Энэтхэгийн Худалдааны танхим болон танхимын Эмэгтэйчүүдийн салбарт иргэний ёс зүйн сэдвээр яриа хийв

23-09-2014, 16:29  |  Хэвлэх

2014 оны 9 дүгээр сарын 18

Энэтхэг, Мумбай, 2014 оны 9 дүгээр сарын 18 – Энэтхэгийн Худалдааны танхим 20 дугаар зууны эхэн үед Энэтхэгийн аж ахуй эрхлэгчдийн санаачилгаар худалдаа, аж үйлдвэрийг дэмжих зорилгоор байгуулагдсан ажээ. Энэтхэгийн эдийн засгийг бие даан хөгжихэд хувь нэмрээ оруулсныг нь үнэлж Махатма Гандийг 1931 онд хүндэт гишүүнээр энэ байгууллагад элсүүлсэн байна. Бизнесийн үйл ажиллагаанд оролцсон эмэгтэйчүүдэд урам зориг өгөх, дэмжих асуудлыг хариуцсан Эмэгтэйчүүдийн салбар Танхимын дэргэд байдаг. Удирдлагын хороо Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Танхим байгуулагдсны 108 жилийн ойн арга хэмжээнд хүндэт зочноор урин залж, ‘Иргэний ёс зүйн’ сэдвээр яриа хийхийг хүссэн байна.

Энэтхэгийн Худалдааны танхим болон танхимын Эмэгтэйчүүдийн салбарт иргэний ёс зүйн сэдвээр яриа хийв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон бусад зочид Энэтхэгийн
Худалдааны Танхим байгуулагдсаны 108 жилийн ойн арга
хэмжээний нээлтийн гэрлийг асааж байгаа нь. Энэтхэг, Мумбай
2014.9.18. Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
Дээрхийн Гэгээнтнийг Нариман Пойнт дахь YB Чаван танхимд морилон ирэхэд ЭХТ-ын ерөнхийлөгч Прабодх Тхаккер угтан авч, индэр лүү урин заллаа. Нээлтийн ёслолын гэрлийг асаахыг түүнээс хүссэн байна. ЭХТ-ын Эмэгтэйчүүдийн салбарын ерөнхийлөгч асан, хатагтай Леена Вайдья хуран цугласан 600 гаруй хүнд хандан Дээрхийн Гэгээнтнийг танилцуулав.

Дээрхийн Гэгээнтэн уламжлал ёсоор ахан дүүсээ хэмээн тэдэнтэй мэндлээд, энэхүү арга хэмжээнд тэдэнтэй хамт оролцож буйдаа баяртай буйгаа илэрхийлэхийн хамт 2 жилийн турш та бүхэн намайг урих гэж оролдож байгаа биз ээ хэмээн хошигнов. Тэрээр цааш нь,

“Би хүмүүстэй уулзах бүртээ тэдний миний л адил хүний төрөлтөн гэж үздэг. Бидний ихэнх нь олон хүндрэлтэй асуудалтай нүүр тулдаг бөгөөд тэдгээр асуудлын ихэнхийг бид хүмүүс өөрсдөө бий болгосон байдаг. Бид бүгд хүн төрөлхтөн гэсэн нэгэн гэр бүлийн гишүүд болж холбогдсон гэдгээ ухаарахын оронд хоёрдугаар зэргийн ач холбогдол бүхий зааг ялгаанд хэтэрхий их анхаарч байгаагаас тэдгээр асуудлууд гарч байна. Нийт хүн төрөлхтнийг адилхан авч үзэх аваас бидний дунд ямар ч маргаан байх үндэсгүй юм. Уур амьсгалын өөрчлөлт бид бүгдэд нөлөөлж байгаа лугаа дэлхийн эдийн засаг улс орны хил, аливаа шашны хил хязгаарыг даван үйлчилж байна” гэв.

“Дэлхийн хүн ам өсөхийн хэрээр маш олон хүн ядуу зүдүү амьдарч байна. Баян ядуугийн хооронд зааг байна гэдэг нь ёс суртахууны үүднээс авч үзэхэд буруу үзэгдэл юм. Үүнээс улбаалан ахуйн асуудлууд мөн үүсдэг. Эдгээр асуудлыг шийдэхийн тулд бид бусдыгаа өөрсөдтэйгээ адил хүн гэдэг үүднээс харах шаардлагатай. Бид бие биендээ итгэх хэрэгтэй, тэрхүү итгэл нь бид бүгд адил хүмүүний төрөлхтөн гэсэн ойлголт дээр суурилах ёстой.”

Энэтхэгийн албаны нэгэн хүн болон түүний эхнэртэй уулзаж, гар барьсан тухайгаа Дээрхийн Гэгээнтэн хуурнэв. Харин, хүүхдүүдийнх нь асрагчтай мэндлэхээр гараа сунгахад тэрээр өөрийн эздийн өмнө дорд хэмээн өөрийгөө үзсэн тул хойшоо ухарсан ажээ. Өмнөд Африкийн Советод нэгэн африк гэр бүлтэй уулзсанаа тэр мөн хуучлав. Шинэ Үндсэн хуулийн дагуу илүү эрх чөлөө, тэгш эрхийг эрмэлзэх тэдний хүслийн талаархи Дээрхийн Гэгээнтний асуултад нэг нь толгой гудайлган, “Бид цагаан хүмүүстэй өрсөлдөж чадахгүй. Бидний тархи тэднийх шиг тийм сайн биш” хэмээн хариулсан байна. Дээрхийн Гэгээнтэн энэхүү хариултад цочирдож, хар цагаан хүмүүсийн тархинд ямар ч ялгаа байхгүй хэмээн батлан хэлсэн ажээ. Хэрвээ тэд энэ талаар эрдэмтдээс асуувал ямар ч ялгаа байхгүй гэдгийг тэд батална гэж хэлсэн байна. Эцэст нь африк эр хүлээн зөвшөөрч, Дээрхийн Гэгээнтэн ч түүнд үүнийг итгүүлж чаджээ.

Энэтхэгийн тухай яриандаа Дээрхийн Гэгээнтэн эргэж орохдоо, Инд мөрний хөндийд үүсч бий болсон эртний соёл иргэншил нь олон тооны эрдэмтэд, сэтгэгчдийг төрүүлсэн хэмээв. Цаг хугацааны урсгалаар Хинду, Жейн, Буддын шашин Наланда их сургуулийн гайхалтай багш эрдэмтдийг төрүүлсэн. Өнөөгийн эрдэмтэд тэр үед үүссэн мэдлэгээс суралцахыг эрмэлзэж, бидний өнөөдрийн мэдлэгт Инд мөрний хөндийд үүссэн зүйл нөлөө үзүүлсээр байна.

Энэтхэгийн Худалдааны танхим болон танхимын Эмэгтэйчүүдийн салбарт иргэний ёс зүйн сэдвээр яриа хийв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн Худалдааны
Танхимын 108 жилийн ойн арга хэмжээнд үг хэлж байгаа нь.
Энэтхэг, Мумбай, 2014.9.18. Гэрэл зургийг Жереми Рассел
‘Цаст Төвдийн төрөлх өнгө нь цагаан хэрнээ Энэтхэг орноос гэрэл тусах хүртэл хар өнгөтэй байсан. Энэтхэгээс гэрэл тусах үед л Төвд гэрэлтэж ирсэн’ хэмээн шүлэглэсэн 14-15 дугаар зууны Төвдийн эрдэмтний хэлсэн үгнээс Дээрхийн Гэгээнтэн эш татав. Төвдүүдийн хувьд энэтхэгчүүд гүрү буюу багш, харин төвдүүд чела буюу шавь нар нь ажээ. Гэхдээ Наландаагаас эхтэй мэдлэгийн эх ундарга Энэтхэгт бүдгэрэн устаж байгааг Төвдөд бүрэн бүтнээр нь хадгалж ирсэн учраас төвдүүд найдвартай шавь гэдгээ батлан харуулсан хэмээн тэр инээмсэглэн хэллээ. Одоо энэ бүхэн өөрийн төрөлх нутагтаа эргэн сэргэж байгаа ажээ.

“Өнөө үед амьдарч байгаа энэтхэг хүмүүст матераиллаг ертөнцийн тухай орчин үеийн мэдлэгийг Наландагийн уламжлалын эртний мэдлэгтэй хослуулах боломж байна. Бидний дотоод үнэт зүйлс алдагдсанаас бидний ихэнх асуудал үүсч байна. Хүн бүр амар амгаланг хүсдэг бөгөөд тэр амар амгалан нь хаана байна вэ? Хүн амар амгалан зүрх сэтгэлтэй бол тэнд амар амгалан хийгээд ахимса байна. Дотоод ийм амар амгалан үгүй бол ахимса байх боломжгүй. Тиймээс сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдсанаас бидний амар амгалан хамаарна. Сэтгэлийн сөрөг хандлагыг дарахын тулд сэтгэл хөдлөл хэрхэн өрнөдгийг мэдэх ёстой. Тэр цагт бид уур хилэн, айдас хүйдсийн асуудлаа шийдэж чадна.”

Ихэнх Энэтхэг хүмүүс өглөө бүр Ганеш, Сарасвати, Шива болон бусад бурханд мөргөх дуртай байдаг ч, ийм мөргөл сэтгэлийн амар амгаланг авчрахгүй хэмээн Дээрхийн Гэгээнтэн сонсогчдыг цаашлуулав. Сэтгэлийн амар амгаланд хүрэх зөв арга зам бол сэтгэлийн сөрөг хандлагаа ялан давж, эерэг хандлагыг төлөвшүүлэх явдал ажээ. Үүнийг хэрхэн хийх тухай мэдлэг нь Энэтхэгийн эрдэнэ болох эртний шашны мэдлэгт агуулагдаж байгаа хэмээн тэр өгүүллээ.

“Жаргалтай амьдрахад бидэнд зөвхөн мөнгө хэрэгтэй бус, дотоод амар амгалангаа олох нь түүнээс илүү чухал. Эртний уламжлалд агуулагдаж байгаа дотоод үнэт зүйлс болон иргэний ёс зүйг хөгжүүлснээр бид түүнийг олж чадна. Үүний тулд бидний боловсруулж байгаа сургалтын хөтөлбөрийн дагуу иргэний ёс зүйг боловсролын тогтолцоонд оруулах боломжтой.”

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн танхимд байгаа хүмүүсийг асуулт асуухыг хүсэхэд эхний асуулт, Наландагийн уламжлал хэрхэн Төвдөд түгэж, улмаар хадгалагдан үлдсэн тухай байлаа. Ихэнх нь санскрит хэл дээр бичигдсэн 300 гаруй эх зохиол төвд хэлнээ орчуулагдсан хэмээн тэр хариулав. 10 орчим бүтээл мөн хятад хэлнээс орчуулагдсан ажээ. Тэдгээр бүтээлүүдийн агуулгыг шинжлэх ухааны, гүн ухааны, шашны гэсэн 3 үндсэн чиглэлд хувааж болно. Шинжлэх ухааны сэдэвт зохиолыг сургалтын бусад сэдвийн нэгэн адил судлах боломжтой. Гүн ухааны тухайд, Хутагтын дөрвөн үнэний тайлбар нь буддист сургааль боловч гэхдээ хоёр үнэний тайлбарыг сурах арга барилтай ямар ч хүн судалж чадна. Буддын утга зохиол дахь шинжлэх ухааны талаархи номыг одоо англи хэл дээр бэлтгэж байгаа бөгөөд бусад хэлнээ орчуулах ажлыг хийх боломжтой.

Энэтхэгийн Худалдааны танхим болон танхимын Эмэгтэйчүүдийн салбарт иргэний ёс зүйн сэдвээр яриа хийв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн Худалдааны Танхим
байгуулагдсаны 108 жилийн ойн арга хэмжээн дээр оролцогчдын
асуултад хариулж байгаа нь. Энэтхэг, Мумбай, 2014.9.18.
Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
Дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүний 1 тэрбум нь өөрсдийгөө шашингүй хэмээн тодорхойлсон тухай тэрээр өгүүлэв. Тэдэнд дотоод амар амгалангийн тухай, түүнд хэрхэн хүрэх арга замын талаар түгээх арга зам байх ёстой бөгөөд түүний итгэж буйгаар боловсролоор дамжуулан үүнийг хийх боломжтой ажээ.

Материаллаг ертөнц дэх амьдрал болон шашны зам мөрийн тэнцвэртэй байдлыг хэрхэн хангах тухай асуултад, материаллаг орчин нөхцлийн бүрдэл нь хүний бие махбодийн тав тухыг хангадаг, энэ нь ч хүнд хэрэгтэй хэмээн Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхлэв. Гадаад мэдрэхүйгээрээ бид зарим, түр зуурын сэтгэл ханамжийг авдаг бол оюун ухааны түвшинд авсан сэтгэл ханамж нь мэдрэхүйн эх сурвалжаас үл хамаарахын дээр илүү удаан, бат бөх байдаг хэмээн тэр хэллээ. Аз жаргалтай байх нь мөнгө, хүч чадлаас хамаардаг хэмээн олон хүн бодож, зарим эмэгтэй хүн сайхан царай зүстэй байх шаардлагатай гэж үздэг шиг байгаа юм. 60-аад онд лам байж байгаад болиод, дараа нь гэрлэсэн Төвдийн засгийн газрын нэгэн ажилтны талаар Дээрхийн Гэгээнтэн дурсан ярив. Түүний эхнэр нь тийм ч сэтгэл татахаар царай зүстэй биш юм хэмээн Дээрхийн Гэгээнтнийг шоглон хэлэхэд, гаднах үзэмжээрээ тийм байж болох ч, дотоод гоо үзэсгэлэн нь онцгой хэмээн тэр хүн хариулсан байна. Тийм дотоод гоо сайхан, халуун дулаан сэтгэл маш чухал хэмээн Дээрхийн Гэгээнтэн нотлон хэлэв.

Өнөө үед шашны зүтгэлтнүүд хүртэл авилгад автагдаж байгаа нь харамсалтай хэмээн тэр тэмдэглэв. Тэдэнд итгэл бишрэл байгаа ч, ёс зүйн мэдрэмж алга байна. Тэд өглөө бүр бурханд мөргөж, цэцэг, хүж өргөдөг бөгөөд энэ нь “Миний авлигын ажил амжилттай болох талаас намайг адислана уу” гэсэнтэй агаар нэг билээ. Танхимд байсан хүмүүс бүгд инээлдэхэд Дээрхийн Гэгээнтэн өөр нэгэн түүхийг хүүрнэв. АНУ-д цагаачилсан Кубын нэгэн сүсэгтэн түүнтэй уулзаад, Фидель Кастрог аль болох хурдан диваажинд аваачиж өгөхийг өдөр бүр Бурханаас гуйдаг хэмээн ярьжээ.

ISIS бүлгийн удирдагчдын нэгэнтэй та өнөөдөр нүүр тулсан бол юу хийх байсан бэ гэсэн асуултад, хүмүүсийн сэтгэл хөдлөл хяналтаас гарсан үед тэдэнтэй харьцах туйлын хэцүү хэмээн тэр хариулав. Тэрээр өөрийн анд, ерөнхийлөгч Бушт 9 дүгээр сарын 11-ний үйл явдлын үеэр эмгэнэл илэрхийлэн захидал бичихдээ, ямар ч арга хэмжээ авсан бай, тэр нь хүчирхийллийн бус байна гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн гэдгээ дурсав. Эс тэгвээс нэг Бин Ладен арав, эсвэл зуун Бин Ладен болох эрсдэлтэй гэдгийг анхааруулсан бөгөөд тэр нь ч одоо биелж байх шиг байна. Цус урсгаж байгаа лалын шашинтан бол жинхэнэ лалын шашинтан бус, жихад бол гадаад тэмцлийн тухай биш, харин бидний сэтгэлийн сөрөг хандлагыг дарах тухайд байдаг хэмээн түүнд лалын анд нөхөд нь ярьсан байна.

Хятадын ерөнхийлөгч эхнэрийн хамт яг одоо Энэтхэгт айлчилж байгаа үед тэдний талаар ямар бодолтой байгааг нь түүнээс өөр нэгэн асуулаа. Тэрээр асуулт улс төрийн шинж агуулж байгааг хэлээд, улс төрийн албан тушаалаасаа 2011 онд бүрэн чөлөөлөгдснөө тайлбарлав. Нөгөө талаас Энэтхэг-Хятадын харилцаа харилцан итгэлцэл дээр хөгжих нь хамгаас чухал хэмээн тэмдэглэн хэлэв. Энэ оронд янз бүрийн хэл, бичиг үсэг, соёлын уламжлалууд цэцэглэж байгаа ч, салан тусгаарлах, улс орныг задлах ямар ч аюул байхгүй байгааг Си Жиньпин айлчлалынхаа явцад ажиглана гэдэгт найдаж буйгаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийлэв. Хятадын удаирдагчдын магтан сайшааж байгаа нийгмийн эв зохицол бол хүчирхийллийн үр дүнд бус, харин итгэлцэл дээр суурилах ёстой хэмээн тэр тэмдэглэн хэллээ. Үүний зэрэгцээ батлан хамгаалах зардлаасаа дотоодын аюулгүй байдлын төсөв нь давсан дэлхийн цорын ганц орон бол Хятад ажээ.

Си Жиньпин авилга, хээл хахуульай тэмцэж, Хятадын соёлын сэргэн мандалтад буддизм чухал үүрэгтэй хэмээн Парист мэдэгдсэнийг дэмжиж, хүндлэн биширч буйгаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийлэв. Хатуу чиг шугам баригчид Хятадад механик хандлагаар асуудалд хандсаар байгаа, эрүүл ухаанд орон зай бага байгаа үед Си Жиньпин амьдралд илүү ойр, бодитоор хандаж байгаа мэт санагдана.

“Ерөнхийдөө би өөдрөг үзэлтэй. Жоу Эньлайн нарийн бичиг байсан түүний эцэг Си Жонгсунг би мэдээж мэднэ” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв.

Сүүлчийн асуулт буддизм ба хиндуизмын ялгааны талаар байв. Шила-ёс зүй, самади-төвлөрөл, випасяна- ойлголт гэсэн утгаараа энэ хоёр шашин адилхан хэмээн тэр хариуллаа. Энэ хоёр шашин мөн үйлийн үр болон дахин төрөл авахыг хүлээн зөвшөөрдөг. Ялгаа нь атман ба анатманы талаархи ойлголтонд байдаг. Тэрээр,

“Би буддист хүний хувьд анатман гэсэн үзлийг дэмждэг ч, анатман, эсвэл атманд итгэх эсэх нь хувь хүний асуудал” хэмээн хэллээ.

ЭХТ-ын Ээгтэйчүүдийн салбарын ерөнхийлөгч, хатагтай Арти Сангхи уулзалтыг хааж хэлсэн үгэндээ, морилон ирсэнд, ухаан хайрласан яриа хийж өгсөнд нь Дээрхийн Гэгээнтэнд талархлаа илэрхийллээ. Танхимд хуран цугласан олон түүнийг халуун алга ташилтаар үдэв.
Үзсэн: 2 018
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц