Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бахайн Бадамлянхуа сүмд энх тайван ба нигүүлсэхүй сэдвээр яриа хийв

31-01-2015, 17:43  |  Хэвлэх

2015 оны 1 дүгээр сарын 17

Энэтхэг, Шинэ Дели, 2015 оны 1 дүгээр сарын 16 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөөдөр Бахарпурт олноо Бадамлянхуан сүм хэмээн алдаршсан Бахай шашны мөргөлийн ордонд энх тайван ба нигүүлсэхүй сэдвээр яриа хийж, хамтарсан мөргөлд оролцлоо. Бахайн шашныг нэгэн зууны тэртээ Бахауллах Иранд үндэслэн байгуулсан бөгөөд энэ нь “Эзэн”-ий, гэр бүлийн, шашны нэгдмэл чанарыг номлодог шашин ажээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бахайн Бадамлянхуа сүмд энх тайван ба нигүүлсэхүй сэдвээр яриа хийв
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын яриа хийсэн Бадамлянхуан сүм.
Энэтхэг, Шинэ Дели, 2015.1.16.
Дээрхийн Гэгээнтнийг морилон ирэхэд Энэтхэг дэх Бахайн шашны ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Назнин Роухани болон Олон нийтийн эв зохицлын үндэсний сангийн (NFCH) нарийн бичгийн дарга, элчин сайд Ашок Сажжанхар нар элгэмсгээр угтан авав.

Делигийн 14 сургууль, дипломат ажилтнууд, сургуулийн захирал нар болон бусад зочдоос бүрдсэн сонсогчдод хатагтай Роухани Дээрхийн Гэгээнтнийг танилцуулахдаа, “шашны бүх уламжлалын эв нэгдлийг уриалагч гэрэл” хэмээн тодорхойллоо.

"Би ерөнхийдөө албархуу байдалд дургуй. Бид бүгд оюун санаа, сэтгэлийн хөдлөл, бие бялдрын хувьд ижил билээ. Бидэнд бүгдэд маань бие бялдрын хийгээд оюун санааны асуудал байдаг. Асуудалгүй нэгээхэн ч бээр үгүй. Гэхдээ асуудлаа өргөн хүрээтэй харах боломжийг боловсрол өгдөг учраас бид хүндрэлийг шийдэж чадна” хэмээн Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхлэв.

Танхимд байгаа сурагчдад хандан,

"Та бүхэн бол хүн төрөлхтний ирээдүйд юунаас ч чухал хүмүүс. Та бүхэн бол 21 дүгээр зууны иргэд. Дэлхий дахины гэрэлт ирээдүйг цогцлоох итгэл найдварыг та бүхэн тээж байна. 20 дугаар зуунд манай үеийнхний бий болгосон аливаа хүндрэлийг шийдэх үүрэг та нарт оногдож байна" хэмээн тэр хэллээ.

Нийт хүн төрөлхтний бус, харин хэсэг бүлэг хүний эрх ашгийг бодсон явцуу бодлын улмаас 20 дугаар зуунд асар их хүчирхийлэл үйлдэгдсэн талаар тэрээр тайлбарлан ярьсан байна. Дээрхийн Гэгээнтэн залуучуудад хандан,

“Бусдын төлөө, хүн төрөлхтний төлөө сэтгэл санаагаа чилээцгээ, тэгвэл та бүхэн сэтгэлийн амар амгаланг олно. Амин хувиа хичээснээр бид болон бусдын хооронд орон зай үүсч, улмаар хардлага, үл итгэлцлийг дагуулан, үр дагаварт нь ганцаардал буй болно. Бусдын сайн сайхны төлөө санаа тавих аваас та бүхэн аз жаргалыг мэдэрнэ” хэмээн уриалав.

"Залуу дүү нар минь. Арай өргөн хүрээнд сэтгэж амьдарцгаа. Сайхан сэтгэл хийгээд нигүүлсэхүй үзэл бидний бие махбодь хийгээд сэтгэл санаанд сайнаар нөлөөлдөг бол уур хилэн, үзэн ядалт, айдас хүйдэс нь муугаар нөлөөлдөг билээ. Үүний улмаас зарим эрдэмтэд өнөөдөр сайхан сэтгэл нь 'эрүүл бие, саруул ухааны' баталгаа хэмээн ярьж байна”

"Боловсролын өнөөгийн тогтолцоо нь материаллаг зорилгыг чухалчилдаг учраас хүний үнэт зүйл болох хүлээцтэй байдал, өршөөл уучлал, хайр энэрэл, нигүүлсэхүйд бид онцгой анхаарал хандуулах хэрэгтэй байна. Эдгээр ухагдахууныг хүн бүрт хүртээлтэй болгохын тулд бид шашнаас ангид, иргэний ёс зүйг төлөвшүүлэх шаардлагатай. Энэ бол мянга гаруй жилийн түүхтэй Энэтхэгийн арга барил бөгөөд энэ арга барил өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй байна. Энэтхэгийн зан заншилд гүн шингэсэн ахимса хийгээд хүч үл хэрэглэх үзэл санаа нь шашны бүх уламжлалд, шашин шүтлэггүй нэгнийг ч жигд хүндэлдэг хүндлэлээр илэрнэ.”

Терроризмын аюултай хэрхэн тэмцэх тухай танхимд суугаа хүмүүсийн нэг нь Дээрхийн Гэгээнтнээс асуулаа. Өнөөдөр бидэнд тулгарч байгаа хүндрэлүүдийн ихэнх нь бидний өнгөрсөнд хийсэн алдааны үр дагавар хэмээн тэр хариулав. Хүчирхийллийг сонгох нь, хэдийгээр ойрын төлөвтөө энэ нь зөв сонголт мэт байж болох ч, үеэ өнгөөрөөсөн арга болж байгаа бөгөөд хүчирхийлэл хүчирхийллийг л төрүүлдэг. Харин оронд нь бид асуудалтай тулгарах бүртээ хүчирхийллээр бус, харин яриа хэлцлээр шийдэх ёстой.

Бадамлянхуа сүмд Дээрхийн Гэгээнтнийг яриа хийсний дараа хинду, лал, буддын, христийн ба бахайн шашны залбирлыг англи, хинди, араб, санскрит хэлээр уншсан байна.
Үзсэн: 1 830
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц