Зүрх сэтгэлийг хэрхэн хөгжүүлэх тухай яриа ба бусдад үйлчлэх сэтгэлийн талаархи хэлэлцүүлэг

31-10-2014, 14:46  |  Хэвлэх

2014 оны 10 дугаар сарын 29

АНУ, Нью Жерси, Принстон, 2014 оны 10 дугаар сарын 28- Өчигдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Алабамагийн Бирмингемээс Принстоныг зорих замдаа эртний анд Аарон Бектэй уулзахаар Филадельфиад түр саатсан байна. Доктор Бек нь сэтгэхүйн эмчилгээний эцэг хэмээн олонд алдаршсан сэтгэл мэдрэлийн эмч хүн юм. Дээрхийн Гэгээнтэн олон нийтэд хийх айлдвартаа хэдэн жилийн өмнө доктортой хийсэн ярилцлагаасаа байнга эш татдаг байсан билээ. Тэрхүү ярилцлагын үед доктор Бек, бид ямар нэг зүйлд уурласан үедээ бидний уурыг хүргэсэн зүйлийг тэр чигээр нь сөргөөр хардаг боловч, тэрхүү мэдрэмжийн 90% нь бидний оюун ухааны тусгал төдий байдаг гэдгийг тайлбарласан байна. Энэ үнэтэй үзэл санаа нь Нагаржунагийн тайлбартай дүйж байгаа ажээ. 94 насыг зооглож байгаа доктор Бектэй дахин уулзаж чадсандаа Дээрхийн Гэгээнтэн баяртай байлаа. Өнөөдөр Принстон их сургуулийн Жадвин Гимназиум цэнгэлдэх хүрээлэнд багш оюутнаас бүрдсэн 5000 хүнд декан Алисон Боден Дээрхийн Гэгээнтнийг танилцуулсныхаа дараа түүнээс үг хэлэхийг хүслээ.

Зүрх сэтгэлийг хэрхэн хөгжүүлэх тухай яриа ба бусдад үйлчлэх сэтгэлийн талаархи хэлэлцүүлэг
Принстон их сургуулийн Жадвин Жим цэнгэлдэхэд “Зүрх сэтгэлийн
хөгжил” сэдэвт ярианы үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон
тус сургуулийн Шашны амьдрал ба Мөргөлийн сүмийн тэргүүн,
ламтан доктор Алисон Боден нар Нью Жерси, Принстон, 2014.10.28.
Гэрэл зургийг Денис Апплвайт
“Ахан дүүс нар аа. Өнөөдөр та бүхний өмнө үг хэлэх завшаан тохиолдож байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг билээ. Намайг энд урьсанд талархлаа илэрхийлье. Би буддист хүний хувьд бие, хэл, сэтгэлээрээ өөрийн үйлдлийг өдөр бүр бусдад үйлчлэхэд зориулдаг. Шинжлэх ухаан технолог асар их хөгжлийг авчирсан ч, өнөөдөр хүмүүс бидний өөрсдийн маань бий болгосон хүндрэлтэй олон асуудлуудтай бид нүүр тулсаар байгаагийн нэг нь баян ядуугийн асар том ялгаа билээ” хэмээн тэр яриагаа эхлэв.

“Бид бол нийгмийн амьтад. Оршин сууж байгаа орчин нийгмээсээ хамааралтай амьдардаг. Тиймээс хүн төрөлхтний сайн сайхан байдал нь бидний өөрсдийн маань сайн сайхны баталгаа учраас бидэнд дэлхий нийтийн төлөө гэсэн хариуцлагын мэдрэмж байх хэрэгтэй. Бид бүгд аз жаргалтай амьдрахыг хүсдэг бөгөөд хэн маань ч зовохыг хүсдэггүй. Тиймээс бид бүгд хүмүүний гэсэн нэгэн гэр бүлд харьяалагддаг гэдгээ ойлгох ёстой. Тэр үед бусдыг хохироох, ашиглах, эсвэл хуурах боломжгүй болно.”

Бүтээгчид итгэдэг шашны үзэл бодлоор бол бид бүгдийг Бурхан бүтээсэн юм бол бидэнд бүгдэд нь Бурханы оч байгаа. Буддист ухагдахуунаар бол үүнийг бурханы мөн чанар гэдэг. Аль ч тохиолдолд энэ бол өөртөө итгэлтэй байхын эх үүсвэр мөн. Бид өөр өөр шашинтай боловч нэг чухал зүйл нь тэдгээр шашны уламжлалууд гүн ухааны ухагдахуунаараа өөр өөр хэдий ч тэд бүгд хайр энэрэл, хүлээцтэй байдал, өршөөл, хувийн сахилга батыг сургадаг гэдгийг Дээрхийн Гэгээнтэн сануулан хэлэв. Өнөөөдөр дэлхий дээр 7 тэрбум хүн амьдарч байгаагийн 1 тэрбум нь өөрсдийгөө шашингүйн үзэлтэй хэмээдэг. Тэдний сэтгэлийг хайр энэрэл, нигүүлсэхүй үзэлд хандуулахын тулд бидэнд иргэний хандлага хэрэгтэй байна. Үүний тулд шашны бүх уламжлал хийгээд шашингүйн үзэлтэй хүмүүсийг хүртэл алагчлалгүй хүндэтгэн үздэг Энэтхэгийн урт удаан түүхт иргэний үзлийг даган баримтлах боломжтой.

Бидний өсч торних эхийн хайр халамжаас, эсэн мэнд үлдэх маань бусдаас хамааралтай байдгийг мэдэрсэн бидний нийтлэг туршлага бол дотоод үнэ цэнэт зүйлст хандах иргэний хандлагын үндэс нь мөн. Дээрхийн Гэгээнтэн цааш нь,

“Миний амьдрал дахь нигүүлсэхүнй анхны үрийг ээж маань суулгасан. Бараг бүх хүний хувьд ийм байдаг гэж би итгэдэг. Хэрвээ ээжүүд маань биднийг халамжлаагүй бол бид эсэн мэнд үлдэж чадахгүй байсан. Хүүхдийнхээ амьдралын эхний өдрүүдэд эх хүн хүүхэддээ хүрч байх нь тархины зөв зохистой хөгжилд нь чухал ач холбогдолтой байдаг хэмээн эрдэмтэн Боб Ливингстон надад ярьж байсан. Айдас хүйдэс хийгээд хардлага сэрдлэг нь бидний дархлааны тогтолцоог сүйтгэдэг бол нигүүлсэхүй нь бидний эрүүл мэндэд тустай байдаг” хэмээн хэллээ.

Зүрх сэтгэлийг хэрхэн хөгжүүлэх тухай яриа ба бусдад үйлчлэх сэтгэлийн талаархи хэлэлцүүлэг
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдвараа айлдсан Принстон их
сургуулийн Жадвин Жим цэнгэлдэх хүрээлэн. Нью Жерси,
Принстон, 2014.10.28. Гэрэл зургийг Сонам Зогсан
Бид чинээлэг байгаа хэрнээ хардлагад автагдсан, сэтгэл тавгүй байдаг бол аз жаргалгүй болно гэдгийг эрүүл ухаанаар ойлгож болно. Харин ядуу зүдүү ч, хайранд умбаж, хайраар хүрээлэгдсэн бол жаргалтай байна. Хэдийгээр тав тухтай аж төрөхөд мөнгө хэрэгтэй ч, мөнгө сэтгэлийн амар амгаланг бий болгодоггүй хэмээн Дээрхийн Гэгээнтэн нэмж хэллээ. Эд материалын баялагт чиглэсэн манай орчин үеийн боловсролын тогтолцоо нь буруу байна гэдгийг эрэдэмтэд болон боловсролын салбарынхан хүлээн зөвшөөрдөг. Сэтгэлийн үнэ цэнэт зүйлийг зааж сургах арга зам мөн шаардлагатай байна. Хүн төрөлхтний нэгдмэл байдал хийгээд бид бүгд нэг гэр бүлд багтдаг гэдгээ сайтар ухамсарладаг бол муудалцах, хөнөөлдөх, дайн үүсгэх гэх зэргийн суурь үгүй болно.

“21 дүгээр зууны анхны эрин үеийг бүрдүүлж байгаа залуучууд та бүхэн одооноос хүчин зүтгэл гаргаж эхэлбэл илүү аз жаргалтай, илүү амар амгалан дэлхий ертөнцийг байгуулж чадах боломжтой” хэмээн Дээрхийн Гэгээнтэн зөвлөв. Тэрээр нэмж, “Гэхдээ энэ бүхэн өөрөө аяндаа бий болно гэж найдаж болохгүй бөгөөд та бүхний үйл хөдлөл хэрэгтэй” хэмээн айлдлаа.

Дээрхийн Гэгээнтэн асуулт тавихыг зөвшөөрөв. Асуултад хариулах үедээ тэрээр сурах цаг завтай байсан арван хэдэн насандаа бололцооныхоо хэрээр уйгагүй сурч байгаагүйдээ ихэд харамсдагаа илэрхийлэв. Маш их уншиж, асуудлыг олон талаас нь авч үзэж байхыг Дээрхийн Гэгээнтэн оюутнуудад зөвлөлөө. Утга учиртай амьдрахын тулд дотоод үнэ цэнийг хайхрахгүй орхиж болохгүйг тэр сануулан хэллээ. Хүний эрхийн тухай асуултад, амьдралын зорилго нь аз жаргалтай амьдрах бөгөөд энэ бол бидний эрх хэмээн хариулсан байна. Ирээдүйд юу тохиолдохыг мэдэх баталгаа үгүй учраас бидний амьдрал найдвар дээр суурилдаг ажээ.

Өршөөлийг тэр доромжлогдсон үедээ уур хилэнгээс өөрийгөө хамгаалах арга зам хэмээн тодорхойлов. Энэ нь доромжлолыг мартана гэсэн үг биш бөгөөд буруу үйлдлийг өршөөж болох этгээдээс ялгахыг тэрээр зөвлөлөө. Төвөдөд үйлдэж байгаа хэрэг явдлынх нь төлөө Хятадын эрх баригчдын талаархи сөрөг бодлоо хэрхэн тэвчдэг тухайгаа тайлбарлахыг түүнээс уйгагүй асуусны хариуд,

“Хүн болж төрсний хувьд биднийг хохироосон хүмүүст ухамсартайгаар нигүүлсэнгүй хандах талаар бид хичээдэг. 2008 онд Төвөд даяар жагсаал цуглаан гарах үед би 1959 оны бослогын үед байсан шигээ сэтгэл ихэд зовниж, туслах ямар ч боломжгүйгээ мэдэрсэн. Би оюун ухааны дасгал хийх замаар сэтгэлдээ хятадын албаны хүмүүсийг төсөөлж, уур хилэн, үзэн ядалтаа үлдэн хөөж, тэдэн рүү хайр энэрэл илгээж байсан. Мэдээж энэ дасгал өрнөж байгаа үйл явдалд нөлөөлж чадаагүй ч, сэтгэлээ амар тайван байлгахад надад тусалсан” хэмээн өгүүллээ.

Зүрх сэтгэлийг хэрхэн хөгжүүлэх тухай яриа ба бусдад үйлчлэх сэтгэлийн талаархи хэлэлцүүлэг
Принстон их сургуулийн Жадвин Жимд Дээрхийн Гэгээнтний
айлдварыг 5000 гаруй хүн сонслоо. Нью Жерси, Принстон,
2014.10.28. Гэрэл зургийг Денис Апплвайт
Өөр нэг оюутан хөрөнгө оруулалтын банкны талаар зөвөлгөө өгөхийг хүсэхэд тэрээр үүнд хариулт өгч чадахгүйгээ хэлэв.

“Гэхдээ надад хөрөнгө оруулалтын банкинд нэг жилийн хугацаатай өндөр цалинтай ажиллах боломж олговол, дараа нь би танд хэлж өгье” хэмээн хошигнож хэллээ.

Буддизмын зарим зохиолд эрэгтэй хүн болж төрөх нь эмэгтэй хүн болж төрснөөс дээр хэмээн бичсэн байдаг ч, буддизмд шашны, гүн ухааны, соёлын гэсэн гурван ухагдахуун байдгаас дээрх асуудал нь соёл, зан заншлын ухагдахуунтай холбоотой. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс ертөнцийн хүлээснээс чөлөөлөгдөх ижил боломжтой гэлээ.

Аз жаргалд хүрэх түлхүүр юу вэ гэсэн асуултад “Mөнгө ба секс” гэсэн түргэн зуурын хариулт олныг баясгасан бөгөөд, тэрээр жинхэнэ түлхүүр бол нигүүлсэхүй хийгээд өөртөө итгэх итгэл дээр ажилласан халуун сэтгэл хэмээн үргэлжлүүлэн хэлэв. Хэрвээ бид үнэнч шударга, ил тод байх аваас бусдын итгэл, нөхөрлөлийг хүлээнэ хэмээн тэр хэлэв. Түүнээс гадна, оюун ухаанаа ашиглан, сэтгэлийн сөрөг хандлагаа өөрчлөхийг тэрээр зөвлөлөө.

“Илүү сайхан дэлхий ертөнцийг бий болгохын тулд алсын хараа ба эр зориг хэрэгтэй. Линкольн боолчлолыг халж, бага Мартин Лютер Кинг иргэний эрхийн төлөө тэмцсэн бол өнөөгийн ерөнхийлөгч африк гаралтай хүн байна. Энэ бол гайхамшиг. Та бүхэнд баярлалаа” гэснээр тэрээр яриагаа өндөрлөсөн байна.

Воодроу Вильсон Принстоны их сургуулийн захирал байхдаа амьдарч байсан Проспект хауст их сургуулийн багш профессоруудтай хамт Дээрхийн Гэгээнтэн үдийн зоог барив. Дараа нь тэрээр халимаг үндэстний төлөөлөлтэй уулзлаа. Халимагийн Гурван Эрдэнийн сан нь Принстоны шашны офистай хамтран үдээс өмнөх олон нийтийн яриа болон үдээс хойших хэлэлцүүлгийг зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн ажээ.

Канцлер Грийн Ротундагийн номын санд тэрээр Жил Долан, Митчелл Дуниейр болон Эдди Глауд нарын профессор болон 150 оюутан оролцсон ‘үйлчилгээ’ сэдэвт хэлэлцүүлэгт нэгдэн орлоо. Хэн нэгэнд туслахдаа хайр энэрлийн сэдлээр хийх ёстой гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Биеэ барих ёс зүй, энэрэнгүй ёс зүй, бодитоор туслалцаа үзүүлэх ёс зүйг өөртөө агуулсан Бодьсатва нарын ёс зүйн асуудлыг тэр хөндөн ярилаа. Сайн санаа сэдлийг үзэл бодол хийгээд ойлголтоор дэмжих шаардлагатай, бидний хүчин зүтгэл бодит бус бол бүтэх магадлал бага гэдгийг тэр анхааруулан хэлэв. Хүн төрөлхтөн гэсэн үндсэн түвшнээс авч үзэхэд бид бүгд адил учраас ялгаварлан гадуурах орон зай байх ёсгүй хэмээн тэрээр онцлон тэмдэглэлээ. Үүнээс гадна адилхан хүн гэсэн утга учир нь дайсандаа ч сайн сайхныг хүсэх боломжийг бидэнд олгоно.

Зүрх сэтгэлийг хэрхэн хөгжүүлэх тухай яриа ба бусдад үйлчлэх сэтгэлийн талаархи хэлэлцүүлэг
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Принстоны их сургуулийн Канцлер
Грийний номын санд зохион байгуулагдсан “Үйлчилгээ” сэдэвт
хэлэлцүүлгийн үеэр оюутнуудтай ярилцаж байгаа нь. Нью Жерси,
Принстон, 2014.10.28. Гэрэл зургийг Сонам Зогсан
Бидэнд хувийн ашиг сонирхол гэж байдгийг Дээрхийн Гэгээнтэн хүлээн зөвшөөрөөд, хязгаар нь явцуу тэнэг ашиг сонирхол ба бусдын эрх ашгийг тооцсон ухаалаг ашиг сонирхол гэж байдаг хэмээн харж буйгаа хэллээ. Бид зовлон жаргалыг бие махбодийн болон эд материалын хүрээнд авч үзэх хандлагатай байгааг тэмдэглэн хэлээд, бусдын тав тухыг хангаж, баяр баясал, инээдээ хуваалцаж байгаа үйлчилгээг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Бусдад үзүүлэх тус бол сайн дурын байх ёстойг тэр хэд хэдэн удаа онцлон тэмдэглэв.

Эцэст нь, бусдад үйлчилгээ үзүүлэн, туслахад өөрийгөө дадуулах боломжтой хэмээн тэр хэлэв. Үүнд эр зориг, цаг хугацаа хэрэгтэй. Тэрээр 8 дугаар зууны Энэтхэгийн эрдэмтэн Шантидевагийн хэлсэн үгийг өдөр бүр тунгааж, өөрийн эр зоригийг эрчилдэг хэмээн хэлэв.

Профессор болох зам цагаан толгой цээжлэхээс эхэлдэгтэй адил та бүхэн хүчин чармайлт гаргах хэрэгтэй хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Нисгэгч нар өнөөгийн нарийн төвөгтэй онгоцыг жолоодохын тулд ур чадварыг өөрийн болгох урт хугацааны, эрчимтэй сургалтад хамрагддаг. Бусдад үйлчлэхийн тулд өөрийгөө зэвсэглэх нь үүнтэй адил хэмээн тэр хэллээ.
Үзсэн: 2 484
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц