Дэлхий дахины энх тайванд хандах хандлага сэдвээр Дээрхийн Гэгээнтэн Президенси их сургууль дээр яриа хийлээ

31-01-2015, 17:32  |  Хэвлэх

2015 оны 1дүгээр сарын 14

Энэтхэг, Баруун Бенгал, Калькутта, 2015 оны 1 дүгээр сарын 13- Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Президенси их сургууль дээр ирэхэд их сургуулийн дэд захирал, хатагтай Анурадха Лохиа болон сургалтын нарийн бичгийн дарга, ноён Дебажёти Конар угтан авч, Дерозио танхим руу урин заллаа. Индэрт Баруун Бенгал мужийн боловсролын сайд, ноён Партха Чаттержи болон их сургуулийн дэд захирал нар Дээрхийн Гэгээнтэнтэй хамт байраа эзлэв.

Дэлхий дахины энх тайванд хандах хандлага сэдвээр Дээрхийн Гэгээнтэн Президенси их сургууль дээр яриа хийлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам бэлгэнд авсан фото зургаа барьж
байгаа нь. Энэтхэг, Баруун Бенгал, Калькутта, 2015.1.13.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Их сургуулийн дэд захирал танхимд цугласан багш, оюутан, зочдод Дээрхийн Гэгээнтнийг танилцуулахын өмнө уригдсан хоёр зочиндоо цэцгийн баглаа, хүндэтгэлийн алчуур болон их сургуулийн фото зургийг бэлэглэсэн байна.

“Өнөөдөр бидний дунд энх тайвны амьд билэгдэл байна" хэмээн дэд захирал яриагаа эхэллээ.

200 гаруй жилийн өмнө байгуулагдсан цагаасаа эхлэн Энэтхэгийн боловсролд оруулсан тус сургуулийн бахархууштай хувь нэмрийг тэрээр тэмдэглээд, төгсөгчдийн дунд хэдэн арваараа тоологдох сэтгэгчид, эрх чөлөөний төлөө тэмцэгчид, удирдагчдын нэрсийг дурдлаа. Дээрхийн Гэгээнтнийг үг хэлэхийг урихын өмнө дэд захирал түүнийг билиг билгүүн хийгээд нигүүлсэхүйн цогцлол болсон ер бусын эрхэм хэмээн тодорхойлов.

“Эрхэм хүндэт ахан дүүс ээ, Орчин үеийн Энэтхэгийн хамгийн эртний боловсролын сургууль дээр үг хэлэх завшаан тохиосон нь миний хувьд нэр төрийн хэрэг билээ” хэмээн Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхэллээ.

Тэрээр өнөө өглөө тус сургуулийн зүг явах замдаа ‘Дэлхий дахины энх тайванд хандах хүмүүний хандлага’ сэдвээр юу ярьж болох талаар бодож байсан хэмээн өгүүлэв. Хэдэн мянган жилийн өмнөөс хүмүүс өөр хоорондын асуудал болон зөрчилдөөнөө шийдвэрдэхдээ янз бүрийн арга хэрэглэсээр ирсэн талаар бодсон байна. Хүмүүс эхлээд бодвол хутга, нум сум бүтээж, дараа нь зэвсэг үйлдвэрлэх болсон биз ээ. Улмаар энэ хандлага өнөөдөр үй олноор хөнөөх зэвсэг үйлдвэрлэх үйл явц болон өрнөсөн. Үүнийг гайхалтай уураг тархи, дээд зэргийн боловсролтой эрдэмтэд бүтээдэг бөгөөд хэдийгээр тэдгээр эрдэмтдийн хүсэл зориг биш байж болох ч, тэдний мэдлэг боловсрол нь хөнөөж устгах арга замыг улам боловсронгуй болгоход чиглэгдэж байна.

“Асуудлаа шийдэхийн тулд зэвсэг хэрэглэх замаар хүчирхийлэлд дулдуйдах гажуудлыг бид засах ёстой. Бидний дунд зөрчил, асуудал гарах нь гарцаагүй учраас асуудлыг тайван замаар, сүйтгэн бусниулах бус замаар шийдэх арга замыг бид хайх ёстой. Хувь хүний түвшинд хүртэл бид үе үе бусадтай зөрчилдөх тохиолдол гардаг учраас тэдгээрийг үг хэлээр шийдэхийг бид хичээх хэрэгтэй. Ийм замаар бид гэр бүлийн, орон нутгийн, үндэсний хийгээд дэлхийн түвшинд асуудлыг хэл яриагаар шийдэх арга замыг хайх шаардлагатай байна. Ахимса болон хүч үл хэрэглэх зарчмыг удирдлага болгосноор, хүчирхийллээс зайлсхийн, зөрчилдөөнийг тайван замаар шийдэх хандлагыг төлөвшүүлэх боломж бидэнд бүрдэнэ.”

Түүний ярьж байгаа зүйлийн цөм нь өнө эртний үзэл баримтлал болох ахимса, энэхүү үзэл баримтлал нь өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй бөгөөд бараг 80 хүрч байгаа настай хүн хамгийн эртний их сургууль дээр эртний зүйлийн талаар ярьж байгаагаараа онцлог байна хэмээн тэр инээмсэглэн хэлэв.

Дэлхий дахины энх тайванд хандах хандлага сэдвээр Дээрхийн Гэгээнтэн Президенси их сургууль дээр яриа хийлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Президенси их сургууль дээр
үг хэлж байгаа нь. Энэтхэг, Баруун Бенгал, Калькутта, 2
015.1.13. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
“Би бол та бүхний нэг. Оюун сэтгэхүйн, сэтгэл санааны, бие махбодийн хувьд бид бүгд адил. Бид бүгд аз жаргалтай амьдралыг хүсдэг. Дээр нь бид бүгд ийн амьдрах эрхтэй. Ирээдүйг одоо тогтоох боломжгүй ч, ирээдүйг өөрчлөх боломжтой гэсэн энгийн шалтгааны улмаас аз жаргалтай амьдралыг цогцлоох боломж бас бидэнд буй. Тиймээс бидэнд тулгарч байгаа аливаа хүндрэлийг бид давж чадна гэсэн итгэлээр амьдрах ёстой.”

Бидний амьдралд итгэл найдвар чухал болох талаар Дээрхийн Гэгээнтэн тайлбарлав. Хэрвээ бид итгэл найдвараа алдвал бидний амьдрал богинсох бөгөөд байдал муугаар эргэж хүмүүс амиа хорлох тохиолдол гардаг. Энэ бол аймшигтай төгсгөл юм. Аливаа асуудалтай тулгарах үед байдал хэдийгээр яах ч аргагүй мэт санагдаж болох ч, итгэл найдвар хэзээд байдаг тул нөхцөл байдлыг уужуу ухаанаар үнэлж дүгнэхийг Дээрхийн Гэгээнтэн зөвлөлөө. Шашин хүртэл биднийг аз жаргалтай болгохын тулд оршдог хэмээн тэр хэлэв. Зовлонг хүсч хэн ч шашинд ордоггүй.

Тайзан дээр маш халуун байсан тул түүнд өмнө нь өгсөн алчуураар тэрээр духныхаа хөлсийг арчаад, танхимд суугаа хүмүүс рүү харан,

“Албан ёсны арга хэмжээнд дургүй” хэмээн хэлэв.

Сонсогчид бүгд инээлдлээ. Дээрхийн Гэгээнтэн яриагаа үргэлжлүүлэн,

“Бид нийгмийн амьтад учраас бидэнд хайр энэрэл хэрэгтэй. Ямар ч болзол шаарддаггүй эх үрийн холбооноос хайр эхэлдэг. Бидний дунд хайр, хүндэтгэл байсан цагт бидний сэтгэлийн амар амгаланг эвддэг аливаа хардлага аяндаа багасна. Үүнийг өнөөдөр сэтгэл судлаачид болон бусад салбарын эрдэмтэд нотолдог. Байнгын айдас хүйдэс болон сэтгэл зовнил нь бидний дархлааны толгтолцоог эвддэг гэдгийг тэд тогтоосон. Танай дэд захирал та бүхэнд өмнө нь хэлсэнчлэн, энэ настай хүн Төвөдөд байхдаа буддизмын гүн ухаан судалж байсан, цагаачилснаас хойш сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд эрдэмтэдтэй яриа хэлэлцүүлэг хийх боломж түүнд тохиосон гэж хэллээ. Энэ үйл ажиллагааны үр дүнд бид уламжлалт мэдлэгийг шинжлэх ухааны ололттой хослуулах аваас хүн төрөлхтөнд асар их үр өгөөжийг өгнө гэдгийг ойлгосон юм” хэмээн айлдав.

Өнөөдөр дэлхий дахинд тулгарч байгаа ёс суртахууны хямралыг давахын тулд бид шашинд гагцхүү найдаж болохгүй, учир нь нэг шашин дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүний бүгдийн хэрэгцээг хангаж чадахгүй хэмээн Дээрхийн Гэгээнтэн үзсэн байна. Харин оронд нь бидэнд сүсэгтэй, сүсэгггүй бүх хүнд тохирох ёс суртахууны хандлага хэрэгтэй байна.

“Жишээ нь, ёс зүйн үнэт зүйлст хандах шашны хандлага нь иргэний боловсролын тогтолцоонд нийцэхгүй. Тиймээс 300 гаруй жилийн түүхтэй, сүсэгтэн хийгээд сүсэг бишрэлгүй хүмүүсийн үзэл бодолд тэгшхэн хүндэтгэлтэй ханддаг Энэтхэгийн иргэний хандлагыг хэрэгжүүлэх шаардлага өнөөдөр тулгарч байна.”

Дэлхий дахины энх тайванд хандах хандлага сэдвээр Дээрхийн Гэгээнтэн Президенси их сургууль дээр яриа хийлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай ламын асуултад олон оюутан хариулахыг
хүслээ. Энэтхэг, Баруун Бенгал, Калькутта, 2015.1.13.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Түүний түгээн дэлгэрүүлэхээр хүчин зүтгэж байгаа шашин хоорондын эв зохицол хийгээд хүч үл хэрэглэх зарчим нь эртний Энэтхэгээс улбаатай учраас дэлхийд Дээрхийн Гэгээнтэн өөрийгөө Энэтхэгийн элч хэмээн үздэг гэв.

“Өнөөдөр дэлхий ертөнц шашны үл тэвчих үзлээс болж хагаралдаж байгаа бөгөөд нэг шашны хүмүүс хүртэл, тухайлбал лалын шашны шиат болон суннит, эсвэл Христийн шашны урсгалууд өөр хоорондоо шашны нэрийн өмнөөс тэмцэлдэж байна. Ийм цаг үед олон шашин зэрэгцэн оршиж байгаа Энэтхэгийн амьд уламжлал дэлхийн бусад өнцөг буланд гэрэлт цамхаг болох ёстой. Эртний Наланда уламжлалын шавь хүний хувьд энэ илгээлтийг түгээхэд би идэвхийлэн хичээж байгаа билээ. Гэхдээ энэтхэгчүүд та бүхний хувьд мөн өөрийн орны өнө эртний уламжлалыг хөгжүүлэх цаг болоогүй гэж үү?”

Төвөдийн хаадын урилгыг хүлээн авч Төвөд орноо морилсон хоёр бенгал хүн, тухайлбал МЭ 8 дугаар зуунд амьдарч байсан Шантаракшита гэгээн болон 10-11 дүгээр зуунд амьдарч байсан Адиша Дивангар Шрижнана нарын талаар Дээрхийн Гэгээнтэн ярилаа. Эртний өвөг дээдсээсээ үлгэр дууриал авч, нийт хүн төрөлхтний үйл хэргийн төлөө ажиллахыг өнөөгийн бенгал хүмүүст хандан тэрээр уриалсан байна. Хүч үл хэрэглэх зарчим, шашны олон ургальч үзэл, иргэний ёс зүй зэрэг Энэтхэгийн уламжлалт үнэт зүйлсийн ач холбогдлыг таниулах үүднээс хөтөлбөр боловсруулснаар илүү амар амгалан дэлхий ертөнцийг бий болгох боломжтой хэмээн тэр хэллээ. Хамгийн гол нь биднийг энэ хорвоод мэндэлсэн даруй ээжүүд маань үзүүлсэн тэр нигүүлсэхүй сэтгэлийг хөгжүүлэх явдал юм.

Сэтгэлийн сөрөг хандлагаа дарж, бүтээлч хандлага төлөвшүүлэхийн ач холбогдлыг Дээрхийн Гэгээнтэн тодорхой тайлбарласан байна. Сэтгэлийн эерэг хандлага бидний эрүүл мэндэд тустай байдаг бол сөрөг хандлага эрүүл мэндийг сүйтгэж байдаг.

“Миний бие махбодь надад ‘Чиний сэтгэл санаа тайван байгаа цагт би удаан амьдарч чадна’ гэж хэлж байгаа мэт заримдаа санагддаг. Хэрвээ би уур хилэн, атаа жөтөө, үзэн ядалтад автагдвал миний бие махбодь надад, ‘Чиний сэтгэл хөдлөл чинь тогтворгүй байгаа учраас би чамайг дэмжиж чадахгүй нь’ хэмээн гомдоллох биз ээ. Гэхдээ харамсалтай нь миний өвдөгний тухайд, нигүүлсэхүйн сэтгэлтэй тэр ямар ч холбоогүй мэт санагдаж байна. Тийм холбоог хэрхэн олох талаар би эрдэмтэдтэй зөвлөлдөх ёстой ч байж магад.”

Танхимд байгаа хүмүүс дахин хөхрөлдлөө. Сэтгэлийн амар амгалан бол эрүүл саруул байхын үндэс гэдгийг Дээрхийн Гэгээнтэн дахин тэмдэглэн хэллээ. Өнөөдөр сэтгэлийн амар амгаланг олоход заавал шашин байх албагүй, иргэний ёс зүй ч энд гол үүрэг гүйцэтгэж болно. Иргэний боловсролын тогтолцоонд иргэний ёс зүйн сургалтыг тусгах хичээлийн хөтөлбөрийн төслийг эцсийн байдлаар хэлэлцэх үүднээс ирэх сард АНУ-д очиж, энэ чиглэлээр ажиллаж байгаа эрдэмтэдтэй уулзах уулзалтыг тэсч ядан хүлээж буйгаа тэр дурдав.

Бүх хүн нэгэн зэрэг дэлхийд энх тайвныг тогтоох боломжтой юу гэсэн асуултыг нэгэн сонсогч тавилаа.

“Нэгэн зэрэг боломжгүй!” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав.

Дэлхий дахины энх тайванд хандах хандлага сэдвээр Дээрхийн Гэгээнтэн Президенси их сургууль дээр яриа хийлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сонсогчдын асуултад хариулж
байгаа нь. Энэтхэг, Баруун Бенгал, Калькутта, 2015.1.13.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Саяхан Ром хотноо болж өнгөрсөн Нобелийн энх тайвны шагналтнуудын дээд хэмжээний уулзалтын төгсгөлийн баримт бичигт Нобелийн энх тайвны шагналтнууд цөмийн зэвсгийг аль болох хурдан устгах зорилго тавьсныг тэрээр дурдлаа. Цөмийн зэвсэг байна гэдэг нь л асар том аюулын харангыг дэлдэж байна. Үй олноор хөнөөх үйл явц өрнөхөд цэргүүд төдийгүй энгийн номхон иргэд, тэдгээрийн дотор хүүхдүүд үй олноороо үхэж үрэгдэнэ гэдгийг тэр онцлон тэмдэглэсэн байна. Гагцхүү яриа хэлэлцээний замаар л энх тайвныг тогтоож чадна хэмээн тэр давтан хэллээ. Үүний тулд, мөн ядуус, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах явдалтай тэмцэх, хүн амд сайхан, зөв сэтгэлийн боловсролыг олгох суурийг бид тавих шаардлагатай. Тэрээр дэд захирал, Боловсролын сайд болон түүний амьдарч ирсэн 20 дугаар зууныхнаас өвлөн авсан аливаа асуудлыг шийдэхдээ алсын хараатай, шийдэмгий, хүлээцтэй байхыг танхимд суугаа 21 дүгээр зууны төлөөлөл болсон залуучуудад хандан уриаллаа.

Дэд захирал Дээрхийн Гэгээнтэнд яриа хийсэнд нь гүн талархал илэрхийлсний дараа сургуулийн найрал дуучид ‘Бид даван туулна’ дууг бенгал, англи, хинди хэлээр дуулснаар арга хэмжээ өндөрлөв.

Дээрхийн Гэгээнтэн үдээс хойш Калькутта хотын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын гишүүд, зочидтой уулзалт хийн, боловсролын утга учир ба зорилго сэдвээр яриа хийсэн байна. Баруун Бенгал мужийн боловсролын сайд, ноён Партха Чаттержи мөн зочдын дунд байсан бөгөөд тэрээр Калькутта хотын ариун Ксавьерын коллежийн оюутнуудыг дагуулан ирсэн байлаа. Нийгэмд хариуцлагатай үүрэг гүйцэтгэх хүмүүсийг бэлтгэхийн тулд орчин үеийн мэдлэгийг уламжлалт үнэт зүйлсийн ойлголттой хослуулсан боловсрол олгохын ач холбогдлыг Дээрхийн Гэгээнтэн онцлон тэмдэглэв. Тэрээр алсын хараа, шийдэмгий байдал, зорилгодоо хүрэх эрмэлзэлтэй байх шаардлагыг тэмдэглээд,

“Боловсрол эзэмшсэнээр тухайн зорилгын төлөө тэмүүлэх, түүндээ хүрэхэд хамгийн чухал зүйл бол итгэл найдвараа алдахгүй байх явдал” хэмээв.

Дээрхийн Гэгээнтэн маргааш өглөө Дели хот руу буцна.
Үзсэн: 2 712
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц