Төвөдийн Хүүхдийн Тосгонд хийсэн буддизмын удиртгал хичээлийн эхний өдөр

7-06-2015, 04:05  |  Хэвлэх

2015 оны 5 дугаар сарын 28

Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, 2015 оны 5 дугаар сарын 27 – Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Төвөдийн Хүүхдийн дээд тосгонд өнөө өглөө морилон ирэхэд төвөдийн уламжлал ёсоор угтан авлаа. Охидын томоохон хамтлаг уламжлалт угталтын дууг дуулав. Машинаасаа буун индрийг чиглэн явах замдаа түүнтэй гар бархиыг хүссэн хүмүүстэй тэр мэндчилж явлаа. Төвөдийн Төв Захиргаанаас зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд хүүхдийн дээд доод тосгон, Гопалпур, Сужа, Чаунтра дахь хүүхдийн тосгон, Шарав Гацел Лүблин, их дээд сургуулийн оюутнууд болон багш бэлтгэх хөтөлбөрт хамрагдагсад нийт 4500 оюутан оролцохоор хүрэлцэн ирж, сагсан бөмбөгийн талбайд зассан саравчны дор суудлаа эзэлсэн байв.

Төвөдийн Хүүхдийн Тосгонд хийсэн буддизмын удиртгал хичээлийн эхний өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварын өмнө оюутнууд
буддын гүн ухааны талаар ном хаялцаж байгаа нь. Энэтхэг,
Химачал Прадеш, Дарамсала, 2015.5.27.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Дээрхийн Гэгээнтнийг суудалдаа заларсны дараа индрийн өмнө оюутнуудын бүлэг гарч ирэн, мэдлэгийн гурван төрөл, бодийн сэтгэл үүсгэх хоёр арга зам, Лам гурван эрдэнэ хийгээд Хутагтын дөрвөн үнэний тодорхойлолт зэргээр ном хаялцаж, мэтгэлцээн өрнүүлэв.

“Буддизмын удиртгал хичээлийг сонсохоор өнөөдөр газар газраас хүмүүс хүрэлцэн ирсэн байна” хэмээн Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхэллээ. “Энэ нь бидний зохион байгуулсан арга хэмжээний ес дэх нь бөгөөд энэ удаа урьд урьдахаас олон хүн хамрагдаж байх шиг байна. Янз бүрийн сургуулиудаас ирсэн багш оюутнуудын амрыг эрье-Дашдэлэг. Ялангуяа сая бидний өмнө ном хаялцсан хүмүүст талархахын хамт учир шалтгаан хийгээд гүн ухааныг сонирхон судалж байгаад нь баяр хүргэе.”

“Өнгөрсөн түүхийн хугацаанд Төвөдөд хар хүмүүс, тэр бүү хэл эмэгтэй лам хуврагууд ном хаялцахад бараг оролцдоггүй байсан. Энэ бол бидний нэг дутагдал байсан. Цагаачлалд байгаа 56 жилийн туршид би эрэгтэй эмэгтэй лам хуврагуудад хандан, сүм хийдэд нь тийм уламжлал байхгүй байсан ч сурч судлахыг уриалсаар ирсэн. Пенде Лекше Лин, Намжил дацан энэ талаар үлгэр дууриал болж байна. 7 дугаар Далай Лам энэхүү дацанг үндэслэн байгуулахдаа шинэ дацангийн лам нарт зан үйл хэрхэн хийх тухай зааж өгөхийг Залу хийдийн лам нараас хүсч байжээ. Тэдний нэгэн адил тарнийн ёсны Жүмад болон Жүдод дацангийн лам нар эрдэм чадалтай байсан ч, сурч судлах үйл хэргийг хэрэгжүүлдэггүй байсан. Гэхдээ тэр байдал одоо өөрчлөгдсөн. Үүний нэгэн адил эмэгтэйчүүдийн сүм хийдүүдэд судалгааны ажил явагдаж, үр дүнд нь тун удахгүй гэвшмаа нар гарах гэж байна.”

Наландагийн гайхамшигт уламжлал Төвөдийн дөрвөн зүг найман зовхист түгэн дэлгэрсэн боловч, ихэнх хүн түүнийг бүрэн гүйцэд үнэлж чадахгүй байсаар байгааг тэр хэлэв. Энэ бол ном судрын эшлэл төдийгүй, судалгаа, дүн шинжилгээ дээр тулгуурласан уламжлал юм.

Төвөдийн Хүүхдийн Тосгонд хийсэн буддизмын удиртгал хичээлийн эхний өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн Хүүхдийн Тосгонд болсон
арга хэмжээний үеэр үг хэлж байгаа нь. Энэтхэг, Химачал Прадеш,
Дарамсала, 2015.5.27. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Наланда уламжлалд агуулагдаж байгаа гүн ухаан хийгээд сэтгэл судлалын мэдлэг орчин үеийн эрдэмтдийн сонирхлыг ихэд татаж байгааг Дээрхийн Гэгээнтэн цохон тэмдэглэв. Наландагийн диалектик арга барилыг шинжлэх ухааны бусад салбарт хэрэглэж болох эсэх талаар хүртэл тэд сонирхож байгаа. Түүний бодлоор энэ арга барилыг ашиглах боломжтой ажээ. Буддын ухаанд сэтгэл хөдлөлийн 49-51 төрлийг тодорхойлсон байдаг бол Америкийн сэтгэл судлаач Пол Экман нүүрний хувирлын өргөтгөсөн судалгааг хийсний үр дүнд 15 төрлийг тодорхойлж чадсан байна.

40 жилийн өмнө шинжлэх ухааны эрдэмтэдтэй харилцан яриа өрнүүлэх тухай сэдэж байхад нь шинжлэх ухаан бол шашныг хөнөөгч учраас болгоомжтой байхыг Өрнөдийн буддист анд нь Дээрхийн Гэгээнтэнд сануулж байсан байна. Түүний сануулгыг тэрээр анхааралдаа авахын зэрэгцээ учир шалтгаан дээр суурилдгийн хувьд буддизм аливаа аюулд өртөх эрсдэл нь бага гэсэн дүгнэлтийг гаргасан ажээ. Тэр ярилцлагыг эхлүүлсэн бөгөөд энэ үйл ажиллагаа хоёр талд харилцан үр өгөөжтэй болжээ. Үүний нэг илрэл нь Өмнөд Энэтхэгт шинээр байгуулагдсан томоохон сүм хийдүүдэд шинжлэх ухааны хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулж өгсөн явдал юм.

“1959 оны 4 дүгээр сард Массурт намайг хөл тавьсан тэр үед та нарын ихэнх нь хорвоод мэндлээгүй байсан. Одоо би 81 настай бөгөөд ахиад 80 жил амьдрахгүй гэдэг нь тодорхой ч, миний одоогийн эрүүл мэндийн байдлаас харгалзан дүгнэхэд ахиад 10, эсвэл 20 жил насалж магадгүй. Өнөөдөр ид цэцэглэж байгаа насандаа байгаа төвөд залуус та нарт Төвөдийн шашин, соёлыг хадгалан хамгаалах үүрэг хариуцлага оногдож байна. Төвөдөд байгаа ахан дүүст маань үүнийг хийх эрх чөлөө нь алга байна. Эрх чөлөөтэй байгаа бид л үүнийг хийх ёстой. ”

“Төвөдөд өөрчлөлт хийхээс өөр аргагүй нөхцөл байдал бүрэлдсэн” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. “Өнгөрснийг эргэн харахад, олон зүйлийг өөрөөр хийж болох байсныг би харж байна. Төвөд орон улс төрийн хувьд тархай бутархай байсан тул 13 дугаар Далай Лам Төвөдийг нэгтгэхийн тулд хүчин чармайлт гаргасан. Гэхдээ буддист соёл хийгээд Ганжуур Данжуурыг судалж, хүндэтгэлтэй ханддаг нь төвөд хүмүүсийг нэгтгэж байсан. Гималайн болон Монголын бүс нутгийн ард иргэл ч мөн ийм соёлтой. ”

Төвөдийн Хүүхдийн Тосгонд хийсэн буддизмын удиртгал хичээлийн эхний өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг 4500 орчим оюутан
сонслоо. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, 2015.5.27.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Өнөөдөр дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүн бүгд аз жаргалтай амьдрахыг хүсдэг гэдгийг тэрээр тэмдэглэн хэлэв. Бодьсадва нар өөрийн жаргалаас татгалздаг бус, харин эн тэргүүнд бусдад жаргал өгөхийг эрхэмлэдэг гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тодруулан тайлбарлалаа.

“Гэвч хэрвээ чи өөртөө тусалж чадахгүй байгаа бол бусдад хэрхэн тусалж чадах билээ? Хамаг амьтан зовлонгоос ангижрах болтугай хэмээн бид залбирдаг ч, залбирлыг гүйцэлдүүлэхийн тулд бид ямар нэг зүйл хийх хэрэгтэй” хэмээн тэр хэлэв.

Төвөдийн Хүүхдийн тосгонд саяхан зочилсон Христийн хамба лам Десмонд Тутутай хийсэн ярилцлагын талаар Дээрхийн Гэгээнтэн ярихдаа, хүчирхийлэл үйлдэхгүйгээр аз жаргалд хүрэх арга замыг хайх ёстой гэсэн дүгнэлтэд тэд хүрснийг дуулгаад, үүнийг гүйцэлдүүлэхийн тулд хүн бүр хичээл зүтгэл гаргах ёстой гэв. Хүн төрөлхтөн аз жаргалтай байвал бид ч мөн аз жаргалтай байна гэдэг нь ойлгомжтой хэмээн тэр хэлэв. Хүний төрлийг олсны хувьд бид бие биенийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой бөгөөд бусдад эелдэг, халамжтай хандах чадвар бүгдэд маань заяасан гэдгийг тэр давтан хэллээ. Түүнчлэл буддын лам хүний хувьд дэлхий дахины шашин хоорондын эв зохицлын төлөө хүчин зүтгэх үүрэг хүлээдэг тухайгаа тэрээр тайлбарлан ярьсан байна.

Эцэст нь Төвөдийн өндөрлөгөөс эх авдаг гол мөрнөөс Төвөд төдийгүй, Азийн нэг тэрбум хүний амьдрал хамаардаг учраас Төвөдийн байгаль орчныг хамгаалах үүрэгтэй тухайгаа Дээрхийн Гэгээнтэн өгүүллээ.

Дэлхий дахинд нааштай нөлөө үзүүлж болох амар амгалан, хүч үл хэрэглэхийн тухай соёл болох Төвөдийн соёлыг хамгаалах тухайд санаа зовниж байдгаа тэр мөн илэрхийлсэн байна. Төвөдийн төрийн албанд ажиллаж байгаад, АНУ-д цагаачлан гарсныхаа дараа нэгэн их сургуулийн хоолны газар ногоо цэвэрлэх ажил хийж байсан хүний түүхээс тэр ярилаа. Тэрээр хүнсний ногоон дотор байсан шавьж хорхойг болгоомжтой түүн, тусад нь тавьж байгаад, ажлаа дуусахаар тэдгээрийг гадаа гарган тавьж байсныг хамт ажмллагсад нь анзаарсан байна. Түүнээс юуны тулд үүнийг хийж байгааг нь асуухад, төвөдүүд бид байгалийн өчүүхэн зүйлийг ч устгаж хөнөөхгүй байхыг хичээж, хаа байгаа газраа боломжийн хэрээр амьд амьтны амийг хамгаалдаг хэмээн хариулжээ. Үүний дараагаас зарим нь түүний жишээг дагах болсон байна.

“Төвөдийн байгаль эколог хийгээд энэрэнгүй, хүчирхийллийн бус соёлыг хамгаалах талаар би хийж чадах зүйлээ хийсэн. Одоо энэ үүрэг хариуцлагыг та бүхэнд шилжүүлж байна” хэмээн Дээрхийн Гэгээнтэн төгсгөлд нь айлдлаа.

Тэрээр буддизмын удиртгал хичээлийг маргааш үргэлжлүүлэн заахаа зарлав. Мөн бодийн сэтгэл үүсгэх ёслолыг удирдаж, сурагч оюутнуудын асуултад хариулах болно. Дараагийн өдөр нь Дээрхийн Гэгээнтэн Жанрайсигийн авшиг хүртээнэ.

Үзсэн: 1 927
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц