Голландын Парламентын гишүүд болон Төвдийн анд нөхөдтэй уулзлаа

15-05-2014, 05:45  |  Хэвлэх

2014 оны 5 дугаар сарын 13

Голланд, Роттердам, 2014.5.12. – Буддизм болон Төвдийн асуудлыг сонирхдог хүмүүс өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэнтэй зочид буудалд нь ирж уулзав.
“Төвдийн асуудлын тухайд хэд хэдэн чухал сэдэв байгаа ч, өнөөдөр би энд Төвдийн эмзэг байгаль орчинд тулгарч байгаа хор уршгийн талаар хөндмөөр байна. Төвдийн ач холбогдлыг Хойд, Урд туйлтай харьцуулж, Төвдийг гуравдагч туйл хэмээн тодорхойлсон Хятадын экологичийн тайланг би уншиж байсан. Учир нь Азийн томоохон голууд Төвдийн өндөрлөгөөс эх авч, нэг тэрбум гаруй хүн тэдгээр голын уснаас хамааралтай амьдарч байгаа билээ. Жишээ нь, Брахмапутра голыг далангаар хаахад, Энэтхэг, Бангладешийн аль алинд нөлөөлнө.

Голландын Парламентын гишүүд болон Төвдийн анд нөхөдтэй уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Төвдийг дэмжигсэдтэй уулзаж байгаа
нь. Голланд, Роттердам. 2014.5.12. Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
“Өөрсдийн багийг бүрдүүлэн, түүндээ мэргэжлийн хүмүүсийг татан оруулж, Төвдөд юу болж байгааг судлах, ямар хор уршиг нүүрлэсэн байгааг болон юуг илүү дордохоос нь өмнө урьдчилан сэргийлж болохыг үнэлэх үүднээс Төвд рүү явахыг би та бүхэн шиг Төвдийг дэмжигсдэд санал болгодог. Зохих ёсоор мэдээлэл авч чаддаггүй Хятадын засаг захиргаатай олсон мэдээллээ хуваалцаж болох юм” хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдлаа.

Хүний эрх зөрчигдөж байгаа тухайд Дээрхийн Гэгээнтэн тайлбарлахдаа, Хятадын Коммунист намын нарийн бичгийн дарга Төвдийн салан тусгаарлах явдлыг өөгшүүлэх томоохон хүчин зүйл нь буддын шашин соёл хэмээн 15 жилийн өмнө мэдэгдэж байсан гэлээ. Үүний уршгаар сүм хийдүүдийн үйл ажиллагаанд хатуу хяналт тогтоож, тэдгээрт хэрцгийн хандах болсон байна. Энэ нь 2008 оны үймээний шалтаг болсон юм.

“Төвдийн шашны эрх чөлөө зөрчигдөж байгаа сэдвийн хүрээнд гадаа гудамжинд миний эсрэг жагсаал хийж байгаа Шүгдэнг дэмжигсдийн талаар хэдэн үг хэлэхийг хүсч байна. Тэдний батлан хэлж байгаагаар тэд шашны эрх чөлөөг эрэлхийлж байна. Бодит байдал дээр энэхүү муу сахиусыг шүтэж байхдаа би шашны эрх чөлөөгөө алдсан байсан. Тэрхүү сүсэг бишрэл болон сахиус нь бурханы шашны дотоод урсгал чиглэлд маш хатуу ханддаг. Хэрвээ чи шарын шашны урсгалыг дагадаг бол улааны урсгалын аль нэг номыг өрөөндөө хадгалах л юм бол сахиус таныг шийтгэж, танд гай зовлон учруулах болно гэж ярьцгаадаг.”

“Миний багш Лин ринбучи энэ сахиус болон түүнтэй холбоотой зан үйлийг хатуу эсэргүүцдэг байсан хэрнээ намайг өөр нэг ламаас нинмава (улаан)-ын сургааль ном авах гэхэд тэгэх хэрэггүй хэмээн анхааруулж байсан юм. Үүнээс үзэвэл Шүгдэн шүтэхийг хориглосон нь үнэн хэрэгтээ шашны эрх чөлөөг хамгаалж байгаа хэрэг билээ.” гэв.

Хятадад Төвд хэлийг устган, Төвдийн соёл, зан заншлыг дорд үзэж байгаа нь салан тусгаарлах үзлийн жинхэнэ эх үүсвэр болж байна хэмээн тэрээр давтан хэлэв. Хэрвээ нохойг зодвол, нохой зугтана. Хэрвээ хамт байхыг хүсвэл түүнд хайр энэрлээр хандах ёстой. Төвдүүд хүмүүний төрөлтөн учраас тэдэнтэй хүндэтгэлтэй харьцахгүй хэрнээ тэднийг дэд бүтцээр аргацаан хуурах ёсгүй. Төвдүүд амьтад биш, бас ганцаараа зовж байгаа үндэстэн бус. Хятадын туган дээр том таван хошуугаар тэмдэглэгдсэн Хан үндэстнийг тойроод дөрвөн жижиг таван хошуугаар тэмдэглэгдсэн үндэстэн угсаатан болох уйгар, монгол, манж хүмүүс бас зовж байна.

Голландын Парламентын гишүүд болон Төвдийн анд нөхөдтэй уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Төвдийг дэмжигч нартай уулзаж
байгаа нь. Голлонд, Роттердам. 2014.5.12.
Зургийг Жереми Рассел/ДЛО
Зургаахан сая төвд хүн байгаа боловч, тэд өөрсдийн гэсэн баялаг түүх, соёлтой, түүгээрээ бахархах эрхтэй. Харин, төвдийн хэл соёл руу дайрч байгаа нь хүний эрхийн ноцтой зөрчил билээ. Орон нутгийн олон иргэд эсэргүүцэж байгаа уул уурхайн асуудал, дэлхийн хамгийн их хүн амтай, цөмийн зэвсэгтэй Энэтхэг, Хятад гэсэн хоёр их гүрний харилцааны асуудал дараа нь яригдана. Цэргийн асар их хүчийг Төвдөд төвлөрүүлсэн асуудал нь Энэтхэгт харангын дохиог дэлдэнэ. Төвд дэх нөхцөл байдал намжмагц, цэргийн хүчийн ихэнхийг татах ёстой.

Хятадын оюутнуудтай тусдаа ярилцах үедээ Дээрхийн Гэгээнтэн буддын ариун газар болох Утай ууланд очих сонирхолтой тухайгаа дурдлаа. Урьд энэ тухай тавьсан түүний хүсэлтэд түүний улс төрийн үйл ажиллагаа явуулдаг гэдэг шалтгаанаар татгалзсан хариу ирж байжээ. Түүнээс хойш Дээрхийн Гэгээнтэн Тайваний нэгэн ламтай тохиролцсон бөгөөд, хэрвээ түүнд Манзушир бурхантай холбоотой тэрхүү ууланд очих зөвшөөрлийг өгөх аваас Нагаржунагийн “Билгүүний Үндэс” номыг тэнд санскрит, төвд, хятад хэл дээр унших ажлыг зохион байгуулахаар болсон байна. Буддизмын эцсийн зорилго юу вэ гэсэн асуултад, ‘Бурханы хутаг’ хэмээн тэрээр хариулаад өөрийн хувьд бодийн сэтгэлийг үүсгэх, хоосон чанарыг ухаарахад анхаарал хандуулдаг хэмээн нэмж хэллээ. Асуулт тавьсан хүнд хандан, хэрвээ тэрбээр эдгээр зүйлийг мөн дадуулах аваас түүний амьдралд нар гийнэ гэв.

Хятад залуучуудын дунд хятад хүн байснаараа бахархах явдал нэмэгдэж байгаа тухайд, Маогийн үед Хан үндэстний дээрэнгүй үзэл сайшаагдахгүй байсан, өнөөдөр ч дэмжигдэхгүй байна хэмээн Далай Лам хэллээ. Үндэсний үзэл туйлшралд хүрч болохгүй гэж тэрээр үздэг ажээ. Хятадад хүмүүсийг газар сайгүй ажиглаж байгаагийн тухайд, 1.3 тэрбум хятад иргэн юу болж байгааг мэдэх эрхтэй бөгөөд мэдсэний үндсэн дээр зөв, бурууг дэнслэх чадвартай хэмээн Далай Лам хэллээ. Хятадын шүүх засаглал олон улсын стандартад хүртэл хөгжих нь чухал ач холбогдолтой хэмээн тэрээр нэмж хэлэв.

Уулзалтын төгсгөлд нэг оюутан босоод: “Бид Төвдөд хайртай, бид Дээрхийн Гэгээнтэнд хайртай, Төвдүүд ба Хятадууд ахан дүүс” хэмээн хэллээ. Энэ явдал Дээрхийн Гэгээнтэнд нэгэн явдлыг санагдуулсан бөгөөд дараагийн үеийнхэн Далай Ламтай уулзаж байгаасай гэсэн хүслээр нэгэн хятад эр хүүгээ түүнтэй уулзуулахаар дагуулж ирж байжээ.

Голландын Парламентын гишүүд болон Төвдийн анд нөхөдтэй уулзлаа
Голландын парламентын барилгын өмнө Дээрхийн Гэгээнтнийг
хүрэлцэн ирэхэд парламентын гадаад хэргийн хорооны дарга,
хатагтай Анжелина Эйхсинк угтан авч байгаа нь. Голланд, Гааг.
2014.5.12. Гэрэл зургийг Донкерс
Дээрхийн Гэгээнтэн Голландын парламентын гадаад хэргийн хорооны болон парламентын бусад гишүүдтэй уулзахаар өглөө эртлэн Гааг орохоор хөдөллөө. Түүнийг Хорооны дарга, хатагтай Эихсинк угтан авч, хорооны гишүүдийн хуран цугласан танхим руу урин аваачихад, гишүүд халуун дотноор хүлээн авав. Хатагтай Эихсинк түүнийг танилцуулахдаа,

“Таван жилийн дараа таньтай энд дахин уулзаж байгаадаа бид туйлын баяртай байна. Энх тайвны төлөө, хүний эрхийн төлөө таны үйл ажиллагааг бид бахдан биширдэг. Нидерландад тантай дахин ууулзахдаа олон хүн миний адил баяртай байгаа буй заа. Ингээд бидэнд хандан үг хэлэхийг танаас хүсч байна” хэмээн хэллээ.

“Парламентын эрхэм хүндэт гишүүд ээ. Би хүүхэд байхаасаа л ардчилсан тогтолцоог бахдан бишрэгч байсан. Төвдийн улс төрийн үүрэг хариуцлагыг үүрэхээсээ өмнө, үйлчлэгч цэвэрлэгч болон найз нөхдөөсөө би аль нэг албан тушаалтны дээрэлхүү, ашигч, тал засдаг зангийн тухай хов жив сонсдог байлаа. 1951 онд хариуцлагатай албаа авсны дараа би шинэчлэл хийх зорилго бүхий хороог байгуулсан юм. Гэхдээ хятадууд өөрсдийн шинэчлэлийг хийхийг хүссэн учраас миний сэдсэн ажлыг дэмжээгүй юм. 1959 онд Энэтхэгт ирснийхээ дараа би ардчиллыг төвд хүмүүст дэлгэрүүлэх талаар дахин хүчин чармайлт гаргаж эхэлсэн. Ингээд 2001 онд улс төрийн удирдагчийг анх удаа шууд сонгосны дараа би өөрийн үүрэг хариуцлагаасаа хагас, 2011 оны сонгуулийн дараа бүрэн чөлөөлөгдсөн билээ.”

“Би ардчилалд итгэдэг. Удирдагчдад бус, харин ард иргэддээ харьяалагддаг улс оронд би итгэдэг. Та нарын төлөөлдөг аль нэг намд бус, нидерланд хүмүүст Нидерланд орон харьяалагддаг.”

Дээрхийн Гэгээнтэн өөрийгөө 79 настай жирийн нэг буддист лам хэмээн тодорхойлоод, дэлхий дээрх 7 тэрбум хүний нэгэн адил ердийн нэгэн бөгөөд хүн бүр бусдынхаа сайн сайхны төлөө санаа тавих ёстой гэж айлдав. Бид бүгд эхийн хэвлийгээс төрж, эхийн хайранд умбан өссөн бөгөөд ээжүүд бидэнд нигүүлсэхүйн үрийг суулгаж өгсөн хэмээн тэрээр өгүүллээ. Нигүүлсэхүйн сэтгэл, хүний үнэт зүйлийг төлөвшүүлэх явдлыг өөрийн нэг дэх үүрэг хэмээн тодорхойлов. Хэдэн зуун жилийн турш Энэтхэгт бэхжиж ирсэн лугаа шашин хоорондын эв зохицлыг хөгжүүлэх үйлсийг өөрийн хоёр дахь үүрэг гэж тэр хэллээ. Гурав дахь үүргийн тухайд, тэрээр төвд хүн гэдгээ хэлээд, төвдүүд бүгд түүнд итгэл найдвар хүлээлгэж байгаагийн хувьд төвдийн шашин соёлыг хамгаалах явдал гэлээ.

Голландын Парламентын гишүүд болон Төвдийн анд нөхөдтэй уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Нидерландын парламентын гадаад
хэргийн хорооны болон бусад гишүүдтэй уулзаж байгаа нь.
Голланд, Гааг.2014.5.12. Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
“Амар амгаланг эрхэмлэх, хүч үл хэрэглэх Төвдийн соёлыг би хүн төрөлхтөнд ач тусаа өгөх, асар их үнэ цэнэтэй зүйл гэж би боддог. Зөвхөн Төвдийн ард түмний тулд бус, мөн Төвдийн буддизмыг сонирхох сонирхлоо дахин сэргээж байгаа олон тооны Хятадын буддистуудын тусын тулд тэрхүү соёлыг хамгаалахад өөрийгөө зориулж байгаа билээ.”

“Энэ орны болон Европын холбооны ард иргэд хэдэн арван жилийн турш Төвд орон хийгээд төвдийн ард түмний төлөө санаа тавьж ирсэн. АНУ болон Канадтай мөр зэрэгцэн та бүхэн биднийг чин сэтгэлээсээ дэмжиж тусалж ирсэнд талархлаа илэрхийлэхийг хүсч байна.”

Эхний асуулт Хятадын засаг захиргаатай яриа хэлэлцээрээ сэргээх боломж байгаа эсэх талаар байлаа. Хятад, Төвд хоёр үндэстэн 3000 орчим жилийн турш харилцаатай байсан, зарим үед энэ тэдний харилцаа найрсаг, зарим үед таагүй байсан биз ээ хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэв. 1950-аад оны эхээр тэр Хятадын коммунистуудын удирлаган дор илүү сайхан Төвдийг байгуулж чадна гэж найдаж байсан Төвдийн коммунистуудтай хамт Мао даргатай уулзаж байсан ажээ. Харин 1956, 1957 оны үеүдэд Төвдийн коммунистууд түлхэгдэж, нам илүү зүүний шинжтэй болж, илүү уян хатан чанараа алдсан байна.

“Өнөөдөр шинэ удирдагч Си Жинпин аливаад илүү бодитоор, амьдралд ойрхон ханддаг мэт харагдаж байна. Миний хэлж чадах зүйл бол олон жилийн туршид Хятадын коммунист нам хувьсан өөрчлөгдөж байгаа бодит байдалд зохицуулан үйл хөдлөл хийх чадвартайгаа үзүүлж байна.”

Төвдийн талаар тэр болон түүний нөхөд өөр юу хийж чадах талаар асуусан дараагийн асуултад Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа, Төвдийн байгаль орчин сүйдэж, хүний эрх зөрчигдөж байгаад анхаарлаа хандуулж, санаа тавих нь туйлын чухал хэмээлээ. Лю Сяобод тэдний дэмжлэг мөн хэрэгтэй байгааг тэрээр сануулав. Төвдөд зулын гол болж байгаа үйл явдал нь эсэргүүцлийн илэрхийлэл үү, уур хилэн, эсвэл цөхрөлийн илэрхийлэл үү гэсэн асуултад, Дээрхийн Гэгээнтэн “Цөхрөл” хэмээн хариулав. Тэрээр хэлэхдээ,

“Бид төвдүүд өөрсдийн соёлоо дээдэлдэг, та бүхэн ч бас адилхан гэдэгт итгэж байна. Гэхдээ өнөөгийн хяналт, дарамт нь ихэнх төвд хүмүүс амьдралаа егүүтгэхээр зэхэхэд хүртэл хүргэж байна. Хятадын хатуу чиг шугамыг баригсад эдгээр эрс алхам хийхийг өдөөн хатгасан хэмээн биднийг буруутгадаг, 2008 оны эсэргүүцлийн хөдөлгөөнд биднийг буруутгадаг учраас энэ бол улс төрийн ярвигтай асуудал юм” гэв.

Голландын Парламентын гишүүд болон Төвдийн анд нөхөдтэй уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Голландын парламентын
танхимд парламентын гадаад хэргийн хорооны болон
парламентын бусад гишүүдтэй уулзаж байгаа нь.
Голланд, Гааг. 2014.5.12. Гэрэл зургийг Донкерс
Дээрхийн Гэгээнтэн цааш явах эрч хүчийг хаанаас авдгийг хорооны гишүүд мэдэхийг хүслээ. Тэр хариулахдаа,

“Төвдийн төлөө дуугарах эрх чөлөө надад байна. Эх орондоо байгаа төвд хүмүүсийн сэтгэл мохоогүй бөгөөд “Дундаж Хандлага”-ыг маань тэд дэмждэг. Миний бодлоор юмс өөрчлөгдөж байна. Илүү их ардчилал, эрх чөлөө рүү чиглэсэн дэлхийн хандлагыг Хятад ч мөн дагах ёстой” хэмээв.

Гишүүдийн дундаас нэгэн залуу эцгийн одоо зургаан сартай хүүтэйгээ хүний үнэт зүйлсээс хэрхэн хуваалцах ёстой вэ гэсэн асуултад эцэг болох талаар туршлага байхгүй ч тэрээр хэлэхдээ,

“Хүүгээ өсгөж хүмүүжүүлэх агуу боломж танд байна. Хүүхдэдээ хүрч энхрийлэх нь хүүхдийн өсөлт бойжилт, ялангуяа тархины хөгжилд чухал хүчин зүйл болдгийг эрдэмтэд олж нээсэн. Хүүхдэдээ хайр энэрлээ үзүүлэх нь туйлын чухал. Миний тухайд, ээж маань үнэхээр сайхан сэтгэлтэй хүн байсан, бид баян чинээлэг байгаагүй ч, тэр биднийг агуу их хайр халамжаар энхрийлж өсгөсөн. Ээж маань нигүүлсэхүйг заасан анхны багш минь билээ” гэв.

Анжелине Эйхсинк,

“Манай парламентад мэргэн ухаанаа тээж ирсэн танд баярлалаа” хэмээн хэлснээр уулзалтыг хаалаа.

Нар ээсэн энэ өдөр Дээрхийн Гэгээнтнийг зэрвэсхэн ч гэсэн харахыг хүссэн сэтгүүлчид, сургуулийн сурагчид парламентын байрны гадаа хүлээж байлаа. Дээрхийн Гэгээнтэн гараа даллан, инээмсэглэсээр цааш хөдөлсөн байна.

Голландын Парламентын гишүүд болон Төвдийн анд нөхөдтэй уулзлаа
Эрасмус их сургуульд болсон "Сэтгэлийн боловсрол" сэдэвт
семинарын эхэнд Голландын ерөнхий сайд асан Рууд Люббэрс
Дээрхийн Гэгээнтэн Далай ламыг танилцуулж байгаа нь. 2014.5.12.
Гэрэл зургийг Донкерс
Үдийн зоогийн дараа Дээрхийн Гэгээнтэн Голландын хүмүүнлэгийн нэрт зүтгэлтний нэрээр нэрлэгдсэн Эрасмус их сургууль дээр зохион байгуулагдсан ‘Сэтгэлийн боловсрол’ сэдэвт семинарт оролцлоо. Дээрхийн Гэгээнтнийг түүний эртний анд, Голландын ерөнхий сайд асан Рууд Люббэрс танилцуулав. Дээрхийн Гэгээнтний айлчлалд зориулан зохиосон дууг хөгжимчид тоглож үзүүллээ. Орчин үеийн боловсролын тогтолцоонд хүний үнэт зүйл, иргэний ёс суртахууныг тусгах тухай өгүүлсэн Дээрхийн Гэгээнтний ‘Шашнаас Ангид’ номноос урам зориг аван ‘Сэтгэлийн боловсрол’ сэдэвт семинарыг зохион байгуулахаар санаачилсан тухайгаа семинарын оролцогч 600 хүний өмнө зохион байгуулагч Даниэл Сигел хэллээ. Тэрээр Дээрхийн Гэгээнтнээс дэлхийг тойрсон аяллаасаа санаа авч бичсэн тэрхүү сэдвийн талаар санал бодлоо хуваалцахыг хүслээ.

“Юуны өмнө та бүхэнтэй хамт энэхүү семинарт оролцож байгаагаа нэр төрийн хэрэг гэж үзэж байна. Залуу хүүмүүстэй хийсэн уулзалт намайг ч залуу болгодог учраас энэ олон залуучуудыг харж байгаадаа үнэхээр аз жаргалтай байна. Ирээдүйн бидний итгэл найдварыг агуулж байгаа хүмүүс бол та нар юм. 60 наснаас дээш насны хүүмүүс бол 20 дугаар зуунд харьяалагдах бөгөөд тэдний эрин үе дуусч байна. Бид өнгөрснөөс сурч болох ч, өөрчилж үл чадна. Гэхдээ ирээдүй бол сар огторгуй лугаа олон боломжоор дүүрэн, олон зам бүхий билээ. 21 дүгээр зууны эзэд залуу ахан дүүс та нарт ирээдүйг бүтээх, илүү сайхан дэлхий ертөнцийг бий болгох боломж байна “

“Боломж гарах төдийд хүч хэрэглэхээр ухасхийж байсан 20 дугаар зууны жишээг бүү дагацгаагаарай. Хүндрэлтэй асуудлыг өөр аргаар шийдвэрлэхийг оролдох хэрэгтэй. Хүч хэрэглэх, хүчирхийлэл үйлдэх нь одоо хуучирсан арга болоод байна. Эн тэргүүнд хүн төрөлхтний хувьд хамгийн ашигтай хувилбар нь юу вэ гэдэг талаар бодох шаардлагатай. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн эдийн засгийн хямрал нь биднийг хүн төрөлхтнийг нэгэн гэр бүл хэмээн харахад хүргэж байна. Бид урьд өмнө байгаагүйгээр бие биенээсээ хамааралтай болсон ч, ‘манай’, ‘тэдний’ гэж бодох хандлага бидэнд байсаар байгаа нь хэтийн төлвөө бодит бусаар харах, алдаа хийхэд биднийг хүргэж байна. Мөн дэлхийн өнцөг булан бүрт баян хоосны асар том ялгаа буй болж байна.”

“Хүн төрөлхтний анхаарлыг ёс суртахууны зарчим руу хандуулах чиглэлд бид хүчин чармайлт гаргах хэрэгтэй боловч, тэр нь шашны итгэл бишрэл дээр суурилах аваас бид хүндрэл бэрхшээлтэй тулгарна. Дэлхийн 7 тэрбум хүний нэг тэрбум нь шашныг огт сонирхохгүй байгаа тохиолдолд шашин бүрт чадах зүйлийн хязгаар байгаа бөгөөд тэдгээрийн алиныг нь ч дэлхий нийтээр хүлээн авах боломжгүй юм. Үүний шийдэл нь иргэний ёс суртахууны асуудлыг боловсролын тогтолцоонд тусгах явдал билээ” хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдлаа.

Голландын Парламентын гишүүд болон Төвдийн анд нөхөдтэй уулзлаа
Эрасмус их сургуульд болсон семинарын үеэр Дээрхийн
Гэгээнтнээс оюутан асуулт асууж байгаа нь. Голланд,
Роттердам. 2014. 5.12. Гэрэл зургийг Донкерс
Гурван залуу эмэгтэйн тоглосон гайхалтай аялгууны дараа асуулт хариулт эхлэв. Нигүүлсэхүйн үйлс хийхэд эр зориг, өөртөө итгэх итгэл хэрэгтэй гэдгийг Дээрхийн Гэгээнтэн онцлон тэмдэглэлээ. Энэтхэгийн буддист багшийн зөвөлгөөн дээр тулгуурлан тэрээр хэлэхдээ, юуг хийж чадах, эс чадахаа бодитоор үнэлэх нь чухал ач холбогдолтой хэмээв. Танд тулгарсан бэрхшээлийг даван туулж чадах аваас санаа зовох юуны шаардлага байна, хэрвээ даван туулж чадахгүй аваас санаа зовсон ч тусыг эс олмой гэсэн байдаг. Энэ бол бодит, амьдралд ойр хандлага мөн.

Их сургуулийн талбайд Дээрхийн Гэгээнтэн мод тарих ажилд хэсэг оюутны хамт оролцов. Модонд хадаг зүүнгээ тэрээр модыг өндөр бөгөөд бат бэх ургахын, нигүүлсэхүйн үр дэлхий даяар тархан түгэхийн ерөөл айлдав.

Дээрхийн Гэгээнтэн маргааш Германы Франкфурт хотод очиж, иргэний ёс суртахуун болон нигүүлсэхүйн талаар олон түмэнд яриа хийнэ.
Үзсэн: 2 229
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц