Гандан Жанзэ хийдэд болж буй Лам Римын сургаалийн сүүлийн өдөр

24-01-2015, 09:45  |  Хэвлэх

2014 оны 12 дугаар сарын 29

Энэтхэг, Карнатака, Мундгод, 2014 оны 12 дугаар сарын 28. “Өнөөдөр Мундгодын Төвөдийн суурингийн ард түмэн надад зориулж урт наслахыг бэлэгдэн даншүг өргөхөөр хуран цуглаад байна” хэмээн Дээрхийн Гэгээнтэн энэ өглөө зарлав. “За Патрул ринбучигийн төрсөн нутаг болох Качукхагийн ард түмэн мөн тэдэнтэй нэгдэж байна. Тэд Төвөдийн ард түмнийг төлөөлж байгаа.Та бүхний бэлдсэн Их мандалын залбирал болон хүсэлтийг би урьдчилан уншсан учраас хүсвэл товчилж болно. Зачукхагийн ард түмний захидлыг бас би уншсан.”

Гандан Жанзэ хийдэд болж буй Лам Римын сургаалийн сүүлийн өдөр
Зачукха нутгийн ард түмний төлөөлөл Дээрхийн Гэгээнтэн Далай
Ламд насны ерөөл дэвшүүлэх ёслолын үеэр Мандалын залбирал
ба хүсэлтийг уншиж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мундгод,
2014.12.28. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
"Энэ суурин анх байгуулагдаж байсан үеэсээ хойш он жилүүдэд хөгжин дээшилсэн байна. Энэ өөрчлөлтийг би хүмүүсийн нүүр царайнаас харж байна, ард иргэдийн нүүр өнгө жавхаатай байна.”

Зачукха нутгийн ард түмний захидалд Дээрхийн Гэгээнтний өмнөх амьдралын тухай, түүний дотор Энэтхэгт тодорсон Жанрайсигийн 36 дүрийн тухай дурдсан байв. “Та Төвөдийн ард түмнийг удирдан залж, бидэнд энэрлийн сэтгэлээр хандаж ирсэн. Энэхүү өргөлөөр бид энэрэлт сэтгэлийн хариу барихыг хүсч байна” хэмээн захидалд дурдсан байв. Дээрхийн Гэгээнтэн,

“Нутаг орныхоо жинхэнэ эзэд нь болсон Төвөдөд байгаа ард түмэн бол энэ хүмүүс юм. Би гагцхүү тэдний төлөөлөл. Мятаршгүй чин сэтгэлт Төвөдийн ард түмэн тэнд амьдарч байгаа учраас Төвөдийн газар нутаг тэр л хүмүүст харьяалагдана гэдгийг би нэг биш удаа хэлж байсан бөгөөд харин гадаадад байгаа бид тэдний нэрийн өмнөөс Төвөдийн үйл хэргийн төлөө ажиллах боломжтой” хэмээн өгүүллээ.

Мөргөлийн үйл ажиллагаа дуусахад сүүлийн зургаан өдрийн турш явагдсан арга хэмжээнд хэдий хэмжээний хөрөнгө цугларснаас хэдийг нь зориулсан тухай мэдэгдлийг зохион байгуулагчид хийсэн байна. Үлдсэн ашгийг Дээрхийн Гэгээнтний ирэх жилийн айлдварт зориулахаар шийдсэн ажээ.

Шамар бандидагийн Ламримын тайлбарт Дээрхийн Гэгээнтэн эргэн ороод, Бурхан Багш шүтэн барилдаж үүсэх онол дээр суурилан гэгээрэлд хүрэх зам мөрийг заасан хэмээн тэмдэглэн хэллээ. Хоосон чанар дээр тулгуурлан Хутагтын Дөрвөн үнэнийг номлосон бөгөөд Бурхад байсан байгаагүйгээс үл хамааран орших туйлын үнэн нь хоосон чанар хэмээн Дээрхийн Гэгээнтэн өгүүлэв. Хутагтын Дөрвөн үнэний тухайд, Бурхан Багш айлдахдаа, “Зовлонг тань, шалтгааныг нь даван туул, түүнийг зогсоо, зам мөрийг төлөвшүүл. Гэхдээ эцсийн дүнд таних зүйл үгүй, даван туулах зүйл үгүй, зогсоох зүйл үгүй, төлөвшүүлэх зүйл үгүй болно” гэсэн байдаг. Зам мөрийн гурван үндсэн зарчим нь эрх чөлөөг олох эр зориг, бодь сэтгэл, хоосон чанарыг ойлгох билиг билгүүн ажээ.

Шантидэва гэгээний үзэл санааг дэмжиж, бодийн сэтгэл бол бүхий л сайн сайхны үндсэн эх сурвалж хэмээн Дээрхийн Гэгээнтэн өгүүлэв. Бодь сэтгэлийг төлөвшүүлэх хоёр тогтолцоо байдаг бөгөөд энэ нь уг, үрийн долоон гишүүнт увидас ба бусдын оронд өөрийгөө тавих хэмээн тэмдэглэн хэллээ. Үр өгөөжийг нь бид нүдээрээ харах боломжтой ч, бодийн сэтгэлийг үүсгэхэд саад тотгор болдог нь хэт өөрийгөө бодох хандлага юм.

Гандан Жанзэ хийдэд болж буй Лам Римын сургаалийн сүүлийн өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гандан Жанзэ дацанд айлдаж буй
айлдварынхаа сүүлийн өдөр. Энэтхэг, Карнатака, Мундгод,
2014.12.28. Гэрэл зургийг Рио Хелми/ JLTOC
Зохиолд эх болсон зургаан зүйлийн доод гурван төрөл болох там, адгуус болон өлөн бирдийг дүрслэн бичсэн байдаг. Адгуусны зовлонгийн дотор өлсөх, ам цангах, айх, тэнэглэх, ачилганд ашиглагдах, амь насыг нь тасалж өргөл болгон барьдаг зэргийг тоочсон байна. Ам нь зүүний сүвэг мэт, хүзүү хоолой нь зүү лугаа нарийхан хэмээсэн өлөн бирдийн тодорхойлолтыг уншаад, Намжил хийдийн Чонзэ Гошаг нэртэй нэгэн лам бирд болон төрснийг тэрээр сануулав. Тэр лам Дээрхийн Гэгээнтнийг Норовлин ордонд байхад Тижан ринбучитэй уулзахаар байнга ирдэг байжээ. Намжил хийдийн унзад лам хөндлөнгөөс асуудалд оролцож, Тижан ринбучигээс юу болоод байгааг асуусан байна. Чонзэ Гошак нэгэн сахиусыг шүтдэг байж, тэрхүү сахиуст дуган хүртэл босгосон байсан бөгөөд сахиусандаа өргөл болгон өргөхөөр жижигхэн гутал бэлдсэн байжээ. Үр дүнд нь нас барсныхаа дараа, бодвол сахиус нь түүнд тусалсан байх, тэрээр сахиусныхаа дагуул бирд болон төрсөн байна.

Шүгдэнг шүтэгсэд үүн лугаа бирд гэх зэрэг элдэв амьтан болж төрөх эрсдэлтэй хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв.

“Тэд миний зөвөлгөөг үл тоомсорлож болох ч, ийм эрсдэл байгаа.”

Тэрээр ярианыхаа сэвдийг өөрчлөн,

“Бид ертөнцийн хүлээснээс чөлөөлөгдөхийг хүсдэг учраас Бурхан Багш, Дээдийн ном, хувраг гэсэн Гурван эрдэнэд аврал одуулдаг. Бүхий л алдаа дутагдлаас ангид болж, бүхий л ухаарлыг олдог учраас дээрх аврал нь алдаа мадаггүй юм. Бурханы хутгийг олох, муу заяанд төрөхөөс ангижрахын тулд бодь сэтгэл үүсгэх, аврал одуулах нь ихээхэн ач тустай. Энэ нь агуу их буяныг хуримтлуулах боломжийг бидэнд олгоно” хэмээн айлдлаа.

Зохиолд цааш нь Бурхан Багшийн шинж чанаруудыг, тухайлбал том жижиг шинж тэмдэг, тухайлбал Дээдийн номонд заасны дагуу түүний гар хөлийн шинж тэмдгийг тайлбарласан байна. Тэдгээрийн шалтгаан нь лам багшийг хэрхэн угтаж, хэрхэн үдэх явдал юм. Бурхадууд бодьсадвын бүхий л шатыг дамжсаны эцэст гэгээрэлд хүрсэн. Бодь сэтгэлийг эн тэргүүнд үүсгэсний дараа тэд гурван галвын турш тоо томшгүй олон арга билгүүнийг хуримтлуулсан байна.

Гандан Жанзэ хийдэд болж буй Лам Римын сургаалийн сүүлийн өдөр
Дээрхийн Гэгээнтний Гандан Жанзэ дацанд явагдсан айлдварын
хинди хэлний орчуулагч Энэтхэг, Карнатака, Мундгод, 2014.12.28.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Шамар бандидагийн номонд Гурван Эрдэнийн шинж чанарыг дурдаад, Лам Гурван эрдэнэд аврал одуулах үед юуг хийх, юуг эс хийх талаар тодорхойлон заасан байна. Сэтгэлийн сөрөг хандлагыг өөгшүүлэх эд зүйлсээс зайлсхийхийг номонд зөвлөсөн байдаг. Ийм замаар аврал одуулсны ач тус нь гэвэл асар их буянг хураах ба тэр мөчид таны хураасан асар их сөрөг үйлийн үр багасна. Түүнээс гадна, Бурхан, ном, лам гурван эрдэнэд аврал одуулснаар та буддист болж, хөнөөлт сахиуснуудын дайралтаас хамгаалагдана. Шамарын Ламримын сүүлчийн бүлгийг буюу хойд насандаа сайн төрөлд төрөх тухай өгүүлсэн хэсгийг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлав. Дараа нь тэрээр ‘Гэтлэхүйн Гарын Авлага’ номноос товчлон уншлаа.

Бодь сэтгэлийг үүсгэх товч аргыг хэрэглэхийг хүсч байгаа хүн байвал аврал одуулж, бодь сэтгэл үүсгэх ерөнхий залбирлыг хамт уншихыг Дээрхийн Гэгээнтэн санал болголоо.

“Хамаг амьтан зовлонгоос ангижирч, жаргалыг олохыг хүсдэг. Энэ ертөнц дээр бүх аз жаргал хийгээд сайн сайхан зүйл бусдад туслах эрмэлзлийн үр дүнд буй болно.”

Үүнийг хүсч байгаа хүн бүр Бурхан Багшийг бусад багш нарын хүрээлэлд байгаагаар, өөрийн өмнө байгаагаар төсөөлж, аврал одуулах шүлэг болон бодийн сэтгэл үүсгэх тарни уншихыг Дээрхийн Гэгээнтэн зөвлөв. Төгсгөлд нь тэрээр энэ бол энэ удаагийн номыг өндөрлөсөн ёслолын арга хэмжээ байсныг зарлалаа. Мөн,

Бурхан, ном, хувраг гуравт
Бодийн хутаг хүртэл би бээр аврал одуулмуй
Өөрийн үйлдсэн өглөг тэргүүтний чуулганаар
Хамаг амьтны тусын тулд би бурхан болтугай
гэсэн залбирлыг өглөө оройд уншихад үнэхээр ач тустай хэмээн захилаа.

‘Бодьсадвын Явдалд Орохуй’ номоос бодь сэтгэлийг магтан дуулсан хэсгийг тэрээр нэмж эш татсан байна.

Энэ бол хорвоо ертөнцөд үхлийг ялан дийлсэн амьдралын охь Энэ бол орчлонгийн ядуурлыг арилгасан дундаршгүй эрдэнэ

Энэ бол орчлонгийн өвчнийг илааршуулах эрхэм эм Энэ бол хорвоогийн түмэн оршихуйн зам мөрт будилан цөхөрсөн хүмүүсийн амрах мод

Энэ бол өчүүхэн оршихуйг даван гатлах гэсэн бүх хүний гүүр Энэ бол энэ орчлон дахь хүмүүсийн зовлонг хөнгөвчлөх оюун ухааны мандсан сар

Энэ бол энэ орчлонгийн мунхгийн харанхуйг сарниулсан агуу нар Энэ бол Дээдийн номын сүүнээс шахаж гаргасан шинэ тос мөн

Дээрхийн Гэгээнтэн Гандан Жанзэ дацанд айлдсан номоо дуусгаад, түр байрлахаар Брайбун Лачи хийдийг зорилоо. Тэрээр зам зуураа нимавын хийдэд зочилсон ба тэнд анх Төвөдөөс зугтаж ирсэн лам нараас ганцхан хүн үлдээд байгаа ажээ. Дээрхийн Гэгээнтэн дараа нь Гандан Шарзэ дацанд Докхан Ханцентэй уулзсан байна. Тэр мөн ойролцоо орших Гандан Жанзэ эмнэлэгт зочилж, эмнэлгийн тав тухтай нөхцөлтэй танилцан, эмч өвчтөнүүдтэй уулзлаа.

Гандан Жанзэ хийдэд болж буй Лам Римын сургаалийн сүүлийн өдөр
Жанчив Чойлин хийдэд морилсон Дээрхийн Гэгээнтний үгийг
эмэгтэй лам нар сонсч байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мундгод,
2014.12.28. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Дээрхийн Гэгээнтэн эмэгтэй лам нарын Жанчив Чойлин хийдэд зочлонгоо сурч мэдэхийн тулд шамдаж байгаа тэдэнд урам зориг өгөхийн хамт Дарамсалад очсон үедээ лам нарын ном хаялцах явцад хамгийн чадварлаг нь тэд байсан хэмээн олон нийт үзсэнийг дурсан ярив. 80-аад оны сүүлээс эмэгтэйчүүд нухацтайгаар суралцаж эхэлснийг дурсаад, өнөөдөр тэдний дотроос гэвшмаа цолыг авах хүмүүс тодорч байгааг хэллээ. Гүн ухаан судлах нь тэдний үзэл бодлыг тэлж, эрх тэгш байдалд хүрэх хамгийн ач тустай арга хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Бурхан Багш эрэгтэй, эмэгтэй хүмүүст ижил боломж олгосон гэдгийг тэрээр цохон тэмдэглээд, энэ боломжийг ашиглахыг тэдэнд уриаллаа.

Сүмийн эмэгтэйчүүдэд ном хаялцах хангалттай орон зай байхгүй учраас сүмийн хөрш зэргэлдээ амьдардаг настай хүмүүсээс газрыг нь худалдан авч ном хаялцах талбай болгох санал дэвшүүлсэн гүн ухааны багшийн саналыг Дээрхийн Гэгээнтэн дэмжсэн байна. Тэрээр тэдэнд хандан,

“Энэ бол эмэгтэй лам нарын хамгийн сайн сүм учраас сургалтын тухайд бид та нарын үйл ажиллагааг, сурч мэдэх үйлсийг чинь хөхүүлэн дэмжих нь бидний үүрэг” хэмээн хэллээ.

Эцэст нь түүний Брайбун Лачи-д ирэхэд уламжлал ёсоор цай болон амтат будаа барин угтсан байна. Энд тэрээр ямар нэг мэдэгдэл хийсэнгүй. Маргааш тэрээр Мундгодод өнгөрүүлэх сүүлийн өдрөө Балдан Лхамын жэнан хайрлана.

Үзсэн: 2 070
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц