Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сантокбаа шагнал гардан авлаа

25-01-2015, 16:36  |  Хэвлэх

2015 оны 1 дүгээр сарын 2

Энэтхэг, Гужарат, Сурат, 2015 оны 1 дүгээр сарын 2- Сантокбаа шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд оролцохоор хөдлөхийн өмнө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэвлэл мэдээллийнхэнтэй богино уулзалт хийлээ. Тэрээр хүний үнэт зүйлсийг хөгжүүлэх, шашин хоорондын эв зохицлыг бэхжүүлэхэд чиглэсэн өөрийн үүргийг тэмдэглээд, хүн бүр хүн төрөлхтний нэгдмэл чанарыг ойлгох, дэлхий нийтийн өмнө хариуцлага хүлээх талаар бодох ёстойг дурдав. Хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд хандан, Энэтхэгийн хэдэн мянган жилийн түүхтэй үнэт зүйлсийн тухай мэдлэгийг таниулахад хувь нэмрээ оруулахыг тэр санал болголоо. Төвөд хүний хувьд Энэтхэгээс өвлөж авсан Төвөдийн энх тайван, нигүүлсэхүй, хүч үл хэрэглэх соёлыг хамгаалан хадгалах үүрэгтэй гэдгээ тэмдэглэн хэлсэн байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сантокбаа шагнал гардан авлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэвлэл мэдээллийн төлөөлөлтэй
уулзаж байгаа нь. Энэтхэг, Гужарат, Сурат, 2015.1.2.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Шашнаа солин өөр шашинд орох тухайд түүний бодлыг асуусан эхний асуултад, хэрвээ энэ нь сайн дурын үндсэн дээр хийгдэж байгаа бол өөр хэрэг хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулаад, Төвөдөд зарим хүмүүс гэрлэлтийн болон бусад шалтгааны улмаас лалын шашинд орж байгаа жишээнээс ярьсан байна. Нэг шашин, нэг үнэн гэсэн үзэл хувь хүний хувьд зөв зүйтэй байж болох ч, нийгмийн хувьд энэ нь хоцрогдсон гэдгийг онцлон тэмдэглэв. Бодит байдал дээр хэд хэдэн шашин, хэд хэдэн үнэн байдаг. Харин шаардлагатай зүйл бол харилцан бие биенээ хүндэтгэх явдал.

Дараагийн асуулт зэвсэг болон хар тамхи наймаалах хэрэгтэй хэрхэн тэмцэж байгаа талаар байлаа. Тэрээр хариулахдаа,

“Саяхан Ром хотноо болж өндөрлөсөн Нобелийн Энх т айвны шагналтнуудын дээд хэмжээний уулзалтын төгсгөлийн тунхаг бичигт цөмйин зэвсгийг устгах талаар арга хэмжээ авах шаардлагыг тусгасан. Үй олноор хөнөөх энэ төрлийн зэвсгийн нэг, хоёрыг л хэрэглэхэд маш том гамшиг болно. Энх тайвны төлөө биднийг залбирч мөргөж байх хооронд шударга бус бизнес болох зэвсгийн наймаагаар асар их ашиг олцгоож байна.

Энэтхэгийн нийгмийн доод давхаргын 7-15% нь доктор Амбедкарын араас буддизмд орж байгаа үйл явцыг хэрхэн үзэж байгааг Дээрхийн Гэгээнтнээс асуулаа. Тэрээр энэ асуултад,

“Буддист хүний хувьд би яс үндэс, кастын толтолцооны үндсэн дээр ялгаварлан гадуурхахыг буруу гэж үздэг. Бурхан Багш мөн кастын тогтолцоог эсэргүүцэж байсан. Хуучны иймэрхүү зан заншлыг засах талаар бид алхам хийх ёстой. Шашны удирдагчид энэ талаар үгээ хэлж, үүнийг засч залруулахыг шавь нартаа зөвлөх ёстой. Кастын дээд давхаргын хүмүүс ядуу болон дарлагдсан хүмүүст ажил олгох, барилга байгууламжаар хангах зэргээр тусламжийн гараа сунгах, харин ядуус нь байр сууриа өсгөх, боловсрол олохын тулд шаргуу хөдөлмөрлөх нь зохистой. Дэлхий дахинд өсөн нэмэгдэж байгаа баян ядуугийн ялгааг ийм замаар арилгах хэрэгтэй. Үйлийн үр нь ийм учраас байгаа байдалтайгаа эвлэр хэмээн ядуу хийгээд доод давхаргын хүмүүст хэлэх нь туйлын зохисгүй” хэмээн хариуллаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сантокбаа шагнал гардан авлаа
Сантокбаа шагнал гардуулах ёслол дээр Дээрхийн Гэгэнтэн
Далай Лам, Говинд Долакиа, Гужаратын захирагч Оп Кохли нар.
Энэтхэг, Гужарат, Сурат, 2015.1.2.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Сантокбаа шагналыг гардан авахаар Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Санжив Кумарын танхимд ороход хуран цугласан олон баяртайгаар угтан авлаа. Тэрээр бусад зочид болох Гужарат мужийн захирагч ОП Кохли, гол зочин Панкаж Пател нартай нэгдэн нээлтийн галыг асааснаар арга хэмжээ эхлэв. SRK санг санаачлагч, өөрийн эхийн дурсгалд зориулж Сантокбаа шагналыг бий болгосон Говинд Долакиа хэлэхдээ, энэхүү шагнал нь хүн төрөлхтний сайн сайхны төлөө онцгой хувь нэмэр оруулсан хувь хүнд хүндэтгэл үзүүлэх зорилготой хэмээн тайлбарлав. 7 дахь одоогийн шагналыг Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд гардуулах болсныг тэр зарлалаа. Дээрхийн Гэгээнтэнтэй өчигдөр ярилцсанаа тэрээр дурдаад, эхийнхээ зөөлөн сэтгэлийг бахдан дурсаж байсан Дээрхийн Гэгээнтнээс ээжийгээ ууртай байхыг харсан уу хэмээн асуухад, үгүй хэмээн хариулсан гэлээ. Тэд хоёул ээжийн хайр энэрэлд өссөн ажээ.

Зочдод баглаа цэцэг, торхтой жимс болон бусад дурсгалын зүйлийг гардуулах явцыг хинди болон гужарати хэл дээр дамжуулж байлаа. Гол зочин Панкаж Пател англи хэл дээр хэлсэн үгэндээ, гурван эхийг, тухайлбал төрүүлж өсгөсөн эх, мэдлэг олгосон Сарасвати эх, дээр нь бидний амьдарч байгаа газар эхийг шүтдэг хэмээн тэмдэглэн хэлэв. Дээрхийн Гэгээнтний үг хэлэх ээлж болоход,

“Хүндэт захирагч аа, эрхэм хүндэт зочид оо, ахан дүүс нар аа! Олон нийттэй уулзах бүртээ бид бүгд адилхан хүмүүс гэдгийг би мэдэрдэг. Энэ нэр хүндтэй шагналыг хүлээн авч байгаагаа нэр хүндийн хэрэг гэж бодож байна. Төвөдийн зүүн хойд нутгийн тариачны хүүг Гужаратын тариачны хүүтэй холбож байгаа энэ тюрбан малгайд баярлалаа. Бидний иддэг хоол хүнсийг үйлдвэрлэдэг учраас фермерүүд нийгэмд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс хөдөө орон нутагт хөгжлийг түгээх нь чухал ач холбогдолтой. Ядуус хөдөөд ахиж дэвшиж чадахгүй учраас хотуудын ядуусын хорооллыг дүүргэж байна” хэмээн яриагаа эхлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сантокбаа шагнал гардан авлаа
Сантокбаа шагнал гардуулах ёслол дээр Дээрхийн Гэгээнтэн
Далай Лам үг хэлэхийг сонсож байгаа нь. Энэтхэг, Гужарат,
Сурат, 2015.1.2. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
“Хэрвээ хөдөөд амьдрал дээшилбэл, үүнээс бүгд хожно. Өнөөгийн хөгжлийн хэв маяг тогтвортой бус байна хэмээн нөхөд маань хэлдэг учраас ядуусын амьдралыг дээшлүүлэх, кастаар болон хүйсээр нь ялгаварлан гадуурхах зэрэг асуудлыг шийдвэрлэх өөр хандлагыг бид олох хэрэгтэй. Түүнээс гадна хүн амын эрүүл мэндийн төлөө газар тариаланд пестицид болон хиймэл бордоо хэрэглэхийн оронд илүү органик арга замыг эрэлхийлэх ёстой.”

Тэрээр хүн болж төрсний хувьд нийтийн аз жаргалын төлөө хүний үнэт зүйлийг хөгжүүлэх, буддын лам хүний хувьд хайр энэрэл, нигүүлсэхүй, хүлээцтэй байдал, сэтгэл ханамж, хувийн сахилга батыг номлодог дэлхийн олон шашин хоорондын эв зохицол хийгээд харилцан хүндлэлийг бэхжүүлэх, эцэст нь төвөд хүний хувьд 7 ба 8 дугаар зууны үед Наландагаас өвлөн авсан Төвөдийн соёл, мэдлэгийг хадгалан хамгаалах талаар өөртөө хүлээсэн гурван үүргийн талаар өгүүллээ. Төвөдийн соёлд төвөд хэлнээ нягт нямбай өвлөгдөн үлдсэн сэтгэл оюуны тухай баялаг бөгөөд гүн гүнзгий мэдлэг орох бөгөөд энэ мэдлэг нь өнөөдөр ч ач тусаа өгөхүйц, ач холбогдлоо алдаагүй зүйл юм.

Үдээс хойш хэдэн залуу сэтгүүлчид Дээрхийн Гэгээнтэнтэй уулзаж, асуулт тавилаа. Шашин шүтлэгээ солих тухай асуултыг тэд мөн хөндөв. Боловсролтой хүмүүс шашнаа солиход илүү хэцүү, ийм тохиолдолд боловсрол гол үүрэгтэй гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ. Дэлхийн томоохон шашнууд өөрийн сургааль номоор дамжуулан хүн төрөлхтөнд туслах чадвартай хэмээн тэр давтан хэлэв. Шавь нар, шүтэн бишрэгчиддээ юу захих вэ гэсэн асуултад,

“Сайн хүн бай” хэмээн тэр хариулсан байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сантокбаа шагнал гардан авлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам залуу сэтгүүлчдийн хамт.
Энэтхэг, Гужарат, Сурат, 2015.1.2.
Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
Олон нийтийн мэдээллийн сүлжээний тухайд, бидний хэрхэн хэрэглэж байгаагаас хамааран тусыг, эсвэл хор хөнөөлийг үзүүлж чадна хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэллээ. Тэрээр олон нийтийн сүлжээ утга агуулга нимгэн хэрнээ хэтийдсэн их мэдээллээр хүмүүсийг булдгийг гайхав. Бясалгал түүний хувьд ямар утга учиртай вэ гэсэн асуултад, нэг чигт төвлөрөл ба дүн шинжилгээний үр дүнд утгыг ойлгох гэсэн хоёр төрлийн бясалгал байдгийг тэрээр тайлбарлалаа. Өглөөний 3 цагт босоод, “Би” хийгээд дэлхий ертөнцийн мөн чанарын талаар, бусад зүйлсийн талаар боддог хэмээн тэр хэлэв. “Би”-гийн талаархи ташаа ойлголтын үндэс болсон өөртөө хамаатуулах бодол, уур хилэн зэрэг сэтгэлийн сөрөг хандлагыг дарахад ийм төрлийн дүн шинжилгээ нь тус болдог ажээ.
,
“Та чөлөөт цагаараа юу хийдэг вэ?” гэсэн сүүлийн асуултад, Дээрхийн Гэгээнтэн

“Би унтдаг. Би унтах маш их дуртай,” хэмээн хошигносноо, “ Би хэдийгээр бараг 80 хүрэх гэж байгаа боловч уншиж, судлах ажлаа хийсээр байгаа” гэж хариуллаа.

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн аж үйлдвэр эрхлэгчидтэй уулзсан ба цэцэг болон бусад зүйлсийг гардуулах ажиллагааны явцад тэрээр хэт албархуу арга хэмжээнд оролцсоноос асуулт хариултын хэлбэрээр явуулсан нь дээргүй юу гэсэн саналыг тавьсан байна. Хурлын дарга Хариш Бхимани хүсэлтийг нэн даруй хүлээн авч, асуулт тавихыг оролцогчдоос хүслээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сантокбаа шагнал гардан авлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үйлдвэр эрхлэгчдийн уулзалтад
оролцох үедээ тэдний асуултад хариулж байгаа нь.
Энэтхэг, Гужарат, Сурат, 2015.1.2 Гэрэл зургийг Тэнзин Чоежор
15 дугаар Далай Лам тодрох эсэх тухай асуултад, энэ асуудал Төвөдийн ард түмний чин хүслээс хамаарна гэдгийг аль эрт ойлгомжтойгоор илэрхийлсэн хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариуллаа.

Бизнес дэх ёс зүйн тухай асуултад, хүний үйлдэл ёс зүйтэй эсвэл үгүй байх нь тухайн хүний сэдлээс хамаарна хэмээн тэрээр хариулав. Бусад хүмүүсийн сайн сайхны төлөө санаа тавих сэтгэлд хөтлөгдвөл бидний үйлдэл ёс зүйтэй байна. Зөв сэдэлтэй байхын хамт нөхцөл байдлыг үнэлэх саруул ухаантай байх хэрэгтэй хэмээн тэр хэллээ. Тамхины компани хорт хавдрын судалгаа шинжилгээний ажлыг санхүүжүүлэх, эсвэл зэвсгийн наймааг дэмжсэн хэрнээ энх тайвны төлөө залбирахтай адил зөрчилтэй зүйл зүйд нийцэхгүй.

Жайнизмын үндэслэгч Махавира болон Бурхан Багшийн ялгааны тухай түүний бодлыг асуухад, энэ хоёр хүний тухайд Махавира ахмад нь байсан хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Тэрээр цааш нь хэлэхдээ, энэ хоёр хүний хэн хэн нь хүч үл хэрэглэх зарчмыг дэвшүүлсэн, гэхдээ тэдний сургааль номлолын ялгаа нь атман ба анатман гэх зарчимд орших ба гагцхүү буддизм л бодгалийн “Би”-г үгйүсгэдэг.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сантокбаа шагнал гардан авлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асууж байгаа нь.
Энэтхэг, Гужарат, Сурат, 2015.1.2.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Компанийн нийгмийн хариуцлага сайн дурын байх ёстой юу, албадлагын байх ёстой юу гэсэн асуултад, сайн үйлс дандаа сайн дурынх байдаг гэж үздэгээ Дээрхийн Гэгээнтэн илэрхийллээ. Ийм төрлийн асуудлыг зохицуулах дүрэм журам гаргаснаар энэ нь хуурамч дүр төрхийг халхлах болно гэж боддогоо хэлэв. Мөн бусад хүмүүсийн сайн сайхан, аз жаргалыг баталгаатай болгосон үйлдлийг эерэг зөв ба ёс зүйт үйлдэл хэмээн үзэж болно хэмээв.

Арга хэмжээний төгсгөлд Дээрхийн Гэгээнтнээс адис авахыг хүссэн хүмүүс түүнийг бүчихэд,

“Өчигдөр, өнөөдөр хоёр өдөр энэ хотод байсандаа маш их баяртай байна. Та бүхэнд баярлалаа” хэмээн хэлэн тэдэнтэй салах ёс гүйцэтгэлээ.

Дээрхийн Гэгээнтэн маргааш Насик хотыг зорьж, Энэтхэг-Төвөдийн Мангал Майтри Сангх байгууллагаас зохион байгуулах уулзалтад оролцон, олон нийтийн өмнө үг хэлнэ.

Үзсэн: 2 136
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц