Гандан Жанзэ хийдэд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдаж байгаа “Бодь Мөрийн Зэрэг” номын тав дахь өдөр

18-01-2015, 09:11  |  Хэвлэх

2014 оны 12 дугаар сарын 27

Энэтхэг, Карнатака, Мундгод, 2014 оны 12 дугаар сарын 27 – Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг өнөө өглөө ялимгүй эрт Гандан Жанзэ хийдэд морилон ирэхэд сүмийн доод давхарт, гол дугануудад, гадаа зассан асарт хэдэн мянган лам, энгийн хүмүүс түүний айлдварыг сонсохоор хуран цугласан байв.

Гандан Жанзэ хийдэд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдаж байгаа “Бодь Мөрийн Зэрэг” номын тав дахь өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гандан Жанзэ хийдэд тав дахь
өдрийнхөө айлдварыг эхлэхийн өмнө Бурхан Багшийн сэрэг
дүрд залбирал үйлдэж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мундгод,
2014.12. 27. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Гэгээрэлд хүрэх бодь мөрийн зэргийн талаархи Шамар бандидагийн шастирын тайлбарт Дээрхийн Гэгээнтэн ороод, хуврагийн аймгийн тухай, үүнд сахил санваартай эрэгтэй эмэгтэй лам хуврагууд, эрэгтэй эмэгтэй хар хүмүүс орно гэдгийг тайлбарлав. Бурхан Багш эрэгтэй эмэгтэй лам хуврагт бүрэн сахил өгсөн учраас хуврагийн аймагт бхикшүни нар ч багтах ёстой. Гэхдээ винайн ёс буюу сүм хийдийн сахилга батын асуудал Төвөдөд Муласарвастивадин уламжлалын дагуу нэвтэрсний улмаас зөвхөн лам нар сахил авч байсан. Учир нь тэр үед Энэтхэгээс урих Муласарвастивадан бхикшүни байгаагүй юм. Бхикшүни сахил Хятад, Вьетнам зэрэг оронд Дармагупта уламжлалын дагуу оршдог. Бхикшүни нарыг дөрвөн төрөлт сангха-гийн нэг хэсэг болгон сахил хүртээх асуудлыг шийдэх талаар олон улсын уулзалт зохион байгуулах хүчин чармайлт гаргасаар ирсэн, цаашид ч гаргах болно гэдгийг Дээрхийн Гэгээнтэн хэллээ.

Сүсэг бишрэлийн тухай сэдвийг хөндөхдөө тэрээр Лахаул болон Спити орох зам дагууд хүмүүстэй уулзсан тухайгаа сонирхуулан ярив. Тэднээс буддист эсэхийг нь асуухад, тэд тийм гэж хариулсан байна. Буддизм юун тухай байдаг вэ хэмээн үргэлжлүүлэн асуухад, тэд “Аврал одуулах” хэмээн хариулжээ. “Юунд аврал одуулах вэ?” хэмээн Дээрхийн Гэгээнтнийг асуухад тэд хариулж чадаагүй байна. Тэрээр “Будда гэж хэн бэ?” хэмээн асуухад ч тэд хариулж чадаагүй байна. Будда ба Брахма нэг хүн үү гэж асуухад тэд тийм гэж хариулжээ. Лам гурван эрдэнэд аврал одуулахын тулд таны итгэл үнэмшил учир шалтгаан хийгээд ойлголт дээр суурилсан байх нь чухал хэмээн Дээрхийн Гэгээнтэн өгүүллээ. Таны өвөг дээдэс аврал одуулж байсан учраас та үүнийг үргэлжлүүлж байгаа гэсэн шалтгаан хангалттай бус юм. Хэрвээ ийм байх хангалттай юм бол Ганжуур Данжуурын 300 гаруй боть байх хэрэг байхгүй.

“Хэрвээ та гэгээрэл гэж юу болохыг мэддэггүй бол бодийн сэтгэлийг хэрхэн үүсгэх билээ? Билиг билгүүний тусламжтайгаар бодьсадва нар гэгээрэлд тэмүүлэхийн хамт бодийн сэтгэлээр дамжуулан хамаг амьтныг анхаардаг” хэмээн Дээрхийн Гэгээнтэн өгүүлэв.

Гандан Жанзэ хийдэд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдаж байгаа “Бодь Мөрийн Зэрэг” номын тав дахь өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын тав дахь өдрийн айлдварыг сонсч
буй лам хуврагууд. 2014.12. 27. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
“Сэтгэл оюунаа дадуулахын тулд Хутагтын Дөрвөн Үнэний нэг шинж болох зовлон болон мөнх бусын нарийн ойлголтыг судлан шинжлэх шаардлага бидэнд байна. Энэ 16 шинж чанарт би өдөр бүр дүн шинжилгээ хийн боддог. Түүнчлэн би бодийн сэтгэлийн талаар бодож, бясалгалдаа гэгээрлийн 37 зүйлд анхаарлаа хандуулдаг.”

Лам Римын янз бүрийн уламжлалд тусгагдсан өөр өөр хандлагын талаар Дээрхийн Гэгээнтэн ярилаа. Гэвш Шаравын бүтээл болон ‘Гэгээрлийн Сувдан Чимэг’ зохиолын эхэнд бидний бурханлаг мөн чанарын тухай өгүүлдэг. Алсын хараатай, өргөн өөр нэгэн хандлага нь өөрийгөө бусдын оронд тавих үзэл санаа юм.

Зохиолуудад хүмүүний амьдралын үнэ цэнэ болон амьдралыг утга учиртай болгох тухайгаас үүдэн мөнх бус хийгээд үхлийн талаар авч хэлэлцдэг бөгөөд аль аль нь доод түвшинд явагддаг. Мөнх бус хийгээд би үгүй гэх ойлголт нь сэтгэл оюуныг дадуулахад гол үүрэг гүйцэтгэдэг учраас үхлийн тухай ойлголт нь гунигт автагдах үндэс болохгүй хэмээн Нагаржуна гэгээн тэмдэглэн хэлсэн байдаг.

Үхэлтэй холбогдуулан Дээрхийн Гэгээнтэн ‘түгдам’ гэх үзэгдлийн талаар ярьсан бөгөөд клиник үхлийн дараа нарийн ухамсар хүний биед үлдэхийг буддистууд ийнхүү нэрлэдэг ажээ. Саяхан тэрээр үхсэнийхээ дараа 25 хоног ийм байдалд байсан нэгэн монгол хүний зургийг харснаа дурсав. 20 дугаар зууны дунд үед эрдэмтэд оюун ухаан тархинаас үл хамааран, ангид оршдог гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй байсан хэмээн тэр хэллээ. Харин одоо энэ үзэгдлийг хүлээн зөвшөөрдөг эрдэмтэд байдаг болсон. Мөн хүний бодол тархинд нөлөө үзүүлдэг болохыг нотолсон нотолгоо байгаа бөгөөд хэдхэн жилийн өмнө энэ нь боломжгүй зүйл хэмээн тооцогдож байсан байна. Эртний Энэтхэгийн уран зохиол нь сэтгэл оюуны талаархи агуу мэдлэгийн эх сурвалж бөгөөд энэ мэдлэг нь 21 дүгээр зууны дэлхий дахинд онцгой үүрэг гүйцэтгэж болохыг тэр давтан хэлэв. Үүний тулд хоосон итгэл бус, харин учир шалтгаан хийгээд боловсролд илүү анхаарах шаардлагатай.

Үхлийн талаар цааш нь тэрээр ярихдаа, Хятадын Цагаан хэрэм болон Таж Махалыг барьсан хүмүүс хэдийгээр агуу зүйлийг бүтээсэн боловч цаг нь ирэхээр бүгд нас барсан гэдгийг тэмдэглэн хэлэв. Буддын үзэл номлолоор биднийг үхэхэд үлдэж байгаа нарийн түвшний оюун ухаан чухал ач холбогдолтой байдаг. Энэ бол бидний үйлийн үрийн үндэс юм.

Гандан Жанзэ хийдэд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдаж байгаа “Бодь Мөрийн Зэрэг” номын тав дахь өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гандан Жанзэ хийдэд 5 дахь
өдрөө ном айлдаж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мундгод,
2014.12. 27. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Үхлийн талаар тунгаан бодох нь бидний амьдралд юу чухал болох талаар бодоход хүргэдэг. Хүмүүний амьдралыг дутагдлаар дүүрэн хэмээн Бурхан Багш тодорхойлсон байдаг. Эхлээд бага нас ба боловсрол, дараа нь ажил хайх шаардлага, гэрлэх, хүүхдүүдтэй болох, цөөхөн эсвэл олон хүүхэдтэй болохоо шийдэх асуудал гарна. Хүүхдүүдээ өсгөж, боловсрол олгоно. Дараа нь тэдэнд ажил олж өгөх талаар санаа зовно. Ийнхүү сэтгэл зовоосон асуудлууд цуварна. Гэхдээ нөгөө талаас та Дээдийн номыг хэрэгжүүлбэл эрх чөлөөнд хүрэх боломж бүрдэнэ. Бурхан Багш үүнийг биеэрээ үзүүлсэн, тиймээс гэгээрэлд хүрэхийн тулд та бүхэн шаргуу хөдөлмөрлөх ёстой.

Үхлийн талаар тунгаан бодохдоо үхэл зайлшгүй, ирэх цаг нь тодорхойгүй, үхэл ирэх үед гагцхүү сэтгэл санааны туршлага л ямар нэг хэмжээгээр туслах боломжтой гэсэн гурван үндсэн нөхцлийг ойлгох ёстой. Эндээс есөн шалтгаан үүсэх ба эдгээр нь үхэл гарцаагүй ирнэ, бидний амьдралыг уртасгах боломжгүй бөгөөд бидний амьд мэнд байх хугацаанд ч шашны зан үйл хийх багахан хугацаа байдаг. Ертөнцөд наслалт тодорхойгүй байдаг учраас үхэл хэзээ ирэх нь мөн тодорхойгүй, үхэх шалтгаан дэндүү их хэрнээ амьдрах шалтгаан цөөхөн, хүний бие махбодь хэврэг байдаг. Эцэст нь үхэл ирэхэд найз нөхөд, бидний эд баялаг, бидний бие махбодь ч тусыг үзүүлж үл чадна. Үүнээс үл хамааран, бид үхлийн ирмэг дээр байхдаа, эсвэл хэн нэгнийг үхлийн ирмэг дээр байгааг хараад, энэ бүхэн надад тохиолдоно гэдгийг ухаардаггүй. Бид ч бас үхнэ.

Дээрхийн Гэгээнтэн үүнийг уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаварт хандаж байгаа бидний хандлагатай зүйрлэв. Цаг агаар эрс тэс болохын хэрээр мөс хайлж, далайн түвшин нэмэгдэн, томоохон хотуудад усанд автагдах аюул заналхийлж байна. Гэтэл хүмүүс дайтсаар, зөрчилдсөөр. Хэрвээ хүмүүс өөр хоорондоо илүү нөхөрсөг, илүү хамтарн ажилладаг бол зарим гамшгаас урьдчилан сэргийлэх боломжтой.

Дээрхийн Гэгээнтэн эхлээд Шамар бандидагийн номыг, дараа нь Пабонха ринбучигийн ‘Гэтлэхүйн Гарын Авлага’ номыг уншаад, үхлийн хэвтрийн дүр зургийг тодорхойллоо. “Таны хучлага эвгүй үнэртэй. Таны хамаатнууд санаа зовон, туслах ямар ч боломжгүй тойрон зогсоно. Нэгэнт та үхвэл таны биеийг авч яван устгах болно.”

Хүмүүст бодь мөрийн тухай ойлголтыг бүрэн таниулахын тулд бодийн сэтгэл хийгээд Бурханы хутгийн талаарх мэдлэгийг аль болох эрт түгээх гэсэн богд Зонховын сэтгэлийг Дээрхийн Гэгээнтэн дурдав. Бодийн сэтгэл нь бодь мөрийн үндэс учраас шашны номыг үзэж эхлэх ба бодийн сэтгэлийг хөгжүүлэхийн хооронд ан гарваас боломж алдагдана хэмээн тэр хэллээ.

Гандан Жанзэ хийдэд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдаж байгаа “Бодь Мөрийн Зэрэг” номын тав дахь өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гандан Жанзэ хийд дээр айлдаж
байгаа 5 дахь өдрийн айлдварынхаа төгсгөлд лам хуврагуудын
залбиралд нэгдлээ. Энэтхэг, Карнатака, Мундгод, 2014.12. 27.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
“Дээдийн номыг хэрэгжүүлнэ гэдэг нь өөрийн байшинд бяцхан булан олоод цэх сууна гэсэн үг биш ээ. Энэ нь та хаа байгаа газартаа сэтгэл оюунаа ажиглана гэсэн үг. Үүнийг юу гэдгийг ойлгох нь чухал ач холбогдолтой бөгөөд үүний үр дүнд та юу хийх, юу хийх ёсгүйг ойлгох болно. Дээдийн ном гэдэг бол хаа нэгтээ явахыг хэлж байгаа бус, харин хаа байсан газартаа сэтгэл оюунаа зөв олж харна гэсэн үг юм.”

Ухаан санаа нь тогтворгүй хүмүүсийн хувьд, дүн шинжилгээний хүчээр сонирхсон тодорхой нэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж сурна. Энэ нь тогтворгүй ухааныг төвлөрүүлэхэд тусална. Оюун ухааныг шаардлагагүйгээр хязгаарладаг учраас зарим хүмүүс нэг чигт бясалгалыг хэцүү гэж үздэг. Тийм хүмүүст дүн шинжилгээ тустай.”

“Бид эхнээсээ алсын хараатай байх ёстой. Нигүүлсэхүй бол хамаг амьтанд чиглэдэг бол билиг билгүүн нь Бурханы хутгийг олоход чиглэдэг гэдгийг би урьд нь ч хэлж байсан. Хэрвээ та хязгаарлагдмал бол энэ нь танд дарамт, бухимдлыг буй болгоно. Ийм үед амарч, тайвшрах нь дээр. Дээдийн ном бол таны бухимдангуй сэтгэлийг номхотгоно. Хорвоогийн найман зовлонгийн дотор арилгахад хамгийн бэрх нь сайн нэр хүнд олох хүсэл юм. Та сайн бясалгагч, сайн мэдлэгтэн хэмээн алдаршихыг хүснэ. Энэ бол үхлийг сайн ойлгоогүйн нэгэн үр дагавр юм.”

Маргааш орон нутгийн төвөд хүмүүст Дээрхийн Гэгээнтэнд урт наслахыг бэлэгдэн насны авшиг хайрлана. Дээрхийн Гэгээнтэн айлдвараа үргэлжлүүлэх боловч, энэ удаад дуусгаж амжихгүй ч, ирэх онд үргэлжлүүлэхээр амласан билээ.
Үзсэн: 2 015
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц