Дүйнхорын вангийн бэлтгэл зан үйл

14-07-2014, 09:21  |  Хэвлэх

2014 оны 7 дугаар сарын 10

Энэтхэг, Жамму Кашмир, Ладак, Лех, 2014.7.10 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өглөө эртлэн номын асарт заларч, авшиг хайрлахын өмнөх зан үйлийг үйлдэхэд 4 цаг зарцууллаа. Үдийн завсарлагын дараа түүнийг эргэн ирэхэд Дүйнхорын вангийн бэлтгэл арга хэмжээнд оролцохоор 144,000 хүн хуран цугласан байв. Тэрээр асрын өмнө гарч ирэн, хуран цугласан олонтой инээмсэглэн мэндчлэхэд хурсан олон алга ташин баярлаж байлаа. Асарт хүрэлцэн ирэхдээ тэрээр Гандан Ширээт ринбучи, Сажа Дун Срай ринбучи, Бригүн Четсан ринбучи болон Сижон Лувсан Сэнгээ нараас эхлээд лам хурваг болон хүндэт зочидтой мэндчилэв.

Дүйнхорын вангийн бэлтгэл зан үйл
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 33 дахь удаагийн Дүйнхорын
вангийн бэлтгэл зан үйлд оролцохоор ирсэн 140,000 гаруй
хүнтэй мэндчилж байгаа нь. Энтэхэг, Ладак, Лех, 2014.7.10.
Гэрэл зургийг Мануэль Бауэр
Бурхан Багшийн магтаалын дараа Билгүүний зүрхэн судар болон Нагаржуна хутагтын ‘Билгүүний Үндэс’-ийн тахилын өгүүллийг уншсаны дараа Дээрхийн Гэгээнтэн айлдахдаа,

“Элсэн хот мандлын үндсэн дээр бид өнөөдөр Дүйнхорын вангийн урьдчилсан зан үйлийг гүйцэтгэх гэж байна. Дэлхий дээр олон төрлийн шашин байдаг. Тэд бүгд хайр, нигүүлсэхүй, хүлээцтэй байдал хийгээд уур хилэнд автагдаж, бусдад гомдол тээхгүй байхыг сүсэгтэн олондоо сургадаг. Шунал нь хор хөнөөлийн эх үүсвэр болдог учраас сэтгэл ханамж хийгээд хувийн сахилга батын талаар зааж сургадаг. Христийн шашны зүтгэлтнүүд зарим үед бусдад туслах тал дээр илүү идэвхтэй байх шиг санагддаг. Христийн эрэгтэй, эмэгтэй лам нар энгийн, даруу амьдралаар амьдрахыг эрхэмлэдэг” гэв.

Шашны бүх уламжлал хайр, нигүүсэхүй, хүлээцтэй байдал болон хувийн сахилга батыг сургасан нийтлэг сургаалиараа адил боловч, гүн ухааны асуудлаараа ялгагдаж ирдэг хэмээн тэрээр давтан хэлэв. Тэдгээрийн ихэнх нь “Бүтээгч Эзэн”-ийг хүлээн зөвшөөрдөг нь өөрсдийн гэсэн утга учиртай байдаг. Ийнхүү итгэснээр тэд аливаа бүхнийг “Эзэн”-ий хүсэл хэмээн үзэж, түүний дагуу амьдрахын хичээдэг. Зарим шашин өнгөрсөн ба хойд төрлийн амьдралыг хүлээн зөвшөөрдөг. Жишээ нь, Христийн шашны хувьд сүнс диваажин эсвэл тамд очдог хэмээн итгэдэг. Харин буддистууд ийм төрлийн сүнс байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөдөггүй. Буддизм нь учир шалтгаан дээр суурилдаг Наландагийн уламжлал дээр тулгуурласан. Өнөөдөр боловсролын түвшин өндөр байгаа тохиолдолд олон хүн Наландагийн уламжлалыг, түүний онцлогийг, учир шалтгааныг эрдэм мэдлэгийг сонирхол татахуйц зүйл хэмээн үзэх боллоо.

“Төвдөөс дамжин ирж удаан хугацааны турш цэцэглэж байгаа буддизмын эх нутагт бид буддын сургааль сонсохоор цуглараад байна. Та бүхний ихэнх тань Ладак болон Гималайн бүс нутгаас ирсэн бол Хятад хийгээд бусад буддист орноос 5,000 орчим хүн зардал мөнгө гарган, хүнд замыг туулан ирсэн билээ. Энэхүү арга хэмжээг хэрэгжих боломжийг бүрдүүлэх ажлыг амжилттай гүйцэтгэсэн зохион байгуулагчдад талархлаа илэрхийлэхийг хүсч байна” хэмээн тэр хэлэв.

Дүйнхорын вангийн бэлтгэл зан үйл
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 33 дахь удаагийн Дүйнхорын
вангийн бэлтгэл арга хэмжээний үеэр үг хэлж байгаа нь.
Энтэхэг, Ладак, Лех, 2014.7.10. Гэрэл зургийг Мануэль Бауэр
“Шашны ямар ч уламжлалыг дагасан, ямар ч зан заншил, хэлээр ярьдаг байсан бид бүгд аз жаргалыг хүсдэг. Буддизмд тодорхой бөгөөд тунгалаг мөн чанар бүхий сэтгэлийн тухай ярьдаг. Хамаг амьтанд тодорхой, ухамсарлах сэтгэл байдаг. Дүйнхорын ном нь бидэнд бидний дотоод дахь тод тунгалаг сэтгэлийг хэрхэн бодит болгохыг сургадаг юм.”

Түүний өмнө цугласан хүн бүр сайхан сэтгэлтэй, элгэмсэг байж, хувиа хичээсэн үзлээ багасгахыг Дээрхийн Гэгээнтэн зөвлөв. Хэн ч зовлонг хүсдэггүй учраас хүмүүсийн хийх ёстой зүйл бол бусдад туслах, чадахгүй бол ядаж гэм хор хийхгүй байхыг хичээх явдал хэмээн тэрээр үргэлжлүүлэн хэллээ.

“Удиртгал номлол явагдсан 3 өдөрт та бүхэн олон зүйлийн тухай сонссон ч, тэдгээрийн дотроос хамгийн чухал зөвөлгөө бол сайн хүн байж, бусдад найрсаг байх явдал юм.”

Ван хүртээх үйл явцад ямарваа саад бэрхшээл гарахыг арилгахын тулд Дээрхийн Гэгээнтэн балин хийж өргөн барьснаа тайлбарлалаа. Саад болох хүчнүүдээс өргөлд сэтгэл хангалуун байж, номын үйл ажиллагаанд саад болохгүй байхыг хүсдэг ажээ. Хамгаалагч Очирын хашааг бүтээх зан үйлийг үйлдсэн тухайгаа мөн бас айлдав.

“Одоо 3 өдөр үргэлжлэх номын хугацаанд намайг та бүхний лам багш, эсвэл шашны удирдагчаа хэмээн үзэх хэрэггүй, харин Дүйнхорын вангийн номын хүрэээнд надад итгэл бишрэлтэй байх ёстой. Би өөрийн биед Дүйнхорын лагшинг оруулан бясалгах учраас та бид багш шавийн барилдлагатай болно гэсэн үг”.

“Шүгдэнгийн тухайд гэвэл би түүнийг шүтдэг байсан ч, тэрээр 5 дугаар Далай Ламын үед бий болсон, түүнийг 5 дугаар Далай Лам Дээдийн ном хийгээд хамаг амьтанд гэр хор хүргэдэг чөтгөрийн сүнс хэмээн үздэг байсан тухай бичиг баримтыг олж үзсэнээсээ хойш шүтэхээ больсон билээ. Шүгдэнг ихэнхдээ сажа болон гэлүгба урсгалынхан шүтдэг. Хрэвээ та гэлүгба урсгалыг шүтдэг байж, гэртээ нинмагийн судар, эсвэл бурхан хадгалбал Шүгдэн таныг шийтгэнэ гэж ярьдаг байсан. Шүгдэнг шүтдэг байхдаа би бусад урсгалын сургаалийг судалж хэрэгжүүлж чаддаггүй байсан. Шүтэхээ болиод би тэр бүхнийг хийх эрх чөлөөтэй болсон.”

Дүйнхорын вангийн бэлтгэл зан үйл
Дээрхийн Гэгээнтний айлдаж буй 33 дахь удаагийн Дүйнхорын
вангийн бэлтгэл зан үйлд 140,000 гаруй хүн оролцов.
Энтэхэг, Ладак, Лех, 2014.7.10. Гэрэл зургийг Мануэль Бауэр
“Хэрвээ та Шүгдэнг шүтдэг бол багш шавийн барилдлагыг зөрчих учраас энэхүү ванд суух нь таны хувьд сайн зүйл болохгүй. Харин шүтлэгээ цаашид хадгалаад явах эсэх нь таны асуудал.’

Шүгдэнг шүтэх нь багш шавийн ариун барилдлагыг эвдэж байсан учраас 5 болон 13 дугаар Далай Ламын аль аль нь түүнийг шүтэхийг хязгаарлаж байсан талаар Дээрхийн Гэгээнтэн тайлбарлан ярив. Шашны урсгалаар явцуурахгүй байх нь туйлын чухал ач холбогдолтойг тэрээр тэмдэглэн хэлэв. Жишээ нь, христ, хинду, иуд болон лалын шашин он удаан жилийн турш сүсэгтэн олондоо ашиг тусаа хүртээсээр ирсэн тул бид тэдгээр шашныг хүндэтгэх ёстой. Тэд ашиг тустай байна гэдэг сайн хэрэг. Хүмүүс өөрсдийн сүсэг бишрэлдээ сэтгэлээсээ хандах шаардлагатайг онцлон тэмдэглэв. Шашин хоорондын эв зохицол болон харилцан ойлголцол маш чухал. Ялангуяа төвдүүд бид нинма, сажа, гаржүд, гэлүгба болон бон урсгалд харьяалагддаг учраас Төвдийн буддизмын хувьд энэ асуудал маш чухал.

Бон нь эхлээд өөр зан үйлтэй байсан ч, цаг хугацааны явцад буддын сонгодог зохиолууд, тухайлбал Чандракирти гэгээний ‘Төв Үзэлд Орохуй’ номыг хүлээн авсан хэмээн Дээрхийн Гэгээнтэн тайлбарлав. Төвдийн буддизм нийтдээ Наландагийн уламжлалыг авсан учраас урсгал хоорондын ялимгүй ялгаанд анхаарал хандуулах нь зохисгүй хэмээн тэр хэлэв. Одоо цагт хамгийн хэрэгтэй байгаа зүйл бол итгэл, нөхөрлөл юм.

Тэрээр сажын ‘Гэгээрлийн Мөр Хийгээд Үр’ номыг дамжуулсан их багш нарын нэг нь Богд Зонховын шавь Хайдүв Жэ гэгээнээс Зогчин жинхэнэ сургааль мөн эсэх талаар асууж байсан тухай дурсав. Хайдүв Жэ гэгээн “Зогчин бол Дээдийн номыг гүнзгий ухаарсан хүмүүст зориулсан ном бөгөөд түүнийг голох нь тамд орох шалтгаан болно” хэмээн тэр хариулжээ. Хүмүүс номын нэрээр бүруу үйлдэл хийдэг гэж Зогчинг шүүмжилдэг хэмээн тэр хэллээ.

“Нэгдэн нягтарч, аливаа урсгал чиглэлээр явцуурахгүй байх нь чухал ач холбогдолтой бөгөөд Төвдийн их багш нар ийнхүү явсаар ирсэн. Сүүлийн үед гагцхүү гэлүгба, эсвэл гаржүд урсгалд би харьяалагддаг хэмээн аль нэг урсгалыг илүүд үзсэн өрнөдийн хүмүүстэй тааралдах боллоо. Лам нар шавь нартаа ийм байдлыг бус, харин бидний уламжлал хоорондын харилцан хүндэтгэлийг бэхжүүлэх явдлыг дэмжих ёстой.”

Дүйнхорын вангийн бэлтгэл зан үйл
33 дахь удаагийн Дүйнхорын вангийн бэлтгэл зан үйлийн
гүш өвс түгээж байгаа сайн дурын ажилтан. Энтэхэг, Ладак,
Лех, 2014.7.10. Гэрэл зургийг Мануэль Бауэр
Дүнхорын уламжлалын тухайд, энэ нь 7 дугаар Далай Лам Галсан Жамцын гол шүтээн байсан бөгөөд тэрээр олон ном, зааварчилгаа бичиж, Намжал хийдийн лам нарыг сургах үүргийг өөртөө хүлээж байсан тухай Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Нууц Тарнийн Очир Хөлгөн гэсэн нэр томьёо нь олон нийтэд бус, харин нууцаар шүтэх гэсэн утга, тарни нь сэтгэлийг хамгаалах, энэ удаагийн тохиолдолд энгийн үзэгдлээс хамгаалах гэсэн утгатай хэмээн тайлбарлалаа.

Бэлтгэл зан үйлийн хүрээнд Дээрхийн Гэгээнтэн эхлээд энгийн хүмүүсээр тангараг өргүүлж, дараа нь хамаг амьтанг зовлонгоос гэтэлгэхийг хүсэн, аврал одуулан, сэтгэл үүсгэх талаар олон нийтийг удирдан хөтлөв. Эцэст нь тэр мөн бодьсадвын санваар хүртээв. Лам Гурван Эрдэнэд аврал одуулснаараа бид буддын бус шашнаас ялгагддаг, бодийн сэтгэл үүсгэн их хөлгөнтөн гэдгээрээ ялгагддаг гэдгийг тэрээр онцлон тэмдэглэлээ. Дотоод мөн чанартаа авшиг хүртсэнээр өөрсдийн хүсэл мөрөөдлийг биелүүлэхийг шавь нартаа зөвлөөд, Дээрхийн Гэгээнтэн зан үйл дууссаныг зарлалаа. Түүнийг өргөө рүүгээ машинаар буцахад Шивацэлийн ногоон дэнжээс хуран цугласан олон аажмаар тарж эхэллээ.

Маргааш Дүйнхорын ван үргэлжилнэ.
Үзсэн: 2 768
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц