Билиг бармидын сургаалийн тухай зуны семинар ба Бурхан Багшийн сэрэг дүрийг равнайлах ёслол

2-07-2014, 21:33  |  Хэвлэх

2014 оны 6 дугаар сарын 30

Энэтхэг, Ладак, Ликир хийд, 2014.6.30- Ликир хийдэд анх удаа зохион байгуулагдаж буй Билиг бармидын сургаалийн талаархи зуны их чойр Бурхан Багшид хүндэтгэл үзүүлэх мөргөл болон Майдарын ‘Илт Онохуйн чимэг’ номын эхний хэсгийг лам нар уншсанаар эхэллээ. Аари ринбучигийн менежер, гэвш Лувсан Самдан хүндэт зочид төлөөлөгчдийн дундаас Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон Гандан Три ринбочид хүндэтгэл үзүүлэн мэндчилэв. Тэрээр Төвдийн сүм хийдүүдийг Энэтхэгт сэргээн барьж байгаа тухай хийгээд ладакчуудад тохиож буй сурч мэдэх боломжийн талаар ярилаа. Төвдийн Буддист уламжлалын үнэ цэнийн тухай хийгээд түүнийг хүн төрөлхтний тусын тулд хадгалан хамгаалахын ач холбогдлын талаар тэр мөн тэмдэглэн хэлэв.

Билиг бармидын сургаалийн тухай зуны семинар ба Бурхан Багшийн сэрэг дүрийг равнайлах ёслол
Ликир хийдэд болсон Билиг Бармидын сургаалын талаархи
зуны их чойрын үеэр лам нар ном хаялцаж байгаа нь.
Энэтхэг, Ладак, 2014.6.30. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
“Гэхдээ залбирал, тарниар бус, харин судалгаагаар дамжуулан тэрхүү уламжлалыг хадгалан хамгаалж чадна. Энэ л үүднээс энэхүү сургалт семинарыг зохион байгуулахыг сэдсэн” хэмээн тэр үргэлжлүүлэн хэлэв.

Дараа нь бодийн сэтгэлийг үүсгэх янз бүрийн арга дээр төвлөрөн ном хаялцах буддын диалектик аргыг үзүүлсэн бөгөөд Бурхан Багшид амин хувиа бодох сэтгэл байсан эсэх тухай зэрэг олон асуултууд ном хэлэлцэх явцад тавигдсан байна.

Ладак Гомпа нийгэмлэгийн ерөнхийлөгч, гэвш Гончиг Намжил их чойрт хүрэлцэн ирсэн Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон Гандан Три ринбочи, мужийн засаг захиргааны сайд нарт талархлаа илэрхийлж үг хэллээ. Дерадун болон Өмнөд Энэтхэг зэрэг газруудад Төвдийн сургалтын төвүүдийг сэргээн байгуулж буй талаар дурсав. Ингэснээр ладакчууд Төвдөд сурч байснаа үргэлжлүүлэн дахин суралцах боломжтой болсон ажээ. Тэрээр Дээрхийн Гэгээнтэнд урт удаан наслахыг, Төвдийн тэнгэрт дээдийн номын нар дахин мандахын ерөөлөөр үгээ өндөрлөлөө.

Аари Зан хийдийн соёл, боловсролын нийгэмлэгийн зөвлөх Чапел Сопа Дээрхийн Гэгээнтэн, Три ринбочи, лам нар, хамба лам нар, сайд нар болон бусад зочидтой мэндчилэв. Ликир хийдийн боловсролын хорооны нэрийн өмнөөс тэр энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан бүх хүнд талархал илэрхийлэв. Өмнө нь үг хэлсэн хүмүүс Билиг бармидын сургаалийн талаар зохион байгуулагдаж байгаа семинарын талаар магтан хэлж байсныг тэрээр тэмдэглэн хэлээд, Дээрхийн Гэгээнтний хайрласан урам, дэмжлэгийн дор цагаачлалд Төвдийн сүм хийдүүдийг сэргээн босгож байгаа нь зарим талаар 1959 онд Төвдөд өрнөсөн гамшигт үйл явдлын сөрөг арга хэмжээ хэмээн сануулан хэллээ.

Билиг бармидын сургаалийн тухай зуны семинар ба Бурхан Багшийн сэрэг дүрийг равнайлах ёслол
Аари бүс нутгийн сүм хийдүүдээс дамжаа барьсан лам нар
Дээрхийн Гэгээнтэнд мөргөж байгаа нь. Энэтхэг, Ладак,
Ликир хийд. 2014.6.30. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Пуктар, Лигней, Гарша, Муни, Рангдом, Тонгдей болон Ликир зэрэг Аари бүс нутгийн долоон сум хийдээс дамжаагаа амжилттай барьсан лам нарт гэвш, гачен, аграмба цолыг Гандан ширээт, Ризонг ринбочи олгов. Цол хэргэм авсан лам бүрт Бурхан Багшийн шуумал дүрийг болон гэрчилгээ олгож байв. Дараа нь Гандан ширээт хуран чуулсан лам нарт хандан ирэх Дүйнхорийн ванд хэрхэн хандах талаар зөвөлгөө өглөө.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үг хэлэхдээ, Ладак заримдаа маш хүйтэн байдаг хэрнээ өнөөдөр маш халуун байна хэмээн хошигнов. Түүнийг 50 жилийн өмнө анх Энэтхэгт ирж байхад тийм ч олон үйл явдал өрнөж байгаагүй тухай тэр дурсан хэллээ. Харин дараа нь агуу том үйл явдлууд өрнөсний дотор Наландагийн уламжлалыг өргөнөөр судлах болсон бөгөөд үүнд оролцсон бүх хүнд тэрээр талархал илэрхийлэв.

“Төвдөд судлагдаж байсан буддын сонгодог бүх шастирыг Наланда их сургуулийн эрдэмтэд зохиосон. Төвдийн буддизмын үндэс суурь нь Энэтхэгийн утга зохиол болон уламжлалд оршдогийг үл ухаарсан Өрнөдийн зарим эрдэмтэд Төвдийн буддизмыг ламаизм хэмээн буруу тодорхойлсон байдаг. Төвдөд судалж байсан Билиг бармидын сургаалийг Хятад, Солонгос, Япон, Вьетнамд мөн судалж байсан бөгөөд тэдгээр орны буддистууд Мадхьяамика буюу Төв үзлийн онолыг баримтлагч Нагаржунаг мөн шүтэн биширдэг билээ.”

Анхнаасаа тодорхой хүмүүст зориулагдсан сургаалиудыг ялгаж салгахын чухлыг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлээд, Энэтхэгийн их сэтгэгч Вирвабагаас эхтэй онол нь Сажа урсгалынханд чухал байдаг бол Гаржүд урсгалыг үндэслэгч Марбагаас авсан Мял Богдын онолыг тусгасан олон номлол байдгийг эш татан ярилаа. Нөгөө талаас, Наланда уламжлалын сургааль нь Төвдийн буддизмын 4 урсгал төдийгүй, буддизм тархсан хойд зүгийн бүхий л орнуудад ажиглагддаг ажээ. Тэрээр хэлэхдээ,

Билиг бармидын сургаалийн тухай зуны семинар ба Бурхан Багшийн сэрэг дүрийг равнайлах ёслол
Ликир хийдэд Билиг бармидын сургаалийн асуудлаар зохион
байгуулагдсан их чойрыг нээж, Дээрхийн Гэгээнтэн үг хэлж
байгаа нь. Энэтхэг, Ладак, Ликир. 2014.6.30.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
“Хэрвээ та бүхэн цагаан хэрээ байхыг хүсэхгүй байгаа бол нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн буддын уламжлалын ном судрыг судалж, нийтийн урсгалын нэг хэсэг байх ёстой. Хэрвээ та бүхэн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн шастир судрыг ойлгохгүй байгаа бол тодорхой хувь хүмүүст зориулагдсан сургаалийн тухайд хангалттай сайн байж чадахгүй” хэмээв.

30 гаруй жилийн турш шинжлэх ухааны эрдэмтэд болон бусад сэтгэгч нартай уулзалт ярилцлага хийж ирэх явцдаа Дээрхийн Гэгээнтэн хойд төрөл гэх мэт асуудлын талаар бус, харин дотоод амар амгаланг энд, одоо хэрхэн олох зэрэг амьдралд ойр асуудлуудыг хөндөж ирснээ тэмдэглэн хэллээ. Дээрх асуудлыг учир шалтгаан болон логикийн үндсэн дээр авч хэлэлцэх боломжтой байдаг. Буддын таван ухааны дотроос учир шалтгаан хийгээд танин мэдэхүйн онолоор тэтгэгдсэн Төв үзлийн онол хийгээд Билиг бармидын сургааль хамгийн чухал нь гэдгийг тэрээр дурдлаа. 1956 онд түүнийг анх удаа Энэтхэгт хөл тавьж байсан цагтай харьцуулахад энд маш их хөгжил дэвшил гарсан ч, тэр бүхэнтэй дүйцэхүйц оюун санааны хөгжил бас байх ёстой хэмээн Далай Лам нэмж хэлэв.

“Хэдийгээр би дээдийн номын талаар ихийг мэдэхгүй, залуудаа сурч байсан зүйлсийнхээ нарийн ширийнийг мартсан ч, тэр цагаас хойш үргэлжлүүлэн сурсаар байгаагийн үр дүнд үндсэн асуудлуудыг мэддэг болсон. Наландагийн уламжлалаас өвлөж авсны дагуу шинжлэх ухаан зэрэг өөр салбарт дээрх мэдлэгээ хэрэглэх хангалттай дадалтай болсон”.

“Зарим эрдэмтэд буддизмыг шашин бус, харин сэтгэлийн шинжлэх ухаан хэмээн тодорхойлсон байдаг нь үнэн юм. Шинжлэх ухааны болон гүн ухааны эрдэмтэдтэй хийсэн хэлэлцүүлгээр бид хүний дотоод амар амгаланг сүйтгэгч нь бидний сэтгэлийн сөрөг хандлага гэдэг дээр санал нэгдсэн. Байнгын уур хилэн болон айдас нь бидний дархлааны тогтолцоог идэх замаар бидний эрүүл мэндийг доройтуулж байдаг гэдэг нь анагаах ухааны зарим туршилтаар батлагдсан юм. Үүний зэрэгцээ нигүүлсэх сэтгэл нь бидний бие бялдрын эрүүл мэндэд тустай гэдгийг тэд мөн олж нээсэн. Эртний Энэтхэгийн, ялангуяа буддын сэтгэл судлалаас суралцах сонирхлыг олон олон эрдэмтэд илэрхийлэх боллоо. Лам нар та бүхэн энд хүмүүн бидний сэтгэл хөдлөлийг өөрчлөхийн тулд оюун ухааныг ашиглах замаар сэтгэлийн асуудлыг судалж байна.”

Билиг бармидын сургаалийн тухай зуны семинар ба Бурхан Багшийн сэрэг дүрийг равнайлах ёслол
Ликир хийдэд Билиг бармидын сэдвээр зохион байгуулагдсан
зуны чойрын нээлтийн ажиллагааны дүр зураг. Энэтхэг, Ладак,
Ликир. 2014. 6. 30. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
“Бид Бурхан Багшийг сэтгэгч, гүн ухаантан хэмээн үзэх ёстой. Түүний заасан бүхнийг гагцхүү сүсэг бишрэлээр үгчлэн хүлээн авах бус, харин байнга нягтлан шинжилсний дараа хүлээн авах талаар тэрээр шавь нар болон дагалдагч нартаа сэрэмжлүүлэн сургасан байдаг.”

Гадаадын зочид сонирхол илэрхийлэн, дэмжлэг үзүүлж байгаад Дээрхийн Гэгээнтэн талархал илэрхийлэв. Тэрээр Энэтхэгийн зочдод хандан, төвдүүд эртний Энэтхэгийн эрдэмтэд сэтгэгчдийг өөрсдийн гүрү багш хэмээн үздэг тухай тэмдэглэн хэлдгээ дурдлаа. Төвдүүд жирийн нэг шавь бус, харин үүссэн унаган нутагтаа мартагдсан уламжлалыг хадгалж ирсэн найдвартай шавь гэдгийг тэрээр нэмж хэлэв. Үр дүнд нь сэтгэлийн болон шүтэн барилдлагын тухай буддын мэдлэгийг сонирхох энэтхэг хүмүүсийн тоо улам нэмэгдэж байгаа ажээ.

Дараа нь богино хэмжээний урлагийн тоглолт болсны дотор нутгийн иргэн үлээвэр хөгжим, бөмбөрийн хэмнэлд дуулж үзүүллээ. Гэвш Лувсан Жалцан талархлын үг хэлсний дараа хуралдаан үдийн цайгаар түр завсарласан байна.

Билиг бармидын сургаалийн тухай зуны семинар ба Бурхан Багшийн сэрэг дүрийг равнайлах ёслол
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ладакын Шинэ тосгон дахь
Бурхан Багшийн сэрэг дүрийн өмнө хүрэлцэн ирж байгаа нь.
Энэтхэг, Ладак. 2014.6.30. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Үдээс хойш Дээрхийн Гэгээнтэн Шагжамүни бурханы сэрэг дүрийг бүтээх хорооны урилгаар Ней тосгонд очихын тулд Лех хүртэлх замаар хэсэг уруудсаны дараа дээш өгсөн зорьсон газраа ирлээ. 2002 онд тэрээр шавыг нь тавьж байсан Бурхан Багшийн агуу том сэрэг дүрийг одоо бүрэн бүтээж дуусчээ. Байгууламжийг тэрээр тойрч үзэн, доторх сүмд нь орж, бясалгалын бурхадын хөргийг магтан гайхлаа. Дээрхийн Гэгээнтэн суудлаа эзэлсний дараа Бурхан Багшийн дүр лүү харан равнайлах номыг уншсан байна.

Хуран цугласан олонд хандан Далай Лам хэлэхдээ,

“Манай эрин цаг үеийн дөрөв дэх бурхан, Бурхан Багшийн агуу том дүрийг бүтээж дуусгасан нь бидний өмнө сүндэрлэж байна. Сайн хийжээ. Үүнийг хийхэд оролцсон бүх хүнд баяр хүргэе. Та бүхний бүтээсэн энэ буян хамаг амьтанд тусыг өгч, гэгээрэлд хүргэх болтугай хэмээн та нар залбирах хэрэгтэй” гэв.

“Гэхдээ Бурхан Багшийн гайхамшигт гурван үйл хэргийн гол нь түүний сургааль ном байдаг. Бие, хэл, сэтгэлийн дотроос хамгийн чухал нь хэл байдаг”.

Зөрүү буруу хийснийг бурхад усаар угаадаггүй,
Хамаг амьтны зовлонг тэд гараар арилган салгадаггүй
Өөрсдийн ухаарсныг бусдад шилжүүлдэггүй
Үнэний тухай сургаалиараа (хамаг амьтныг) чөлөөлдөг.

Билиг бармидын сургаалийн тухай зуны семинар ба Бурхан Багшийн сэрэг дүрийг равнайлах ёслол
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын үгийг орон нутгийн ладак
бусгүйчүүд сонсч байгаа нь. Энэтхэг, Ладак, Шинэ тосгон.
2014. 6.30. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
“Шүтэн барилдлагын үйл явцыг зогсоох арга замыг Бурхан Багш заасан. “Цо Бадма”-д Гүрү Бадмасамба бурханыг шүтэгсэд түүний агуу том дүрийг равнайлахыг надаас хүсэх үед тэдэнд хэлж байсанчлан, бид бурхадын дүрд залбирснаар буян хийж болох ч, эдгээр дүр 100 жил болж болох ч, тэд хэзээ ч ярихгүй. Бидэнд бурханы дүр, дээр нь нэмж хэрэгтэй байгаа зүйл бол Ганжуурын 100 гаруй ботид агуулагдсан Бурхан Багшийн хэлсэн үг юм. Хутагтын Дөрвөн Үнэний агуулгыг агуулсан шүтэн барилдлагын тухай шүлэг бол Бурхан Багшийн сургаалийн үндэс билээ.”

Дээрхийн Гэгээнтэн Шагжамүни бурханы дүрийн өмнө уншлага үйлдсэнээр үйл ажиллагааг өндөрлөв. Дараа нь тэрээр Ликир Гомпа руу буцлаа. Маргааш өглөө эртлэн Билгүүний зүрхэн судрыг хөтлөн тайлбарлана.
Үзсэн: 3 356
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц