Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Австралид хүрэлцэн ирлээ

7-06-2015, 04:37  |  Хэвлэх

2015 оны 6 дугаар сарын 4

Австрали, Нью Саус Уэльс, Блу Маунтэнс, Леура, 2015 оны 6 дугаар сарын 4 - Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг өчигдөр Австрали тивийг зорих аялалд мордох үед саяхан орсон хурын ачаар Дели хотын гудамж чийгтэй, өмнөх өдрүүдтэй харьцуулахад агаар цэвэрхэн агаад сэрүүхэн байлаа. Нислэг хэвийн үргэлжилж, түүнийг Сингапурт түр газардахад Энэтхэгийн Дээд Комиссын төлөөлөгчид угтан авав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Австралид хүрэлцэн ирлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сиднейн онгоцны буудалд.
Австрали, Сидней, 2015.6.4. Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
Тэнд түр саатсаны дараа тэрээр шөнийн турш ниссээр Сидней хотноо үүр цайхын өмнөхөн газардлаа. Энд ч мөн Энэтхэгийн Дээд Комиссын төлөөлөгчид болон ‘Далай Лам Австралид’ арга хэмжээг зохион байгуулагчид түүнийг тосон угтсан байна. Нисэх буудал дундуур түүнийг явж өнгөрөхөд ард иргэд түүнтэй талархан мэндчилж байлаа.

Network Ten мэдээний сувгийн үндэслэн байгуулагчдын нэг, телевизийн ‘Tөсөл’ хөтөлбөрийн хөтлөгч Валид Алид Дээрхийн Гэгээнтэн богино ярилцлага өгөв. Али түүнд 80 насны ойн баяр хүргээд, төрсөн өдрөөрөө юу хийх гэж буйг нь сонирхлоо.

“Өнгөрсөн сард би Дарамсалад Хамба лам Десмонд Тутутай Төвөдийн Хүүхдийн Тосгонд төрсөн өдрөө тэмдэглэсэн” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав. “Тэд надад бялуу бэлдсэн байсан бөгөөд лааг хэрхээн үлээж унтраах талаар надад зааж өгсөн. Гэхдээ буддистуудын хувьд төрсөн өдөр тийм ч чухал ач холбогдолтой биш ээ. Цаг мөч бүрийг үр ашигтай өнгөрөөх нь илүү чухал” хэмээн Далай Лам хариулав.

Дээрхийн Гэгээнтэн аль хэдийнээ гэгээрэлд хүрсэн биз хэмээн Алиг хэлэхэд,

“Үгүй, үгүй. Сайн үйлийн үрийнхээ буянд зовлон шаналлаас ангижирсан дээд бодьсадва нар байдаг ч, би бол тийм түвшинд хараахан хүрээгүй байна. Жишээ нь, надад одоо болтол биеэ барьж чадахгүй байх явдал гардаг” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв.

Али түүнээс хэзээ тийм явдал тохиолдсон тухайг нь яриулахаар зүтгэхэд Дээрхийн Гэгээнтэн,

“Сэтгүүлчид тэнэг асуулт асуусан үед” хэмээн хошигнон хариуллаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Австралид хүрэлцэн ирлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Валид Алид ярилцлага өгөв.
Австрали, Сидней, 2015.6.4. Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
Өнөөдөр шашинд итгэхийн утга учир юунд орших вэ гэсэн Алигийн асуултад сэтгэлээ засах, дотоод амар амгаланг бий болгох багаж хэрэгсэл нь шашин юм хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав. Дэлхийн томоохон шашнууд бүгд хайр, нигүүлсэл хийгээд уучлал өршөөлийн тухай сургадаг гэдгийг тэрээр тэмдэглэн хэллээ. Зарим хүний ташаа төсөөллийг сөрөн хэлэхэд, уур хилэн хийгээд үзэн ядалт нь сул доройн, харин сэтгэлийн амар амгалан нь хүчтэйн шинж тэмдэг гэдгийг айлдав. Бүтээгч Эзэнд итгэх итгэл нь дотоод амар амгалангийн хүчтэй эх сурвалж байж болох юм хэмээн Дээрхийн Гэгээнтэн нэмж хэлэв. Гэвч дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүнээс нэг тэрбум нь аль нэг шашинд итгэдэггүй ийм цаг үед сайн хүн болох нь бидний нийтлэг зорилго гэдгийг бүгд санаж байх ёстой. Нийгмийн амьтад болохын хувьд бид бие биедээ хайр энэрэл үзүүлдэг байх ёстойг мөн тэмдэглэн хэллээ.

Хүндэтгэл хүлээх эрхгүй, Лалын бүгд найрамдах улс гэх мэт хэт хүчирхийллийн бүлэгт хэрхэн хандах ёстой вэ гэсэн асуултад, тэдгээр хүмүүст сэтгэлийн сөрөг хандлага нь хэт давамгайлсан байгаа учраас үүсээд байгаа нөхцөл байдлыг зохицуулахад амаргүй гэдэгтэй Дээрхийн Гэгээнтэн санал нэгдэв. Гэхдээ ирээдүйд сэтгэлийн сөрөг хандлага, үзэн ядалт дэлбэрэн гарахаас сэргийлэхийн тулд хамтын туршлага, шинжлэх ухааны ололт дээр үндэслэн, ирээдүй хойч үедээ иргэний ёс зүй болон хүний үнэт зүйлсийн тухай боловсролыг олгох шаардлага байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг онцлон тэмдэглэлээ. Энэ нь үйл хөдлөл хийхгүй гэсэнтэй утга нэгэн биш үү гэсэн сэтгүүлчийн үгийн хариуд, хүч хэрэглэх нь эргээд хүчирхийллийг дагуулдаг гэв. Хүчирхийлэл үйлдэж байгаа тэдгээр хүмүүс яагаад ийм их уур хилэн тээж байгааг нь мэдэхийн тулд тэдэнтэй ямар нэг байдлаар ярилцах арга замыг хайх хэрэгтэй гэв.

Хэрвээ Австралийн ерөнхий сайд Тони Абботтод зөвөлгөө өгөх хэрэг гарвал ямар зөвөлгөө өгөх вэ гэсэн асуултад Дээрхийн Гэгээнтэн инээмсэглээд, ерөнхий сайдын санаа тавих гол асуудал нь эдийн засаг байдаг биз хэмээгээд, тэр талаар ямар ч ойлголтгүй хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав. Гэхдээ эдийн засгийг хөгжүүлэхийн зэрэгцээ газар газрын ядууст туслах шаардлагатай байгааг дурьдаад саяхан Энэтхэгт болсон халууны улмаас 2000 хүн нас барсан гунигт мэдээг дуулгав.

“Тэр хүмүүс бол орон гэргүй, ядуу хүмүүс байсан. Тийм хүмүүсийн амьдралын нөхцөл байдлыг сайжруулахын тулд бид эдийн засгийг хөгжүүлэх ёстой.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Австралид хүрэлцэн ирлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сиднейн нисэх онгоцны буудал
дээр цугларсан төвөд хүмүүстэй мэндчилж байгаа нь.
Австрали, Сидней, 2015.6.4. Гэрэл зургийг Расти Стьюарт
Дээрхийн Гэгээнтнийг угтахаар нисэх онгоцны буудал дээр 200 орчим төвөд хүн цугларсан байв. Тэд Дээрхийн Гэгээнтнийг Төвөдийн уламжлалт зан заншлаар чема чанпу барин угтлаа. Тэрээр зарим хүмүүстэй хэд гурван үг сольж, хуучин танилуудтайгаа гар барьсны дараа нисэх буудлаас гарав. Гүн цэнхэр тэнгэр бүхий таатай энэ өдөр тэр машинаар цаг хагас аялсны дараа Блу Маунтэнсд ирсэн байна. Түүнийг Леурад ирэхэд түүнтэй мэндчилэхээр болон номын дуу сонсохоор цугласан 150 орчим төвөд хүн гартаа туг далбаа барин хүлээж байлаа.

Маргааш Гухясамажатай холбоотой 5 өдрийн айлдвар Важрабхайравагийн авшгаар эхэлнэ.

Үзсэн: 1 747
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц