Жанрайсигийн авшгийн дараа Дээрхийн Гэгээнтэн Төвдийн нийгэмлэг болон Германы Төвдийг дэмжигч хүмүүстэй уулзлаа

28-08-2014, 10:57  |  Хэвлэх

2014 оны 8 дугаар сарын 27

Герман, Гамбург, 2014.8.26. Ном айлдахаар Дээрхийн Гэгээнтнийг өглөө эртлэн Хурлын төв рүү хөдлөхөд гудамжинд нам гүм ноёлж, түүний зочид буудлын арын цэцэрлэг эзгүй хоосон байлаа. Жанрайсигийн авшгийн бэлтгэл ажлыг эхлүүлэхээр мандалын асрын өмнө түүнийг суудлаа эзлэх үед агуу том танхим ч мөн үндсэндээ эзгүй байв. Түүнийг бэлтгэлээ хангаж дуусах үед танхим ч хүмүүсээр дүүрэхэд тэрээр сэнтийнээсээ тэдэнтэй мэндчилж,

Жанрайсигийн авшгийн дараа Дээрхийн Гэгээнтэн Төвдийн нийгэмлэг болон Германы Төвдийг дэмжигч хүмүүстэй уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жанрайсигийн авшиг хүртээх үеэр.
Герман, Гамбург, 2014.8.26. Гэрэл зургийг Мануэль Бауэр
“Өглөөний мэнд. Нууц тарнийн ёсыг үр дүнтэй, утга учиртай болгохын тулд юмс дотоод оршихуйдаа хоосон байдаг учраас юмс хэдий харагдаж байгаа ч хий үзэгдэл мэт гэдгийг бид ойлгох шаардлагатай гэдгийг би өчигдөр сануулсан. Та нарын дундаас миний хэлснийг нухацтай хүлээн авсан нэгэн нь өнгөрсөн шөнө болон өнөө өглөө хоосон чанар хийгээд бодийн сэтгэлийн талаар бодож амжсан гэж найдаж байна!” хэмээн айлдлаа.

2,500 жилийн тэртээ Энэтхэгт Бурхан Багш номоо айлдах үед өөр үзэл санаатай хүмүүстэй маргалдах, эргэлзэх нь энгийн үзэгдэл байсан гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлав. Нагаржунагийн эрин үед ч ийм эргэлзээг өөрийн үзэл бодлыг хурцлах боломж мэт үздэг байсан нь үнэн. Пали хэлний уламжлалд Бурхан багшийн олон нийтэд айлдсан айлдварыг тэмдэглэж үлдээсэн байдаг бол санскрит хэлний уламжлалд сонгогдсон тоотой хэдэн шавьд айлдсан сургаалийг нь тэмдэглэсэн байдаг. Нагаржуна, Майдар, Бхававивека нар бүгд санскрит хэл дээр уламжлагдсан сургаалиуд Бурхан Багшийн жинхэнэ сургааль мөн гэдгийг батлан хэлдэг. Өнөөдөр, санскрит хэлний уламжлал, тухайлбал тарнийн ёсыг Бурхан Багш үнэхээр айлдсан эсэх талаар маргаан үргэлжилсээр байгаа билээ.

Дээрхийн Гэгээнтний анд, профессор Упадхаяа Балбад Дүйнхорын тухай судалгаа хийж байгаад тарнийн ёсны тухай санскрит хэлээр дал модны навчин дээр бичсэн судрыг олсон тухай тэр хүүрнэн ярив. Бичиглэлийн хэв маягийг нь тэрээр Арьядевагийнх хэмээн хүлээн зөвшөөрсөн бөгөөд Арьяадева төдийгүй түүний багш Нагаржуна тарнийн ёсыг судлах сонирхолтой байсан гэдгийн нотолгоо гэдэгт тэр итгэлтэй байжээ. Чандракирти гэгээн болон Дибамгара Адиша гэгээн нар тарнийн ёсыг мөн судалж байсныг зохиол дахь тайлбарууд харуулдаг. Буддын тарнийн ёсны жинхэнэ уламжлал оршдог гэдгийг энэ бүхэн баталж байна.

Жанрайсигийн авшгийн дараа Дээрхийн Гэгээнтэн Төвдийн нийгэмлэг болон Германы Төвдийг дэмжигч хүмүүстэй уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас Жанрайсигийн авшиг хүртэж
байгаа нь. Герман, Гамбург, 2014.8.26. Гэрэл зургийг Мануэль Бауэр
Дээрхийн Гэгээнтэн Жанрайсигийн авшиг өгөх үйл явцад сонсогчдыг аажмаар удирдан хөтлөхдөө, урьдчилсан бэлтгэл болгон ‘Бодьсадвын Явдалд Орохуй’ бүтээлийн 2 ба 23 дахь бүлгийг уншихыг тэднээс хүслээ. Дараа нь тэрээр бодийн сэтгэлийг үүсгэх, бодьсадвын тангараг өргүүлэх үйл явцын турш тэднийг хөтлөн удирдсан байна. Авшиг өгөх ёслолын төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн анхааралтай байсан олонд талархлаа илэрхийлэв. Бусдад туслан, гэм хор хийхээс зайлсхийж, сэтгэл оюунаа амгалан байлгахыг хичээх замаар өөрсдийн амьдралаа утга учиртай болгох нь чухал хэмээн тэр зөвлөлөө.

Дээрхийн Гэгээнтний герман хэлний орчуулагчаас гадна, түүний номын арга хэмжээг зохион байгуулах хорооны даргын үүрэг гүйцэтгэж байгаагийн хувьд Кристүф Шпиц Дээрхийн Гэгээнтнийг морилон ирсэнд гүн талархлаа илэрхийлэв. Тэрээр мөн хэдэн зуун сайн дурынхан болон дэмжлэг туслалцаа үзүүлсэн бүх хүнд талархлаа илэрхийлээд, тэдний туслалцаа байгаагүй бол энэхүү арга хэмжээг зохион байгуулах боломжгүй байсныг тэмдэглэн хэллээ. Ил тод байх үүднээс тэр санхүүгийн тайланг мөн танилцуулсан бөгөөд эцсийн үр дүнд ашигтай байсан тул түүнийг Гамбургийн бүс нутагт иргэний ёс зүйг дэмжих ажил зэрэг буяны үйлст, мөн буддын шинжлэх ухааны ном судрыг орчуулах ажилд зориулна хэмээв. Ирэх 2 дугаар сард Швейцарийн Базелд Дээрхийн Гэгээнтэн ном айлдах үед энд ирсэн хүмүүсийн ихэнхийг дахин харна гэдэгт итгэж буйгаа тэр эцэст нь илэрхийллээ. Дээрхийн Гэгээнтэн,

“Сайжрахын тулд хичээцгээ. Хэтэрхий их найдаж бүү хүлээ, гэхдээ бүү цөхөр. Өөдрөг үзлээ хадгал, тэгвэл та ахиж дэвжинэ. Та бүхэнд баярлалаа” хэмээн арга хэмжээг өндөрлүүллээ.

Танхимд байсан хүмүүс халуун алга ташилт, нүүр дүүрэн инээмсэглэлээр түүнийг үдсэн байна.

Үдийн зоогийн дараа Дээрхийн Гэгээнтэн Германы өнцөг булан бүрээс ирсэн тэргүүлэх сэтгүүлчидтэй уулзаж, яриа өрнүүллээ. Ярианы сэдэв орчин үеийн технологийн асуудлыг хөндсөн бөгөөд технологи бидэнд үйлчлэх ёстой болохоос эсрэгээрээ байгаагүй тохиолдолд ерөнхийд нь технолгийг дэмждэг гэдгээ илэрхийлэв. Дайны тухайд гэвэл тулалдах замаар асуудлыг үнэхээр шийдэж чадна гэж үзэж байгаа эсэхийг дайн өдөөгчдөөс асуухыг хүсч буйгаа тэр хэллээ.

Жанрайсигийн авшгийн дараа Дээрхийн Гэгээнтэн Төвдийн нийгэмлэг болон Германы Төвдийг дэмжигч хүмүүстэй уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Германы тэргүүлэх сэтгүүлчидтэй
уулзаж байгаа нь. Герман, Гамбург, 2014.8.26.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
“Хүмүүс хүчирхийллийн амтанд мансуурч байх шиг санагдана. Тэднийг зогсоох хэцүү” хэмээн тэр хэлэв.

Өнгөрсөн түүхээсээ суралцаж, дахин давтахгүй байх шаардлагатайг тэрээр онцлон тэмдэглэв. Бидний амьдарч байгаа даяарчлагдсан дэлхий ертөнцөд ‘миний орон нутаг’, тэр бүү хэл ‘миний ард түмний’ эрх ашгаар явцуурах нь ашигггүй бөгөөд хүн төрөлхтөнд нийтэд ач тустай байх зүйлийн талаар бид бодох хэрэгтэй байна. Хүч хэрэглэх нь асуудлыг шийдэх цорын ганц арга байсан тохиолдол байдаг эсэх талаар асуусан асуултад Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа, тийм байж болох ч, түүнийг шүүн тогтоох хэцүү хэмээв. Түүний бодлоор хүчирхийллийн бус арга хандлагыг дэндүү үл ойшооцгоож байгаа ажээ. Ерөнхийлөгч Гавел шиг Нобелийн шагналтнууд, албаа өгсөн удирдагчид, эрдэмтэд, сэтгэгчдээр Иракийн хоёр дахь дайны өмнө зуучлагчийн үүрэг гүйцэтгүүлэх санал гарч байсныг тэр сануулан хэлэв. Тэрээр ерөнхийлөгч Гавелтай уулзаж, энэ талаар санал солилцсон боловч, дэндүү оройтсон байжээ. Хэрвээ өнөөдөр илүү олон эмэгтэй удирдагч байсан бол дэлхий ертөнц илүү амар тайван байх байсан гэдгийг тэр хүлээн зөвшөөрсөн байна.

Төвд дэх нөхцөл байдлын талаар Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэхдээ, хүндрэлтэй асуудлын нэг нь Төвдийн баялаг соёлыг зориудаар үл ойшоож байгаа явдал хэмээлээ. Хятадууд өөрсдийн хэл, соёлоо хайрлан хамгаалдгийн адил төвдүүд мөн хэл, соёлдоо хайртай хэмээн тэр өгүүлэв. Хятадын засаг захиргаа Төвдийн соёлыг хангалттай хүндлэхгүй байгаад асуудал оршино. Гадаад орнуудын засгийн газар Төвдөд хэрхэн тусалж болох талаархи асуултад тэрээр хариулахдаа, хэлэхэд хэцүү ч, Төвдийн асуудал дээр маш их дэмжлэг байдгийг тэмдэглэн хэллээ. Германы канцлер Ангела Меркель саяхан Хятад Цинхуа их сургууль дээр үг хэлэхдээ хүний эрхийг хүндлэх шаардлагын талаар нээлттэй хэлснийг үнэлж буйгаа Дээрхийн Гэгээнтэн иэлрхийлэв. Энэ утгаар 1.3 тэрбум хятад хүн өрнөж байгаа үйл явдлын үнэнийг мэдэх эрхтэйгээс гадна зөвийг буруугаас ялгаж салгах чадвартай хэмээн тэр хэллээ. Засгийн газраас цензур тогтоох, ард түмнээ хуурах нь ёс суртахуунгүй үйлдлээс гадна үр ашиггүй хэрэг билээ.

Эцэст нь поп Францисийн тухай асуухад, Дээрхийн Гэгээнтэн,

“Маш сайн. Сүм хийддээ сэтгэл ханамжийн тухай номлодог байсан байх, тийм хэрнээ өөрөө тансаглаж амьдарч байсан германы хамба ламыг тэр халснаараа зөв зүйл хийсэн. Миний сэтгэл үүнд хөдөлсөн. Палестин болон Израйлийн хооронд энх тайван тогтоохын төлөө түүний хийсэн оролдлогыг би биширсэн. Амжилтад хүрч чадаагүй байж болох ч, оролдсон нь зөв болсон” хэмээн хариулав.

Жанрайсигийн авшгийн дараа Дээрхийн Гэгээнтэн Төвдийн нийгэмлэг болон Германы Төвдийг дэмжигч хүмүүстэй уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Лайсхаллед Төвдийн нийгэмлгийн
гишүүд болон Төвдийг дэмжигч хүмүүстэй уулзалт хийв.
Герман, Гамбург, 2014.8.26. Гэрэл зургийг Мануэль Бауэр
Лайсхалле руу машинаар богинохон аялал хийн очиход Дээрхийн Гэгээнтнийг Германы парламентын дэд дарга, Ногоон намын гишүүн хатагтай Клаудиа Рот, TID-ийн ерөнхийлөгч ноён Вольфганг Градер, Герман дахь Төвдийн нийгэмлэгийн тэргүүн Жампа Кунгашар нар угтан авлаа. Төвдийг дэмжих группийн 25 жилийн ой, Герман дахь Төвдийн нийгэмлэгийн 35 жилийн ойд зориулсан уулзалтад уригдсан Дээрхийн Гэгээнтнийг тэд дагалдан оров. Түүнийг морилон ирэхэд 1,600 гаруй хүн халуун алга ташилтаар угтав. Нээлтийн үгний дараа бүгд босч, Төвдийн төрийн дууллыг сонсов. Дараа нь Төвдийг дэмжих группийн үйл ажиллагаг харуулсан слайдыг үзэж сонирхоцгоолоо.

Төвдийг дэмжих группийн дэмжлэгийг Дээрхийн Гэгээнтэн өндрөөр үнэлээд, тэдний идэвхтэй үйл ажиллагааны талаар мэддэг гэдгээ нэмж хэлэв. Тэрээр Төвдтэй холбоотой олон асуудлыг, тухайлбал Төвдийн байгаль орчныг хамгаалах шаардлага, Ази тивийн өнцөг булан бүрт 1 тэрбум гаруй хүн Төвдийн гол мөрнөөс хамаарах үр дагавар бүхий Төвдийн уур амьсгалын өөрчлөлтийн талаар хөндөж ярилаа. Энх тайван, хүч үл хэрэглэх тухай Төвдийн соёл хийгээд Төвдийн буддын уламжлалын талаар Дээрхийн Гэгээнтэн мөн онцлон тэмдэглэж хэллээ. Тэр өөрийн улс төрийн хариуцлагаа урд эгнээнд сууж байгаа буюу сонгуулиар сонгогдсон, залуу, эрч хүчтэй доктор Лувсан Сэнгэд шилжүүлснээ сануулан хэллээ.

Хатагтай Клаудиа Рот, ноён Градер, ноён Кунгашар нар хадаг солилцсоноор уулзалт өндөрлөв. Дээрхийн Гэгээнтнийг индрээс буухад танхимд цугласан олон алга ташилтаар үдэж, түүнтэй гар барихыг хүссэн олон урагш зүтгэж байлаа. Маргааш тэрээр Гамбургт хийсэн богинохон боловч халуун дулаан айлчлалаа өндөрлөж, Энэтхэгийн зүг ниснэ.
Үзсэн: 2 114
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц