Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тереза эхийн төвд зочиллоо

27-01-2015, 15:19  |  Хэвлэх

2015 оны 1 дүгээр сарын 13

Энэтхэг, Баруун Бенгал, Калькутта, 2015 оны 1 дүгээр сарын 12 - Өнөөдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Калькутта руу нисэхээр Делигийн нисэх онгоцны буудал руу хөдлөх үед гадаа хүйтэн, бүрхэг байлаа. Нетажи Субхаш Чандра Босе олон улсын нисэх буудалд халуун дотноор угтуулсан тэрээр хотын зүг хөлгийн жолоог залав.

Дээрхийн Гэгээнтэнтэй хийх эхний уулзалтад Калькуттад бизнес хийж байгаа 150 төвөд хүн, тэдний дотор Сринагараас ирсэн лалын шашинтан 30 хүн оролцсон байна. Түүнтэй уулзахаар ирсэн хүмүүст Дээрхийн Гэгээнтэн талархал илэрхийлээд, Лхаст өнгөрөөсөн хүүхэд насныхаа нэгэн дурсамжаас хуваалцав. 13 Далай ламын эдэлж хэрэглэж байсан халаасны цаг түүнд байсан бөгөөд тэр цаг нь эвдэрсэн учраас засуулах шаардлага гарчээ. Төвөдийн лалын шашинтан цаг засварчин ирж цагийг засаад, залуу Далай Ламд эргүүлэн өгөхдөө, " Халаасны цагны эзэн халаасандаа өндөг хийсэн шиг болгоомжтой явах ёстой" хэмээн нухацтай хэлсэн байна. Энэ түүхийг сонсоод танхимд байгаа хүмүүс инээлдлээ.

Кашмир дахь Төвөдийн лалын шашинтнууд 56 жил цагаачлалд амьдарч байгаа хэрнээ төвөд хэлээ амьд, ариун тунгалгаар нь хадгалж байгааг магтан дурсав. Залуучууд нь төвөд хэлээр чөлөөтэй ярьж чаддаг болох нөхцлийг бүрдүүлж байгаа тэдний ахмад үеийнхнийг бахдан биширч буйгаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийллээ. Өрнөдөд суурьшсан төвөд хүмүүсийн ихэнх нь гэртээ хүүхдүүдтэйгээ зөвхөн англи хэлээр ярьдаг учраас энэ жишээг тэдэнд ярьдаг гэдгээ тэрээр хэлсэн байна. Ладакт гарсан өлсгөлөнгийн улмаас 5 дугаар Далай Ламын эрин үед лалын шашинтнууд Лхаст ирж суурьших болсон хэмээн Дээрхийн Гэгээнтэн дурсан ярив. 5 дугаар Далай Лам тэдэнд сүм хийдээ барих газрыг оноож өгснөөр тэд сүм хийдээ тойруулан орон гэрээ барьцгаасан байна.

“Тэр хүмүүс сүсэг бишрэлээрээ лалын шашинтнууд боловч тэдэнд нигүүлсэхүйн тухай Төвөдийн соёл хүчтэй нөлөөлсөн” хэмээн Дээрхийн Гэгээнтэн өгүүлэв.

Уулзалтад ирсэн төвөд хүмүүстэй зургаа авахуулах зуураа Дээрхийн Гэгээнтэн Төвөдөд байгаа төвөд хүмүүсийн бат бэх үзэл санаа, тэсвэр тэвчээрийг тэмдэглэн хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тереза эхийн төвд зочиллоо
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тереза эхийн бунхны өмнө лаа
асааж байгаа нь. Энэтхэг, Баруун Бенгал, Калькутта, 2015.1.12.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Дээрхийн Гэгээнтэн дараа нь Буяны номлогч байгууллагын төв байрыг зорьсон бөгөөд түүнийг Тереза эхийн байранд төвийн тэргүүн Мари Према Перик угтан авлаа. Дээрхийн Гэгээнтэн байр луу орох замдаа хүмүүстэй мэндчилж байв. Өнөөдөр мөргөлийн газар болсон Тереза эхийн байрны дотор Тереза эхийн булшны өмнө хэдэн зуун эмэгтэй санваартан болон зочид цугласан байлаа. Тереза эхийн хөргийн өмнө Дээрхийн Гэгээнтэн болон Мари Према нар хүндэтгэл үзүүлэх үед санваартан нар дуу дуулж байв.

Төвийн тэргүүн санваартан арга хэмжээг нээж хэлэхдээ Дээрхийн Гэгээнтний 2005 оны 9 дүгээр сард хийсэн айлчлалыг дурсаад,

“Тереза эхийн байранд Дээрхийн Гэгээнтэнтэй дахин уулзаж байгаа нь ямар их баяр баясал вэ” хэмээн тэмдэглэн хэллээ.

Тэрээр дэлхий дахинд юу юунаас илүү хэрэгтэй байгаа зүйл бол энх тайван хэмээн хэлээд, Тереза эхийн

“Энх тайван инээмсэглэлээс эхэлдэг” хэмээх үгийг эш татав.

Калькутта хотын тэргүүн хамба хэлсэн үгэндээ, Буяны номлогч төвд Дээрхийн Гэгээнтэн морилон ирсэн нь ямар азтай тохиол бэ хэмээгээд, Зул сарын болон шинэ жилийн баярын жинхэнэ бэлэг боллоо хэмээн тэмдэглэн хэлэв.

“Энх тайван гэдэг бол зөвхөн улирлын чанартай тэмдэглэдэг баяр биш. Дээрхийн Гэгээнтэн бол энх тайвны мөнхийн элч" хэмээн тэр тэмдэглэлээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ, хүмүүсийн шунал хийгээд үл итгэлцлийн улмаас гарсан дайнд нэрвэгдсэн энэ дэлхийд Дээрхийн Гэгээнтний инээмсэглэсэн дүрийг харахад л энх тайвныг тогтоох боломжтой гэсэн итгэл төрдөг хэмээв. “Өөрийн амар амгаланг бидэнд авчирсан танд баярлалаа” хэмээн тэр Дээрхийн Гэгээнтэнд хандан талархал илэрхийлсэн байна.

Дээрхийн Гэгээнтэн хурсан олонд хандан,

"Ахан дүүс нар аа, Энэ удаа та бүхний урилгаар бус, харин өөрийн санал санаачилгаар дахин энд ирсэндээ би баяртай байна” хэмээн хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тереза эхийн төвд зочиллоо
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Буяны номлогч байгууллага дээр
үг хэлж байгаа нь. Энэтхэг, Баруун Бенгал, Калькутта, 2015.1.12.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Түүний гэнэтийн айлчлалыг бүгд инээмсэглэл, халуун алга ташилтаар хүлээн авсан байна. Хүн төрөлхтөнд үйлчилж байгаа, ялангуяа хүн амын хамгийн ядуу хэсгийг халамжилж байгаа эмэгтэй санваартан нарыг Дээрхийн Гэгээнтэн бахдан биширлээ. Тэрээр Тереза эхтэй уулзахдаа, өөрийн буяны үйлсээр дамжуулан хайрыг жинхэнэ утгаар нь бусдад түгээж байгаа үлгэр жишээ хүн хэмээн түүнийг тодорхойлж байснаа дурсан ярилаа. Тереза эх хэдийгээр бидний дунд амьд сэрүүн байхгүй ч, Исус Христ болон Будда Шакьямуни нарын үзэл санаа лугаа түүний үзэл санаа мөнхөд оршино хэмээн хэлэв. Дээрхийн Гэгээнтэн тус төвийн санваартан нарт хандан, хүмүүст, ялангуяа ядуу болон тусламж туслалцаа хэрэгтэй хүмүүст энэ үзэл санааны дагуу тусламжийн гараа цаашид ч сунгахыг уриалсан байна. 21 дүгээр зууныг энх тайвны зуун болгохын тулд 7 тэрбум хүнтэй гэр бүлийн төлөө тэд ажиллаж байгаа гэдгээ дандаа бодож байхыг тэр хүслээ.

Дээрхийн Гэгээнтэн тэдний ажил үйлсийг дахин үнэлээд,

“Та бүхэн хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа нь маш чухал. Боловсрол хийгээд эрүүл мэндийн чиглэлээр Христийн ахан дүүс нар маань хүн төрөлхтөнд ямар их хувь нэмэр оруулдаг талаар би бусад хүүмүүст байнга таниулан ярьдаг. Тереза эх өөрийн амьдралыг үнэхээр ядуусын төлөө зориулсан. Түүнийг биширдэг хүний хувьд түүнд хүндэтгэл үзүүлэх нь миний үүрэг гэж би үзэж байна.Тэр мөргөл залбирлын асуудалд илүү бодитой хандаж, түүнийг ядуусын төлөө санаа тавих бодит ажил болгосон” хэмээв.

Тэрээр цааш нь хүний үнэт зүйлсийг хөгжүүлэх, шашин хоорондын эв зохицлыг бэхжүүлэх талаархи өөрийн үүргийн талаар ярив. Хэдийгээр түүнтэй адил өнгөрсөн зүүнд амьдарч байсан хүмүүсийн эрин дуусч байгаа ч, залуучууд эрч хүчтэй ажиллаж, дараагийн эрин үеийнхэнд үлгэр дууриал болох ёстойг тэрээр санууллаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тереза эхийн төвд зочиллоо
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тереза эхийн амьдарч байсан
өрөөнд орж, хүндэтгэл үзүүллээ. Энэтхэг, Баруун Бенгал,
Калькутта, 2015.1.12. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
“Хүн төрөлхтөн, тухайлбал ядууст үйлчлэх үйлст амьдралаа зориулцгаагаарай."

Төвийн тэргүүн санваартан Дээрхийн Гэгээнтнийг Тереза эхийн амьдарч байсан, даруухан тавилгатай өрөөнд оруулахад, тэрээр тэнд дахин хүндэтгэл үзүүлсэн байна. Тереза эхийн байрнаас өөрийн буудаллах зочид буудлын зүг хөдлөхийн өмнө Дээрхийн Гэгээнтэн түүнийг хоромхон зуур ч атугай харахыг хүсэн, гадаа хүлээж байсан хүмүүстэй мэндчилж, зарим сутгүүлчдийн асуултад хариулав.

Дээрхийн Гэгээнтэн маргааш үдээс өмнө Президенси их сургуульд, үдээс хойш Калькутта хотын Худалдааны танхимд үг хэлнэ.

Үзсэн: 2 617
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц