Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дарамсалад гадаадын иргэдэд зориулж яриа хийлээ

30-05-2014, 21:28  |  Хэвлэх

2014 оны 5 дугаар сарын 28

Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, 2014.5.28- Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд хийж буй хоёр дахь удаагийн олон нийтэд зориулсан айлдварын үед МакЛеод Ганжид тааламжтай дулаахан байсан бөгөөд айлдварыг сонсохоор 62 орны 1500 орчим хүн, түүний дотор 300 энэтхэг хүн цугласан байлаа. Дээрхийн Гэгээнтэн өөрийн өргөөнөөс Зүглагхан дуган рүү явган явж очиход цугласан олныг үндэстнээр нь болон бүс нутгаар нь хуваарилан зохион байгуулсан байв. Тэрээр хүссэн хүмүүстэй хамт зургаа авахуулж, гар барин, мэндчилж байлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дарамсалад гадаадын иргэдэд зориулж яриа хийлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай лам түүний айлдварыг сонсохоор хуран
цугласан хүмүүсийн төлөөлөлтэй зургаа авахуулж байгаа нь.
Энэтхэг, Дарамсала, 2014.5.28. Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
Гэрэл зурагчдын ажил дуусч, хуран цугласан олон суудлаа эзэлж байх хооронд тэрээр Зүглагхан дуганд залбирал үйлдэхээр орлоо. Дарамсалад зочлон ирсэн зочид хийгээд олон түмэнтэй үе үе уулзаж байх заншлаа дахин сэргээхээр шийдээд байгаагаа Дээрхийн Гэгээнтэн айлдлаа.

“Бие бялдрын, оюун ухааны, сэтгэл санааны хувьд бид бүгд ижил. Бүгд аз жаргалтай амьдрахыг хүсдэг, тийнхүү амьдрах эрх ч бидэнд буй” хэмээн тэрээр яриагаа эхэлсэн юм.

Эд материалд дулдуйдсан ертөнцөд аз жаргалтай гэдгээ олон хүн мэдрэхүйн эрхтэнээрээ дамжуулж мэдрэхийг хүсдэг ч, энэ нь удаан насгүй байдаг тухай тэр хэллээ. Дотоод амар амгаланг хөгжүүлэх нь илүү үр өгөөжтэй хэмээн үргэлжлүүлэв. Бид бүгд хувийн ашиг сонирхолдоо хөтлөгддөг хэмээгээд, “Зөвхөн хар амиа муйхарлан бодохын оронд бусдын төлөө санаа тавих замаар хувийн ашиг сонирхлыг ухаалгаар зохицуулах нь гол түлхүүр” хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дарамсалад гадаадын иргэдэд зориулж яриа хийлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай лам 1500 орчим гадаад болон энэтхэг
хүмүүст яриа хийж байгаа нь. Энэтхэг, Дарамсала, 2014.5.28.
Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
Төвдийн буддист уламжлалд ийм байдлаар оюун санааны дасгал хийх мэдлэгийг Энэтхэгт цэцэглэн хөгжиж байсан Наландагийн их сургуулиас өвлөн авсан ажээ. Тэрээр төвдүүдийн их гүрү багш хэмээн боддог эртний Энэтхэгийн сэтгэгч нарт талархаж явдгаа илэрхийлээд, шашны аливаа уламжлалд иргэдийн зүгээс хүндэтгэлтэй ханддаг эртний энэтхэгийн хандлагаас улбаатай шашин хоорондын гайхамшигтай эв зохицол, ахимса, хүч үл хэрэглэх зарчмын өнө удаан жилийн түүхт уламжлалаа хадгалж явахыг өнөөгийн энэтхэг иргэдэд хандан уриалав.

Танхимаас тавьсан нилээд хэдэн асуултад тэрээр хариулахдаа, бидний эргэн тойронд дэлхий ертөнц хичнээн ярвигтай байсан ч, асуудлыг хүчирхийллийн бус, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэх нь дандаа ухаалаг байх болно гэдгийг батлан хэллээ. Найз нөхдийн хувьд төвд хүмүүст хэрхэн дэмжлэг үзүүлэх тухай асуултад Далай Лам, Төвдийн асуудал бол шударга үйл хэрэг учраас Төвдийг дэмжих нь шударга ёсыг дэмжихтэй агаар нэг хэмээн хариулсан юм. Энэ нөхцөл байдлыг заримдаа тэрээр буу зэвсгийн хүч хийгээд үнэн мөнийн хүчний хоорондох тэмцэл хэмээн тодорхойлдог гэв. Ойрын зайд буу зэвсэг илүү хүчтэй, үр дүнтэй байж болох ч, алс хэтдээ шударга үнэний хүч дандаа ялдаг хэмээн тэр хэлэв. 21 дүгээр зууны иргэд болох өнөөгийн залуу үеийнхэн илүү аз жаргалтай, илүү амар амгалан дэлхий ертөнцийг бүтээж чадна гэдэг талаар өөдрөг үзэлтэй байгаагаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийллээ.
Үзсэн: 2 159
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц