Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тарнийн ёсны Жүдод дацанд цуврал ном айлдаж байна

7-06-2015, 03:24  |  Хэвлэх

2015 оны 5 дугаар сарын 11

Энэтхэг, Химачал Прадеш, Сидхбари, 2015 оны 5 дугаар сарын 10 – Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсохоор өнөөдөр Дарамсалагийн ойролцоо орших Сидхбари хотын Жүдод дацанд 5000 орчим хүн цугласан байлаа. Хийдийн том дуган, эргэн тойрны тагт болон хашаан дотор суудлаа эзэлсэн хүмүүсийн ихэнх нь тарнийн ёсны Жүмад болон Жүдод дацангийн лам нар хийгээд хар хүмүүс байв. Уламжлал ёсоор айлдварын өмнө лам нар ‘Билгүүний зүрхэн’, ‘Илт онохуйн чимэг’, ‘Наландагийн 17 их бандидагийн магтаал’ судраас уншлаа. Жүдод дацангийн одоогийн хамба лам Жадо ринбучи мандал хийгээд гэгээрлийн бие, хэл, сэтгэлийн билэгдлийг өргөн барьсны дараа Дээрхийн Гэгээнтэн айлдвараа эхэлсэн байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тарнийн ёсны Жүдод дацанд цуврал ном айлдаж байна
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тарнийн ёсны Жүдод дацанд
морилон ирж байгаа нь. Энэтхэг, Химачал Прадеш, Сидхбари,
2015.5.10. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Жүдод дацангийн зүгээс ном айлдахыг олон удаа хүсч байгаа боловч, тэдгээр сургааль ном их урт учраас бүгдийг нь нэг дор өгөх боломжгүй, гэхдээ энэ завшааныг ашиглан зарим нэгийг нь өгөхөөр шийдсэнээ Далай Лам хэллээ. Тэрээр энэ удаа Өмнөд Энэтхэг дэх тарнийн ёсны Жүмад дацанд өмнө нь номлож байсан Жамьян Шадва гэгээний ‘Важрабхайрабагийн долоон бүлэг’ номыг номлохоор шийдсэн ажээ. Уг номыг сонсохын тулд тарнийн ёсны авшиг авсан байх ёстой бөгөөд Жүмад болон Жүдод дацанд “Хаа явсан газраа Гухясамажаг дага” гэсэн хэлц үг байдаг тул арга хэмжээний төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн Гухясамажагийн авшиг өгөхөөр шийдсэн байна.

Богд Зонхов Гухясамажаг тайлбарлаж дуусаад, уг номыг хэн цааш нь хадгалж, авч явах талаар асуусан хэмээн Далай Лам тэмдэглэн хэлэв. Тэр үед Шарав Сэнгээ босоод “Би хийнэ” хэмээн хариулжээ. Хожим тэрээр Жүмад хийдийг байгуулсан байна.

“Билгүүний зүрхэн” судар хийгээд хоосон чанарыг голлон тодорхой тайлбарласан хүн нь Нагаржуна гэгээн хэмээн Дээрхийн Гэгээнтэн дурдлаа. Тэр болон түүний шавь нар болох Арьядева, Чандракирти нар Гухясамажаг дамжлагыг бий болгосон бөгөөд тэдний айлдсан тарнийн сургаалийг Төвөд дэх Жүмад болон Жүдод хийд баримталж иржээ.

Тарнийн ёсны авшиг өгнө гэдэг бол зүгээр нэг зан үйлийн асуудал биш гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тодруулан тайлбарлав. Авшиг авахын тулд илүү бодитоор асуудалд хандаж, судар номонд тодорхой тайлбарласан байдаг бодь сэтгэл үүсгэх тухай үндсэн ойлголт хийгээд хоосон чанарыг ойлгох билиг билгүүнтэй байх ёстой. Тарнийн ёсны нэг арга нь бурхан тэнгэрийн дүрд өөрийгөө оруулан төсөөлөх явдал байдаг бөгөөд үүнийг хийхийн тулд хоосон чанарын талаар болон юмс бие даан баттай оршдоггүйн талаар тодорхой ойлголттой байх хэрэгтэй гэдгийг хэллээ. Ийм ойлголтыг авсны ачаар бид сэтгэлийн сөрөг хандлагаа давж чадна.

Буддизмын ерөнхий бүтцийн талаар бид судлах ёстой. Хангалттай ном үзэж, судар номын агуулганд дүн шинжилгээ хийх ухаан бага иога нар байсан тухай Богд Зонхов дурдсан байдаг. Номын дуу сонсохоор цугласан олны дунд Жүдод болон Жүмад дацангийн өнөөгийн ба өмнөх хамба нар, эрэгтэй, эмэгтэй лам хуврагууд, энгийн иргэд, олон төвөд хүн болон гадаадаас ирсэн хүмүүсийн дунд нэлээд тооны хятад ахан дүүс нар маань байна хэмээн Дээрхийн Гэгээнтэн онцлон тэмдэглэлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тарнийн ёсны Жүдод дацанд цуврал ном айлдаж байна
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тарнийн ёсны Жүдод дацанд
айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, Химачал Прадеш, Сидхбари,
2015.5.10. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
“Бид бүгд Наланда уламжлалыг дагадаг учраас Бурхан Багшийн сургаалийн утга агуулгыг мэддэг байх хэрэгтэй. Үүний тулд бид сурч мэдэх шаардлагатай. Бурхан Багш шавь нартаа өөрийн хэлснийг сохроор шүтэж дагах бус, харин хэлсэн үгийг нь судалж, нягталж, шинжлэхийг захьсан байдаг. Энэ нь ‘Номонд заасныг номон дотор нь орхих бус, харин амьдралд хэрэгжүүл’ гэсэнтэй утга нэг юм. Мэдлэг зузаан хэрнээ амьдралын ухаан дутмаг олон хүн байдаг хэмээн Богд Зонхов мөн хэлсэн байдаг. Сүсэг бишрэлээс гадна учир шалтгааны ухаанд тулгуурла хэмээн тэр захьжээ. Үүнтэй холбогдуулан хэлэхэд, намайг анх шинжлэх ухааны эрдэмтэдтэй уулзаж эхлэхэд олон хамба нар сэтгэл зовниж байсан. Харин одоо бол ярилцлага хоёр талд аль алинд нь үр өгөөжтэй болсон гэж би боддог.”

Тэрээр айлдварынхаа удиртгал болгон Богд Зонховын ‘Шүтэн барилдахуйн магтаал’-ыг тайлбарласан юм. Богд Зонхов Мадхьямака сэтгэлгээг судалж дуусаад, хоосон чанарыг бүрэн ойлгосныхоо дараа уг бүтээлийг туурвисан ажээ. Хоосон чанарыг ойлгосноор (зовлонгоос) ангижрах боломжтойн тухай ойлголт бий болно. Дээрхийн Гэгээнтэн энэхүү номын эшийг Хүннү Лама ринбучигээс, тэр Ген Ригзэндамбагаас авсан бөгөөд аман дамжлагыг Тижан ринбучигээс авсан ажээ.

Дараа нь Богд Зонховын бодь мөрийн зэргийн хамгийн товч хувилбар болох “Бодь мөрийн дуулал” бүтээлийг үргэлжлүүлэн уншив. Тус бүтээлийн 11 ба 12дугаар шүлэгт заасан лугаа сургааль номыг амьдралд хэрэгжүүлэхийг зөвлөлөө.

“Номоо үзэхээс өөр өргөх зүйл надад үгүй” хэмээн хэлсэн Мял богдын үгийг тэр мөн эш татав.
‘Бодь мөрийн дуулал’ бүтээл нь Адиша гэгээний ‘Гэгээрэлд хүрэх бодь мөрийн зул’ зохиолын хураангуй гэдгийг төгсгөлд нь Дээрхийн Гэгээнтэн дурдлаа. Дараа нь тэр Богд Зонховын ‘Мөрийн гурван эрхэм’ бүтээлийг түргэн зуур уншсан бөгөөд энэ бүтээлд нирваанд эр зориг, бодийн сэтгэл үүсгэх, хоосон чанарыг ойлгох билиг оюуны тухай бичсэн байдаг ажээ. Зохиолын төгсгөлд Богд Зонхов Агваан Дагбад дараах зөвөлгөөг өгсөн байна.

Хүү минь чи бодь мөрийн гурван гол зүйлийн
Түлхүүрийг ойлгосон цагтаа
Аглагт сууж, хүчин чармайлтаа дайчил
Эцсийн зорилгодоо түргэн хүр.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тарнийн ёсны Жүдод дацанд цуврал ном айлдаж байна
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг 5000 орчим хүн
сонслоо. Энэтхэг, Химачал Прадеш, Сидхбари, 2015.5.10.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Айлдварынхаа төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн Жэ Шэйрав Сэнгэ гэгээний сургааль дээр үндэслэн 7 дугаар Далай Ламын зохиосон ‘Дөрвөн ухаарлын дуун’ бүтээлийн товч хувилбарыг уншив. Уг номын лүнг Ёнзон Лин ринбучигээс авснаа хэллээ. Бүтээлд багшийн ухамсар, гэгээрэлд тэмүүлэх бодь сэтгэлийг үүсгэх ухамсар, өөрийн биеийг бурханы лагшин болгох ухаарал, хоосон чанарыг ухаарах ухаарлын тухай товч тайлбарласан ажээ. Гурав дахь ухаарлын тухайд Дээрхийн Гэгээнтэн хошигнон хэлэхдээ,

“Гухясамажаг шүтдэг олон лам энд сууж байна. Гаадамба урсгалын нэгэн их лам нэгэнтээ хэлэхдээ, ‘Хүн бүрт бясалгадаг Бурхан, уншдаг тарни байдаг хэрнээ бидэнд тунгаан бодох зүйл дутагддаг’ гэсэн” гэв.

Өнөөдөр уншсан бүтээлүүд нь Гухясамажагийн шүтлэгийн дутууг нөхсөн сургаалиуд гэдгийг Дээрхийн Гэгээнтэн онцлон тэмдэглээд, ‘Дөрвөн ухамсрын дуун’ зохиолыг үг үсэггүй цээжилж, бусад номыг дахин дахин үзэхийг хурсан олонд хандан уриалсан байна. Тэрээр Даваа болон Мягмар гаригт Гухясамажагийн авшгийг өгч, Лхагва гаригт Жамьян Шадба гэгээний ‘Важрабхайравагийн долоон бүлэг’ зохиолыг тайлбарлах болно.
Үзсэн: 2 372

Холбоотой мэдээ:
  • Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Аруначал Прадеш мужийн Бомдила хотод ирлээ
  • Жүдмад дацанд “найман их хөтөлбөр” ном айлдлаа
  • Балбун Шэйравлин хийд дэх айлчлал. Энэтхэг, Химачал Прадеш, Дээд Бхатту - 2015.03.12
  • Жанрайсигийн авшиг хайрласнаар монголын сүсэгтнүүдэд зориулсан Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдвар өндөрлөлөө
  • Богд Зонхов нууц тарнийн ёсны залгамжлагчаар Жэвзүн Шарав Сэнгээг томилсон үйл явдалд зориулсан бага хурал боллоо
  •  

    Хуваарь (ойрын)

    Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

    2018 оны 10 дугаар сарын 3-6

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
    Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

    2018 оны 10 дугаар сарын 12-14

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

    Сайтын үндсэн бүтэц