Шинжлэх ухаан ба нийгэм- Илүү сайхан дэлхий ертөнцийн төлөө шинэчлэлийг хийгчид

3-11-2014, 14:33  |  Хэвлэх

2014 оны 11 дүгээр сарын 1

АНУ, Массачусетс, Бостон. 2014 оны 10 дугаар сарын 31 – Эргэцүүлэн тунгаах судалгааны олон улсын 2 дугаар бага хуралд (ЭТСОУБХ) оролцохоор Дээрхийн Гэгээнтнийг морилон ирэхэд түүний хуучны анд нөхөд болох Ричард Дэвидсон болон Оюун ухаан ба Амьдрал хүрээлэнгийн захирал Артур Заёонц нар угтан авлаа. Анх 27 жилийн өмнө Даниэль Гоулман болон Франсиско Варела нарын хамт хэлэлцүүлэг өрнүүлж эхлэх үед цөөхөн хэдэн хүн хүрэлцэн ирж байсныг, хожим тэрхүү хэлэлцүүлэг нь Оюун ухаан ба Амьдрал хүрээлэн болж өргөжсөн тухай, мөн энэ удаад 1700 хүн цугларсан танхимыг хараад төрж буй сэтгэгдлээ доктор Дэвидсон удиртгал үгэндээ дурдав. Энэ удаад дэлхийн 23 орны төлөөлөл хуран чуулсан нь анхны ЭТСОУБХ-д ирсэн төлөөлөгчдөөс хоёр дахин их байгаа ажээ. Дээрхийн Гэгээнтэн,

Шинжлэх ухаан ба нийгэм- Илүү сайхан дэлхий ертөнцийн төлөө шинэчлэлийг хийгчид
Оюун ухаан ба Амьдрал хүрээлэнгээс зохион байгуулж буй
Эргэцүүлэн тунгаах судалгааны олон улсын 2 дугаар бага
хуралд 1700 гаруй хүн оролцлоо. АНУ, Массачусетс, Бостон,
2014.10.31. Гэрэл зургийг Жюрик Шрайнер
“Эртний хүндэт нөхөд, хамтран зүтгэгчид, ахан дүүс нар аа!, Би өөрийгөө үргэлж бусдаас хамааралтай амьдардаг 7 тэрбум хүн буюу нийгмийн амьтдын нэг хэмээн боддог. Бид хоорондоо маш их холбоотой. Тиймээс бидэнд тулгарч байгаа хүмүүс бидний өөрсдийн буй болгосон хүндрэлтэй олон асуудлыг арилгах боломжтой гэдэгт би итгэдэг. ‘Бид’ ба ‘тэд’ хэмээн ангилж хувааснаас, мөн бусдын амьдралыг хүндэтгэх хүндэтгэл дутагдсанаас асуудал үүсдэг” хэмээн яриагаа эхлэв.

“Би бол буддын шашны лам хүн. Миний баримталдаг Наландагийн уламжлал нь Бурхан Багшийн сургаалийг харанхуйгаар шүтэн дагах бус, харин нягтлан шинжлэхийг баримталдаг.”

Өмнөд Энэтхэгт сэргээн байгуулагдсан Төвөдийн сүм хийдийн сургалтын хөтөлбөрт шинжлэх ухааны судалгааг албан ёсоор оруулсан тухай тэр дурдав. Түүний эхлүүлсэн эрдэмтэдтэй хийж буй ярилцлагын үр дүнд энэ хандлага бий болж, уулзалтууд харилцан баяжиж ирсээр байгаа ажээ. Амгалан тайван хийгээд жаргалтай оюун сэтгэл нь бидний эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэдгийг шинжлэх ухааны ололтоор батласан байна.

Дээрхийн Гэгээнтэн айлдахдаа,

“Хүлээснээс ангижрах, эсвэл хойд насны тухай бид яриагүй, харин одоо, энд хэрхэн аз жаргалтай амьдрах тухай ярьж байна” хэмээв.

Өнгөрсөн үед аймшигт зэвсэг үйлдвэрлэхэд шинжлэх ухааны хөгжлийг ашигласан нь маш их айдас хүйдсийг бий болгоход нэмэрлэсэн гэдгийг тэр онцлон тэмдэглэв. Үүний зэрэгцээ сэтгэлийн амар амгалан, эв зохицлыг түгээх ёстой шашны зарим итгэгчид үймээн хүндрэлийг өдөөсөөр байна. Тиймээс илүү эрүүл, аз жаргалтай дэлхий ертөнцийг хэрхэн бүтээх талаар дахин бодох шаардлага байна. Дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүнээс хамгийн багадаа нэг тэрбум нь шашингүй гэж өөрсдийгөө үздэг тул тэд иргэний ёс зүйг баримтлах ёстой.

Дээрхийн Гэгээнтэн шашин ба шинжлэх ухаан хэрхэн хамтран ажиллах талаар сонсоно хэмээн тэсч ядан хүлээж буйгаа зарлахад танхим алга ташин талархлаа.

Шинжлэх ухаан ба нийгэм- Илүү сайхан дэлхий ертөнцийн төлөө шинэчлэлийг хийгчид
Оюун ухаан ба Амьдрал хүрээлэнгээс зохион байгуулж буй
Эргэцүүлэн тунгаах судалгааны олон улсын 2 дугаар бага
хурлын үеэр илтгэгч доктор Амиши Жха үг хэлж байгаа нь.
АНУ, Массачусетс, Бостон, 2014.10.31.
Гэрэл зургийг Жюрик Шрайнер
Өөрийн судалгааны ажлыг “Эргэцүүлэн тунгааснаар гарах үр дүн”-д чиглүүлэхээр 2004 онд шийдэх үед зөвлөхүүд болон хамтран ажиллагчид нь огтхон ч дэмжээгүй талаар доктор Амиши тайлбарлан ярив. Түүний шийдвэрийг Оюун ухаан ба Амьдрал хүрээлэн л дэмжсэн хэмээн хэллээ. Тэрээр Дээрхийн Гэгээнтнээс ийм байр суурийг баримтлахад юу нөлөөлсөн, өөрчлөлт хэрхэн явагдаж ирсэн талаар асуув.

Шинжлэх ухааныг сонирхох түүний сонирхол хүүхэд насанд нь эхэлсэн хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариуллаа. Яаж ажиллаж байгааг нь харахын тулд тоглоомуудаа задалдаг байснаа тэр дурсан ярив. Түүнчлэн киноны хуучин проекторын цахилгаан үүсгэгчийг хадгалж байсан нь цахилгааны зарчмын талаар ихийг ойлгуулсан байна. 1954-55 онуудад Хятадад очихдоо усан цахилгаан станц, гангийн болон бусад үйлдвэрүүдийг үзэж сонирхжээ. Хэрхэн өөрчлөгдсөн тухайд бол тэрээр буддист лам хүний хувьд түүний зорилго нь бусдад үйлчлэх, тэднийг зовлонгоос ангижруулахын төлөө зүтгэх явдал юм. Жинхэнэ аз жаргалын эх сурвалж нь бидний дотоод сэтгэлд байдгийг олон хүн мэддэггүй. Шинжлэх ухааны ололтууд буддист сэтгэлгээний зарим тал руу хөтөлж байгаа нь илүү бодитой болж байгаатай тэр санал нэг байгаагаа илэрхийлэв.

Дээрхийн Гэгээнтний сонирхож байгаа, орхигдсон ямар нэг асуулт байгаа эсэхийг Ричи Дэвидсон асуулаа. Мэдрэхүйн болон танин мэдэхүйн мэдрэмжийн ялгааг шинжлэх ухаан хэрхэн үздэг талаар мэдэхийг хүсч байгаагаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийлэв. Нигүүлсэхүй сэтгэлийг дадуулахдаа буддын арга техникийг хэн ч ашиглаж болох ч, хоосон чанарын ойлголт нь буддизмын асуудал хэвээр үлдэнэ хэмээн тэр тэмдэглэн хэллээ.

“Нөгөө талаас, бид бүх хүнийг хүн төрөлхтөн гэсэн нэгэн гэр бүлийн гишүүн хэмээн бодож чадвал бие биенээ хөнөөх, маргалдах ямар ч үндэс байхгүй болно” хэмээн айлдав.

Шинжлэх ухаан ба нийгэм- Илүү сайхан дэлхий ертөнцийн төлөө шинэчлэлийг хийгчид
Оюун ухаан ба Амьдрал хүрээлэнгээс зохион байгуулж буй олон
улсын 2 дугаар бага хурлын төлөөлөгчид. АНУ, Массачусетс,
Бостон, 2014.10.31. Гэрэл зургийг Жюрик Шрайнер
Буддизм хийгээд шинжлэх ухааны дундах хил хязгаар бүдгэрч байгаа тухай доктор Дэвидсон тэмдэглэн хэлэх үед, Энэтхэгийн буддын 300 боть ном төвөд хэлнээ 3 ангиллаар орчуулагдсан тухай Дээрхийн Гэгээнтэн тодорхойлон ярив. Энэ нь буддын шинжлэх ухаан, гүн ухаан, шашин хэмээх гурван ангилал юм. Сүүлийн 20-30 жилд гүн ухаан ба шинжлэх ухааны чиглэлийг тайлбарлах талаар гаргасан хүч хөдөлмөр нь үзэгдэх байдал хийгээд бодит үнэний зааг ялгааг давахад чиглэгдсэн хэмээн өгүүлэв. Орчин үеийн шинжлэх ухаан нь материйг, жишээ нь түүний мөнх бус хийгээд огцом зуурын өөрчлөлт нь байнга атомын түвшинд явагддаг гэдгийг маш сайн судалсан. Эртний Энэтхэгийн сэтгэл судлал, түүний дотор буддын сэтгэл судлал нь оюун ухаан хийгээд сэтгэл хөдлөлийн үйл ажиллагааны талаар өргөн мэдлэгийг агуулдаг байна.

Доктор Амиши Жха иргэний ёс зүйн талаар, тэр нь судалгааны нийтлэг салбаруудтай хэрхэн холбогдох тухай асуулт тавилаа.

“Нэгдүгээрт, аз жаргалын үндсэн эх сурвалж нь энд зүрхэнд байдаг. Түүнд хүрэхийн тулд бидэнд оюун ухааны болоод сэтгэл хөдлөлийн талаархи мэдлэг хэрэгтэй. Иргэний ёс зүйн хичээлийн хөтөлбөр гаргахад бидэнд сэтгэл оюуны газрын зураг шаардлагатай. Бие махбодийн эрүүл ахуй дээр нэмж оюун санааны эрүүл ахуй бидэнд хэрэгтэй байна. Сэтгэлийн ямар хөдлөл ямар мэдрэмжийг төрүүлдгийг бид мэдэх хэрэгтэй. Уур хилэн, айдас болон үзэн ядалт нь биднийг тавгүй байдалд оруулдаг бол сэтгэлийн бусад хандлага нь дотоод хүчийг бий болгодог. Оюун санааны эрүүл ахуй нь юунаас бүрдэж болохыг тогтоохын тулд эрдэм шинжилгээний судалгаа хэрэгтэй болж магадгүй. Жишээ нь, сэтгэлийн дотоод аз жаргал нь бидний сайн сайхан амьдрахад тустай гэдгийг бид харсан бөгөөд үүнийг нийт 7 тэрбум хүний тусын тулд ашиглах боломжтой. Энэ бол оюун санааны сайн дурын өөрчлөлт юм” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав.

Олон хүн иргэний ёс зүйг ажлын байран дээрээ л баримталдаг хэмээн доктор Жха тэмдэглэн хэлэв. Дотоод амар амгалантай холбоотой хүний ямар ч үйл ажиллагаа нь эцсийн эцэст хүний сайн сайхантай холбогдоно хэмээн Дээрхийн Гэгээнтэн тайлбарлав. Сайхан сэтгэл болон нигүүлсэхүй сэтгэлийг хэмжих боломжтой эсэхийг эрдэмтэд хүсч байгаа ч, одоогоор үүнийг хэрхэн хийх арга замыг боловсруулаагүй байна хэмээн Ричи Дэвидсон нэмж хэлэв. Хэмжилт хийх нь хэцүү гэдгийг Дээрхийн Гэгээнтэн хүлээн зөвшөөрсөн ч, гал гарч байгааг утаагаар нь, загас байгааг усны гадаргуу дээрх долгионоор мэддэгийн адил оюун ухааны хөгжлийг биеэ авч яваа үйлдлээр нь дүгнэж болно хэмээв. Хүндрэлтэй асуудал гарсан тохиолдолд л дотоод хүч чадал ихэнхдээ илэрдэг учраас энэ нь шалгаж байгаа хүмүүсдээ асуудал үүсгэх шаардлагатай гэсэн үг үү гэсэн асуултыг тэр тавилаа. Зөн билгээ хөгжүүлэх нь энгийн арга байж болох юм хэмээн тэрээр хошигнон хэлэв.

Шинжлэх ухаан ба нийгэм- Илүү сайхан дэлхий ертөнцийн төлөө шинэчлэлийг хийгчид
Оюун ухаан ба Амьдрал хүрээлэнгээс зохион байгуулсан олон
улсын бага хурал өндөрлөсний дараа. Баруун гар талаас
Дээрхийн Гэгээнтний орчуулагч Түвдэн Жинба, илтгэгч Артур
Заёонц, Дээрхийн Гэгээнтэн Далай Лам, Ричард Дэвидсон,
Амиши Жха. АНУ, Массачусетс, Бостон, 2014.10.31.
Гэрэл зургийг Жюрик Шрайнер
Өөрийгөө зарим талаар үнэлэх үнэлэлт энд байж болохыг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв.

“Миний тухайд, зарим зүйлд хандаж байгаа миний одоогийн хандлагыг 30-40 жилийн өмнөхтэй харьцуулахад маш том өөрчлөлт байгаа. 2-3 жилийн өмнө Энэтхэгийн шашны хүнтэй Банглорт уулзахдаа ёс зүй, төвлөрөл болон билиг ухааны асуудлаар олон нийтлэг зүйл бидэнд байгааг бид хүлээн зөвшөөрсөн. Бидний ялгаатай тал нь атман буюу би буй дээр суурилсан түүний үзэл ба би үгүй буюу анатман дээр суурилсан миний буддист үзэл байсан юм. Ямар ч би-г үгүйсгэдэг үзэл нь бидний асуудал.”

Өнгөрсөн орой уур амьсгалын өөрчлөлтийн талаар өргөн хэлэлцүүлэг болсон талаар доктор Жха мэдэгдээд, Дээрхийн Гэгээнтний бодлыг сонсохыг хүслээ. Тэрээр юу хэлэхээ мэдэхгүй байгаагаа хэлсэн ч, Бурхан Багшийн амьдралд мод ямар үүрэг гүйцэтгэсэн тухай ярилаа. Тэр модны дор төрж, модны дор гэгээрлийг олж, модны дор таалал төгссөн байна. Лам нар нэг байрнаас нөгөө рүү нүүх үед ирж байгаа бүлэг хүмүүсийн нэг үүрэг нь өмнөх хүмүүсийн суулгасан модыг арчлах, услах явдал байдаг байжээ. Түүнчлэн усны эхийг бохирдуулахгүй байх талаар хатуу зааварчилгаа байдаг байжээ. Энэ бүх асуудал байгаль орчны шинжтэй байсан байна.

“Энэ бол бидэнд байгаа ганцхан орон гэр маань. Үүнийгээ бид сүйтгэчихвэл бид яах болж байна? Хаашаа явах болж байна?”

Томас Лайрд Төвөд дэх ханын зургийг хуулбарлан зурж, Роберт Турман тайлбарыг нь бичсэн номын эхний хувийг Дээрхийн Гэгээнтэнд бэлэглэснээр бага хурлын үйл ажиллагаа өндөрлөв.

Шинжлэх ухаан ба нийгэм- Илүү сайхан дэлхий ертөнцийн төлөө шинэчлэлийг хийгчид
Ёс зүй ба Хувиран өөрчлөгдөх үнэ цэнийн асуудал хариуцсан
Далай Ламын Төвөөс Массчусетсийн Технологийн их сургуулийн
танхимд зохион байгуулсан Дэлхийн тогтолцоо 3.0:
Хувьсан өөрчлөгдөж буй дэлхийн төлөө гаргах голч шийдэл
АНУ, Массачусетс, Кембриж, 2014.10.31.
Гэрэл зургийг Брайн Лима
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үдээс хойш Ёс зүй ба Хувиран өөрчлөгдөх үнэ цэнийн асуудал хариуцсан Далай Ламын төвөөс Массачусетсийн Технологийн их сургуулийн Кресже танхимд зохион байгуулж буй ‘Илүү сайхан дэлхий ертөнцийн төлөө шинэчлэлийг хийгчид’ сэдэвт хоёр хэлэлцүүлэгт оролцсон байна. Эхний хэлэлцүүлгээр дэлхий ертөнцийг өөрчлөхийн төлөө гаргасан голч шийдлийг авч үзэхдээ уур амьсгалын өөрчлөлтөд онцгойлон анхаарсан байна. Өнөөдрийн энэ асуудлыг 2 жилийн өмнө мөн энд хэлэлцэж байсан бөгөөд бид бүгд санаачлагатай байх хэрэгтэй байна хэмээн хурлын дарга Деборах Анкона хэллээ.

“Засгийн газар шаардлагатай зүйлийг хийхгүй, бид бас хангалттай ажиллахгүй байна.”

Жон Стерман статистик тоо хараад, 2100 он тийм ч хол биш байна гэв. Хэрвээ бид гамшгаас урьдчилан сэргийлэх гэж байгаа бол одооноос хөдлөх ёстой. Уламжлалт бус энергийн эх сурвалжийн өртгийг бууруулж, энергийг илүү үр ашигтай хэрэглэх чиглэлд авч болох арга хэмжээний талаар Ребекка Хендерсон өөрдрөг бодолтой байдгаа илэрхийлэв. Хэрвээ бид нөхцөл байдлыг өөрчлөхөөр шийдсэн бол бид чадна гэсэн дүгнэлтийг тэр гаргалаа. Үүнд гар, толгой, зүрх сэтгэлийн манлайлал хэрэгтэй хэмээн Маршал Ганз хэлэв. Иргэний эрхийн төлөөх тэмцлийн үед Роза Парксын үзүүлсэн шиг ёс суртахууны зайлшгүй шаардлага хэрэгтэй байна.

Асуудлын ач холбогдлыг Дээрхийн Гэгээнтэн батлаад, энэ нь нэг хоёр тивийн асуудал бус, нийт 7 турбум хүнтэй холбоотой асуудал хэмээн тэмдэглэн хэллээ. Тэрээр цааш нь,

“Би нийт дэлхий дахины төлөө санаа зовж байна. Би жирийн нэг буддист лам боловч, манай номын гол зүйл нь энэрэнгүй үзэл бөгөөд түүнийг амьдралд хэрэгжүүлэх ёстой. Олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэхийн тулд ийм төрлийн уулзалтыг байнга хийх ёстой. Мунхагийн харанхуйгаас болж маш их буруу хандлага тогтсон байна. Олон нийт энэ асуудлын тухай мэдээд зогсохгүй, үүнийг шийдэхийн тулд юу хийж болохыг мэдэх шаардлагатай” хэмээн өгүүлэв.

Махатма Ганди болон бага Мартин Лютер Кинг нар баталсан шиг хүчирхийллийн бус арга үйлчилнэ хэмээн Маршал Ганз тэмдэглэн хэллээ. Нүүрстөрөгчийн хийн ялгаралтын эсрэг шүүхийн ялалт байгуулсан цанын худалдаа эрхэлдэг компанийн талаар Ребекка Хендерсон танилцууллаа. Нью Иорк Таймс сонинд гарсан өөр нэг түүхийг Ганз дурдсан бөгөөд байгалийн түлшний корпорацийн төлөөлөгч,

“Ялахын тулд чи бохир тоглохоос өөр аргагүй!” хэмээн хэлсэн байна.

Шинжлэх ухаан ба нийгэм- Илүү сайхан дэлхий ертөнцийн төлөө шинэчлэлийг хийгчид
Ёс зүй ба Хувиран өөрчлөгдөх үнэ цэнийн асуудал хариуцсан
Далай Ламын Төвөөс Массчусетсийн Технологийн их сургуулийн
Кресже танхимд зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцсон залуу
илтгэгчид индэрт гарж ирж байгаа нь. АНУ, Массачусетс, Кембриж,
2014.10.31. Гэрэл зургийг Фредо Дюранд
‘Очийг эхлүүл’ сэдэвт хоёр дахь хэлэлцүүлэгт залуучууд Дээрхийн Гэгээнтэнтэй ярилцлаа. Жакарра Гарравэй итгэл, урам зориг дүүрэн нэгэн шүлэг уншсаныхаа дараа Дээрхийн Гэгээнтнээс залуу байхдаа авч байсан, өнөөг хүртэл санаж байгаа зөвөлгөөнөөсөө хуваалцахыг хүсэв. Хайр энэрлийг эхлээд ээжээсээ авч, дараа нь хүүхэд байхад нь түүнтэй тоглодог байсан үйлчлэгч нараасаа авснаа Дээрхийн Гэгээнтэн дурсан ярив. Өнөөдөр итгэл найдварыг хаанаас авч болох тухай Ноа Мачера асуув. Олон арга зам байгаа, үүний дотор өөдрөг үзэл хийгээд итгэл найдварыг авах хангалттай үндэс байгаа, тухайлбал дайнаас илүү энх тайвныг хүсэх сонирхол нэмэгдсээр байгаа хэмээн тэр хариуллаа.

20 дугаар зууны ихэнх он жилийг туулсан Английн хатан хааны эхтэй 1996 онд 96 настай байхад нь уулзаж, дэлхий ертөнц сайжирч, эсвэл дордож байгаа эсэх талаар түүнээс асууж байснаа Дээрхийн Гэгээнтэн дурсав. Хатан хааны эх түгдрэлгүйгээр дээрдэж байгаа хэмээн хариулсан бөгөөд түүнийг залуу байхад өнөөдрийнх шиг хүний эрх, өөрийн замыг сонгох тухай яриа байдаггүй байсан гэжээ. 20 дугаар зуун хүчирхийллийн зуун байсан учраас 21 дүгээр зууныг яриа хэлцлийн зуун болгох талаар арга хэмжээ авахыг Дээрхийн Гэгээнтэн хүсч буйгаа илэрхийллээ.

10 настай Вивьен Харр үйл хөдлөл үгүйгээр нигүүлсэхүй бол нигүүлсэхүй биш хэмээн бодож буйгаа илэрхийлээд, Дээрхийн Гэгээнтнээс зөвөлгөө хүсэв. Нээлттэй бөгөөд сайхан сэтгэлтэй байхыг тэрээр зөвлөлөө. Тэрээр цааш нь,

“Шинэ залуу эрин үеийн төлөөлөл болсон та бүхэн бол бидний ирээдүйд тавьж буй ганц итгэл найдвар билээ. Энд ярилцсан асуудлын талаар нухацтай бодоцгоогоорой. Асуудлыг өргөн өнцгөөр, алс хэтийн төлөвт нь харж байгаарай. Бид өнгөрснийг өөрчилж чадахгүй ч, ирээдүйг бүтээж чадна” хэмээн айлдлаа.
Үзсэн: 2 348
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц