Энэтхэгийн иргэний гайхамшигтай үзэл нь хүч үл хэрэглэх зарчим ба шашны эв зохицлын үндэс мөн

1-02-2015, 16:39  |  Хэвлэх

2015 оны 1 дүгээр сарын 28

Энэтхэг, Шинэ Дели. 2015 оны 1 дүгээр сарын 27 - Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг өөрийн байрласан Делигийн Рохини дүүрэг дэх Төвөдийн залуучуудын нийтийн байрнаас өглөөний 7 цаг 45 минутад хөдлөх үед өвлийн тэнгэрт нар мандсан байв. Тэрээр Уттар Прадеш мужийн Гхазиабад дүүргийн Сахибабад хот дахь Даяананд Англо Ведийн (DAV) сургуулийг зорин хөдлөхийн өмнө оюутны байранд байрлаж байгаа зарим оюутнуудын өглөөний мэндийг эрэх зав гаргалаа.

Энэтхэгийн иргэний гайхамшигтай үзэл нь хүч үл хэрэглэх зарчим ба шашны эв зохицлын үндэс мөн
DAV сургуульд дээр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг морилон
ирэхэд багш, сурагчид тосон угтлаа. Энэтхэг, Шинэ Дели,
2015.1.27. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Сургуулийн захирал болон захиргааны ажилтнууд Дээрхийн Гэгээнтнийг халуун дотноор угтан авч, түүний үгийг тэсч ядан хүлээж байгаа DAV сургуулийн багш сурагчид, бусад сургуулиас ирсэн захирлууд, зочдоос бүрдсэн 3000 гаруй хүн бүхий талбайд урин залсан байна. DAV сургуулийн удирдлагууд түүнийг бага ангийн анги танхим бүхий барилгын дундуур дагуулан явахад, тэрээр бяцхан сурагчидтай мэндчилэхийн тулд гурван ч танхим руу шагайж, дотогш орсон байна. Талбайн өмнүүр түүнийг өнгөрөх үед түүнтэй гар барихыг, эсвэл зүгээр л түүнд хүрч үзэхийг хүссэн хүүхэд бүртэй мэндчилэв.

Тайзан дээр гарсныхаа дараа Дээрхийн Гэгээнтэн хуран цугласан олонтой болон сургуулийн дуу хөгжмийн хамтлагтай гар даллан мэндчилэв. Цэцгийн баглаа өргөх богино хэмжээний ёслолын дараа дэлхий дахины “энх тайван хийгээд мэдлэгт хувь нэмрээ оруулсан” эрхэм Далай Ламын яриаг сонсох боломжийг алдахгүй байх нь сургуулийн хувьд ухаалаг зүйл хэмээн DAV сургуулийн тогтолцооны тэргүүн, ноён АК Шарма тэмдэглэн хэллээ. Эдгээр сургуулиудыг Махариши Даяананд Сарасвати ведийн сургаалийн зарчим дээр суурилан байгуулсан тухай ноён Шарма тайлбарлаад, амьдралын тухай Дээрхийн Гэгээнтний мэргэн бодлыг сонсох боломж хүүхдүүдэд олдсонд талархаж буйгаа илэрхийлсэн байна.

“Эрхэм хүндэт ахан дүүс нар аа” хэмээн Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхэлж, залуу энэтхэгчүүдтэй уулзах завшаан дахин тохиосонд баяртай буйгаа илэрхийлсэн байна. “Энэтхэг бол дэлхийн хамгийн олнон хүн ам бүхий ардчилсан орон бөгөөд өнө эртний түүхтэй. Юмсын мөн чанарын талаар хийсэн нягт нямбай шинжлэх судалгаагаараа ‘эртний эрдэмтэд’ хэмээн нэрлэгдэх болсон олон агуу их сэтгэгчид эндээс төрөн гарсан юм. Тэдний зарим нь аль 200 жилийн өмнө квантын физикийн үзэл баримтлалыг олж нээсэн” хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв.

Энэтхэгийн иргэний гайхамшигтай үзэл нь хүч үл хэрэглэх зарчим ба шашны эв зохицлын үндэс мөн
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын яриаг DAV сургуулийн сурагчид
анхааралтай сонслоо. Энэтхэг, Шинэ Дели, 2015.1.27.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
“Дэлхий ертөнцөд хүндрэлтэй асуудал асар ихээр хуримтлагдсан өнөөдөр хүч үл хэрэглэх зарчмыг хэрэгжүүлэх тал дээр Энэтхэг орон хувь нэмрээ оруулах боломж байна. Сайн боловсролтой боловч, бусдыг хуурч мэхлэх, айлган сүрдүүлэх замаар бусдыг дарангуйлдаг, өөрийн мэдлэгийг мөнгө, эсвэл эрх мэдэл олоход ашигладаг хүмүүсээс болж хүндрэлтэй асуудлуудын ихэнх нь үүсдэг” хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдав.

Бусдыг үл хүндлэх байдалд хүргэдэг амин хувиа хэт хичээх үзэл нь бидэнд тулгарч байгаа олон асуудлын үндэс гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлээд, “21 дүгээр зууны иргэд болсон залуучууд та бүхэн дэлхий ертөнцийг ёс суртахуун цогцолсон газар болгож чадна. Өнөөгийн эд материалын хөгжлийг дөвийлгөсөн боловсролоос үүдэлтэйгээр дэлхий дахинд ноёрхож байгаа шударга бус байдлыг та нар халж чадна” хэмээлээ.

Дэлхийн ийм нөхцөл байдлыг засах тухайд Дээрхийн Гэгээнтэн сурагчдад хандан, “Шүтлэгтэй шүтлэггүй хэнийг ч болов тэгш хүндэтгэн үздэг Энэтхэгийн иргэний хандлага нь гайхалтай зүйл билээ. Өнөөдөр ёс суртахууны зарчмыг хөгжүүлэхийн тулд сүсэгтэй сүсэггүй бүх хүнд тохирсон, бидэнд тулгарч байгаа асуудлыг шийдэж чадах арга замыг бид хайх ёстой. Шашин сүсэггүй хүмүүст хүрч үйлчлэхгүй!” хэмээн хэлэв.

Тэрээр дараа нь хайр энэрлийн ач холбогдлын талаар хөндөж ярьсан байна. “Инээмсэглэл бол зөвхөн хүмүүс нэг нь нөгөөдөө илгээж чадах зүйл юм. Чин сэтгэлийн инээмсэглэл нь биднийг бусадтай улам нягтруулж, итгэлцлийг бий болгох ба улмаар энэ нь нөхөрлөл рүү хөтөлнө. Сүсэггүй хүнээс нөхөрлөлийг мөнгөөр худалдаж авч болох уу гэж асуувал үгүй хэмээн хариулна. Итгэл, нөхөрлөлийг олохын тулд та бүхэн сэтгэлээ нээлттэй байлгах ёстой. Сэтгэл хаалттай бол бид итгэл хүлээж, бусадтай нөхөрлөж чадахгүй.”

Энэтхэгийн иргэний гайхамшигтай үзэл нь хүч үл хэрэглэх зарчим ба шашны эв зохицлын үндэс мөн
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам DAV сургууль дээр үг хэлж байгаа нь.
Энэтхэг, Шинэ Дели, 2015.1.27. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Амьтад хүртэл хүний хайр энэрлийг үнэлдэг тухай Дээрхийн Гэгээнтэн тайлбарлан ярив. Тэрээр оюутнуудад Төвөд дэх Норовлин зуны ордны цөөрөмд байсан загаснууд түүнд нөхөрсгөөр ханддаг байсан тухай хуучлаад, “Тэд миний алхааг сонсоод баяр баяслаа илэрхийлэхээр уснаас цовхчин үсэрдэг байсан” хэмээв.

Бидний бие махбодь бусадтай нөхөрсөг харьцаа үүсгэхэд зориулагдсан гэдгийг үзүүлэхийн тулд тэр сургуулийн захирлыг тэврэхэд, сурагчид алга нижигнүүлэн ташлаа. “Нийгмийн амьтдын хувьд хайр энэрэл биднийг нэгтгэж, уур хилэн биднийг салгадаг. Уур хилэн хийгээд айдас хүйдэс нь бидний эрүүл мэндэд хортой бол сэтгэлийн амар амгалан бидний эрүүл мэндэд тустай хэмээн эрдэмтэд хэлдэг.”

Шашны эв зохицол нь Энэтхэгийн хувьд гайхалтай зүйл бөгөөд энэ нь Энэтхэгийн иргэний хандлага, ахимса буюу хүч үл хэрэглэх зарчимтай уялдаатай гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. “Та бүхэн өөрсдийн соёлын талаар нухацтай бодох ёстой. Та нар бол дээрх зарчмаар хүмүүжих шаардлагатай дэлхий дээрх 7 тэрбум хүний сайн сайхны төлөө шинэ дэлхийг бүтээгчид байх ёстой” хэмээн тэр сурагчдад хэллээ. Иргэний ёс зүй нь нийт хүн төрөлхтөнд зориулагдсан зүйл болох тухай, энэ үүднээс бид асуудалд хандаж, өөрийн гэр бүлд нэвтрүүлэхээс эхлэн ёс суртахууны зарчмыг хэвшүүлэх ёстой тухай Дээрхийн Гэгээнтэн тайлбарлан ярилаа. “Дараа нь бид энэ бүхнийг гадагшаа 10 хүнд, 100 хүнд, цаашлаад сая хүнд түгээнэ.”

“Залуус та бүхэнд ёс суртахууны эдгээр зарчмыг амьдралд хэрэгжүүлэх боломж бий. 21 дүгээр зууныг илүү аз жаргалтай зуун болгох боломж хийгээд цаг хугацаа та бүхэнд байна. Энэ дэлхийд дэндүү их асуудал байгаа, тэдгээрийг шийдэх талаар бид юу ч хийж чадахгүй хэмээн итгэл алдарч болохгүй. Өөрчлөлт хувь хүнээс эхэлж, бусдад үлгэр дууриал болдог. Дэлхий дахины өмнө хүлээх хариуцлага болон гаргах хүчин чармайлтын тухай бодоцгоо.”

Энэтхэгийн иргэний гайхамшигтай үзэл нь хүч үл хэрэглэх зарчим ба шашны эв зохицлын үндэс мөн
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын DAV сургууль дээр хийсэн ярианы
үеэр сурагчид асуулт асуулаа. Энэтхэг, Шинэ Дели, 2015.1.27.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Дээрхийн Гэгээнтэн дараа нь хэдэн сурагчийн асуултад хариулсан байна. Хэрвээ эцэг эх бусад хүүхэдтэй хүүхдээ харьцуулснаар бухимдлыг нь төрүүлдэг, сайн дүн авахыг шаарддаг бол яах ёстой вэ хэмээн нэг хүү асуув. Дээрхийн Гэгээнтэн энэ асуултыг хоёр талаас нь бодож хариулт өглөө. Хүүхэд нь залхуу бол эцэг эх хүүхдээ шахах нь зүйн хэрэг, харин хүүхэд нь хамаг хүчээ шавхан сурсан ч, эцэг эхийн хүсэлд хүрэхгүй байгаа бол тэд үл биелэгдэх шаардлага тавихаас татгалзах ёстой.

Арга хэмжээний төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн 11 ба 12 дугаар ангийн зарим сурагчдад шалгалтаа өгсний гэрчилгээг, зарим тусгай шагналыг өөрийн гараар гардуулсныг бяцхан хүүхдүүд баяр хөөртэйгээр хүлээн авлаа.

Маргааш тэрээр Шинэ Делигийн охидын сургуульд “Нигүүлсэхүй ба Боловсрол” сэдвээр яриа хийнэ.

Үзсэн: 2 115
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц