Насны авшиг ба 33 дахь удаагийн Дүйнхорын вангийн төгсгөл

15-07-2014, 19:00  |  Хэвлэх

2014 оны 7 дугаар сарын 14

Энэтхэг, Жамму Кашмир, Ладак, Лех. 2014.7.14 - Өнгөрсөн шөнийн тэргэл саран Лехийн хөндийгөөс туяагаа татаж амжаагүй байхад Шивацэл дэх ном айлдах талбайд өглөөний эртэд хэдэн мянган хүн цугларсан байлаа. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 7 цагийн орчим өргөөнөөсөө гарч, номын асрыг чиглэн алхахдаа замдаа саатан, хуучин танилуудтайгаа мэндчилэн, настан буурал болон сул дорой нэгэнд сэтгэлийн дэм өгч байв. Сэнтийдээ залармагц тэрээр,

Насны авшиг ба 33 дахь удаагийн Дүйнхорын вангийн төгсгөл
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ном айлдварын газар ирэхдээ
ахмад төвд хүмүүсийг хүлээн авч уулзаж байгаа нь. Энэтхэг,
Жамму Кашмир, Ладак, Лех. 2014.7.14.
Гэрэл зургийг Мануэль Бауэр
“Би одоо Цагаан Дарь эхийн насны авшиг өгөх гэж байна. Үүний бэлтгэл ажилд 15 орчим минут л зарцуулагдана. Энэ хооронд ‘Ум маани бадмэ хум’ тарнийг уншихыг та бүхнээс хүсч байна. Энд бараг 150,000 гаруй хүн байгаа бөгөөд хүн бүр 1,000 маани уншиж чадвал хамаг амьтны тусын тулд нийт 150 сая маанийг бид уншина. Маани тарни уншиж байх хооронд хүн урт нас, эд баялаг болон элдэв зүйлийн талаар боддоггүй учраас дээр үед Төвдийн их багш нар тарнийг магтан дуулдаг байсан хэмээн айлдлаа.

“Төвдүүдтэй онцгой холбоотой Жанрайсиг бурхан нь нигүүлсэхүйн бурхан мөн. Жанрайсиг бурхан нь Төвдийг авран хамгаалагч бурхан юм. Сүүлийн 60 гаруй жил Төвдөд байгаа төвдчүүд маш хүнд бэрхийг туулж байна. Өөрийн гэсэн урт түүх, соёлын өвтэй хэдий ч, Төвд мөхлийн ирмэгт тулаад байна. Төвдийн шашин хийгээд соёлыг хадгалан үлдэхийн тулд хамаг хүч чадлаа дайчлах зайлшгүй шаардлага бидний өмнө тулгарч байна. Хүчирхийллийн бус арга замыг сонгон, бүхий л Бурхад, түүний дотор Жанрайсиг бурханд таалагдах бүх үйлийг бид хийж байна. Лам Гурван Эрдэнэд аврал одуулан, үнэний хүчээр дамжуулан бид зорилгодоо богино хугацаанд хүрч чадах ч бай, үгүй ч бай, бид ядаж энэ үйл хэргийнхээ төлөө зорин тэмүүлэх ёстой.”

“Маанийн утга учрыг ойлгосны үндсэн дээр та бүхэн уншвал бүр сайн. Ум гэдэг нь “Хри”-гийн нэгэн адил бие, хэл, сэтгэл гурвыг илэрхийлж буй бөгөөд бие, хэл, сэтгэл нь бүдүүн тоймын, нарийн, машид нарийн шинжийг агуулна. Бид сэтгэлийн сөрөг хандлагын нөлөөн дор байгаа цагт оршихуйн эргүүлгэнээс гарч чадахгүй. Мөн мэдлэгт хүрэх саад бэрхшээл байгаа цагт бид орчлонгийн амьтан чигээрээ байна. Бид тэдгээрийг даван туулж чадсан цагт л Бурханы хутгийг олох ба тэр үед бие, хэл, сэтгэл нэгэн чанартай болно. Сэтгэлийн сөрөг хөдлөл хийгээд мэдлэгт хүрэхэд тулгарах саад бэрхшээл нь тохиолдлын хүчин зүйлс бөгөөд тэдгээрийг арилгах боломжтой.

“Maани” гэсэн үг нь үнэт эрдэнэ гэсэн утгатай бөгөөд бидний хүслийг биелүүлэх утгыг агуулах ба энэ удаагийн тохиолдолд энэ нь бодийн сэтгэлийг үүсгэх, өөртөө болон бусдад туслах бодол юм. ‘Бадмэ’ нь бадамлянхуаг илэрхийлэх ба хоосон чанарыг ойлгох мэргэн ухааны утгатай. “Хум” нь мэргэн ухаан хийгээд бодь сэтгэлийг тусад нь бус, харин хамтад нь илэрхийлдэг.

Маанийн уншлагаа эхлэхийн өмнө дараах магтаалын шүлгийг уншихыг Дээрхийн Гэгээнтэн санал болгов.

Таны 1000 мутар ертөнцийн 1000 хааныг төлөөлнө
Таны 1000 мэлмий сайн цагийн 1000 Бурханыг илэрхийлнэ
Хамаг амьтны тусын тулд Та сургаалиа айлдана
Гэгээн Жанрайсиг танд би хүндэтгэл үзүүлмүй

Бурхад хийгээд Бодьсадва нарын залбирал биелэх болтугай
Жанрайсигийн хутгийг би олох болтугай
Хамаг амьтан мөн түүнчлэн олох болтугай
Хамаг амьтан орчлонгийн хүрднээс гэтлэх болтугай

Насны авшиг ба 33 дахь удаагийн Дүйнхорын вангийн төгсгөл
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 33 дахь удаагийн Дүйнхорын вангийн
сүүлийн өдөр Насны авшиг өгч байгаа нь. Энэтхэг, Жамму Кашмир,
Ладак, Лех. 2014.7.14. Гэрэл зургийг Мануэль Бауэр
Насны авшиг өгөх гэж байгаатай холбогдуулан Дээрхийн Гэгээнтэн тайлбарлахдаа, урт наслахтай холбоотой олон бурхадын дундаас Хүслийг Гүйцэлдүүлэгч Дарь эх бурхан нь хий махбодийн эрчим хүчний хамгийн ариун хэлбэр нь хэмээн айлдлаа. Жишээ нь, бидний сэтгэл оюуны хөдөлгөөн нь энэхүү эрчим хүчтэй холбоотой. Тэрээр хамаг амьтанд амьдралд тохиолдох саад зэрэг аливаа саад бэрхшээлийг арилгахад нь туслах чадвартай байдаг ажээ.

“Өнөөдөр энд өөрийн биеэр хүрэлцэн ирсэн бүх хүний сайн сайхны төлөө залбирал үлйдэцгээе,” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлээд, “мөн Төвдөд байгаа бүх хүмүүсийн төлөө, ялангуяа ямар нэгэн учир шалтгааны улмаас өвчин зовлонд нэрвэгдсэн хүмүүсийн төлөө залбирцгаая” гэв.

Тэрээр мөн дэлхийд хамгийн олон буюу 400- 500 сая буддисттай Хятад орон, дэлхийн олон хүн ард, бусдын сайн сайхны төлөө өөрсдийгөө зориулдаг хүмүүсийг дурсан санав. Дээрх бүх хүмүүийн төлөө Хүслийг Гүйцэлдүүлэгч Хүрдний Дарь эхийн авшгийг өгөх болно гэдгээ Дээрхийн Гэгээнтэн илэрхийлэв. Дэлхийн өнцөг булан бүрт олон хүн хүндрэлтэй тулгарч, цөөнгүй дарангуйлагч хэсгийн гэм хорыг эдэлж байна. Тэрээр “Дарлагдсан бүхэн чөлөөлөгдөх болтугай” хэмээн залбирав. Лам Гурван Эрдэнэд аврал одуулахдаа дэлхий дээрх 7 тэрбум хүн шууд ба шууд бусаар өөртэй нь холбоотой гэдгийг санахыг хүмүүст анхаарууллаа. Энд байгаа хүмүүсийн нэгэн адил тэд ч бас зовлонг бус, аз жаргалыг хүсч байгаа.

Дээрхийн Гэгээнтэн авшиг хүртээхэд тулгарах саад барцдыг арилгахын тулд янз бүрийн зан үйл хийлээ. Гэгээрсэн нэгний бие, хэл, сэтгэлийн билэг тэмдэг болгон гурван эд өргөх болон мандал өргөх ёслолыг Катог Гэ-цэ ринбучи үйлдсэн бөгөөд түүний талаар Дээрхийн Гэгээнтэн өгүүлэхдээ түүний дамжлага 7 ба 8 дугаар Далай Ламын үеэс эхтэй хэмээв.

Тарнийн ёс хийгээд буддист ба хинду уламжлалын ялгааны тухайд Дээрхийн Гэгээнтэн өгүүлэхдээ, эрдэм төгс хинду иогчтой хийсэн ярилцлагаас дүгнэхэд, хоёр уламжлалын аль алинд нь нийтлэг зүйл багагүй бий гэдгийг айлдав. Буддын тарнийн ёсыг бодийн сэтгэл хийгээд би үгүйн ойлголтгүйгээр дагах боломжгүй. Дараа нь тэрээр хурсан олныг удирдан хөтөлж, дахин Бодьсадвын тангараг өргүүлэв.

Насны авшиг авч, олон түмэнд адисласан эд зүйлс тараасны дараа Цагаан Дарь эхийн зан үйлд суурилан, Гандан Ширээт Ризон ринбучи удирдсан Дээрхийн Гэгээнтний урт наслахыг ерөөсөн даншүг өргөх зан үйлд хүмүүсийн анхаарал чиглэлээ. Үүнийг эхлэхийн өмнө Энэтхэг, Төвдийн их багш нар, түүний дотор 14 Далай Лам багтсан дамжлагын соёрхолыг уншив.

Насны авшиг ба 33 дахь удаагийн Дүйнхорын вангийн төгсгөл
33 дахь удаагийн Дүйнхорын вангийн сүүийн өдөр Дээрхийн
Гэгээнтэн Далай Ламд урт наслахын өргөл барих үеэр чойжон
Цэрэн Чед Аа буув. Энэтхэг, Жамму Кашмир, Ладак, Лех. 2014.7.14.
Гэрэл зургийг Мануэль Бауэр
Зан үйлийн хүрээнд Цэрэн Чэд Аа буюу Урт Насны 5 эгч дүүс хэмээн нэрээр алдартай чойжон буусан юм.

Гандан Ширээт ринбучи Дээрхийн Гэгэнэтэнд урт удаан наслахын ерөөл айлдаад, 7 дугаар Далай Ламын Жанрайсиг бурханыг магтан бичсэн залбирлын шүлгийг уншив.

Арьяа Локешварад хүндэтгэл үзүүлмой

Арван зүгийг эзэлсэн бүхий л бурхдын нигүүлсэхүй,
Тоо томшгүй ертөнцийн хумхийн тоос лугаа их
Тэнгис далай лугаа гүн хамаг амьтантай хамааралтай, бүрэн хамааралтай
Үүнээс гайхамшигт зан чанарын төгс оч гийсэн
Жанрайсиг нэртэй агуу хөтөч та,
Бид бүгдийн тулж түших ёстой эрдэнийн уул
Танд би мөргөн ёсолно.

Жонан урсгалын төлөөлөгчид Дээрхийн Гэгээнтэнд аварга том мандал өргөн өргөлийн арга хэмжээг эхлэх үед Жамму Кашмир мужийн төрийн сайд Омар Абдуллах хүрэлцэн ирлээ. Тэрээр Дээрхийн Гэгээнтэнд ёслон мэндчилээд, түүний сэнтийн ард суудал эзлэв. Урт насны өргөл өргөх үйл ажиллагаа үргэлжлэх хооронд ладак эрэгтэй эмэгтэй хүмүүс дуулж бүжиглэж байлаа.

Үүний дараа хэд хэдэн хүн үг хэлэв. Дүйнхорын ванг зохион байгуулах хорооны дэд дарга гэвш Гончиг Намжил санхүүгийн урьдчилсан тайланг танилцуулаад, удахгүй эцсийн тайланг гаргана гэдгээ батлан хэллээ. Энэхүү арга хэмжээ амжилттай өндөрлөж байгаад зохион байгуулах хороо баяртай байгааг Доктор Цэвээн илэрхийлээд, арга хэмжээнд нийт 150,000 орчим хүн оролцсоноос 86,000 нь орон нутгийн иргэн болон төвд хүн, 9,000 лам, Гималайн бүс нутгаас 12,000 хүн, 73 орноос 6,100 гадаадын иргэн, 15 наснаас дооших 25,000 хүүхэд, 10,000 сайн дурын ажилтан оролцсоныг мэдээлэв. Арга хэмжээний зардлыг гаднаас бус, зөвхөн Ладакаас цуглуулсан тухай тэрээр сэтгэл хангалуун илтгэлээ.

Насны авшиг ба 33 дахь удаагийн Дүйнхорын вангийн төгсгөл
33 дахь удаагийн Дүйнхорын вангийн сүүлчийн өдөр Жамму Кашмир
мужийн тэргүүн сайд Омар Абдуллах үг хэлж байгаа нь. Энэтхэг,
Жамму Кашмир, Ладак, Лех. 2014.7.14. Гэрэл зургийг Мануэль Бауэр
Орон нутгийн депутат Тупстан Чхеванг, Ладакийн Уулын Хөгжлийн зөвлөлийн дарга Ригзин Спалбар, Хотын Хөгжлийн сайд Наваан Ригзин Жора нар ямар нэг осол эндэлгүйгээр арга хэмжээ амжилттай өндөрлөснийг тэмдэглэн хэллээ.

Тэргүүн сайд Омар Абдуллах эн тэргүүнд Дээрхийн Гэгээнтэн болон хүндэт зочдод талархал илэрхийлэв. Тэрээр 2010 онд болсон их үерийн гамшгийг нутгийн зон олонтой хамтран давснаа уран үгээр илэрхийллээ. Харин одоо 2014 онд Дүйнхорын ванг Ладакт зохион байгуулсны амжилтыг хуваалцаж байгаадаа баяртай буйгаа өгүүлээд, энэхүү арга хэмжээний адистид урт удаан хугацаанд бүс нутгийн хүн ардын амар амгалан хийгээд итгэл үнэмшилд тус нэмрээ өгнө гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Тэрээр Дээрхийн Гэгээнтэнд хувийн зүгээс гүн хүндэтгэлтэй ханддагаа хэлээд, түүний өвөг эцэг тэргүүн сайд байх үед буюу 1976 онд Ладакт анхны Дүйнхорын ван тавихад түүнтэй анх учирснаа, дараа нь эцэг нь тэргүүн сайд байх үед буюу 1988 онд Занскарт хоёр дахь Дүйнхорын ван тавихад, одоо өөрөө тэргүүн сайд байхдаа гурав дахь удаагаа уулзан учирч байгаадаа туйлын сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Жамму Кашмир мужийн нэрийн өмнөөс тэрээр Дээрхийн Гэгээнтэнд өөрийн биеэр морилон ирсэнд нь талархал илэрхийлэв.

Дээрхийн Гэгээнтэн сэнтийнээс буун, төгсгөлийн үг хэлэхээр асрын өмнө ирлээ.

“Дүйнхорын ван эхэндээ, ч, дундаа ч, төгсгөлдөө ч сайн явж өндөрлөлөө. Ажлаа сайн хийсэн зохион байгуулагчдад баяр хүргэе. Өнөөдөр бид Цагаан Дарь эхийн насны авшиг хийгээд даншүг өргөх зан үйлийг гүйцэтгэлээ. Үүнтэй холбогдуулан Гандан Ширээт ринбучи өнгөрсөн долоо хоногийн турш зан үйлийн ажлыг удирдсан. Би урт наслах болно, үүний тулд залбирна.”

‘Өнөөдөр хүмүүн төрөлтөнтэй зэрэгцэн олон бурхад, дагинас, хамгаалагч сахиус нар заларлаа. Бидэнтэй эв санааны нэгдэлтэй байж, дэмжиж тусалдагт нь тэдэнд талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Ертөнцийн тухай Бурханы шашны тодорхойлолтоор бидний харж чадах, харж үл чадах олон төрлийн амьтад байдаг. Нэгэн найз эртэмтэн маань надад нэгэнтээ хэлэхдээ, шинжлэх ухааны үзэл бодолтой юм шиг хэрнээ олон төрлийн амьтны оршин буйг хүлээн зөвшөөрдөгт маань гайхдаг гэсэн юм. Энэ бол мухар сүсэг бус, харин бодит байдлыг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх явдал хэмээн би түүнд хэлсэн. Гэм хортой үйл хийхгүй байх нь хүмүүст тустайн адил эдгээр сахиус болон бусад биетэд бусдад гэм хор хийхгүй байхыг би зөвлөдөг.”

“Жамму Кашмир мужийн тэргүүн сайдын албыг үе дамжин хашиж байгаа гэр бүлийн гуравдахь үеийн тэргүүн сайд өнөөдөр бидэнтэй хамт байна. Неругийн үе тэнгийн хүн болох Шейх Абдуллах Төвдөд их хайртай хүн байсан. Түүний хүү Фароог Абдуллах миний анд байсан. Өнөөдөр бидэнтэй хамт байгаа түүний хүү Омар Абдуллах мөн төвдчүүдийн анд нөхөр билээ. Түүнийг энд хүрэлцэн ирсэнд би чин сэтгэлээсээ баяр талархлаа илэрхийлж байна.”

Тэргүүн сайд руу хандан тэрээр,

“ Танай нам өнгөрсөн сонгуульд ялагдал хүлээснийг би мэдэж байна. Гэхдээ энэ бол цагийн урсгалд байдаг зүйл. Дэлхийн өнцөг буланд миний мэдэх улс төрийн удирдагчид ялагдал хүлээх үед, энэ бол ардчиллын нэг хэсэг, сайн зүйл хэмээн би тэдэнд байнга бичдэг. Энэтхэг бол дэлхийд хамгийн олон хүнтэй ардчилсан орон, ардчилал гүн үндсээ суулгасан орон, Энэтхэгийн агуу зүйлсийн нэг нь ардчилал юм” хэмээн хэллээ.

Насны авшиг ба 33 дахь удаагийн Дүйнхорын вангийн төгсгөл
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 33 дахь удаагийн Дүйнхорын
вангийн сүүлчийн өдөр 150,000 гаруй хүний өмнө үг хэлж
байгаа нь. 2014. Энэтхэг, Жамму Кашмир, Ладак, Лех. 2014.7.14.
Гэрэл зургийг Мануэль Бауэр
“Дөнгөж сая үг хэлсэн хүмүүсийг би эртнээс танина. Түпстан Чхуванг хар үстэй байхаас нь би мэднэ. Харин одоо үс нь був буурал болжээ. Ригзин Жора мөн миний эртний танил. Бид зүгээр нэг танил биш, бид сэтгэл зүрхээ мэддэг, итгэлтэй андууд билээ.”

“Би өгч байгаа сургааль номондоо ямар ч төлбөр авдаггүй гэдгээ эцэст нь хэлэхийг хүсч байна. Ном айлдахдаа хөлс авбал Дээдийн номыг зарсантай агаар нэгэн хэмээн хэлсэн Цэлэй Рангдолтой би санал нэг байна. Агуу том мандал өргөсөн Жонан урсгалынханд би талархлаа илэрхийлэхийн хамт үүнийг буцаан авч явж, Шимла дахь сүмдээ хэрэглэхийг та бүхнээс хүсч байна.”

“Дээдийн номонд та бүхний сэтгэлийг хандуулахаас өөр нэмж хэлэх үг надад алга. Баярлалаа.”

Олон түмнийг элсэн хот мандлыг үзэж сонирхохыг урих үеэр Дээрхийн Гэгээнтэн зарим зочид гийчидтэй хувийн товч уулзалт хийлээ. Дараа нь түүнийг хүлээж байсан хүмүүстэй мэндчилэн, настан буурлуудад урмын үг хайрлаад, өргөөний зүг буцав.
Үзсэн: 2 620
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц