Төвөд- Японы хамтын ажиллагааны уулзалт

26-04-2015, 16:06  |  Хэвлэх

2015 оны 4 дүгээр сарын 5

Япон, Токио, 2015 оны 4 дүгээр сарын 5 – Бороо шивэрч, тэнгэр бүүдийсэн энэ өглөөг Дээрхийн Гэгээнтэн Далай Лам баяртай үйл явдлаар эхлүүлсэн нь Зүүн Ази дахь өөрийн төлөөлөгчийн газрын шинэ байранд зочилсон явдал байлаа. Тэрээр байрыг адислаж ном уншсан бөгөөд Ганжуурын судраас нэгийг сонгож уншив. Энэ арга хэмжээнд оролцохоор ирсэн 40 хүнд хандаж,

Төвөд- Японы хамтын ажиллагааны уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Зүүн Ази дахь өөрийн төлөөлөгчийн
газарт зочиллоо. Япон, Токио, 2015.4.5. Гэрэл зургийг Тэнзин Жигмэй
“Энд байгаа бүхий л анд нөхөддөө би талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Та бүхний тусламж дэмжлэгийг би маш их үнэлж байна. Япон руу номтой лам багшийг илгээж байсан 13 дугаар Далай Ламын үеэс төвөдүүд бид япончуудтай холбогдох болсон. Бараг тэр үед Японоос Экай Кавагучи Төвөдөд ирж, Сера хийдэд суусан. 13 дугаар Далай Ламын өргөөнд түүний сууж байгаад авахуулсан гэрэл зургийг би харж байснаа санаж байна. 13 дугаар Далай Лам таалал төгссөний дараахан Дэлхийн 2 дугаар дайн эхэлж, төвөдүүд бид Энэтхэгт дүрвэн гарах хүртэл бидний харилцаа нэг хэсэгтээ зогссон юм” хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдав.

“Биднийг дүрвэн гарсны дараахан миний том ах Такцэр ринбочэ Японд ирж, нилээд хугацааг өнгөрөөхдөө японоор ярьж сурсан байлаа. Хожим Жаяапракаш Нараяан Энэтхэгт Төвөдийн асуудлаар Африк-Азийн бага хурлыг зарлан хуралдуулахад Японы төлөөлөгчид ирж оролцсон юм. Түүний дараахан бид энд суралцуулахаар цөөн тооны оюутныг илгээсэн. Тэр цагаас хойш би Японд ирэх боломжтой болсон бөгөөд Японы сүм хийд, эрдэмтэд Төвөдийн буддизмыг ихээхэн анхааран сонирхох болсон юм.”

Төвөд- Японы хамтын ажиллагааны уулзалт
Зүүн Ази дахь Далай Ламын төлөөлөгчийн газарт хүрэлцэн ирсэн
Төвөдийн анд нөхөд. Япон, Токио, 2015.4.5.
Гэрэл зургийг Тэнзин Жигмей
Тэрээр үргэлжлүүлэн Энэтхэгийн Наланда их сургуулийн эрдэмтдийн зохиол бүтээлд сэтгэл хийгээд сэтгэлийн хандлагын талаар арвин их мэдлэг агуулагдаж байдаг тухай бахархалтайгаар ярилаа. Тэдгээр бүтээлийн агуулгыг шинжлэх ухаан, гүн ухаан ба шашин хэмээн хувааж болох тухай тайлбарлав. Буддын шинжлэх ухаантай холбоотой хэсгийг түүвэрлэн хоёр боть ном төвөд хэл дээр гаргасныг англи, хятад, орос, солонгос хэлнээ хөрвүүлэх ажил хийгдэж байгаа ажээ. Тэрээр сэтгэл хөдлөлөө хянах, илүү саруул сэтгэл оюунтай болох арга замыг хайж олох шаардлагатай байгааг хэлээд, сэтгэлийн тухай шинжлэх ухааныг сургалтын хөтөлбөрт оруулахыг санал болгов.

“Би буддизмыг сурталчлахыг хүсэхгүй байна” хэмээн Дээрхийн Гэгээнтэн онцлон тэмдэглээд “Гэвч хүн төрөлхтөнд үр өгөөжөө өгөх энэ мэдлэгийг сонирхож буй хүмүүст боломж олгохыг би хүсч байна” гэлээ.

Түүний энэ үзлийг нэртэй эрдэмтэн Ричард Дэвидсон дэмждэгийг тэр дурсав.

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн 120 төвөд оюутантай уулзаж, Энэтхэгт байгаа төвөдүүдийн үүрэг нь Төвөдөд байгаа эх орон нэгтнүүдээ аль болох дэлхий дахинд төлөөлөх явдал хэмээн хэллээ.

Наланда уламжлалын халаа, буддист мэдлэг, соёлын цэвэр дамжлага болсон Төвөдийн буддизмын ач холбогдлыг үнэлэх ёстойг мөн санууллаа. Төвөдийн буддизм л ловон Дармакирти, ловон Дигнагагийн учир шалтгааны ухаан, нягтлан шинжлэх арга зүйг агуулдаг хэмээн Далай Лам айлдав.

Мөн тэрээр 70 орчим хятад хүнтэй уулзахдаа, төвөдүүд болон хятадууд “Билгүүний Зүрхэн” судрыг адилхан шүтэж уншдаг хэмээн хэлэв. Гэхдээ 21 дүгээр зууны буддист байж, уг судрын агуулгыг ухан ойлгох ёстойг зөвлөлөө. Энэ нь сурч мэдээд, дүн шинжилгээ хийж, учир шалтгааныг тунгаан бодно гэсэн үг. Тэрээр өөртөө хүлээсэн гурван үүргийнхээ талаар товч танилцуулаад, хятад сонсогчдоосоо мөн ийм үүрэг авахыг хүслээ.

“Хүний аз жаргалын эх сурвалж болсон дотоод үнэт зүйлсийг хөгжүүлэн, шашин хоорондын эв зохицлыг бэхжүүлж, улмаар Төвөдийн шашин, соёл нь ямар учиртайг бид танин мэдэх ёстой. Дараа нь олж мэдсэн зүйлээ бусадтай хуваалцах нь зөв” хэмээн тэр хэлсэн байна.

Дээрхийн Гэгээнтэн Сапио сэтгүүлд ярилцлага өгөх үед, хэрвээ 15 дугаар Далай Лам тодрохгүй бол Төвөдийн буддизм хэрхэн хадгалагдан үлдэх вэ гэсэн асуултыг түүнээс асуусан байна.

Төвөд- Японы хамтын ажиллагааны уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сапио сэтгүүлд ярилцлага өгч
байгаа нь. Япон, Токио, 2015.4.5. Гэрэл зургийг Тэнзин Жигмей
“Далай Ламын дамжлага 14 дүгээр зуунаас эхтэй бол түүнээс 7 зууны өмнө буддизм Төвөдөд дэлгэрсэн. Тиймээс Далай Лам тодорсон тодроогүй буддист уламжлал ирээдүйд хадгалагдан үлдэнэ. Наландагийн өв бол нэг хувь хүнээс хамааралтай зүйл биш” хэмээн хариулав.

Далай Лам бол Төвөдийн буддизмын билэг тэмдэг хэмээн сурвалжлагч эсэргүүцэхэд, алдаатай дүгнэлт хийж байна хэмээн тэр шууд хэллээ.

“Бурхан Багш одоо бидэнтэй хамт биш ч, бид түүний сургаалийг дагадаг. Нагаржуна гэгээн бидний дунд байхгүй ч, бид мөн түүний үзэл санааг уламжлан авч явж байна. Наландагийн уламжлал учир шалтгаанд суурилдаг. Алтны дархан хүн алтыг шинжих лугаа миний сургаалийг сайтар нягталж судалсны дараа намайг дагах хэрэгтэй гэсэн Бурхан Багшийн сургаалийг Наландагийн эрдэмтэд баримталсан юм.”

Си Жиньпингийн тухай асуултад, тэрээр өнгөрсөн онд Парис болон Делид хийсэн айлчлалынхаа үеэр Хятадын соёлд буддизм чухал хувь нэмэр оруулсан тухай мэдэгдсэнийг дурслаа. Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи хэмээн үздэг Марксын сургаалийг дагадаг намын удирдагч ийм мэдэгдэл хийсэн нь гэнэтийн явдал байсан хэмээн хэлэв. Хятадын ёс суртахуун 5000 жилийн түүхэнд хамгийн доод түвшиндээ хүрсэн талаар өөрт нь ярьж байсан Хятадын сэхээтнүүдийн үгтэй энэ нь тохирч байгааг дурьдав. Мөн тэрээр явцуу бодлого бүхий тоталитаризм л жинхнээсээ хар тамхитай адил гэв.

Нөгөө талаас Си Жиньпин хуулийн хэрэгжилтийг анхаарч байна. Хятад улс хууль, эрх зүйн тогтолцоогоо дэлхий нийтийн түвшинд хүргэх шаардлагатай хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглээд, цензур бол ёс суртахуунгүй үйлдэл хэмээн давтан хэлэв.1.2 тэрбум хятад иргэн үнэнийг мэдэх эрхтэйгээс гадна зөв бурууг ялгах чадвартай билээ.

“Обама таныг найзаа хэмээн нэрлэх болсны нууц нь юунд байна?” гэсэн сурвалжлагчийн сүүлчийн асуултад,

“Миний инээмсэглэл,” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлээд инээд алдаад “Шударга үнэнч байхыг хичээдэгт маань татагддаг биз ээ” гэв.

Төвөд- Японы хамтын ажиллагааны уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам япон хэл дээрх цахим хуудастай
танилцаж байгаа нь. Япон, Токио, 2015.4.5.
Гэрэл зургийг Тэнзин Жигмей
Түүний офисын цахим хуудсыг япон хэл дээр хийх ажлыг эхлүүлэхэд гар бие оролцож байгаа сайн дурынхны ажлыг Дээрхийн Гэгээнтэн үнэлээд,

“Миний айлчлалыг сонирхох хүмүүсийн тоо өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан, япон хэл дээр цахим хуудас нээж болох юм гэж би санал гаргасан. Энэ саналыг маань хэрэгжүүлэхэд тусалсан та бүхэнд талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Наландагаас өвлөсөн сэтгэлийн тухай агуу мэдлэгийг сонирхсон бүх хүнд хүртээмжтэй болгохын төлөө бидний гаргаж байгаа хүчин чармайлтын нэг хэсэг нь энэ ажил юм. Энэ мэдлэг дэлхий ертөнцийг илүү амар амгалан болгоход тус нэмэр болох учраас үүнийг боловсролын тогтолцоонд тусгахыг би хүсч байна. Миний амьд ахуйд биш ч, энэ зууны эцэс гэхэд өөрчлөлт гарна гэдэгт би найдаж байна.”

Үдээс хойш Дээрхийн Гэгээнтэн Япон дахь Брайбун Гоман Академиас зохион байгуулсан буддын судлалын тухай бага хуралд 150 төлөөлөгчдийн хамт оролцлоо. Төвөд судлалын Японы холбооны ерөнхийлөгч Ясахиро Нагано мэндчилж үг хэлэв. ‘Япон дахь төвөд судлалын өнгөрсөн ба ирээдүй’ гэсэн сонирхолтой сэдэв бүхий арга хэмжээг Ёоичи Фукуда нээсэн бөгөөд төвөд, япон, англи хэлээр орчуулга явагдсан байна. Дараа нь Акира Сайто ‘Өнөөгийн Япон болон бусад орон дахь мадхьяамака судалгаа’ сэдвээр илтгэл тавилаа.

Тэрээр сүүлийн 30 жилийн турш Энэтхэгийн мадхьямака гүн ухааныг судалж байгаа тухайгаа тайлбарлан ярив. Саяхан шинээр эх бичгүүд олдсон ба баттай эх бичиг болох нь ч нотлогдсон байна. Үүний дотор Чандракирти гэгээний ‘Прасаннапада’, Бхававивека гэгээнийн бүтээл, Буддапалита гэгээний суурь бүтээлийн тавны нэг олдсоныг саяхан хэвлэн гаргасан ажээ. Потала ордны цуглуулга дотроос ‘Мадхьяамакаватара’-гийн хуулбар байгааг олж тогтоосон бол ‘Прасаннапада’-гийн 16 гар бичмэл ил болсноос 1 ба 17 дугаар бүлгийг мөн хэвлэн гаргасан байна.

Төвөд- Японы хамтын ажиллагааны уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам буддын судлалын бага хуралд
оролцож байгаа нь. Япон, Токио, 2015.4.5.
Гэрэл зургийг Тэнзин Жигмей
Шорю Кацура ‘Япон дахь буддын учир шалтгааны ухааны судалгаа’ сэдэвт итлгэлдээ, учир шалтгааны арвин их бүтээл өвлөн авсан Төвөдөөс ялгаатай нь Суанзангийн хятад хэлнээ орчуулсан 4 бүтээл л Японд дэлгэрсэн тухай тэр тайлбарлан ярилаа. Японы лам нар мөн ном хаялцдаг байсан тухай нотолгоо олдсоныг тэр дурсав.

‘Төвөдийн соёл иргэншлийн бүх нийтийн мөн чанар-Төвөдийн эртний ном судрын үзэл санаа’ илтгэлийг тавьсан Цугухито Такэучи хэлэхдээ, тэрээр хэл судлалын чиглэлээр ажилладгийн улмаас буддын сургаалийн талаар маруухан мэдлэгтэй гэдгээ хэллээ. Өмнөд торгоны зам буюу Дунхуан, Лобнор, Котангаас олдсон төвөд бичиг баримтад албан ёсны болон шашны ном судрууд байсан байна. Төвөдийн эзэнт гүрний задралын дараа 11 дүгээр зуунд төвөд хэлээр ярьж байсан тухай нотолгоо байдаг тухай тэр ярилаа.

Бага хурлын эхний хуралдааны төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ, түүний энэ удаа сонссон зүйлс гайхалтай бөгөөд маш сонирхолтой байлаа гэв. Хоёр дахь хуралдааныг Юникодыг үндэслэгчдийн нэг Ли Коллинс өөрийн илтгэлээр нээж, юникод хэрхэн тоон текстийн үндэс болсон тухай тайлбарлалаа. Юникодын ачаар эрдэмтэд тухайн текстийг хайж олон, тогтоох боломжтой болсон байна. Билгүүний зүрхэн судрын удиртгал дахь түүнд урам зориг өгсөн мөрүүдээс тэр эш татав. Бурхан Багш айлдахдаа,

“Хүн хийгээд хүний төрөлтөн бус хамаг амьтны хэл дээр би Дээдийн номыг номлож байна” гэжээ.

Дээрхийн Гэгээнтэн дахин бахархал, талархлаа илэрхийлээд, судалгааны ийм арга барилаас тэрээр хол хэмээн хэлсэн байна.

‘Япон дахь Төвөд судлалын шинэ хандлага’ гэсэн илтгэлдээ Казуши Ивао төвөд судлал Японд 1812 онд эхэлсэн хэмээн хэлэв. Хэл шинжлэлийн үүднээс судлах судалгаа өнөөдөр тухайн нутаг оронд суурилсан судалгаатай хосолж байгаа тухай тэр ярив. Төвөдөд Хятадыг нэвтрэн орохоос өмнө тэнд амьдарч, суралцаж байсан 10 япон хүнийг тэр олж тогтоосон байна. 1954 онд байгуулагдсан Төвөд Судлалын Японы Холбоо нь дэлхий дээрх ийм төрлийн байгууллагуудын анхных боловч, төвөд судлал одоо ч сургалтын бие даасан хичээл болоогүй байгааг тэр тэмдэглэн хэллээ.

‘Төвөдийн буддизм дахь учир шалтгааны ухаан, зан үйл ба яруу найраг’ гэсэн илтгэлдээ Хироши Нэмото богд Зонховын ‘Шүтэн барилдахуйн магтаал’ зохиолоос олонтаа эш татаж байв. .

Төвөд- Японы хамтын ажиллагааны уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам буддын судлалын бага хурал дээр
үг хэлж байгаа нь. Япон, Токио, 2015.4.5.
Гэрэл зургийг Тэнзин Жигмей
Дээрхийн Гэгээнтэн арга хэмжээний төгсгөлд илтгэл тавьсан бүх хүний судлагааны ажлыг өндрөөр үнэлж, бахархаж буйгаа хэлээд, тэдгээр эрдэмтдэд 6 сая төвөд хүний нэрийн өмнөөс талархал илэрхийлсэн байна.

“Өөрийн баялаг соёлоо хэрхэн хадгалж үлдэх талаар бид маш их санаа зовж байна. Хятадын хатуу бодлоготонгууд Төвөдийн соёлын өвөрмөц шинж чанар нь салан тусгаарлах үзлийн үрийг тарьж байна гэдэг. ‘Энэтхэгийг харцгаа. Энэтхэгийн өмнөд, хойд, өрнөд ба умардад хүмүүс өөр өөр хэлээр ярьж, өөр өөр бичгээр бичиж байгаа ч, тэд тэгш боломж, тэгш эрхтэй учраас Энэтхэг гэсэн нэгэн улсын дотор аз жаргалтай амьдарч байна’ гэж би уулзсан хятад хүмүүст хэлдэг. Хэрвээ хятадууд бусад ард түмэндээ адил тэгшээр итгэж чадсан бол тэдгээр ард түмний соёлын ялгаа нь санаа зовоод байх зүйл байхаа болино.”

“Би бол суралцагч, Наланда уламжлалын шавь хүн, өнөөдрийнх шиг шинэ содон зүйлсийг сонсохоороо би залуу мэт болдог.”

“Бидэнд ёс суртахууны болон оюун санааны хямрал нүүрлээд байна. Бид хүмүүст ёс суртахууныг төлөвшүүлж, сэтгэл хийгээд сэтгэлийн хандлагын талаар ойлгуулах шаардлагатай байна. Үүнийг хэдхэн долоо хоногт бус цэцэрлэгийн наснаас нь эхлээд дээд сургууль төгсөн төгстөл нь заах ёстой. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд бид хөтөлбөр боловсруулж байгаа. Хүн төрөлхтний ирээдүй 21 дүгээр зууны иргэдийн гарт байна. Хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйг цогцлоох боломж, үүрэг хариуцлага та бүхэнд оногдож байна. Энэ нь орчлонгийн хүлээснээс чөлөөлөгдөх, эсвэл хойд төрлийн төлөө бус, харин энэ амьдралдаа яг энд, яг одоо сайхан сэтгэлийг төлөвшүүлнэ гэсэн утга юм. Тиймээс судалгааныхаа ажлыг үргэлжлүүлэхийн хамт ‘Хүн төрөлхтний илүү аз жаргалтай, илүү амар амгалан амьдралд би хэрхэн хувь нэмрээ оруулж чадах вэ? гэсэн асуултыг одоо, хойшид ч өөрсөддөө тавьж байна уу” хэмээн уриалав.
Үзсэн: 3 343
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц