Дээрхийн Гэгээнтэн Хятад-Төвдийн бага хуралд оролцлоо

29-08-2014, 15:04  |  Хэвлэх

2014 оны 8 дугаар сарын 28

Герман, Гамбург, 2014.8.27- Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэг рүү буцахын өмнө Төвд Хятадуудын хамтран зохион байгуулсан ‘Нийтлэг байр сууриа олох нь’ сэдэвт бага хуралд оролцож үг хэлэв. Тэрээр оролцогсдод хандан хэлэхдээ,

Дээрхийн Гэгээнтэн Хятад-Төвдийн бага хуралд оролцлоо
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвд Хятадуудын хамтран зохион
байгуулсан "Нийтлэг байр сууриа олох нь" сэдэвт бага хуралд
морилон ирлээ. Герман, Гамбург, 2014.8.27.
Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
“Газар газраас хүрэлцэн ирсэн Хятадын ахан дүүс та нартай мэндчилэхдээ таатай байна. Ялангуяа Тянь Аньмэний тайлбай дээрх хэрэг явдлаас хойш би төвдүүддээ хандан Хятад ахан дүүстэйгээ холбоо тогтоохыг уриалсан. Тэрхүү үйл явдлаас хойш та бүхэнтэй уулзах хэд хэдэн боломж тохиосноос сүүлчийнх нь энэ байна” гэв.

“Засаг захиргааны хариуцлага хүлээж байсан бидний хэдэн төвдүүдийн хувьд цаашид юу хийх тухайд 1974 онд хэлэлцэж байсан удаа бий. Бид эрт орой хэзээ нэгэн цагт Хятадын эрх баригчидтай ярилцах ёстой болно, тиймээс тусгаар тогтнолын талаар урьдчилсан нөхцөл тавих шаардлагагүй гэдгийг бид ухаарсан. Тэр цагаас хойш бид боломж тохиох бүрт хятадуудтай холбоо тогтоох болсон.”

Тэрээр Төвдүүд 1950/51 онд хэрхэн Хятадын коммунистуудтай тулгарсан, 1954 онд Мао Зэдун, Дэн Сяопин, Ху Яобан зэрэг Хятадын удирдагчидтай уулзахын тулд хэдэн сараар Бээжинд очиж байснаа Дээрхийн Гэгээнтэн хүүрнэлээ. Социалистуудыг биширч, уулзсан хятад хүмүүстээ дотносох сэтгэгдэл төрж байснаа Дээрхийн Гэгээнтэн хуучлан ярив. Гэвч хожим нь байдал өөрчлөгдсөн байна. Төвдүүд Хятадын ард түмэнтэй хамтдаа амьдарсан урт удаан хугацааны түүхтэй байсан нь тэдэнтэй холбоотой байдгийн нэг шалтгаан хэмээн тэр хэлэв. Тэрээр буцах замдаа тааралдсан Хятадын албаны нэгэн хүнд хэлэхдээ, гадагшаа явахдаа сэтгэл түгшиж байсан бол буцаж ирэхдээ бүх зүйлийг боловсруулж болно гэсэн итгэлтэй боллоо гэж хэлж байснаа эргэн дурсав. Салах үедээ тэрээр Мао Зэдуны гарыг атгасан гэлээ.

“БНХАУ бол дэлхийн хамгийн их хүн амтай орон. Хятад улс дэлхийн хөгжилд асар их хувь нэмэр оруулах боломжтой боловч, Япон хийгээд хөрш бусад орнууд, түүний дотор Энэтхэг орон Хятадаас нилээд болгоомжилж байна. Олон улсын хамтын нийгэмлэгтэй хөл нийлүүлэхэд нь энэ саад болж байна.Хятад өөрийн гэсэн соёл, зан заншилтай, асар их хүн амтай, хурдан хөгжиж байгаа эдийн засагтай орон. Бусад улс үндэстэн дээдлэн хүндэлдэг орон болж чадна гэдэгт итгэж байна.”

Хятадын шинэ удирдагч Си Жинпин болон Ли Кецян нар өмнөх удирдагчдаасаа өөр хэмээн түүний энэтхэг нөхөд хэлснийг тэрээр дурдав. Өнгөрсөн хугацаанд намын хурал дээр үг хэлсэн хүн бүр бэлдсэн илтгэлээ уншдаг байсан бол одоо тэд дээрх байдлыг халсан байна. Си Жинпинтэй Бразилд уулзсан Энэтхэгийн сайд асан нэгнээс тэр бол өмнөх удирдагчдаасаа өөр, илүү энэрэнгүй зөөлөн төлөвтэй хүн байсан хэмээн сонссоноо Дээрхийн Гэгээнтэн өгүүлэв.

Дээрхийн Гэгээнтэн Хятад-Төвдийн бага хуралд оролцлоо
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам төвд хятад иргэдийн зохион
байгуулсан "‘Нийтлэг байр сууриа олох нь’ сэдэвт бага хуралд
үг хэлж байгаа нь. Герман, Гамбург, 2014.8.27.
Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
Үүнээс өмнө ч олонтоо хэлж байсан лугаа 1.3 тэрбум хятад хүн үнэнийг мэдэх эрхтэй хэмээн Дээрхийн Гэгээнтэн давтан хэлэв. Тэр эрхээ эдэлбэл тэд зөвийг буруугаас салгаж таньж чадна. Цензур хяналт тавих нь ёс суртахуунгүйн дээр ямар ч ач тусгүй зүйл гээд ил тод байдлын ач холбогдлыг тэрээр тэмдэглэн хэллээ.

15 орчим жилийн өмнөөс Самдон ринбучиг Калон Трипа болох үеэс Төвдийн төд захиргаа ‘цагаачлалд буй засгийн газар’ хэмээх нэр томьёог хэрэглэхээ больж, улс төрийн удирдагчаа Ерөнхий сайд хэмээн нэрлэхээ больсон гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тодруулан тайлбарлалаа. Хятадын засаг захиргаа цагаачлалд байгаа засгийн газрыг хүлээн зөвшөөрдөггүй хэмээн хэлдэг бөгөөд ‘Агуу Төвд’ хэмээн өөрсдийнхөө бодож олсон үзэл санаагаа ч хүлээн зөвшөөрдөггүй гэдэг. Тэрээр Уйгарын удирдагч Ребия Кадеертэй уулзаж, хүчирхийллийн бус арга хэрэглэхийг ятгасныхаа төлөө шүүмжлүүлж байснаа дурдаад, энэ бол нааштай алхам байсан гэв.

Хятадад очих боломжийн тухайд тэрээр,

“Утайн ууланд очихыг би үргэлж хүсдэг байсан. 1954 онд энэ талаар төлөвлөж байлаа. Дараа нь Хятадуудтай хийсэн 11 дэх удаагийн яриа хэлэлцээний үеэр татгалзсан хариу авсан” хэмээн хариулав.

Өрнөдийн орнууд эдийн засгийн шалтгаанаар Хятадад дарамт үзүүлэх сонирхолгүй байгаа энэ үед Хятадад шашны нийгэмлэгүүдийг хавчин дарж байгааг хэрхэн шийдвэрлэх вэ хэмээн нэгэн хүн асуулаа. Хятад дахь, түүний дотор Төвд дэх хүний эрхийн асуудлаар АНУ жил бүр тайлан гаргадаг хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав. Дашрамд нь, канцлер Ангела Меркель саяхан Хятад дахь хүний эрхийн талаар ил тодоор хэлснийг үнэлж буйгаа тэр илэрхийллээ.

“Хэдэн жилийн өмнө АНУ-ын зүгээс Хятадыг Худалдааны хамгийн тааламжтай үндэстнээр тодорхойлох тухай яриа гарч байхад би Ваншигтонд байж таарсан бөгөөд тэд энэ талаар миний саналыг асуусан юм. Дэлхийн хамгийн олон хүн амтай орны хувьд Хятад энэ нэрийг зүүх гавьяатай гэж би хэлсэн. Түүнчлэн Олимпийн эрхийн төлөө Хятадын саналыг би дэмжсэн. Хятад орон үнэхээр дэлхийд нээлттэй болохыг хүсч байгаа бол тэдэнд өнөөдөр дутагдаж байгаа ардчилал, ёс суртахууны хариуцлагатай болох хэрэгтэй.”

11 дүгээр сард болох Хятадын коммунист намын үндэсний конгресс дээр шүүх засаглалын асуудлыг авч хэлэлцэх төлөвлөгөө байх шиг байна хэмээн тэр хэлэв.

“Та бүхний дунд байгаа хуульчид яагаад шүүх засаглалыг судалж, тэр тухай бичдэггүй юм бэ? Уриа лоозон зүүх нэг хэрэг, харин чимээгүй, тууштай үйл хэрэг явуулах нь илүү үр өгөөжтэй”

Хятад-Төвдийн харилцаа холбоо сүүлийн жилүүдэд өргөжиж, эсвэл хумигдаж байгаа талаар асуусан асуултад, байдал дээшилж, харилцан өөр хоорондоо харилцах болсон хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав. Хятадаас улам олон хүн түүний номонд суухаар ирдэг болсон бөгөөд 2-3 жилийн өмнөөс эх газраас ирсэн хүмүүст зориулж тусгайлан ном айлдах болсноо тэрээр хэллээ. Буддизм Хятадын соёлын сэргэн мандалтад чухал үүрэг гүйцэтгэнэ гэсэн Си Жинпиний үгийг тэр эш татаад, одоо Хятадад 300-400 сая буддист байгаа хэмээн ярилаа.

Дээрхийн Гэгээнтэн Энэтхэг рүүгээ буцахын тулд бага хурлыг орхин явах болсноо хэлээд, Төвдийн сонгогдсон удирдагч Сикёнг Лобсан Сангэй болон бусад хүмүүс үлдээд, бага хурлын оролцогчдын асуултад хариулна хэмээн хэллээ. Дээрхийн Гэгээнтнийг өрөөнөөс гарахад олон хүн түүнтэй нүүр тулан уулзахыг хүсч, урагш зүтгэж байв. Дээрхийн Гэгээнтэн Мюнхенээр дайран Энэтхэг нисэхийн тулд эндээс шууд нисэх буудал руу хөдөлсөн байна.
Үзсэн: 2 210
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц