Цагаан Манзушир бурханы даган соёрхол

4-04-2015, 07:20  |  Хэвлэх

2015 оны 3 дугаар сарын 23

Энэтхэг, Шинэ Дели, 2015 оны 3 дугаар сарын 22 - Цагаан Манзушир бурханы соёрхол өгөх бэлтгэл ажлыг хангахаар өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг морилон ирэхэд танхим суух суудалгүй болтлоо хүнээр дүүрсэн ч, нам гүм орчин түүнийг угтав.

Цагаан Манзушир бурханы даган соёрхол
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Манзушир бурханы соёрхол өгөх
бэлтгэл ажил хийж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели, 2015.3.22.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
“Манзушир бурханы энэхүү соёрхол буюу адислал нь тарнийн ёстой холбоотой” хэмээн Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхэллээ. “Их Хөлгөн буюу тарнийн ёсыг Будда номлоогүй гэж зарим хүн хэлдэг. Будда санскрит хэл мэддэггүй байсан гэх яриаг ч би сонсч байсан. Гэвч Наландагийн их сэтгэгчид болох Нагаржуна, Арьяадева, Чандракирти нар Гухьяасамажа тарнийн ёсны талаар олон тооны бүтээл туурвисан байдаг. Төвөдөд Бурхан Багшийн сургаалийг дэлгэрүүлж, Гурван дадал хийгээд сүм хийдийн жаягийг тогтоосон Шантаракшита гэгээн мөн Дээд Иогийн тарнийн ёсны тухай бичиж үлдээсэн байдаг. Хожим нь Адиша гэгээн ‘Бодь Мөрийн Зул’ бүтээлдээ тарнийн ёсны зан үйлийн талаар мөн дурьдсан байна.”

Бурхан Багшийн их хөлгөний сургааль нь бодь сэтгэлийг үүсгэхтэй холбогдоно хэмээн Нагаржуна гэгээн үздэг байсан талаар Дээрхийн Гэгээнтэн тайлбарлав. Түүнээс гадна хоосон чанарыг ойлгох үүднээс өөрийгөө бурхан болон хувирган төсөөлдөг бурханы иога зан үйл буддын тарнийн ёсонд багтдаг. Буддын тарнийн бүх л ёс хоосон чанарын ойлголтыг чухалчилдаг учир үүгээр тарнийн ёсыг Бурхан Буддагийн сургааль гэдгийн нотолж болно. Тарнийн ёсны дадал нь гэгээн гэрлийн бясалгал юм.

Түүний заасан замаар мунхгийн харанхуйг өөрийн биеэр ялан дийлэх ёстой гэдгийг Бурхан Багш тодорхой номлосон. Энэ нь бид сурч судлах ёстой гэсэн үг юм.

Бурхад буруу үйлийг усаар үл угаана,
Бусдын зовлонг ч гараараа тэд эс ангижруулна
Өөрийн ухаарсныг өрөөлд үл дамжуулна
Үнэний тухай түүний сургааль л (хамаг амьтныг) зовлонгоос гэтэлгэнэ


Цагаан Манзушир бурханы даган соёрхол
Цагаан Манзушир бурханы соёрхлыг авахтай холбогдуулан зарим
эд зүйлсийг хурсан олонд тараан түгээж байгаа нь. Энэтхэг,
Шинэ Дели, 2015.3.22. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Бурхан Багшийн зарим сургааль нь зам мөрийн бүтцийг ерөнхийд нь заасан байдаг бол зарим нь тухайн хувь хүний хэрэгцээ шаардлагад зориулагдсан хэмээн Төвөдийн их багш нар тайлбарласан байдаг ажээ. Билиг бармид болон винайн ёсны тухай сургааль нь дээр дурдсан нэгдүгээр хэсэгт хамаарах бол тарнийн ёсны ихэнх сургааль нь хоёрдугаар хэсэгт хамаарна хэмээн Дээрхийн Гэгээнтэн тодорхойлов. Бурханы сургаалийг судалж хэрэгжүүлэхийн тухайд бол эн тэргүүнд зам мөрийн ерөнхий бүтцийн тухай сургаалийг судлах нь зүйтэй. Дараа нь тарнийн ёс мэтийн арай онцгой сургаалийг судалж болох бөгөөд үүнд хоосон чанарыг ухаарах, ухаарлаа билиг билгүүн болгон хувиргах нарийн түвшний ухамсраа дайчлах шаардлагатай.

Одоо соёрхлыг нь өгөх гэж байгаа Цагаан Манзушир бурханыг шүтсэнээр билиг билгүүн хийгээд энэрэнгүй, нигүүлсэхүй үзэл дээр анхаарах ёстойг Дээрхийн Гэгээнтэн тодорхой тайлбарлалаа. Соёрхол Ринжун Жамцо түүврээс эхтэй бөгөөд тэрээр залуу байхдаа дамжлагыг Тагдрог ринбучигаас авсан байна. Дээрхийн Гэгээнтэн хурсан олныг хөтлөн, шаардлагатай төсөөллөөр дамжуулан бодийн сэтгэлийг үүсгэх тарнийг давтан уншуулсан байна. Арга хэмжээний төгсгөлд тэрээр энэ жилийн айлдвар үүгээр өндөрлөж байгааг зарлалаа.

Цагаан Манзушир бурханы даган соёрхол
Бүх Нийтийн Хариуцлагын Сангийн үндэслэгч Ражив Мехротра
Дээрхийн Гэгээнтэнд хандан талархлын үг хэлж байгаа нь.
Энэтхэг, Шинэ Дели, 2015.3.22. Тэнзин Чоежор /ДЛО
“Гүн гүнзгий мэдлэгийн үндсэн дээр зан үйлийг хэрэгжүүлсэн тохиолдолд л бодит өөрчлөлт гарна” хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдав. “Үүний тулд та бухэн суралцах, дахин суралцах хэрэгтэй. Залуудаа би сурч мэдэхдээ бага зэрэг хойрго байсан. Би төрөлхийн залхуу байсан. Гэхдээ 16 нас хүрэх үед эрдэм мэдлэг миний сонирхлыг татах болсон. Би суралцаж, сурсан мэдсэнээ тунгаан бодох болсон. Одоо эргээд бодоход энэ нь маш ач тустай зүйл байсныг ухаарч байна.“

Энэхүү арга хэмжээг зохион байгуулах хүндхэн үүргийг амжилттай гүйцэтгэсэн Сангийн ажилтнуудад Ражив Мехротра талархал илэрхийллээ. Мөн тэдний урилгыг хүлээн авсан Дээрхийн Гэгээнтэнд тэр гүн хүндэтгэлээ илэрхийлсэн байна. Төгсгөлд нь тэр Дээрхийн Гэгээнтэнд урт удаан наслахыг ерөөсөн залбирлыг хамтдаа уншихыг танхимд суугаа хүмүүсээс хүслээ.

Үзсэн: 2251
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц