Нагаржуна гэгээний ‘Бодь Сэтгэлийн Тайлбар’ номын айлдвар Базелд эхэллээ

13-02-2015, 13:35  |  Хэвлэх

2015 оны 2 дугаар сарын 8

Швейцарь, Базел, 2015 оны 2 дугаар сарын 7- Франц, Герман, Швейцарийн хилийн огтлолцол, Рейн мөрний эрэг дээр байрладаг Европын эртний хот Базелд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 2 дахь удаагаа зочилж байгаа нь энэ билээ. Түүхт Ле Труа Руа зочид буудалд нэр хүндтэй боловч өөр цаг үеийн алдартай хүмүүс, тухайлбал Наполеон Бонапарт, Пабло Пикассо, Теодор Герцл нар буудаллаж байжээ. Дээрхийн Гэгээнтэн ном айлдахаар явахын өмнө хэвлэл мэдээллийн ажилтнуудыг хүлээн авч уулзав.

Нагаржуна гэгээний ‘Бодь Сэтгэлийн Тайлбар’ номын айлдвар Базелд эхэллээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй
уулзах үеэр. Швейцарь, Базел, 2015.2.7. Гэрэл зургийг Оливер Адам
“Өнөөдөр дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүний нэг нь би билээ. Бид бол нийгмийн бүтээл бөгөөд өнөөдөр бүх зүйл өөр хоорондоо улам илүү хамааралтай болж байна. Тиймээс бид нийт хүн төрөлхтний сайн сайхан хийгээд ногоон дэлхийгээ эрүүл байлгах асуудлыг бодох ёстой. Байгаль экологийн ач холбогдлын талаар хүмүүст мэдээлж байхад хэвлэл мэдээллийнхэн та бүхэн чухал үүрэг гүйцэтгэнэ. Байгаль, хүрээлээн байгаа орчноо хамгаалахын чухлыг хүмүүст таниулах нь миний амьдралдаа хүлээсэн үүргүүдийн нэг юм” хэмээн яриагаа эхэлэв.

“Хоёрдугаарт, буддист хүний хувьд би шашин хоорондын эв зохицлыг бэхжүүлэх үүрэгтэй гэж үздэг. Энэ бол зүгээр нэг хоосон хүсэл биш, хэрэгжүүлэх боломжтой зүйл юм. Уугуул хийгээд гаднаас ирсэн суугуул бүх шашин энх тайвнаар зэрэгцэн оршиж байгаа жишээг Энэтхэгээс харж болно. Олон янз байдлын, олон ургальч үзлийн амьд жишээ бол Энэтхэг мөн.”

“Гуравдугаарт төвөд хүний хувьд би Төвөдийн соёлыг хамгаалахын төлөө амьдралаа зориулж ирсэн.”

“Таны лагшин тунгалаг уу?” гэсэн энгийн бөгөөд эхний асуултад тэрээр өчигдөр ирэхдээ нилээн ядарсан хэмээн хариуллаа. Гэхдээ орой 5.30-д орондоо орж, өглөө 2.30-д босоход алжаал нь тайлагдсан байжээ. Өнөөгийн боловсролд өөрчлөлт хийхэд юу шаардлагатай тухай асуултад, өнөөгийн боловсрол хүний дотоод үнэт зүйлст хангалттай анхаарахгүй хэрнээ эд материалд чиглэсэн зорилгыг хэт өндөрт тавьж байна гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Одоо эн тэргүүнд хэрэгтэй зүйл бол хүний үнэт зүйлийг тусгасан сургалтын хөтөлбөрийг боловсруулах явдал бөгөөд тэр нь дэлхийн хаана ч хэрэглэх боломжтой байх ёстой хэмээн тэр хэллээ. Хэдхэн хоногийн өмнө “Оюун Ухаан ба Амьдрал” хүрээлэнгийн эрдэмтдийн боловсруулж байгаа “Анхаарал Халамжийн Дуудлага” хөтөлбөрийн явцын талаар сонсохын тулд тэдэнтэй уулзсан тухайгаа Дээрхийн Гэгээнтэн хүүрнэв.

Нагаржуна гэгээний ‘Бодь Сэтгэлийн Тайлбар’ номын айлдвар Базелд эхэллээ
Дээрхийн Гэгээнтэн Дадлай Ламаас сэтгүүлч асуулт асуув.
Швейцарь, Базел, 2015.2.7. Гэрэл зургийг Оливер Адам
Шашны эрх чөлөөний хүрээнд гадаа жагсаал хийж байгаа Шүгдэнгийн талын жагсагчдын талаар асуулаа. Энэ асуудал нь шашны эрх чөлөөтэй огтхон ч хамаагүй, харин сахиус шүтэх эс шүтэх тухай асуудал хэмээн тэр хариулав. Бурхан Багш шавь нартаа айлдахдаа, зөвхөн Бурхан, ном, хувраг гэсэн Гурван Эрдэнэд аврал одуулж болно хэмээсэн байдаг. Харин бид сахиусанд аврал одуулах ёсгүй хэмээн хэлэв. Энэ зөрчил нь 17 дугаар зуун буюу 5 дугаар Далай Ламын үеэс эхтэй ажээ. 5 дугаар Далай Лам Шүгдэнг буг чөтгөрийн сахиус хэмээн зарласан. Үүнтэй гэлугба урсгалын олон нэртэй лам нар санал нийлдэг. Тэрээр үргэлжлүүлэн,

“Янз бүрийн нөхцөл байдлын улмаас би 1951 онд Японд байхдаа энэ шүтээнийг шүтэж эхэлсэн. Гэтэл миний ахмад багш үүнд маш эргэлзээтэй хандсан. 1970 онд би өөрөө энэ сахиусны талаар эргэлзэх болсон тул нарийн судалж үзээд, 5 дугаар Далай Лам энэ асуудлаар бичиж үлдээснийг олж мэдсэн билээ. Ингэж шүтэх нь алдаа гэдгийг ойлгосноор би шүтлэгээ зогсоосон бөгөөд энэ тухай мэдээ төдөлгүй гадагш тархсан.”

Гадаа жагсаж байгаа хүмүүс ялангуяа Төвөдөд ташаа ойлголт буюу Далай Лам нинмава урсгалд тал засахын тулд энэ сахиусыг эсэргүүцэж байгаа гэсэн ойлголт төрүүлэхийг оролдож байгаа талаар мөн тайлбарлан ярилаа. Энэ бол дэмий худал зүйл болохыг тэр хэлэв. Тэд Далай Ламыг худал хэлж байна гэж буруутгаж байна, харин би үнэнийг өгүүлж байгаа гэдгээ батлаад, тэд нөхцөл байдлын бодит үнэнийг мэдэхгүй байгааг хэлэв. Уг асуудлыг илүү гүнзгий судлахыг тэр зөвлөсөн байна. Жагсагчид үг хэлэх эрх чөлөөгөө эдлэх боломжтой байгаа нь сайн хэрэг хэмээн эцэст нь Дээрхийн Гэгээнтэн өгүүлэв. Гэхдээ өөрийн мэдэж буйгаа бусадтай хуваалцах нь түүний үүрэг байсаар байх болно. Түүнийгээ ч тэр хийсээр байгаа ажээ.

Өвлийн нарны тод туяан дор Дээрхийн Гэгээнтэн ном айлдах ариун Якобхаллын зүг хөдөллөө. Тод өнгийн өмсгөл бүхий төвөд хүмүүс дуулж бүжиглэн, түүнийг гол үүдэн дээр уламжлалт зан заншлаар угтан авав. Дээрхийн Гэгээнтнийг индэрт суудлаа эзлэхэд Бурхан Будда, Нагаржуна гэгээн, Манзушири гэгээний дүр бүхий танка зураг өлгөсөн танхимд цугларсан 7500 орчим хүн халуун алга ташилтаар түүнтэй мэндчиллээ.

Далай Лам мэдлэгийн ач холбогдлын талаархи яриагаар айлдвараа эхлэв.

Нагаржуна гэгээний ‘Бодь Сэтгэлийн Тайлбар’ номын айлдвар Базелд эхэллээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдвар айлдаж байгаа нь.
Швейцарь, Базел, 2015.2.7. Гэрэл зургийг Оливер Адам
“Өнөөдөр бид Наланда уламжлал гэж юу болохыг мэддэг 21 дүгээр зууны буддистууд байх ёстой. Лам Гурван Эрдэнэд аврал одуулахдаа бид Будда гэж хэн, бас юу болох талаар ойлголттой байх шаардлагатай. Хэрвээ бид Бурханы хутгийг олохын учир шалтгаан хийгээд үр дагаврын тухай ойлгох аваас “Будда” гэсэн үг юуг илэрхийлж байгааг ойлгоно. Үүнтэй нэгэн адил Ном гэдэг нь эрх чөлөөнд хүргэх зам мөр, Хувраг гэдэг нь хэрэгжүүлж байдаг хүмүүс гэдгийг ойлгоно.”

Алсын бодолгүй хүмүүс мухар сүсэгтэй байдаг хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Ухаалаг хүмүүс тухайн сургааль номлолыг судалж шинжилж, нягталдаг. Тэрээр өөрийн Наландагийн 17 их бандида нарын агуу чанарыг бишрэн зохиосон ‘Гурван Итгэлийг Гэрэлтүүлэхүй’ магтаалаас эш татлаа.

“Ердийн амьдралд шинжлэх ухаан, технолгийн агуу их дэвшил нэвтэрсэн ч, бид завгүй амьдралынхаа хөл толгойгүй бужигнаан дунд самууран будилж байгаа өнөө цагт Бурхан Багшийн шавь нарын хувьд бид түүний сургаалийг бүрэн ухаарч ойлгосны үндсэн дээр сүсэг бишрэлээ хэрэгжүүлэх нь туйлаас чухал болоод байна. Тиймээс бид урьдчилан таамаглалгүй, таньж мэдэх зорилготойгоор энэхүү сургаалийн учир шалтгааныг судлан, гүнзгий дүн шинжилгээ хийх ёстой.

Өвөрмөц, онцгой мэдлэг эзэмших чадвар бүхий хэн бүхний нүдийг нээх гайхалтай, утга төгөлдөр бүтээлүүдийг Энэтхэгийн ариун газраас төрсөн тэргүүний мэргэд зохиосон билээ. Тэр цагаас хойш 2500 гаруй жил улиран өнгөрсөн боловч, тэдний сургааль номлол амьд хэвээр, одоо хэр нь тэдгээрийг хүмүүс сонсч, тунгаан бодож, бясалгасаар байна.”

Дээрхийн Гэгээнтэн дараа нь магтаалаас эхний хоёр шүлгийг уншив.

Юмс хэрхэн орших тухай хоёр үнэний утгыг ойлгосноор
Ертөнцийн хүлээсэнд бид хэрхэн орж, хэрхэн гардаг тухай
Дөрвөн Үнэнээр дамжуулан бид ухаардаг
Бодит мэдлэгээр буй болсон гурван авралд итгэх бидний итгэл бат бөх
Гэгээрэлд хүрэх зам мөрийн үндсийг олоход минь адислаж хайрла

Гэгээрэлд хүрэх эрмэлзэл- бүрэн огоорлыг олсон
Зовлон хийгээд зовлонгийн шалтгаан бүрэн арилсан
Төөрсөн амьтдыг хамгаалах хүслийг агуулах хэмжээлшгүй нигүүлслийн үндэс болсон
Бодийн сэтгэлийг хуурмаггүйгээр төгс үүсгэхэд минь адислаж хайрла

Нагаржуна гэгээний ‘Бодь Сэтгэлийн Тайлбар’ номын айлдвар Базелд эхэллээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Базел хот-кантоны ерөнхийлөгч,
доктор Гай Моринд дурсгалын зүйл гардуулж байгаа нь.
Швейцарь, Базел, 2015.2.7. Гэрэл зургийг Оливер Адам
Базелийн кантоны засаг захиргааны ерөнхийлөгч, доктор Гай Морины урилгаар Дээрхийн Гэгээнтэн захиргааны гишүүдтэй хамт үдийн зоог барилаа. Ерөнхийлөгч зоог барих үедээ Базелд тавтай морилохыг Дээрхийн Гэгээнтэнд хүсээд, одоогоор 600 орчим төвөд хүн энэ хотод суурьшин амьдарч байгаа тухай түүнд мэдээлсэн байна. 40 жилийн өмнө ангид нь төвөд хүүхэд байсан гэж бодохоор Базел хотын төвөдүүдтэй холбогдсон түүх удаан жилийнх болох нь харагдана хэмээн тэр хэллээ.

Үдийн зоогийн дараа Дээрхийн Гэгээнтэн Нагаржуна гэгээний ‘Бодь Сэтгэлийн Тайлбар’ номын тайлбарыг эхлүүлж, уг бүтээлд харьцангуй хийгээд туйлын бодь сэтгэлийг хэрхэн хөгжүүлэхийг тайлбарласан тухай өгүүллээ. Хэдийгээр уг зохиол хоёр үнэний хоосон чанар, нягт холбоо ба жаргалан гэсэн бодийн сэтгэлийн хоёр төрлийн тухай номлодог Гухьяасамаджа тарнийн ёсноос эхтэй боловч түүнд өгүүлсэн тайлбар нь эртний судруудын тайлбартай тохирдог байна. Тэрээр мөргөлийн эхний шүлгийг уншив.

1 Бодийн сэтгэлийг өвөрлөгч
Алдарт Очир Баригчид мөргөхийн сацуу
Хүлээст оршихуйг таслах бодийн сэтгэлийн тухай
Бясалгах арга замыг би заах болно


Дараагийн хоёр шүлэгт уг зохиолд юу номлохыг өгүүлсэн байдаг.

2 “Би,” “цогцос” хийгээд бусад юмс буй гэх ухамсар лугаа
Үзэл номлолд хиртэхгүйн тулд
Бурхад бодийн сэтгэлтэй байдаг
Энэ нь үргэлж хоосон чанараар тодорхойлогддог

3 Нигүүлсэн энэрэх оюун сэтгэлээр
Хүч гаргаж бодийн сэтгэлийг төлөвшүүлэх ажгуу
Агуу нигүүлслийг өвөрлөгч Бурхад
Мөнхөд бодийн сэтгэлийг болгоомуй


4-9 дүгээр шүлэг нь эртний Энэтхэгт цэцэглэж байсан буддист бус сэтгэлгээний тухай өгүүлж, тэднийг сорьсон байдаг. Зохиолд дараа нь буддизмын доод урсгалын үзэл бодлыг авч үзээд, эцэст нь сэтгэл төдийтний урсгалд үнэлэлт өгч, шууд утгаар нь ойлгохгүй байхыг уншигдад зөвлөсөн байдаг ажээ.

Бодийн сэтгэлийн 2 төрлийг нэгтгэн тодорхойлсон шүлгээр тэр айлдвараа өндөрлөлөө.

72 Хоосон чанарыг ойлгоогүй хэн боловч
Ангижран гэтлэх чадвар үгүй
Эх болсон зургаан зүйл, орчлонгийн хүлээсэнд
Ийм мунхгууд эргэлдсээр байх болно

73 Хоосон чанарыг
Ийнхүү егүзэрүүд бясалгавал
Бусдын сайн сайхныг гэсэн сэтгэл
Тэдэнд төрөх нь эргэлзээгүй

74 ‘Эцэг эх, анд нөхөд минь байж
Урьдын төрөлд намайг энэрэн шагнаж байсан
Тэр бүх хүмүүст хандан
Ачийг нь хичээн хариулах болно


Жанрайсигийн авшиг өгөхтэй хоблогдуулан маргааш бодийн сэтгэлийг үүсгэх ёслолыг хийнэ гэдгээ Дээрхийн Гэгээнтэн зарлалаа. Энэ авшиг нь 5 дугаар Далай Ламын цуглуулгаас эхтэй ажээ.

Нагаржуна гэгээний ‘Бодь Сэтгэлийн Тайлбар’ номын айлдвар Базелд эхэллээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Базел дахь Төвөдийн нийгэмлэгийн
өндөр настан гишүүдтэй уулзаж байгаа нь. Швейцарь, Базел,
2015.2.7. Гэрэл зургийг Оливер Адам
Ном айлдсан газраасаа хөдлөөд, Дээрхийн Гэгээнтэн өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй 200 орчим төвөд хүнтэй богино уулзалт хийлээ. Тэдгээр хүмүүс түүний өдөр бүр хийдэгтэй нэгэн адил бусдад гэм хор хүргэлгүйгээр амьдарч, бодийн сэтгэлийг үүсгэхийг чармайж ирсэн учраас үлдсэн амьдралдаа айх аюулгүй, амар тайван байж чадна хэмээн айлдав. Маргааш өгөх авшигтай холбогдуулан тэрээр хэлэхдээ, төвөд хүмүүс Жанрайсиг бурхантай онцгой холбоотой хэмээлээ. Төвөд эрх чөлөөтэй байхад төвөд хүмүүс өөр хоорондоо зөрчилдөх хандлагатай байсан бол одоо тэдэнд учирсан бэрхшээлүүд тэднийг нэгтгэж байна хэмээн нэмж хэлэв.

Үзсэн: 2 518
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц