Дээрхийн Гэгээнтэн Далай Лам шинэ цахим хуудасны нээлтэд оролцлоо

6-06-2015, 12:57  |  Хэвлэх

2015 оны 5 дугаар сарын 9

Энэтхэг, Химачал Прадеш, Кангра, 2015 оны 5 дугаар сарын 9 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн амьдардаг Дарамсала хотоос холгүй орших эртний хот Канград өнөөдөр уригдлаа. Түүнийг тус хотод морилон ирэхэд Балажи эмнэлгийг үндэслэгч Шри Балажи, мэдээллийн шинэчлэлийн байгууллагыг санаачлагч, доктор Ражеш Шарма болон Химачал Прадеш мужийн Хууль тогтоох байгууллагын гишүүн, засгийн газрын Орон сууц, хот, орон нутгийн төлөвлөлтийн сайд ноён Судхир Шарма нар угтан авав. Эмнэлгийн байртай залгаа орших мэдээллийн шинэ байгууллагын байранд Дээрхийн Гэгээнтнийг урин залсан юм. Эндээс Himachalabhiabhi.com цахим хуудас хоёр хэл дээр мэдээ гаргах ажээ.

Анил Патвар арга хэмжээний өмнө Дээрхийн Гэгээнтнээс товч ярилцлага авахдаа, ерөнхий сайд Нарендра Моди дараагийн долоо хоногт Хятадад айлчлахдаа ямар сэдвийг хөндөх бол гэсэн асуултыг тавьсан байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам шинэ цахим хуудасны нээлтэд оролцлоо
Анил Патвар Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас ярилцлага авч
байгаа нь. Энэтхэг, Химачал Прадеш, Кангра, 2015.5.9.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
“Ерөнхий сайдын хувьд тэр ямар сэдвээр ярихаа надаас сайн мэдэж байгаа гэдэгт би итгэлтэй байгаа ч, Энэтхэг, Төвөд хоёр орныг 1000 жилийн түүхтэй өвөрмөц харилцаа холбож байдгийг тэр хөндөх болов уу гэж найдаж байна. Бидний бүх мэдлэг Энэтхэг орноос ирсэн учраас бид багш шавийн нандин барилдлагатай. Үнэн чанартаа эртний Энэтхэгийн соёл болох Төвөдийн өв соёлыг хадгалан үлдээх асуудалд өнөөдөр би маш их анхаарал тавьж байна. Бид буддын номыг дагадаг, энэ номыг Бурхан Багш Энэтхэгт айлдсан бөгөөд саяхан ерөнхий сайд Делид болсон Будда Пурнима ёслолд өөрийн биеэр морилон ирсэн билээ. Төвөдөд бидний хадгалан үлдсэн уламжлал бол Наландагаас эхтэй бөгөөд энэ уламжлалыг Шантаракшита гэгээн бидэнд өвлүүлсэн юм.”

“Төвөдөөс эх авч, тэрбум гаруй хүн ундаалж байдаг Брахмапутра болон бусад гол мөрний тухай асуудлыг тэр мөн хөндөн яриасай гэж бодож байна” хэмээн Далай Лам хариуллаа.

Дараагийн төрөлдөө ямар хүн болж төрөхийг хүсч байна гэсэн асуултад тэрээр “Эмэгтэй хүн ч юм билүү?” хэмээн хошигнон хэлснээ Далай Лам эмэгтэй хүн болж төрөх магадлал байж болох талаар нэг удаа францын сэтгүүлчид тайлбарлаж байснаа хүүрнэв. Хойд төрөлдөө эмэгтэй хүн болон төрсөн өөр нэгэн хувилгааны жишээг мөн тэр эш татлаа.

“Би хувьдаа хаана эргэж төрөхөө мэдэхгүй ч, нэгэн залбирлыг байнга санаж явдаг.

Хязгаар үгүй орчлон цэлийн буй цагт
Хамаг амьтан оршин буй үед
Хорвоог зовлонгоос ангижруулахын тулд
Би бээр амьд байх болтугай

“Их сэтгэгч, гайхалтай хувраг байсан нэгдүгээр Далай Лам одоогийн миний насанд хүрэх үедээ шавь нартаа насан өндөрт хүрч байгаагаа хэлэхэд тэд түүнийг Ариун Газарт төрөх байх хэмээн боджээ. Гэтэл Далай Лам үүнийг огтхон ч хүсээгүй гэдгээ хэлсэн байна. Бусдын зовлонг нимгэлэх шаардлагатай тэр газарт тэр дахин төрөхийг хүссэн.”

Далай Лам энх тайвны бэлэг тэмдэг болсоор байгааг үл харгалзан, Хятадын эрх баригчид яагаад түүний талаар буруу төсөөлөлтэй байдаг талаар түүнээс асуухад, “Тэд аливаа асуудлыг улс төрийн өнцгөөс харах хандлагатай байдаг” хэмээн хариулав. Тэрээр Соёлын хувьсгалыг жишээ болгон ярьсан бөгөөд хувьсгал ид явагдаж байх үед бүгд магтан сайшааж байсан гэлээ. Хувьсгал дуусах үед сайн муу талууд байсан хэмээн тодорхойлж байсан бол нэлээд хугацааны дараа сүйтгэх чанартай байсан хэмээн дүгнэсэн. Үүгээр юмсыг бодитоор дүгнэхийн хүндрэл харагдаж байгаа билээ.
1.3 тэрбум хятад хүн найдвартай, баттай мэдээллийг авах эрхтэй бөгөөд ингэснээр тэд буруу, зөвийг ялгаж дүгнэх боломжтой болно хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Харьцуулалт болгон тэрээр Энэтхэгийг дурдаад, эрх чөлөө цэцэглэсэн гайхамшигт улс хэмээн магтлаа. Дээрхийн Гэгээнтэн өөрийгөө өнөөдөр дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүний нэг, сүүлийн 56 жилийн турш Энэтхэг оронд амьдарч байгаа нэгэн хэмээн тэмдэглэн хэллээ.

“Би бол Энэтхэгийн элч, Энэтхэг орны хүү бөгөөд хэрвээ та надаас амьдралынхаа ихэнх цагийг хаана өнгөөрснийг маань асуувал Химачал Прадеш гэж би хариулна. Тиймээс Химачал хүмүүст мэнд дэвшүүлэхийн хамт тэдэнд амжилтаас амжилтад өртөөлөн явахын ерөөл дэвшүүлж байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам шинэ цахим хуудасны нээлтэд оролцлоо
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Himachalabhiabhi.com цахим хуудсын
нээлтийн ажиллагааны үеэр. Энэтхэг, Химачал Прадеш, Кангра,
2015.5.9. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Доктор Ражеш Шарма болон доктор Судхир Шарма нарын хамт Далай Лам шинэ сайтын нээлтийн туузыг хайчилсны дараа тэрээр компьютер бүхий ширээний ард сууж, Himachalabhiabhi.com цахим хуудсыг Анил Патварын тусламжтайгаар нээн ажиллууллаа.

Энэ арга хэмжээг тохиолдуулан цугласан 200 орчим хүнд тэрээр хандан, энэ төрлийн үйл ажиллагаанд анх удаа оролцож буй, компьютер хэрэглэх талаар маруухан хэмээн хэлэв.

“Гэсэн ч,” хэмээн тэр хэлээд, “компьютер бол 21 дүгээр зууны салшгүй нэг хэсэг бөгөөд энэ эрин зуунд хүмүүсийн хандлага хүртэл өөрчлөгдөж байна гэж би боддог. Хүмүүс хүндрэлтэй асуудлыг хүчирхийллийн аргаар шийдэхээс зайлсхийж, байгаль орчиндоо илүү их санаа тавих болж, баян, ядуугийн ялгааг арилгах арга замыг хайх боллоо. Авилга, хээл хахууль хэр их газар авсныг тэд ухаарах тусам, төдий чинээгээр авилгатай тэмцэх болно. Учир нь ард иргэдийн мэдлэг мэдээлэл өсөн нэмэгдэж байна. Хүн гэдэг амьтанд заяасан онцгой чанар бол бидний оюун ухаан бөгөөд түүнийг ашиглахын тулд бидэнд илүү их, илүү сайн мэдээлэл хэрэгтэй.

Дэлхийн хамгийн их хүн ам бүхий ардчилсан улсад мэдээллийн хэрэгсэл чухал үүрэг гүйцэтгэх нь ойлгомжтой. Хэвлэл мэдээллийн өөр нэг үүрэг нь хүмүүсийн боловсролыг дээшлүүлэх явдал билээ. Гэхдээ дан ганц тархийг боловсруулснаар хүмүүс аз жаргалтай амьдарна гэсэн баталгаа байхгүй. Бид хүмүүст нигүүлсэл, сайхан сэтгэлийн тухай мэдлэгийг мөн олгох хэрэгтэй бөгөөд ингэснээр хүн, гэр бүл, нийгэм аз жаргалтай байж чадна” хэмээн тэр айлдав.

Үзсэн: 1 807
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц