Амьдрах, хайрлах, инээх, үхэх:Буддист зам мөр – Мумбай дахь айлдварын хоёр дахь өдөр

2-06-2014, 05:50  |  Хэвлэх

2014 оны 5 дугаар сарын 31

Энэтхэг, Махараштра, Мумбай, 2014.5.31- Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдвараа үргэлжлүүлэхийн өмнө Сомайяа оюутны хотхонд шинээр нээгдэж буй Сомайяа сургуулийн нээлтийн ажиллагаанд оролцсоноор энэ өдрийн үйл хэргээ эхэллээ. Бөмбөрийн хүчтэй нүргээн дор бүжиглэх хүүхдүүд түүнийг мэндчилэн угтав. Сургуулийн үүдэн дэх дурсгалын самбарыг нээсний дараа тэрээр дотогш орлоо. Сургуулийн танхимд хуран цугларсан эцэг эх, багш нар, хүүхдүүдийн өмнө сурагчдын зарим нь сургуулийн мөргөлийг санскрит хэлээр уншиж, зарим нь өмнөд энэтхэгийн бүжгийг бүжиглэж байв.

Амьдрах, хайрлах, инээх, үхэх:Буддист зам мөр – Мумбай дахь айлдварын хоёр дахь өдөр
Сомайяа сургуулийн нээлтийн арга хэмжээний үед сурагчид
Дээрхийн Гэгээнтэнд зориулж бүжиглэж байгаа нь. Энэтхэг,
Мумбай. 2014.5.31. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
“Залуу анд нөхөд минь, Би энд дахин хүрэлцэн ирсэндээ тун баяртай байна. Энэ завшааныг ашиглан Сомайяа гэр бүлийн 3 үеийнхний нөхөрлөлд талархаж явдгаа хэлэхийг хүсч байна. Боловсролын төлөө та бүхний хийсэн бүхий л ажлыг үнэлж буйгаа илэрхийлье” хэмээн Дээрхийн Гэгээнтэн үгээ эхэллээ.

“Энэтхэг бол дэлхийн хамгийн их хүн амтай, ардчилсан, дэлхийн бүхий л томоохон шашин эв зохицолтойгоор, энх тайвнаар зэрэгцэн оршиж байдаг орон юм. Хүн ардын амьдралыг дээшлүүлэхийн тулд бид боловсролд илүү анхаарах хэрэгтэй. Засгийн газрууд санал санаачилга гарган ажиллаж байгаа ч, авлигаас болж гаргасан сан хөрөнгө нь зорьсон зорилгод нь хүрч ашиглагдахгүй байх шиг байна. Танай байгууллага лугаа хувийн хэвшлийнхэн үүнд тодорхой үүрэг гүйцэтгэж байна. Янз бүрийн байгууллагын зүгээс хөдөө орон нутагт үр бүтээлтэй хувь нэмэр оруулж байсны гэрч болох хувь надад тохиож байсан бөгөөд тэд өөр хоорондоо үзэл бодол, туршлагаа солилцон, илүү хамтран ажиллах аваас маш үр дүнтэй байх болно”.

Тэрээр цааш нь үргэлжлүүлэн хэлэхдээ, Хятад орон хэдийгээр өөрчлөгдөж байгаа боловч, одоохондоо хараахан ардчилсан орон болоогүй байна гэв. Хятадад үлгэр жишээ болохуйц олон зүйл Энэтхэгт бий. Эртний соёл иргэншлүүдийн дунд Энэтхэг орон нь нөлөө бүхий сэтгэгчид, гүн ухаантнуудыг их хэмжээгээр төрүүлж чадсан орон билээ. Ахимса, хүч үл хэрэглэх зарчим нь он удаан жилийн түүхтэй уламжлал бөгөөд энэ уламжлалын хүрээнд ч шашин хоорондын эв зохицлыг дэмжиж ирсэн байна.

Амьдрах, хайрлах, инээх, үхэх:Буддист зам мөр – Мумбай дахь айлдварын хоёр дахь өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сомайяа сургуулийн багш,
сурагчдын өмнө үг хэлж байгаа нь. Энэтхэг, Мумбай.
2014.5.31. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
“Сайн, муу ямар ч байсан бид өнгөрсөн цаг хугацааг зүгээр л давтаж чадахгүй учраас бид урагшаа тэмүүлэх ёстой. Энэтхэг орон эртний үнэ цэнэт зүйлс дээрээ суурилсан ирээдүйг байгуулах ёстой. Үүний үр өгөөжийг 1.2 тэрбум Энэтхэгийн иргэд хүртэхээс гадна, Ази, цаашилбал нийт дэлхийн хүн амын сайн сайханд үнэтэй хувь нэмэр болох билээ. Хятад орон сэрж байна, тиймээс Энэтхэгтэй зөв өрсөлдөөнийг өрнүүлэх буй заа. Энэтхэг орон боловсролдоо анхаарал тавьж, уйгагүй хөдөлмөрлөх шаардлагатай байна. Орчин үеийн боловсрол дангаараа хангалттай бус, үүнд дотоод үнэ цэнийн тухай ойлголтыг нэмэх шаардлагатай. Эрдэмтэдтэй хийх хэлэлцүүлгүүдийн үеэр оюун ухаан хийгээд сэтгэл хөдлөлийн тухай эртний Энэтхэгийн гүн гүнзгий мэдлэгийн үнэ цэнийг би байнга магтан хэлдэг. Нигүүлсэхүй, хайр зэрэг сэтгэлийн зөв хандлагын тусламжтайгаар атаа хорсол, шунал зэрэг сөрөг хандлагыг хэрхэн сөрөх талаар эндээс суралцах хэрэгтэй бөгөөд энэ мэдлэгийг боловсролын тогтолцоонд оруулах хэрэгтэй байна. Эрүүл мэндээ тэтгэхийн тулд бие бялдрын эрүүл ахуйг хангах тухай бид заадаг шигээ сэтгэлийн эрүүл ахуйн талаар мөн заах хэрэгтэй байна.”

Сэтгэлийн сөрөг хандлагаас болж 20 дугаар зуунд хэд хэдэн томоохон дарангуйлал бий болж байсан бөгөөд энэ мэт бидний оюун ухаан самуурахаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ. Харин бид хайр, нигүүлсэхүйг дээдэлж, энгийн амьдралаар амьдарч байсан Махатма Гандиг үлгэрлэн дууриах нь зүйтэй.

“21 дүгээр зууны залуу охид, хөвгүүд та бүхэн өсч өндийгөөд, 20 дугаар зуунд бидний үеийнхний буй болгосон олон хүндрэл, түүний дотор экологийн сүйрлийг шийдэх асуудал та бүхний өмнө тулгарна. Энд байгаа багш нарын хувьд хүүхдүүдийн толгойг мэдээллээр зөвхөн дүүргэх төдий бус, харин тэдний оюун ухааныг нээж өгөх арга замыг зааж өгөх нь зүйтэй. Санаачлагатай, бүтээлч байхыг хөгжүүлэхэд учир шалтгааны ухаан, сэтгэл зүйд суралцах нь ач тустай. Хүүхдүүд сайхан сэтгэлтэй байж, эргэн тойронд байгаа бусдынхаа төлөө хариуцлага хүлээж сурах шаардлагатай байна.”

Амьдрах, хайрлах, инээх, үхэх:Буддист зам мөр – Мумбай дахь айлдварын хоёр дахь өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сомайяа Видяавихар оюутны
хотхоны танхимд. Энэтхэг, Мумбай. 2014.5.31.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Дээрхийн Гэгээнтний айлдварыг сургуулийн хэд хэдэн жижиг театрт шууд дамжуулж байсан бөгөөд тэдгээрийн нэгэнд өөрийн биеэр ирж сонсогчидтойгоо уулзсаны дараа ном айлдах дараагийн газар луугаа хөдөлсөн билээ.
Дээрхийн Гэгээнтэн Наландагийн 17 их сэтгэгчид хүндэтгэл үзүүлээд, Бурхан Багшийн харилцан хамааран үүсэх тухай сургаалийг Нагаржуна мөнхөд магтан биширдэг байсан ба өөрөө ч адил зүйлийг дэвшүүлсэн хэмээн тэмдэглэн хэллээ. ‘Билгүүний Үндэс’ хэмээх гол зохиолоос эхлээд гүн ухааны үндсэн зохиолуудаас гадна Нагаржуна магтаал шүлэг олныг зохиосныг тэрээр дурсан ярилаа. Энэ зохиол нь 4 ба 5 дугаар зууны үед хятад хэлнээ орчуулагдсанаас гадна төвд хэлнээ орчуулагдахын өмнө Хятад, Солонгос, Япон, Вьетнамд нөлөө бүхий бүтээл байсан ажээ.

Арьядева нь Нагаржунагийн гол шавь байсан бөгөөд ‘Бодьсадын иогийн үйлийн “Дөрвөн Зуут’-г зохиосон байна. Түүнийг Буддапалита залгамжилж, үндсэн хувилбарт хийсэн түүний тайлбар түүний нэрээр нэрлэгдэх болсон ажээ. Түүнтэй эн зэрэгцэхүйц бүтээл болох ‘Учир Шалтгааны Дөл’ зохиолыг Бхававивека бичсэн байна. Дараа нь Чандракирти гарч ирсэн бөгөөд судрын хийгээд тарнийн бүрэн ёсны талаар бичиж үлдээсэн ажээ. Дээрхийн Гэгээнтэн Нагаржунагийн үзэл бодлын талаар тайлбарлаж, Прасангака-Мадхьямака сургуулийн талаар танилцуулж, бодьсадын олон дадлуудын талаар тайлбарлалаа. Энэ бүхэн мөн Шантидевагийн ‘Бодьсадын Явдалд Орохуй’ болон ‘Дадлын Товчоон’ номын сэдэв болж байсан байна.

Агуу эрдэмтэн Шантаракшита Иог-Чара-Сватантрика-Мадхьямака сургуулийг үүсгэн байгуулсан ба тэнд “сэтгэл төдийтөн”-ий үзэл болон “төв үзэл”-ийн сургуулиудыг нэгтгэсэн байна. Буддизмыг Төвдөд дэлгэрүүлэхэд нь түүнд шавь Гамалашила нь тусалсан ажээ. Гамалашила нь тодорхой үзэл үгүй бясалгалаар дамжуулан дадлыг суулгах ганцхан боломж буй хэмээн үздэг Хятадын лам хувраг нартай мэтгэлцээн өрнүүлж байсан бөгөөд Төвдөд байхдаа ‘Бясалгалын Зэргэмж’ хэмээх зохиолоо бичсэн байна. Эдгээр их сэтгэгчид өнөөдөр ч төв үзлийн бүлэгт харьяалагдана. Тэдний араас дадлыг өргөнөөр суулгах бүлгийн сэтгэгчдэд зориулсан магтаалууд урсана. Тэдний эхний хүн нь “сэтгэл төдийтөн”-ий сургуулийг үндэслэгч Асанга болон түүний дүү буюу Абидармагийн тухай өөрийн бүтээлдээ буддизмын огторгуй судлалыг гаргаж тавьсан Васубанду нар орно. Тэдний араас учир шалтгааны хийгээд танин мэдэхүйн ухааны сэтгэгчид болох Дигнага болон Дармакирти нар залгамжлан гарч ирсэн. Дараа нь багшийгаа гүйцэж түрүүлсэн Васубандугийн шавь Вимуктисена болон Майдарын ‘Илт Онохуйн Чимэг’ болон билиг баримадын зохиолуудад тайлбар хийсэн Харибадра нар гарч ирсэн.

Амьдрах, хайрлах, инээх, үхэх:Буддист зам мөр – Мумбай дахь айлдварын хоёр дахь өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сомайяа Видяавихарт ном айлдах
үеэр хөгжилтэй инээж байгаа нь. Энэтхэг, Мумбай. 2014.5.31.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Харибадрагаас өмнөх эрдэмтэд буддын ном зохиол дахь Судрын болон Абидармагийн хэсэгт санаа тавьдаг байлаа. Гунапрабха болон Шакьяапрабха нар винайн ёсны талаар их бичиж байжээ. Эцэст нь ‘Бодь Мөрийн Зул’ зохиолын зохиогч Дибамгара Адиша, сүм хийдийн сахилга батын асуудлыг сэргээж, Төвдийн буддизмын 4 урсгал чиглэлийг жигд хөгжихэд нөлөө үзүүлсэн ажээ.

Дээрхийн Гэгээнтэн дараа нь Нагаржуна гэгээний өөрийн анд, хаан Гаутамипутрад захидал хэлбэрээр бичсэн ‘Эрдэнийн Эрхин’ зохиолын талаар тайлбарлав. Эхний шүлэгт хамаг амьтны цорын ганц анд нөхөр бол Будда, учир нь бусдад зам мөрийг заасан ганц хүн, юуг даван туулж, юуг хүлээн авах талаар тодорхой заасан нэгэн бол Будда юм гэжээ. Тэр л энэрэнгүйн зам мөр хийгээд өөрийн дотоод дахь хоосон чанарын тухай ойлголтыг хөгжүүлсэн ажээ. Илүү дээд төрлийг олох, тодорхой сайн сайханд зорихын тулд шүтэн барилдлагын хуулийг ойлгож, муу үйлээс татгалзаж, сайн үйлийг хийх шаардлагатайг тэр зааж сургасан хэмээв.

Үдийн хоолны дараа буцаж ирээд, Дээрхийн Гэгээнтэн танхимд суугаа олонд хандан асуулт тавихыг хүслээ. Эхний хүн Дээрхийн Гэгээнтнийг гэртээ байхдаа өдрийг хэрхэн өнгөрүүлдэг тухай асуув. Тэрээр хариулахдаа,

“Юуны өмнө би буддист хүний хувьд винайн ёсыг сахин амьдардаг. Би Муласарвастивадин уламжлалын 253 дэг жаягийг баримталдаг. Үүний өмнө бидний ярианд хөндөгдсөн Наландагийн их багш нарын шавийн хувьд, боломжтой цаг бүрт би уншиж, судлахыг эрмэлзэж, ялангуяа Нагаржуна, Чандракирти, Шантидева нарын зохиол бүтээлийг судалдаг. Би бараг өдөр бүр уншиж, бодож, бясалгадаг. Би өглөөний 3 цагт босоод, 5 цагийн турш бясалгадаг. Дараа нь би хүмүүстэй уулзаж, хэрэгтэй хэрэггүй зүйл хийж цагийг өнгөрөөдөг.
7 - 7.30-ийн хооронд би унтдаг. Миний туршлагаас үзэхэд энэрэнгүй үзлийг төлөвшүүлж, хоосон чанарыг ухаарах нь асар их ач холбогдолтой. Би одоо 79 настай, амьдралынхаа ихэнхийг дүрвэгсдийн маягаар өнгөрөөсөн боловч, энэ нь надад ач тусаа өгсөн” хэмээв.

Наландагийн их сургуулийг дахин сэргээх эсэх тухайд, 1956 онд тэр Энэтхэгт ирэхдээ энэ төслийн санд хувь нэмрээ оруулахаар Жоу Эньлайн өгсөн чекийг авчирч байснаа ярилаа. 1959 онд тэрээр Энэтхэгт ирсний дараа ерөнхий сайд асан Абдул Калам энэ асуудлыг сонирхох хүртэл олигтой дэвшил гарахгүй байсаар байсан байна. Гэхдээ улс төрийн зарим үзэл бодлын нөлөөгөөр энэ асуудлыг хойш тавихаас өөр аргагүй болсон хэмээн тэр тайлбарлав.

Лам гурван эрдэнэд хэрхэн аврал одуулах тухай түүнээс асуухад, Бурхан Багшийг бид хэдийгээр багш хэмээн үздэг ч, өөрийн оюун ухаандаа хөгжүүлсэн дээдийн ном бол жинхэнэ аврал хэмээн тэр хариуллаа. Өөр нэг хүн ‘Бадамлянхуан судрыг’ өнөөгийн нөхцөлд хэрхэн уялдуулан зааж болох талаар асуухад, энэ судрыг тийм ч сайн мэдэхгүй гэдгээ Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Тэрээр цааш нь хэлэхдээ, нэг ном, эсвэл нэг төрлийн залбирлын хүчээр аль нэг Ариун газарт дахин төрөх боломжтой гэдэгт эргэлзэнгүй ханддаг гээд, өөр бусад номноос лавшруулан уншиж байхыг асуулт асуусан хүнд зөвлөлөө.

Амьдрах, хайрлах, инээх, үхэх:Буддист зам мөр – Мумбай дахь айлдварын хоёр дахь өдөр
Сомайяа Видяавихарт зохион байгуулагдаж буй хоёр дахь өдрийн
айлдварын үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асууж
байгаа нь. Энэтхэг, Мумбай. 2014.5.31. Гэрэл зургийг
Тэнзин Чоежор /ДЛО
Випашнагийн тухай асуултад Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа, ухамсрын янз бүрийн түвшин, тухайлбал өдрийн ухамсарт байдал, зүүдний байдал, гүн нойрны байдал, ухаан алдах ба үхэх үеийн нарийн ухамсар зэрэг байдаг хэмээв. Сүүлийн 55 жилийн хугацаанд лам нар клиник үхэлд хүрсэн хэрнээ бие махбодь нь муудахгүй байсаар байсан хэд хэдэн тохиолдол гарсныг тэр дурдлаа. Тэрээр таалал төгссөнөөсөө хойш 23-24 хоногийн турш ийм байдалд байсан Трисур ринбучигийн жишээг дурдсан бөгөөд бэлтгэгдсэн хүмүүсийн хувьд хангалттай хугацааг үзүүлсэн түүний биеийг Дарамсалагийн Дэлэг эмнэлгээс судлан шинжлэхээр аваад явсан ажээ. Тэмдэглэгдэн үлдсэн зүйлс нь тархины тайлбарлашгүй үйл ажиллагааг харуулсан бөгөөд Төвдийн буддистууд үүнийг тайлбарлахдаа, мэргэн ухааныг ойлгоход ашиглаж болох туйлын нарийн ухамсрын үргэлжлэн оршсоор буй нь энэ гэдэг.

‘Эрдэнийн Эрхин’ зохиолын нэгдүгээр бүлгийн тухай тайлбартаа эргэн ороод тэрээр, 100 шүлгийн үлдсэн хэсгийг тоймлон тайлбарлав. Тэрээр зурган дээрх амьдралын хүрдний тайлбарыг заагаад, Бурхан Багшийн заавраар боловсролын хэрэгсэл болгон бүтээсэн гэж ярьдаг гэлээ. Мунхгийн харанхуй, өөрт хамаатуулах бодол, уур хилэнг төлөөлж буй гахай, тахиа, могой болон 6 зүйлийн орон, түүнийг тойрсон хүрээ, мунхгийн харанхуйгаас эхэлж, өндөр наслалт, үхлээр дуусдаг харилцан хамааран үүсэхийн 12 шүтэн барилдлагын талаар тайлбарлан ярилаа.

Бүлгийн төгсгөлд ирээд, хэдийгээр хэцүү ч тэрээр 13 насандаа хоосон чанарын ойлголттой танилцаж эхэлсэн гэлээ. Тэр 30 орчим насандаа зовлонгийн эх нь мунхаг боловч түүнээс ангижрах боломжтой гэсэн мэдрэхүйг хөгжүүлсэн хэмээлээ. Энэрэнгүйн үзлийг төлөвшүүлэх нь маш сайн боловч, тэр нь мунхгийн харанхуйн эсрэг ерөндөг биш бөгөөд хоосон чанарыг ухаарснаар гагцхүү түүнийг ялж болно. Тэрээр ядуучуудыг хооллох агуу ажил хийдэг гайхалтай свами хүнтэй өнгөрсөн жил уулзсанаа дурслаа. Дээрхийн Гэгээнтэн түүнд буддизм болон хиндуизм нь хоёр ихэр лугаа ёс суртахуун, төвлөрөл хийгээд мэргэн ухааны тухайд мэдлэг туршлагаа хуваалцдаг хэмээн хэлсэн байна. Ганц ялгаа нь, свами атман буюу дотоод би-д итгэж, түүнээсээ үр өгөөж хүртдэг гэсэн бол Дээрхийн Гэгээнтэн анатман буюу дотоод би үгүй гэдэгт итгэдэг бөгөөд энэ бүхэн тэр хоёрын аль алиных нь хувийн асуудал ажээ.

Дээрхийн Гэгээнтэн сонсогчдод сайхан амрахыг ерөөгөөд, төлөвлөсөн хугацаанаасаа нэг цаг илүү айлдсан номоо дуусгалаа. Маргааш тэрээр айлдвараа үргэлжлүүлнэ.
Үзсэн: 2 883
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц