“Нигүүлсэхүй ба нэгдлийн хүч” сэдвээр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам яриа хийлээ

20-02-2015, 04:20  |  Хэвлэх

2015 оны 2 дугаар сарын 12

Дани, Копенгаген, 2015 оны 2 дугаар сарын 11 – Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Копенгаген дахь эхний арга хэмжээ хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй уулзах уулзалт байв. Сэтгүүлчид түүнийг хүндэтгэлтэйгээр угтан авсан ба Дээрхийн Гэгээнтэн өөртөө хүлээсэн гурван үүргийн талаар эн тэргүүнд тайлбарлан ярив.

“Нигүүлсэхүй ба нэгдлийн хүч” сэдвээр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам яриа хийлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэвлэл мэдээллийн төлөөлөлттэй
уулзаж байгаа нь. Дани, Копенгаген, 2015.2.11.
Гэрэл зургийг Оливер Адам
“Би энд дахин зочилж, дани нөхөдтэйгээ уулзаж байгаадаа туйлын баяртай байна. Бид бүгд хүн, бие бялдрын хувьд, оюун ухааны хувьд, сэтгэл хөдлөлийн хувьд бүгд ижил. Бид бүгдээрээ аз жаргалтай амьдрахыг хүсдэг бөгөөд бидний бие махбодийн хийгээд оюун санаанд сэтгэлийн амар амгалан туйлын чухал ач холбогдолтой.

Хүмүүс бид нийгмийн амьтад, бид эхээс төрж, бага балчиртаа эхийн хайр энэрлийг хүртэж өсч торнидог. Энэ хайр энэрлийг үнэлдэг нэг нь бусдыг хайрлах чадвартай байдаг. Хайр энэрэл, өөртөө итгэлтэй байдал болон сэтгэлийн амар амгалан нь хоорондоо уялдаа холбоотой.

Буддист лам хүний хувьд надад шашин хоорондын эв зохицлыг бэхжүүлэх хариуцлага ноогддог. Бүх шашин нэгдмэл зорилго, нэгдмэл номлолыг түгээдэг. Үндэсний эрх ашиг, эсвэл улс төрийн эрх мэдлийн төлөөх тэмцэлд хүчирхийлэл байхыг ямар нэг хэмжээгээр ойлгож болох ч, шашны нэрийн өмнөөс аллага хийхийг зөвтгөх аргагүй. Хэвлэл мэдээллийнхэн та бүхэн сэтгэлийн амар амгалангийн үнэ цэнэ, шашин хоорондын эв зохицлын шаардлагын талаар хүмүүст ойлгуулахад тусалж чадна.

Төвөдийн тухайд гэвэл удирдлагаа сонгодог болсноос хойш би улс төрийн үүрэг хариуцлагаас чөлөөлөгдсөн. Гэхдээ би өөрийгөө Төвөдийн эмзэг байгаль орчныг хамгаалах, энх тайван хийгээд нигүүлсэхүй дээр суурилсан өв соёлоо хадгалах үүрэгтэй гэж үздэг.

Эцэст нь хэлэхэд, сэтгүүлчид та бүхэн болж байгаа үйл явдлыг шиншилж, олон түмэнд мэдээлэхийн тулд заан лугаа урт хамартай байх ёстой. Гэхдээ та бүхэн мэдээллийн үнэн зөв байх тал дээр шударга байх нь маш чухал.”

Улс төрийн удирдагчид түүнтэй уулзахаас татгалзаж байгаа нь бусдад нөлөөлөх таны нөлөөлөл буурч байгаа мэт санагдаж байна уу гэсэн эхний асуултад Дээрхийн Гэгээнтэн үгүй хэмээн хариулаад, тэрээр эн тэргүүнд ард иргэдтэй уулзахыг эрхэмлэдэг хэмээв. Дараагийн асуулт улс төрчдийн Хятадтай харилцах харилцаагаа хадгалах талаар авч байгаа алхмууд нь нь хэн бүхний эрх ашигт нийцэх эсэх тухай байв. Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа, Хятад бол дэлхийн хамгийн олон хүн амтай, өнө эртний бөгөөд нөлөө бүхий улс хэмээв. Хятад олон улсын хамтын нийгэмлэгт нэгдэхийг хүсч байгаа бөгөөд Хятадыг ардчилал руу хөтлөх эсэх нь чөлөөт ертөнцөөс хамаарна.

“Нигүүлсэхүй ба нэгдлийн хүч” сэдвээр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам яриа хийлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэвлэл мэдээллийн төлөөлөлттэй
уулзаж байгаа нь. Дани, Копенгаген, 2015.2.11.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
Энэ цаг үед Хятад орон хаалттай, нийгэм нь хяналтан дор байгаа ч Хятадын 1.3 тэрбум хүн бодит үнэнийг мэдэх эртхэй. Тэд зөв бурууг ялгаж салган ойлгох чадвартай. Цензур тогтоох, ард иргэдээ хууран мэхлэхийг оролдох нь буруу. Хятадтай тогтоох харилцааны тухайд хардлага сэрдлэгийг даван туулж, найрамдалт харилцаа тогтоох нь юу юунаас чухал хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Хятадтай харилцах харилцаандаа Төвөд зарим нэг боломжийг алдсан эсэх тухай асуултад, үйл явдлын өрнөлийг, тухайлбал 1950 онд Хятадын ардын чөлөөлөх арми Төвөдийн хилийг давах үед Ядүн руу зугатсан, 1951 оны 5 дугаар сард 17 зүйл бүхий гэрээнд гарын үсэг зурсан, 1954-55 онд Бээжинд очсон тухайгаа тэр тоймлон ярилаа. Тэр үед Дээрхийн Гэгээнтэн Хятадын бүхий л удирдагчидтай, ялангуяа Мао даргатай 30 орчим уулзалт хийсэн бөгөөд түүнтэй найрсаг харилцаа тогтоосон байжээ. Гэвч 1959 онд түүнд зугтахаас өөр ямар ч гарц үлдээгүй байна.

1974 онд гадаадад дүрвэсэн төвөдүүд Төвөдийн асуудлыг НҮБ-д дахиж тавихгүй байхаар шийдэн, тусгаар тогтнолыг эрэлхийлэхгүй гэдгээ илэрхийлэхээр Хятадтай яриа хэлэлцээ хийхэд бэлтгэсэн. 1978 онд Ден Сяопин яриа хэлэлцээ хийх хүсэлтээ илэрхийлж, 1979 онд бид элчээ илгээсэн. 1980-аад он буюу Ху Яаобаны удирдлагын үе гэрээ хэлэлцээ хийх найдлагын он жилүүд байсан. Гэвч оюутнуудын дунд ардчиллын хөдөлгөөн өрнөж, Ху Яаобаны орон зайг хатуу чиг шугамыг баригч Ли Пен эзлэх болсон юм. Дараа нь Тянь Аньминий талбайд оюутнуудыг хөнөөсөн.

1992 онд Зянь Земиний үед уулзалтууд сэргэсэн боловч, хатуу чиг шугамыг баригсад дарангуйлах бодлогоо үргэлжлүүлэн Төвөдөд болж байгаа бүхэнд Далай Ламыг буруутгах тохиромжтой аргыг олсон. Тэр цагаас хойш харилцан хүлээж авч болохуйц шийдлийг санал болгосон “Дундаж Хандлага”-ыг Хятадын сэхээтнүүд дэмжиж, засгийн газрынхаа бодлогыг шүүмжилж байгаа нь олон талаар ажиглагдсан юм.

Шашны нэрийн өмнөөс хүчирхийлэл үйлдэж байгаа тухай асуултад Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа, ихэнхдээ шашны харанхуй бүдүүлэг экстремистүүд бусдыг турхирч байгаа тохиолдол байдаг хэмээв. Тэрээр 9 дүгээр сарын 11-ний гамшгийн дараа ерөнхийлөгч Бушт эмгэнэл илэрхийлэхдээ, хариу үйлдэл нь хүчирхийллийн бус байна гэдэгт найдаж буйгаа илэрхийлснээ эргэн дурслаа.

“Нигүүлсэхүй ба нэгдлийн хүч” сэдвээр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам яриа хийлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Данийн төрөл бүрийн шашны
удирдагч нартай уулзлаа. Дани, Копенгаген, 2015.2.11.
Гэрэл зургийг Оливер Адам
Дээрхийн Гэгээнтэн дараа нь Дани дахь Христийн, Иудын, Лалын болон Хинду шашны төлөөлөлтэй нөхөрсөг уулзалт хийлээ. Хүний үндсэн түвшинд бид бүгд адил болох талаар тэр ярьсан байна. Түүнээс гадна томоохон бүх шашин өршөөн уучлах, хүлээцтэй бөгөөд энгийн байх чанараар дамжуулан хайр энэрэл ба нигүүлсэхүйг хэвшүүлэхэд анхаардаг хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Түүний уулзсан Хинду болон Христийн лам, гэлэнмаа нар хувийн сахилга батыг мөрдлөг болгон, тун энгийн амьдралаар амьдарч байгааг гайхан биширдэгээ тэр илэрхийллээ. Ирсэн зочид 2017-2018 онд олон шашны бага хурал зохион байгуулахаар төлөвлөж буйгаа дуулгаад Дээрхийн Гэгээнтнээс дэмжлэг хүссэн байна.

TV2 телевизийн сувгийн сэтгүүлч Метте Холм Дээрхийн Гэгээнтнээс ярилцлага авахдаа, Данийн улс төрчидтэй уулзах төлөвлөгөөтэй эсэх талаар асуулаа. Төвөдийн байгаль экологийн нөхцөл байдлыг шинжлэн судлах мэргэжилтнүүдийн багийг илгээгээсэй хэмээн хүсч буйгаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийлсэн байна. Тэдгээр хүмүүс нэгэнт учирсан хохирлыг үнэлж, цаашид учрах хохирлоос хамгаалахын тулд ямар алхам хийж болох талаар зөвлөж чадна гэдэгт тэр итгэж буй ажээ. Хятадын буддистууд түүнтэй уулзахаар ирэхдээ ямар байдалтай байдаг тухай сэтгүүлчийн асуултад, тэдний нүд ихэнхдээ нулимстай байдаг хэмээн Далай Лам хариулав. Төвөдөд буддын шашин шүтэх эрх чөлөө байгаа эсэх тухай асуултад тэрээр хариулахдаа, 1959 онд түүнийг сүүлчийн шалгалтаа өгөх үед Брайбүн хийдэд 7-8000 лам ном үзэж байсан гэв. Харин одоо 100 хүрэхгүй лам байгаа ч, зохих сайн багш үгүй, нухацтай сургалт байхгүй байгаа гэсэн мэдээ бий хэмээн тэр хариулав.

Үдийн хоолны дараа Дээрхийн Гэгээнтнээс хоёр дахь ярилцлагыг DR1 телевизийн сэтгүүлч Метте Хибел авахдаа, улс төрчид түүнтэй уулзахаас татгалзах болсны улмаас түүний нөлөө буурч байна хэмээн бодож байна уу гэсэн асуултыг тавилаа. Ард иргэдтэй харьцахыг илүүд үздэгээ тэр илэрхийлэв. Төвөдөд үйл явдал хэрхэн өрнөж байгаа тухай асуултад, Хятадын албаны хүмүүсийн ааш араншингаас хамааран зарим газар байдал дээрдэж, зарим газар доордож байна хэмээн тэр хариулсан байна. Гэхдээ тэрээр Төвөдийн ирээдүйг өөдрөгөөр харж, сайн тал руугаа өөрчлөгдөнө гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.

“Нигүүлсэхүй ба нэгдлийн хүч” сэдвээр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам яриа хийлээ
Лакха ринбучи Дээрхийн Гэгээнтнийг танилцуулж байгаа нь.
Дани, Копенгаген, 2015.2.11. Гэрэл зургийг Елона Шегрен
Зай завсаргүй дүүрсэн Белла хурлын танхиимд Дээрхийн Гэгээнтний энэ удаагийн аяллыг зохион байгуулсан долоон байгууллагын нэгдлийн дарга Лакха Лама ринбучи Далай Ламыг танилцууллаа. Дээрхийн Гэгээнтний англиар хэлснийг дани хэлээр орчуулсан байна.

“Ахан дуус нар аа, адилхан хүний төрлийг олсны хувьд бие бялдрын хувьд, сэтгэл санааны хувьд, оюун ухааны хувьд бид бүгд нэг нэгэнтэйгээ адил. Бид аз жаргалтай амьдрахыг хүсдэг, тийнхүү амьдрах ч эрхтэй. Надад бусдаас онцгой юу ч байхгүй, гэхдээ миний туршлагаас та бүхэн ямар нэг зүйлийг суралцаж, харин та нараас би ямар нэг шинэ зүйлийг олж мэдэж болох юм. Бидний амьдралын зорилго бол аз жаргалыг олох явдал. Бидэнд ирээдүйд сайн сайхан зүйл тохиолдоно гэсэн итгэл найдвараар бид жигүүрлэн амьдардаг. Бидний бие бялдрын хийгээд сэтгэл санааны түвшин сайн байх нь сэтгэлийн амар амгалангаас хамаардаг гэдгийг шинжлэх ухаанд баталсаар байна. Тэгэхээр бухимдал бол эрүүл мэндэд хөнөөлтэй.

“Балчир хүүхдүүд хэн нэгэндээ саад болохоос илүү, туслахыг илүүд үздэгийг батлах нотолгоог эрдэмтэд гаргасаар байгаа. Энэ нь хүний үндсэн мөн чанар энэрэнгүй, тусархаг гэдгийг харуулж байна. Хайр биднийг нэгтгэдэг бол уур биднийг салгадаг.”

Өнөөгийн дэлхий дахинд тулгарч байгаа асуудлуудын ихэнх нь үнэт зүйл, ёс суртахууны зарчим дутагдсанаас бий болсон. Шашны болоод шашны бус аль ч үзэл санааг үл ялгаварлах Энэтхэгийн иргэний хандлагыг хэрэгжүүлж, боловсролын тогтолцоонд тэдгээр үнэт зүйлсийг тусгах шаардлагатай байгаа талаар тэр ярилаа. Бусдын болон өөрийн төлөө санаа тавих нь өөрийн ашиг сонирхлыг хангах ухаалаг арга хэмээн Дээрхийн Гэгээнтэн зөвлөв. Данийн ард түмэн өмнө нь бусдын тусламжгүй болж байсан байж болох ч, өнөөдөр дэлхий ертөнц тэр чигээрээ харилцан хамааралтай болоод байгааг тэр тэмдэглэн хэллээ. Бид зөвхөн өөрсдийнхөө тухай бус, харин нийт 7 тэрбум хүний сайн сайхны төлөө санаа тавих ёстой.

“Нигүүлсэхүй ба нэгдлийн хүч” сэдвээр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам яриа хийлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын олон нийттэй уулзсан Белла
хурлын танхим. Дани, Копенгаген, 2015.2.11.
Гэрэл зургийг Оливер Адам
“20 дугаар зуун руу эргэн харвал гайхалтай хөгжил дэвшлийн зуун байсны зэрэгцээ асар их цус урсгасан зуун байсан. 200 сая хүн хүчирхийлэлд өртөн хорвоог орхисон гэх тооцоо байдаг. Дэлхий ертөнцөд шинэчлэл, өөрчлөлт хийхийн тулд гомдоллох, мөргөн залбирах хангалттай биш, харин системтэйгээр хэрэгжүүлэх хэтийн төлөвлөгөө хэрэгтэй. Энэ бүхэн 21 дүгээр зууны иргэд болох 30-аас доош насны хүмүүсээс хамаарна.Үүнд цаг хугацаа шаардагдах боловч хэрвээ бид одооноос хүчин чармайлт гаргаж эхэлбэл, энэ зууны төгсгөл гэхэд илүү амар тайван дэлхий ертөнцийг бүтээж магадгүй юм. Эрүүл ухаан, нийтийн туршлага хийгээд шинжлэх ухааны ололт дээр суурилсан мэдлэгийг олгох замаар хүмүүсийн сэтгэлгээг өөрчилбөл үүнийг хийх боломжтой гэдэгт би итгэдэг.”

Эцэст нь, түүний хэлсэн үгийг тунгаан бодож, хэрвээ зөв зүйтэй гэж үзвэл үйл ажиллагаандаа тусгана гэдэг итгэж буйгаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийллээ. Нөгөө талаас, бодит биш санал хэмээн үзвэл зүгээр л мартана биз хэмээн тэр хэлэв. Хүмүүсийн тавьсан асуултанд хариулангаа тэрээ индэр лүү зогсоо зайгүй илгээж байсан ном, товхимолд гарын үсгээ зурж байлаа. Халуун алга ташилтын дор тэрээр индрээс буухдаа маргааш айлдах ‘Оюун Судлахуйн Найман Бадаг’ номын тайлбарт хүрэлцэн ирнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна.
Үзсэн: 2 156
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц