Японы “Эмч нарын Холбоо” дээр хийсэн уулзалт

18-04-2015, 03:09  |  Хэвлэх

2015 оны 4 дүгээр сарын 4

Япон, Токио, 2015 оны 4 дүгээр сарын 4 – Дээрхийн Гэгээнтэн Далай лам өнөө өглөө Саппорогоос Токиод буцаж ирсэн бөгөөд үдээс хойш Японы Эмч нарын холбоон дээр уригдан яриа хийснийг холбооны танхимд цугларсан хүмүүс төдийгүй орон даяар 166,000 хүн интернэтээр үзэж сонирхосон байна. Албан ёсны төрх, өмсгөл бүхий 500 эмчийн албархуу орчныг хараад ихэвчлэн яриагаа англи хэл дээр хийдэг ч энэ удаа төрөлх төвөд хэлээрээ хийнэ гэдгээ тэр зарлалаа. Тэрээр эмч нартай уулзаж байгаадаа баяртай буйгаа илэрхийлэв. Японы Эмч нарын Холбооны (JDA) ерөнхийлөгч түүнийг танилцуулахдаа Далай Лам нар бол бодьсатва хэмээн хэлсэн ч, түүнийг жирийн нэгэн хүн гэдэг утгаар нь хүлээж авахыг хүсч буйгаа хэлэв. Тэр яриагаа гэнэт англи хэл дээр үргэлжлүүлэн,

Японы “Эмч нарын Холбоо” дээр хийсэн уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Японы Эмч нарын Холбоон дээр үг
хэлж байгаа нь. Япон, Токио, 2015.4.4. Фото Тэнзин Жигмей
“Хүний аливаа үйлдэл бусдын сайн сайхны төлөө зориулагдаж болох ч, эмч сувилагч нар ихэнхдээ хүмүүст шинэ амьдралыг өгч чаддаг учраас анагаахын салбарын хүмүүстэй уулзаж байгаагаа нэр төрийн хэрэг гэж үзэж байна. Хэн нэгэн эмнэлэгт зугаацахаар бус, харин өөрт тохиолдсон өвчин зовлонгоос ангижрахын тулд тусламж эрж ирдэг. Харин эмч сувилагч та бүхэн тэдэнд шинэ амьдралыг өгч чаддаг” гэв.

Дэлхий дээр эрүүл мэндийн олон янзын тогтолцоо байдгаас зарим нь хэдэн мянган жилийн түүхтэй гэдгийг тэр дурьдлаа. Төвөдийн эзэн хааны ивээл дор 8 дугаар зуунд олон улсын бага хурал Лхас хотноо хуралдаж байсныг түүхийн баримт бичиг гэрчилдэг. Бага хуралд Перс, Афганистанаас юнани эмчилгээнийхэн, Энэтхэгээс аюурведийн эмч нар, Хятад, Төвөдийн эмч домч нар оролцсон байна. Тэрхүү уулзалтын үр нөлөө явсаар орчин үеийн Төвөдийн анагаах ухаанд тусгалаа олсон нь лавтай.

Зарим өвчин эмгэгийг анагаахад орчин үеийн эмчилгээний арга сайн байж болох ба өөр бусад өвчинд аюурведийн арга, эсвэл Төвөд, Хятадын эмчилгээний арга тус нэмэртэй байж болно хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ. Эмчилгээний эдгээр олон аргыг эзэмшсэн хүмүүс арга туршлагаа харилцан солилцохын тулд бага хурал зарлан хуралдуулбал хүн төрөлхтний хөгжилд хувь нэмрээ оруулсан үйл явдал болно хэмээн тэр хэлэв.

Албар ёсоор түүнийг танилцуулсан боловч, өөрийнхөө талаар хэдэн үг хэлэхийг тэр хүссэн байна.

“Түрүүнд хэлснээ давтан хэлэхэд би өөрийгөө дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүний нэг гэж үздэг. Хүмүүс бид бие бялдрын хувьд, оюун ухааны хувьд, сэтгэл санааны хувьд бүгд ижилхэн. Бид бүгд аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Бид хүндрэлтэй тулгарахыг хүсдэггүй ч байнга нүүр тулж байдгийн шалтгаан нь ихэнх хүндрэлийг бид өөрсдөө бий болгодог. Яагаад? Учир нь бид цогцоор нь сэтгэхийн оронд явцуу сэтгэхийг илүүд үзэж, хүн төрөлхтөн бол нэгэн гэр бүл гэдгийг ухамсарладаггүй. Бид бол нийгмийн амьтад юм. Бид бусдыг хайрлах, энэрэх чадалтай ч амин хувиа хичээдэг. Мөн хүмүүсийг “бид” ба “тэд” гэсэн өнцгөөр харж, үүнийгээ зөвтгөхийн тулд шашин шүтлэг, яс үндэс, арьс өнгө мэтийн хоёрдугаар зэргийн ялгаанд ач холбогдол өгдөг. Үүний оронд 7 тэрбум хүний нэгдмэл шинж чанарыг ухамсарлах хэрэгтэй.”

Японы “Эмч нарын Холбоо” дээр хийсэн уулзалт
Японы Эмч нарын холбооны гишүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын
яриаг сонсч байгаа нь. Япон, Токио, 2015.4.4. Фото Тэнзин Жигмей
“Өнгөрсөн үед хүмүүс их бага ямар нэг хэмжээгээр биеэ даан амьдарч чадаж байсан ч өнөөдөр бүгд харилцан хамааралтай болсон байна. Өнөөдөр хөршийг маань хөнөөж байгаа нь биднийг мөн хөнөөж байгаатай утга нэгэн болжээ. Хэрвээ бид 7 тэрбум хүний эрх ашгийг хамгаалбал бидний эрх ашиг аяндаа бүтнэ.”

Хэн нэгэн эмнэлэгт тусламж эрэн ирэхэд бид түүнээс шашин шүтлэг, яс үндэс, бусад зүйлсийг шалгаадаггүй, харин эмнэлгийн тусламж хэрэгтэй буюу эмчилгээ шаардлагатай өвчтөн хэмээн хүлээн авдаг гэдгийг тэр онцлон тэмдэглэв. Бусдыг ялгаварлахгүйгээр хайрлаж, сэтгэл гаргах боломж бүгдэд байдаг учраас хүмүүст энэ талаар ойлгуулах нь түүний амьдралын нэгдүгээр үүрэг хэмээн хэллээ.

Тэрээр буддын лам хүнийхээ хувьд дэлхийн бүх шашин хайр, хүлээцтэй байдал, хувийн сахилга батыг номлодог гэдэгт итгэдэг ажээ. Тиймээс бүх шашин хүн төрөлхтний төлөө үйлчлэх чадвартай. Хэдийгээр шашнууд гүн ухааны өөр өөр үзэл баримтлалтай байж болох ч, тэдгээр үзэл баримтлал нь хайрыг түгээхэд чиглэгддэг. Тиймээс шашны нэрийн өмнөөс хүмүүс бие биенээ хөнөөх нь ихэссэн энэ цаг үед нэн хэрэгтэй байгаа шашин хоорондын эв зохицлыг бэхжүүлэх нь түүний өөртөө хүлээсэн хоёр дахь үүрэг хэмээн хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн төвөд хүн учраас түүний гурав дахь үүрэг нь үүнээс улбаалан гарч ирсэн байна.

“Төвөдүүд бид өөрсдийн гэсэн хэлтэй, бичгийн соёлтой. Энэтхэгийн агуу Наланда сургуулиас уламжлан авсан буддын сургаалийг тайлбарлахад өнөөдөр хамгийн оновчтой хэрэглэгдэхүүн нь төвөд хэл болоод байна. Тэрхүү сургааль нь гүн ухаан, учир шалтгааны ухаан, сэтгэл хийгээд сэтгэл хөдлөлийн тухай арвин их мэдлэгийг агуулдаг. Тэдгээр мэдлэгээс сурч мэдсэн дээрээ суурилан сүүлийн 30 гаруй жилийн турш би орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэдтэй ярилцлага мэтгэлцээнийг амжилттай өрнүүлсээр ирлээ. Үүний үр дүнд өнөөдөр олон эрдэмтэд эртний Энэтхэгийн ном сударт агуулагдаж байгаа сэтгэл оюуны тухай мэдлэгийг сонирхох болсон юм.”

Японы “Эмч нарын Холбоо” дээр хийсэн уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам асуултад хариулж байгаа нь.
Япон, Токио, 2015.4.4. Гэрэл зургийг Тэнзин Жигмей
Эхний асуулт ирээдүйд тулгарах хүндрэлийг хэрхэн давах тухай байв. Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа, дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүний 1 тэрбум нь аль нэг шашныг шүтдэггүй гэдгээ мэдэгдэж байгаа үед тэдгээр хүмүүст хайр энэрлийн тухай ойлголтыг өгөх өөр арга замыг хайх хэрэгтэй гэв. Бид бүгд, тэр бүү хэл террорист болж хувирсан нэгэн ч эхийн хайр энэрлийг амсч өссөн. Өсч том болохын хэрээр хайр энэрлийн тухай төрөлхийн мэдрэмжээ бид алддаг. Иргэний ёс зүйг төлөвшүүлэх Энэтхэгийн арга барилыг дагахыг Дээрхийн Гэгээнтэн санал болголоо. Энэ нь шашны бүх уламжлал, шашингүй үзэлт бүх хүний үзэл бодолд хүндэтгэлтэй хандаж, алийг нь ч илүүд үзэхгүй байх хандлага юм. Тэрээр иргэний болон бүх нийтэд хүртээмжтэй аргаар ерөнхий боловсролын тогтолцоонд ёс зүйн тухай сургалтыг нэвтрүүлэхийн тулд сургалтын хөтөлбөр боловсруулж байгаа тухайгаа танхимд суугаа хүмүүст мэдэгдлээ.

Сэтгэл хөдлөлөө хэрхэн зохицуулах, ёс зүйн хувьд ээдрээтэй асуудалд хэрхэн хандах талаар нэгэн эмч сонирхож асуув. Сэтгэлийн сөрөг хандлагаа дарахын тулд эерэг сэтгэлийг бэхжүүлэх шаардлагатай хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав. Жишээ нь, уур хилэнгийн сэтгэлээ сөрөхийн тулд бид хайр, нигүүлслийг төлөвшүүлэх ёстой. Учир шалтгааны ойлголт, эрүүл саруул ухаан тустай боловч, нигүүлсэхүй сэтгэлийг хөгжүүлснээр дотоод сэтгэл чинь хүчтэй болно.

Анагаахын ёс зүйн ээдрээтэй асуудлуудын тухайд тэрээр хэлэхдээ, сэдэл гол хүчин зүйл болдог гэв. Мэс засал бол хүчирхийллийн нэг хэлбэр хэмээн өөрийн эмч нарыг цаашлуулдаг гэж хэлээд, гэхдээ сэдэл нь зөв учраас бид хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй гэлээ. Үр хөндөлтөөс аль болохоор нийтээрээ зайлсхийх ёстой ч, зарим тохиолдолд үүнээс өөр гарц байхгүй байж болно хэмээн тэр хэллээ.Тийм тохиолдолд нигүүлслийн сэтгэлийг хөгжүүлээд зогсохгүй, саруул болон эрүүл ухаанд найдах хэрэгтэйг тэр зөвлөсөн байна.

Амиа хорлох явдлаас хэрхэн урьдчилан сэргийлэх тухай нэгэн сэтгэцийн эмчийн асуусан асуултад, Төвөдийн их багшийн үгийг Дээрхийн Гэгээнтэн эш татсан бөгөөд тэрээр амьдралын нөхцөл байдлын улмаас зарим хүмүүсийн амьдрал богинохон байсан нь дээр байдаг хэмээн хэлсэн ажээ. Хүмүүний амьдралыг үнэ цэнэтэй болгодог зүйл нь бидний гайхалтай тархи, оюун ухаан гэдгийг тэр тэмдэглэн хэлэв. Хүнээс өөр ямар ч амьтанд нигүүлсэхүй сэтгэлийг хөгжүүлэх чадвар байхгүй учраас амиа хорлоно гэдэг нь том гарз юм.

Японы “Эмч нарын Холбоо” дээр хийсэн уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асууж байгаа нь.
Япон, Токио, 2015.4.4. Гэрэл зургийг Тэнзин Жигмей
Орчин үеийн хотын зарим нэгэн иргэд адаглаад Энэтхэгийн алс бөглүү тосгоны иргэнээс ч илүү ганцаардмал байдалд байгааг тэмдэглэн хэллээ. Тосгонд амиа хорлох санаа агуулсан нэгэн байлаа ч, тун удахгүй түүнийг эргэн тойрныхон нь ойлгож, дэмжлэг үзүүлдэг. Тэрээр залуучуудын дунд өсөн нэмэгдэж байгаа гэмт хэрэг гэсэн сэдвээр 15 жилийн өмнө Сан Францискод болсон бага хуралд оролцсоноо эргэн дурслаа. Гэмт хэргийн уг үндэс нь нийгэмд хайр энэрэл дутагдсанд оршино гэдгийг хурлын төлөөлөгчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн байна. Амиа хорлох үзэгдлийн шатлгаан нь мөн дээрхтэй адил байж болох юм. Дээр нь биелэгдээгүй хүсэл, өрсөлдөөн, стресс нэрмээс болдог биз гэв.

Нийгэмд хөдөлмөр эрхэлж байгаа залуучуудаас тэтгэврийн насны хөгшүүл илүү их болжээ. Энэ тэнцвэргүй байдлаас үүдэх хямралыг хэрхэн давах тухай Дээрхийн Гэгээнтний зөвөлгөөг ахмад эмч нар сонирхов. Шведед өндөр настангуудаар бага балчир хүүхдүүдийг халамжлуулах төсөл хэрэгжиж байгаа хэмээн сонссоноо тэр хэллээ. Энэ арга хэмжээ харилцан өгөөжтэй байсан байна. Эцэг эх нь ажилдаа явсан хойгуур хүүхдүүд ахмад хүмүүсийн туршлагаас суралцаж, хөгшчүүлийн хувьд элбэг тохиолддог оюун санааны доройтлыг сэргээхэд хүүхдүүд урам зориг болж байсан байна.

Дээрхийн Гэгээнтэн иргэний ёс зүйн сэдэвт эргэн ороод, сургуулиудад “хүчирхийлэл бол асуудлыг шийдэх хамгийн буруу арга” гэж заахын ач холбогдлыг тэмдэглэн хэлэв. Хүч хэрэглэх, хүчирхийлэлд найдах нь тухайн асуудлыг шийдэхээсээ илүү хүсээгүй үр дагаврыг гарцаагүй дагуулдаг. Хүүхдийг багаас нь яриа хэлэлцээрээр асуудлыг шийдэж, харилцан хүлээн зөвшөөрөх шийдэлд хүрэх явдал хамгийн зөв арга гэсэн үзлээр хүмүүжүүлэх хэрэгтэй гэв.

Эцэст нь Дээрхийн Гэгээнтэн төвөдийн зүйр цэцэн үгийг эш татаж, жор үзсэн сэтгэлгүй эмчээс зовлон үзсэн сэтгэлтэй чавганцын эмчилгээ үр дүнтэй хэмээн өгүүлэв. Түүнд эмч сувилагч нар хүнлэг хандахад тэрээр өөртөө итгэлтэй болж, хурдан эдгэрэх юм шиг сэтгэгдэл төрдөг бол машин засч байгаа юм шиг хандвал эсрэг сэтгэл төрдөг өөрийн туршлагаасаа тэрээр хуваалцлаа.

“Гэхдээ Бурхан Багшид цагаан толгой заадаггүй хэмээн бидний ярьдаг шиг та бүхэн эмч нар учраас ийм зүйлийг аль хэдийн мэдэж байгаа биз ээ” хэмээн нэмж хэлэв.

Арга хэмжээний төгсгөлд талархлын үг хэлсний дараа Дээрхийн Гэгээнтэн индэрт байгаа хүмүүст цагаан хадаг барилаа. Дараа нь гадаа хашаанд JDA ерөнхийлөгч болон Дээрхийн Гэгээнтэн нар энэхүү уулзалтын дурсгалд зориулж мод тарьсан байна.
Үзсэн: 3 161
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц