Өглөөний илтгэлийн төгсгөлд Дээрхийн Гэгээнтнээс санал бодлыг нь асуухад:
" Хүн болгон аз жаргалтай, амар амгалан, тайван амьдрахыг хүсдэг. Тэгэхээр хүний эрх бол бүх нийтийг хамарсан ойлголт юм. Энэ нь аз жаргал болон зовлон шаналалыг мэдэрдэг бүх хүмүүст хамаатай. Бусдад чин сэтгэлээсээ хандах нь оюун санааг амар амгалан болгохын эх үүсвэр бөгөөд энэ нь үргэлж итгэл найдвар болон амгалан тайван байдлыг бий болгодог. Сайхан сэтгэлийг үүсгэх нь бидний эрүүл мэнд, аж амьдралд сайнаар нөлөөлдөг" гэж хэлэв.

Японы Үндэсний Одон орон судлах Төвийн Хүндэт Профессор Норио Кайфү үдээс хойшхи хурлыг нээхдээ өөрөө одон орон судлаач хэдий ч буддизм сонирхдогоо хэлсэн. Тэрээр дэлхий ертөнцийн эхлэл болон төгсгөлийн тухай онол байдаггүй гэдэгт итгэдэг тухайгаа хэлэв. Юмс үзэгдэл байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Тэрээр дэлхий ертөнц физикийн хууль болон удаа дараагийн давтамжит өөрчлөлтүүдийн үндсэн дээр хувьсан өөрчлөгдөж ирсэн бөгөөд өөрийнх нь амьдрал ч мөн энэ маягаар явж ирсэнийг дурьдав. Энэ утгаар буддын шашин шинжлэх ухаанд хамгийн ойрхон гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тэрээр Төвдөд одон орон судлах төвийг барих олон улсын төслийн багт оролцож байгаагаа Дээрхийн Гэгээнтэнд дуулгав.

Хоёр дахь илтгэлийг Киотогийн их сургуулийн Хүндэт Профессор Шиничи Нишикава тавьсан бөгөөд 21-р зуунд эрдэмтэд юуг судлах нь чухал вэ гэсэн сэдвийг сөхсөн юм. Тэрээр хүмүүс өдөр тутмын амьдралд бодит бус олон зүйлүүдтэй харьцах болдог гэдгийг онцолсон. Жишээ нь цаг бол бодит, харин цагны ажиллах зарчим ба үүрэг нь бодит бус юм. Аливаа хөдлөгч механизмууд цонхны хоорондын болон коридорийн зайтай адил хоосон чанартай хэдий ч хэрэглэгдэх ач холбогдолтой байдаг.

Дээрхийн Гэгээнтэн аливаа зүйлийг биетээр байхгүйг баталсан, батлаагүй хоёрын хооронд ялгаа байдаг гэдгийг онцлов. Тэрээр юмс үзэгдлийг гурав ангилдаг, эхнийх нь илтэд оршин байдаг зүйл, хоёр дахь нь нуугдмал, гурав дахь нь маш нуугдмал. Илэрхий харагдах юмс үзэгдлийг бид харж чадна, мөн харагдахгүй, баригдахгүй, хэмжигдэхгүй хирнээ ухамсраар мэдрэх юм ч байна.

Бага зэрэг нуугдмал юмс үзэгдэгдлийн байгаа эсэхэд эргэлзэж байвал учир шалтгааны шүтэлцээгээр байгаа эсэхийг нь тодорхойлж болно. Үр нөлөө байхгүй байна гэдэг нь түүний шалтгаан байхгүй байна гэсэн таамгийг дэвшүүлэхэд хүргэж байгаа юм. Эсвэл ямар нэгэн үр нөлөө байгаа бол түүний шалтгаан заавал байгаа гэдгийг таамаглаж болно. Маш нуугдмал үзэгдлийн тухайд бидэнд найдвартай мэдээлэгч нар бидний гол эх сурвалж болох юм.

Төвд хэл дээр хадгалагдсан Буддын зохиол бүтээлийг хэн ч сонирхон уншиж болох шинжлэх ухаан болон гүн ухааны, мөн зөвхөн Буддын шашинтай хүмүүс үзэх шашинтай холбоотой материалууд гэж ангилж болно гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлаж хэлэв. Тэрээр Буддын шинжлэх ухааны материалын хоёр ботийг эмхэтгэсэн бөгөөд удахгүй хэвлэлтэд гаргана гэдгийг зарлав.

Профессор Нишикава илтгэлийн төгсгөлд эрдэмтэд ажлын шаардлагаар их ачаалалтай ажилладаг ч тэд итгэл найдвартай гэж хэлэв. Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ:
" Би олон эрдэмтэдтэй чухал яриа өрнүүлж байсан, тэр дундаас ойлгосон зүйл бол хамгийн шилдэг эрдэмтэд нь ухаалаг, нээлттэй, аливаа зүйлийг өргөн хүрээнд сэтгэж хүлээж авахдаа сайн. Тэдний оюун санаа нь баригдмал биш уян хатан байдаг. Харин тэд зөвхөн туршилтаар батлагдсан зүйлийг л хүлээн зөвшөөрдөг ".
Дээрхийн Гэгээнтнээс Профессор Кайфү Буддизмийн талаар ямар дүгнэлт хийх вэ гэж асуухад тэрээр "Томоохон шашнууд амьдралын зорилго бол аз жаргалтай амьдрах гэсэн санааг хүмүүст түгээж байдаг. Буддизмийн онцлог нь юу вэ гэхээр бүхнийг бий болгогч гэсэн үзэл санаа байдаггүй, өөрийн мөн чанараар оршдог зүйл гэж байдаггүй. Үүний үндсэн философи нь бүх зүйл хоорондоо уялдаатай, эдгээр нь бусад зүйлстэй харилцан уялдаатай үүсч байдаг гэж үздэг, мөн түүний хүч үл хэрэглэх байдал нь олон талын ач холбогдолтой" гэж хариулав.

Токио хотод “Эх дэлхий, аж амьдрал ба боловсрол”  сэдвээр эрдэмтэдтэй хийсэн ярилцлага
Харуо Сажи, Казуо Мураками, Акико Кацүмата, Сусуму Сакурай,
Мория Окана, Дээрхийн Гэгээнтэн Далай Лам, Акира Икегами болон
Норио Кайфү нар Токиод болсон “Эх дэлхий, аж амьдрал хийгээд
боловсрол” сэдвээр хийсэн ярилцлагын хаалтын ажиллагааны үеэр,
Япон, Токио. 2013.11.17. Зургийг Жереми Рассел (ДЛО)
Профессор Мураками хаалтын үгийг хэлэхээр уригдав. Тэрээр энэ хурлыг зохион байгуулсандаа маш их баяртай байгаагаа илэрхийлээд Дээрхийн Гэгээнтэн, хурлын удирдагч, зохион байгуулагч, таван илтгэгчид болон Дээрхийн Гэгээнтний Япон дахь төлөөлөгч Лхагва Цог-д талархал дэвшүүлэв. Оролцогчид алга ташин талархаж байлаа.






Үзсэн: 3 919

Холбоотой мэдээ:
  • Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Японд хүрэлцэн ирлээ
  • Дээрхийн Гэгээнтэн Далай лам 26 дахь удаагийн “Оюун ухаан ба Амьдрал” уулзалтад оролцохоор Мундгод хотноо хүрэлцэн ирэв
  • Японы хууль тогтоогчид болон "Орчин Үеийн Шинжлэх Ухаан ба Буддист Ухаан" сэдэвт хэлэлцүүлэгт оролцогчдод хандан Дээрхийн Гэгээнтэн Далай ламын хэлсэн үг
  • Дээрхийн Гэгээнтэн Далай ламын Токио хотноо эрдэмтэдтэй хийсэн уулзалтын 2 дахь өдөр
  • Дээрхийн Гэгээнтэн Далай ламын Токио хотноо эрдэмтэдтэй хийсэн уулзалт
  •  

    Хуваарь (ойрын)

    Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

    2018 оны 10 дугаар сарын 3-6

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
    Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

    2018 оны 10 дугаар сарын 12-14

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

    Сайтын үндсэн бүтэц