Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Лех дэх Рудок хийд болон Ладакийн Автономит Уулын Хөгжлийн Зөвлөлд айлчиллаа

16-07-2014, 18:06  |  Хэвлэх

2014 оны 7 дугаар сарын 15

Энэтхэг, Жамму Кашмир, Ладак, Лех, 2014.7.15 – Шивацэл дэх номын асарт Дээрхийн Гэгээнтэн өнөө өглөө морилон ирээд, мандал бүтээсэн өргөөний зүүн хаалгыг шууд зорин очиж, элсэн хот мандлыг үзэж сонирхлоо. Дараа нь тэрээр баруун хаалганы ард өлгөөтэй байсан Дүйнхор бурханы зурагны зүг харан залбирав. Дүйнхорын зан үйлийн мөргөлийг үйлдэж буй Намжал хийдийн лам нарын зүг Дээрхийн Гэгээнтэн очоод, инээмсэглэн асрын өмнө гарч ирлээ. Түүний өмнө 33 дахь удаагийн Дүйнхорын вангийн арга хэмжээг амжилттай зохион байгуулахад хувь нэмрээ оруулсан 9,000 сайн дурын ажилтан цугларсан байв. Тэрээр,

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Лех дэх Рудок хийд болон Ладакийн Автономит Уулын Хөгжлийн Зөвлөлд айлчиллаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 33 дахь удаагийн Дүйнхорын
вангийн үеэр ажилласан 9,000 гаруй сайн дурын ажилтанд
талархал илэрхийлж байгаа нь. Энэтхэг, Жамму Кашмир,
Ладак, Лех, 2014.7.15. Гэрэл зургийг Мануэль Бауэр
“Та бүхэн энэхүү арга хэмжээнд хэдэн сарын турш бэлдсэнийг би мэдэж байна. Ванд оролцсон хүмүүсийн ихэнх нь ладакчууд байсан бөгөөд тэднийг найрсгаар хүлээн авч үйлчилсэн та бүхэнд талархлаа илэрхийлье. Та нар бүгд маш шаргуу ажиллацгаасан, гэхдээ энэ бүхнийг мөнгө, алдар нэр, эсвэл хувийн зугаа цэнгэлийн төлөө хийгээгүй. Та нар маш том буян хийсэн бөгөөд буддын шашинд олуулаа буян хийх, түүнийгээ муу зүйлээ арилгахад зориулах нь маш чухал ач холбогдолтой байдаг. Түүнээс гадна Дээдийн ном доройтох үед та бүхэн одоогийнх шигээ чин сэтгэлээсээ хөдлөх аваас бүр ч их буян хураана” хэмээн айлдлаа.

20 дугаар зууны сүүл, 21 дүгээр зууны эхэн үеэс буддын уламжлал үгүй орны хүмүүс буддизмыг сонирхох сонирхол нэмэгдсэн хэмээн тэрээр хэлэв. Түүний үр дүнд энэ удаа 6,000 орчим гадаадын иргэн хүрэлцэн иржээ. Тэд Ладакийн тухайд хуурай, тоостой газар гэсэн сэтгэгдэлтэй буцаж болох ч, энэ удаа тэд баяртай байсны дээр гэр лүүгээ аз жаргалтай дурсамж тээн буцах болно хэмээн тэр өгүүллээ.

“Үүний төлөө та бүхэнд талархлаа илэрхийлье”

Дээрхийн Гэгээнтэн дараа нь Шивацэлээс Чогламсарын Төвдийн суурин хүртэл ойрхон зуур машинаар давхин, Сэра Жэ хийдийн салбар, саяхан өргөтгөл хийсэн Рудок дацанд хүрэлцэн ирсэн байна. Түүнийг Шарба цорж болон хамба лам нар угтан авав. Шинээр барьсан ном хаялцах танхимын урдуур татсан туузын голын хэсгийг Дээрхийн Гэгээнтэн татахад, нээлтийн ажиллагаа эхэлсний билэг тэмдэг болон бусад туузууд унан, хаалганууд нээгдэхээр зохион байгуулсан байлаа. Бүх хүн суудлаа эзэлсний дараа хурсан лам нар Наландагийн 17 их бандида нарын магтаалыг уншив.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Лех дэх Рудок хийд болон Ладакийн Автономит Уулын Хөгжлийн Зөвлөлд айлчиллаа
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Лехийн ойролцоох Чогламсар
Төвдийн суурин дахь Рудок дацангийн ном хаялцахад
зориулсан шинэ танхимын нээлтэд хүрэлцэн ирсэн нь.
Энэтхэг, Жамму Кашмир, Ладак, Лех,
2014.7.15. Гэрэл зургийг Мануэль Бауэр
“Одоо өргөтгөн шинэчлэгдсэн Рудок дацан бий болжээ. Та бүхний зорилго бол олон түмэнд Дээдийн номын боловсрол олоход нь боломж олгох явдал” хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдав.

Төсөлд дэмжиж тусалсан Сингапурын хандаивлагч нарт хандан тэрээр,

“Энэ хийдэд дэмжлэг туслалцаа үзүүлсэн та бүхэнд талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Энэ газар сургалтын төв болбол зөв зүйтэй хэрэг болно. Сүүлийн үед очиж байгаа сүм хийд бүртээ зүгээр нэг зан үйл, мөргөл үйлддэг газар бус, харин сургалтын төв болохыг би хүсч зөвлөж байгаа. Эдгээр сүм хийдүүд Наландагийн уламжлалыг залгамжилсан, сэтгэлийн сөрөг хөдлөлтэйгээ хэрхэн тэмцэх талаар ард олон сурч мэдэж болох газар байгаасай гэж би хүсч байна” хэмээн хэллээ.

“Материаллаг хөгжлийн тухайд, ихэнхдээ ёс суртахууны зарчим, бусдын амьдрал хийгээд эрхийг хүндлэх хүндлэл дутагдсанаас болж, бидэнд нүүрлээд байгаа ихэнх асуудлыг бид өөрсдөө бий болгодог. Зөвхөн мөргөлийн хүчээр үүнийг өөрчлөхгүй, харин өөрсдийн оюун ухааныг дайчлах шаардлагатай. Хүмүүний үнэт зүйлсийг ийм замаар эргэн харах асуудлыг олон эрдэмтэн найз нар маань дэмжиж байгаа. Бид нийгмийн амьтад учраас бусдад үйлчилж сурах ёстой. Бидэнд хайр, энэрэл хэрэгтэй, хайр энэрэл нь зөвхөн буддын шашны хамгаалах ёстой зүйл биш! Бидний хийх ёстой зүйл буддын үзэл санааг дэлгэрүүлж, үүнээс хүн бүр ач тус хүртдэг байх явдал юм. Бидний зорилго бол хүн бүрт ойлгомжтойгоор сэтгэл, оюун хэрхэн ажилладгийг тайлбарлах явдал мөн.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Лех дэх Рудок хийд болон Ладакийн Автономит Уулын Хөгжлийн Зөвлөлд айлчиллаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ладакийн Автономит Уулын
Хөгжлийн Зөвлөлийн гишүүдтэй уулзаж байгаа нь.
Энэтхэг, Жамму Кашмир, Ладак, Лех, 2014.7.15.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Дээрхийн Гэгээнтэн дараа нь Ладакийн Автономит Уулын Хөгжлийн зөвлөлд зочлон, зөвлөлийн хуралдаанд уригдахад гишүүд халуун дотноор угтан авлаа. Зөвлөлийн гүйцэтгэх тэргүүн Ригзин Спалбар Ладакийн Зөвлөл байгуулагдсанаас хойших 18 жилийн түүхийг товч танилцуулахыг хүслээ. Ладак бол стратегийн ач холбогдолтой газар учраас оршин тогтнох хугацаандаа унаж босохын аль алиныг үзсэн хэмээн тэр хэлэв. Ладак маягийн хэв шинжит амьдралын хүрээнд нөөц баялгаа ухаалгаар ашиглан, үндэсний үнэ цэнэт зүйлсээ хамгаалах хүчтэй хүсэлд хөтлөгдөхийн зэрэгцээ орчин үеийн хөгжлийг хүртэх явдалд анхаарлаа хандуулж байгаа ажээ. Шийдвэр гаргах үйл явцад орон нутгийн үүргийг дээшлүүлэх талаар 1995 онд гарсан эсэргүүцлийн үр дүнд Ладакийн Автономит Уулын Хөгжлийн Зөвлөл байгуулагдсан байна. Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ,

“Та бүхэнтэй уулзах боломжийг олгосонд баярлалаа. Та бүхний зүгээс авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд мөн баярлалаа. Та нар хүнд бэрхтэй тулгарсан ч, том агуулгаараа тэдгээрийг шийдэж чадсан. Би энд зочин учраас ямар нэг онцгой хувь нэмэр оруулж чадахгүй ч, бид олон жилийн турш найз нөхөд байж чадсан. Тулгарсан саад бэрхшээлийг даван туулж чадсан та бүхэнд баяр хүргэе” гэв.

“Ирээдүйн талаархи та бүхний төлөвлөгөө сайхан байна. Одоо хэрэгжүүлэх үлдлээ. Юу хэрэгтэйг надаас илүү та бүгд өөрсдөө мэднэ. Гэхдээ боловсролын талаар би саналаа хуваалцахыг хүсч байна. Дэлхийн олон орны их сургуулиудад зочлох завшаан надад тохиолдсон. Одоо байгаа боловсролын тогтолцоо зохих түвшинд хүрэхгүй байгааг олон эрдэмтэд, боловсролын ажилтнууд, сэтгэгчид хүлээн зөвшөөрдөг. Дотоод сэтгэлийн үнэ цэнэт зүйл хийгээд ёс зүйд хангалттай цаг өгөхгүй байна. Ёс зүй, иргэний ёс зүйн төлөвшлийг тусгасан боловсролын цогц тогтолцоо шаардлагатай байгаа талаар би хүмүүст хэлдэг. Энэтхэгийн Үндсэн хууль иргэний нийгэм, шашны бүх уламжлалыг болон шашингүйн үзэлтнүүдийг хүндэтгэх хүндэтгэл дээр суурилдаг. Иргэний ёс зүй нь өнөөгийн орчин үеийн нийгэмд хамгийн зохимжтой зүйл билээ.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Лех дэх Рудок хийд болон Ладакийн Автономит Уулын Хөгжлийн Зөвлөлд айлчиллаа
Ладакийн Автономит Уулын Хөгжлийн Зөвлөлийн гишүүд
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын үгийг сонсч байгаа нь.
Энэтхэг, Жамму Кашмир, Ладак, Лех, 2014.7.15.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Түүний ярилцсан олон хүн үүнтэй санал нэг байдаг ч, иргэний ёс зүйг хэрхэн нэвтрүүлэх талаар мэддэггүй хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Тиймээс энэ асуудлыг сонирхож буй хүмүүс сургалтын хөтөлбөр боловсруулж байгаа тул нэг, эсвэл хоёр сургуульд туршиж үзэх боломжтой болох ажээ. Хэрвээ энэ туршилт нь үр өгөөжөө өгвөл цаашид дэлгэрүүлж болно. Нийгмээ хөгжүүлэх хамгийн сайн хандлага бол тухайн нийгмийн гишүүдийн эрх, хүсэл зоригийг анхаарах явдал мөн. Хэрвээ хэн нэгэн бусдыг ашиглах, дээрэлхэх аваас тэр нь өөрт нь тус нэмэртэй зүйл болохгүй. Байнгын айдас хийгээд уур уцаар нь бидний дархлааны тогтолцоог эвдэж байдаг бол сайхан сэтгэл нь бидний эрүүл мэндэд тустай байдгийг эрдэмтэд нотолсныг тэрээр тэмдэглэн хэлэв.

“Христ, Аллах, эсвэл Буддагийн талаар би яриагүй ч, илүү сайхан нийгэм бүтээх талаар ярих тусам боловсролын асуудал хөндөгддөг. Бид хүн төрөлхтөн гэсэн нэг л гэр бүлд багтдагаа санаж байх шаардлагатай. Хэрвээ та бүхэн ингэж чадвал 21 дүгээр зууны төгсгөл үед илүү аз жаргалтай, илүү амар амгалан дэлхий ертөнцийг бүтээх боломж байна. Энэ бүхэн хэнд мөргөхөөс бус, харин бидний юу хийж чадахаас хамаарна. Бид өөртөө итгэлтэйгээр илүү шаргуу ажиллах хэрэгтэй байна. Дэлхий дээрх 7 тэрбум хүн бол бидний ахан дүүс учраас нээлттэй, энэрэнгүй, эв зохицол бүрдсэн нийгэм байгуулахын тулд өөртөө итгэх итгэл хийгээд бусдад итгэх итгэл дээр суурилсан хамтын ажиллагааг өрнүүлэх шаардлагатай. Энд Ладакт та бүхэн он удаан жил эв зохицолтойгоор амьдарч ирсэн, үүнийгээ хадгалан үлдэхийн тулд илүү эрч хүчтэй ажиллах хэрэгтэй.”

Дээрхийн Гэгээнтэн өдрийн зоогт уригдсан бөгөөд зоогийн үед мөн ярилцлага үргэлжиллээ. Түүнийг өргөөндөө эргэн морилоход түүнийг харахыг хүссэн, нүүрэндээ инээмсэглэл тодруулсан хүмүүс гартаа хадаг, хүж, цэцэг барин, зам дагуу эгнэн зогс байв.
Үзсэн: 2 480
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц