Жанрайсигийн авшиг хайрласнаар монголын сүсэгтнүүдэд зориулсан Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдвар өндөрлөлөө

7-12-2014, 03:28  |  Хэвлэх

2014 оны 12 дугаар сарын 5

Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, 2014 оны 12 дугаар сарын 4- Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жалва Жамцо Жанрайсигийн авшиг хүртээхийн өмнө бэлтгэл ажил хангахаар хүйтэн жавар хайрсан, түнэр харанхуйн дунд Тэгчин Чойлин Зүглагхан дуганд морилон ирлээ. Дуганы эргэн тойрны тагт болон цэцэрлэгт хүрээлэнд ойролцоогоор 5000 орчим хүн аажмаар хуран цугларав. Тэд Дээрхийн Гэгээнтний сургааль айлдахыг тэвчээртэй хүлээн, маань уншицгааж байлаа.

Жанрайсигийн авшиг хайрласнаар монголын сүсэгтнүүдэд зориулсан Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдвар өндөрлөлөө
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дөрвөн өдрийн айлдварынхаа
сүүлийн өдөр. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, 2014.12.4.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Өглөөний найман цагийн үед тэрээр сэнтийд залрав.

“Бурхан Багшийн сургаальд Судрын ёсны болон Нууц Тарнийн ёсны сургааль багтдаг” хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдвараа эхлэв. “Судрын ёсоор бид бодийн сэтгэлийг үүсгэн, барамидыг хөгжүүлдэг. Бид таван зам мөр хийгээд бодьсадвын арван газрыг баримталдаг. Нууц тарнийн хүрдэнд өөр зан үйл, тухайлбал их жаргал цэнгэлийг хэвшүүлэх, нарийн сэтгэл болон хийн эрчим хүчийг ашиглах шаардлагатай байдаг. Эдгээр арга замын тусламжтайгаар бид Бурханы хутгийг олно. Төгс гэгээрэл гэдэг нь оюун сэтгэл хийгээд бие махбодь нэгдмэл нэгэн чанартай болохыг хэлнэ хэмээн Нагаржуна гэгээн хэлсэн. Дадлын тусламжтайгаар түүнийг хэвшүүлэх шаардлагатай. Оюун сэтгэл хийгээд бие махбодийн нэг мэдрэмж гэдгийг янз бүрийн урсгалд өөр өөрөөр нэрлэдэг. Цогчинд түүнийг солонгон бие гэдэг бол, Дүйнхорт хоосон хэлбэрт бие гэдэг.”

Олон хүн авшиг авахдаа эд баялагтай болох, урт наслах, эсвэл дайснаа дарах хүсэл тээдэг тухай Дээрхийн Гэгээнтэн ярив. Энэ нь энэ амьдралд хүмүүс юунд илүү санаа зовниж байгааг харуулж байна. Бурхан Багш сургаалиа айлдахдаа ийм зорилгыг тавиагүй юм. Тэр бүү хэл сайн төрөлд төрөх нь ч Бурхан Багшийн сургаалийн гол зорилго биш бөгөөд учир нь энэ нь ихэнх шашны сургаалийг мөрдсөнөөр хүрч болох зүйл юм. Бурхан Багшийн сургаалийн онцгой зорилт бол эрх чөлөөг олоход оршино. Харин бид хоосон чанарыг ойлгосны үндсэн дээр л эрх чөлөөг олно.

Жанрайсигийн авшиг хайрласнаар монголын сүсэгтнүүдэд зориулсан Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдвар өндөрлөлөө
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Жанрайсигийн авшиг хүртээх
ёслолын үеэр. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, 2014.12.4.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Өнөөдрийн өгөх гэж байгаа авшиг нь Жанрайсиг бурхантай холбоотой бөгөөд Дээд Иогын дандрын ёсны хүрээнд өгөх болно гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлан ярив. Энэ дамжлага Базардар, Дилоба, Майдар болон Жансэм Лодой Ринченгээс ирсэн байна. Дээрхийн Гэгээнтэн энэхүү дамжлагыг Тижан ринбучигээс авч, ринбучи Дадаг ринбучигээс, харин Дадаг ринбучи 12 ба 13 дугаар Далай Ламын багш Пүрчог Жамба Цүлтэм Жамцаас авсан тухай тэрээр өгүүллээ. Энэ зан үйлийг зохиогч бичихдээ, Төвөд бол Жанрайсиг бурханы ивээл дор байдаг учраас Жанрайсигийн дээд иога нууц тарни нь хамгийн төгс хэмээсэн байдаг.

Арга хэмжээний төгсгөлд Халх Жэвзүндамба хутагтыг хурдан буцаж морилохыг ерөөсөн “Түргэн Залрахуйн Ерөөл”-ийн аман дамжлагыг Дээрхийн Гэгээнтэн хайрлав. Энэ талаар жонан болон бусад урсгалынхан хүсэлт тавьсан ажээ. Өмнөх төрлийн Жэвзүндамба хутагтыг 10 настайгаас нь эхлэн мэддэг байсан хэмээн тэрээр хүүрнэв. Түүний талаар хэдэн өдрийн өмнө ярьж байхдаа, дараагийн төрлөө Монголд олоосой хэмээн хүсч байснаа тэр дурслаа.

Дөрвөн өдрийн айлдварын гурван өдөрт нь ‘Гэгээрэлд Хүрэх Бодь Мөрийн Зэргийн Их Хөтөлбөр’-ийн эхний зургаан бүлгийг голчлон номлосон айлдварынхаа эцэст Дээрхийн Гэгээнтэн,

“Сургааль номлол маань дуусч байна. Одоо та бүхэн амьдралд хэрэгжүүлэх ёстой. Гэхдээ өөрсдийнхөө боломжид тааруулаарай. Эхний ээлжинд хэт өндөр зорилго тавиад хэрэггүй, дэс дараалалтай явах хэрэгтэй.

Дараа жил Монголд дахин та бүхэнтэй уулзахын ерөөл тавья” хэмээн айлдлаа.
Үзсэн: 2 441
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц