Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Помайа дахь айлчлал өндөрлөж байна

15-06-2014, 17:05  |  Хэвлэх

2014 оны 6 дугаар сарын 14

Итали, Тоскана, Помайа. 2014.6.13 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөө өглөө Лама Зонхов институтад бүтээсэн 5 метр өндөр, 4 мутарт Жанрайсиг бурханы дүрийг равнайллаа. Бурханыг бүтээсэн уран гартангуудыг тэрээр магтан сайшаагаад, хүндэтгэл үзүүлэн хадаг өргөв. Арга хэмжээнд оролцсон 1000 гаруй хүнд хандан Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ, бүтээн босгосон бурханд зөвхөн мөргөж залбирах бус, буддын бодит сургаалийг судлахын чухлыг онцлон тэмдэглэсэн юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Помайа дахь айлчлал өндөрлөж байна
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Лам Зонхов институтад зочлох
үедээ олон нийтэд хандан үг хэлж байгаа нь. Итали, Тоскана,
Помайа. 2014.6.13. Гэрэл зургийг Фильм Про
Томоохон бүх шашинд шашны, гүн ухааны, соёлын гэсэн гурван ухагдахуун байдаг тухай Дээрхийн Гэгээнтэн ярив. Түүнчлэн хайр, нигүүлсэхүйг хөгжүүлэх тухай үндсэн сургаалиуд томоохон бүх шашинд адил байдаг хэмээн тэр хэллээ.

Шашны янз бүрийн уламжлал дахь гүн ухааны ухагдахуун нь өөр өөр байдаг боловч, янз бүрийн хүмүүсийн оюуны өөр өөр чадамжид тохирсон байдаг тул өөр өөр гүн ухаан байх шаардлагатай тухай Далай Лам ярилаа.

Шашнуудын соёлын ухагдахуун нь тухайн бүс нутгийн нөхцөл байдал хийгээд орон нутгийн орчинтой нягт холбоотойгоор бий болсон хэмээн тэр үргэлжлүүлэн тайлбарлав. Жишээ нь, Бурхан Багшийн амьд ахуйд кастын тогтолцоо нийгэмд гүн тогтсон байсан учраас Бурхан Багш кастын тогтолцоог эсэргүүцэж байсан. 1954-1955 онд Хятадын Бээжин хотноо айлчилж байснаа Дээрхийн Гэгээнтэн дурсаад, кастын тогтолцооны эсрэг тэмцэж, эрх ямба бага хүмүүсийг хамгаалж байснаараа Будда бол хувьсгалч хэмээн тэр үед Мао дарга хэлж байсан гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам шинжлэх ухааны үүргийн талаар ярихдаа, шинжлэх ухаан бие махбодийн тав тухыг хангах тал дээр ажилладаг бол шашин дотоод амар амгаланг буй болгохыг эрмэлздэг, энэ хоёр салбар хамтран ажиллах ёстой хэмээв.

Шашин хоорондын эв зохицлыг хөгжүүлэхийг Дээрхийн Гэгээнтэн уриалаад, үүний тулд харилцан бие биенээ хүндэтгэх явдал шаардлагатай бөгөөд энэ нь бидний бие биенээ хайрлах явдлын үр дүнд хэрэгжих боломжтой гэлээ. Шашны нэрийн өмнөөс хүмүүс бие биенээ хөнөөж байгаа нь туйлын харамсалтай бөгөөд санаанд багтамгүй үйл явдал хэмээн тэрээр хэлээд, шийт-суннитын зөрчилдөөн болон Рохингуа лалынхныг хөнөөж байгаа бирмийн буддистуудын жишээг дурдлаа. Гол гол шашнууд хайрын асуудалд онцгой ач холбогдол өгдөг гэсэн дүгнэлтийг Дээрхийн Гэгээнтэн хийв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Помайа дахь айлчлал өндөрлөж байна
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Лама Зонхов институтад
яриа хийж байгаа нь. Итали, Тоскана, Помайа.2014.6.13.
Гэрэл зургийг /Фильм Про
Буддизмыг судлах Төвдийн аргын талаар тэрээр ярихдаа, хүүхэд байхдаа эхлээд үндсэн зохиолыг цээжилж, дараа нь үг бүрийн утгыг тайлбарын тусламжтайгаар ухан ойлгож, дараа нь сэдэв бүрээр идэвхтэй мэтгэлцээн өрнүүлдэг байсан гэлээ.

"Өрнийн зарим эрдэмтэд Төвдийн буддизмыг ламаизм хэмээн тодорхойлж байсан ч, үнэн хэрэгтээ тийм биш. Манай шашин бол Энэтхэгийн Наландагийн баялаг уламжлалд үндэслэдэг" хэмээн тэр хэлэв. Энэ утгаараа төвдүүд Энэтхэг багшийнхаа найдвартай шавь байсаар ирсэн ажээ. Өнөөдөр Энэтхэгийн залуу үе эртний мэдлэгээ улам их сонирхох болсонд тэрээр баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Уг институт буддын гүн ухааны судалгаагаар хязгаарлагдахгүй, шашин хоорондын яриа хэлцэл, эрдэмтэдтэй мэтгэлцээн өрнүүлэх үйлст оролцохыг Дээрхийн Гэгээнтэн хүслээ.

Ойрхи Дорнодын зөрчилдөөн, тэнд энх тайван тогтох ирээдүй буй эсэх, ариун дагшин газруудын ач холбогдлын тухай түүний бодлыг асуухад, Дээрхийн Гэгээнтэн Ромын пап Франсисын Ойрхи Дорнодод саяхан хийсэн айлчлал, Израиль Палестины ерөнхийлөгч нартай уулзсан уулзалтын талаар дурдаад, энх тайван тогтоох, яриа хэлцэл хийх, эвлэрүүлэн найрамдуулах талаар хийсэн түүний хүчин чармайлтыг үнэлэв. Тэрээр боломж байвал янз бүрийн шашны ариун дагшин газарт очихыг үргэлж чухал гэж үздэг байсан гэлээ.

Энэ оны 9 дүгээр сард Энэтхэгийн шашны удирдагч нар Шинэ Делид хуран чуулахаар болсон тухай мэдээг Далай Лам сонордууллаа. Тэрээр хувь хүний хувьд ийм төрлийн уулзалтыг дэмждэг бөгөөд шашны зөрчилдөөн бүхий бус нутгуудад очиж, асуудлыг газар дээр нь шийдэх үүднээс тухайн уулзалтын үр дүнд жижиг хороонуудыг байгуулахын чухлыг онцлон тэмдэглэв. Энэтхэгт лалын шашны шийт болон суннит урсгалынхан энх тайвнаар зэрэгцэн оршдог тухай жишээг татаад, Энэтхэгийн лалын шашны төлөөлөгчид дээрх хоёр урсгалын зөрчилдөөн бүхий бүс нутагт очиж, тэдэнд нэгдэхэд нь туслах шаардлагатайг тэр тэмдэглэн хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Помайа дахь айлчлал өндөрлөж байна
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Христийн Бясалгалын Дэлхийн
Хорооны захирал, өөрийн эртний анд Лоренс Фрийманы хамт.
Итали, Тоскана, Помайа.22014.6.13. Гэрэл зургийг Оливер Адам
Дээрхийн Гэгээнтэн цааш нь хэлэхдээ, ахимсагийн тухай, хүч үл хэрэглэх тухай эртний мэдлэгээ дэлхий дахинд түгээх үйлст тэргүүлэх үүрэг гүйцэтгэж чадах учраас Энэтхэг оронд дэлхийн шашны удирдагч нарыг цуглуулан олон улсын шашны уулзалтыг зохион байгуулах саналыг дэвшүүлэв.

Сэтгэл оюун хийгээд шинжлэх ухааны тухай асуултад тэрээр хариулахдаа, хувь хүний сайн сайхан аж төрөхөд сэтгэл оюуныг дадуулах явдал онцгой ач холбогдолтой хэмээв. Байнгын айдас хүйдэс нь хүний дархлааны тогтолцоог идэж байдгийг баталсан шинжлэх ухааны эрдэмтдийн судалгааны талаар тэр тайлбарлан ярьсан юм.

Үдээс хойш Дээрхийн Гэгээнтэн Лүндог Чойнхорлон хийдийн шав тавих ёслолд оролцож, адистид хайрлав.

Дээрхийн Гэгээнтний үг хэлэх ээлж болоход, тэрээр урьд нь үг хэлсэн хүмүүст болон халуун дотноор хүлээн авсан Италийн ард түмэнд талархлаа илэрхийлэв. Өөрийн институтад Наландагийн амьд уламжлалыг хадгалах талаар алсын хараатай үйл ажиллагаа явуулсаар ирсэн Зопа ринбучигийн хүчин чармайлтыг тэрээр магтан сайшаалаа.

Байгаль орчныг хамгаалах асуудлыг Дээрхийн Гэгээнтэн хөндөн ярихдаа, бидний нүдэнд ил харагддаг хүчирхийллийн үйлдлээс ялгаатай нь, байгаль орчны сүйрэл нь алгуурхан, сэргээхэд хожимдсон хойно анзаарагддаг гэлээ. Тиймээс хүн бүр байгалиа хамгаалж, байгаль орчныг өөрсдийн өдөр тутмын амьдралын нэг хэсэг хэмээн хайрлаж байхыг тэр зөвлөв.

Зуны аагим халуунаас хамгаалж тэрээр толгой дээрээ нойтон алчуур тавьж байсан бөгөөд үүнийгээ Төвдийн буддизм дэх Шар болон Хар малгайтны адил Цагаан малгайтны урсгал хэмээн хошигнон хэлэв.

Өнгөрсөн түүхэндээ колонийн дарлалыг амссан боловч, өнөөдөр аж үйлдвэр хөгжсөн, баян чинээлэг орон болсон Италийн ард түмэнд хандан ядуу буурай орнуудад тусламжийн гараа сунгахыг Дээрхийн Гэгээнтэн уриалав. Европын Холбооны чухал нэгэн гишүүн орны хувьд Итали улс илүү сайн дэлхий ертөнцийг бий болгоход жинтэй хувь нэмрээ оруулахыг тэр хүслээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Помайа дахь айлчлал өндөрлөж байна
Лүндог Чойнхорлон хийд ирээдүйд босох газрын төрх.
Итали, Тоскана, Помайа. 2014.6.13. Гэрэл зургийг /Фильм Про
Хүн бүр амьдралд тулгарсан асуудлыг илүү өргөн хүрээтэй харж, цогц үзэл бодлоор хүндрэлтэй асуудалд хандаж байхыг Дээрхийн Гэгээнтэн уриалав.

Дараа нь тэрээр 21 дүгээр зууны залуучуудад итгэл найдвар тээж байдаг тухайгаа ярилаа. Энэ зуунд илүү амар амгалан дэлхий ертөнцийг буй болгох тодорхой зорилго төсөөлөлтэйгээр хүчин чармайлт гаргахыг тэдэнд хандан уриалав. Энэ зуун, энэ дэлхийг энх тайван болгоход залуучуудад чухал шаардлагатай гурван зүйл бол өөртөө итгэх байдал, алсын хараа, туршлага хэмээн тэр хэллээ. Дээрхийн Гэгээнтэн болон бусад өндөр настангууд амар амгалан цогцолсон 21 дүгээр зууныг харж, амьдарч чадахгүй байж болох ч, залуу үе өөрсдийн хүчин чармайлтаар буй болгосон илүү амар амгалан, илүү энэрэнгүй дэлхийг энэ амьдралынхаа туршид мэдэрч, амьдарч чадах нь дамжиггүй буй заа хэмээн хэллээ.

Ил тод, ёс суртахуунтай амьдрах нь итгэлцэл хийгээд жинхэнэ нөхөрлөл бүрдэхэд чухал ач холбогдолтой хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Нийгмийн амьтны хувьд бид бүгдэд мөнгө, эсвэл эрх мэдлийн хойноос хөөцөлдсөн найз биш, харин сайн найз нөхөр хэрэгтэй, учир нь нөхөрлөл итгэлцэл, хүндлэл дээр суурилдаг хэмээн тэр хэллээ.

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Ливорно руу хөдөлсөн бөгөөд тэнд тэрээр хоёр өдөр ном айлдаж, олон нийтийн цуглаанд оролцоно.
Үзсэн: 2 464
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц