Леура дахь айлдварын хоёр дахь өдөр

12-06-2015, 03:04  |  Хэвлэх

2015 оны 6 дугаар сарын 6

Австрали, Нью Саус Уэльс, Блу Маунтэнс, Леура, 2016 оны 6 дугаар сарын 6 – Важрабхайравагийн авшиг өгөх зан үйлээ үргэлжлүүлж Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөөдөр мөн өглөө эртлэн хурлын танхимд мориллоо. Номын дуу сонсох гэсэн хүмүүс ч аажмаар танхимыг дүүргэв. Ойролцооогоор 600 орчим хүн хүрэлцэн ирснээс эхний эгнээг эрэгтэй эмэгтэй лам хуврагууд эзэллээ.

Леура дахь айлдварын хоёр дахь өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Важрабхайравагийн авшиг өгөхийн
өмнө бэлтгэл зан үйл үйлдэж байгаа нь. Австрали, Леура, 2015.6.6.
Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
Бэлтгэл ажил хангагдсаны дараа Дээрхийн Гэгээнтэн тусгайлан зассан сэнтийд заларч, ‘Билгүүний зүрхэн’ судраар үйл ажиллагаа эхэлнэ гэдгийг зарлав.

“‘Билиг барамидын сургаалийн нэг хэсэг болсон ‘Билгүүний зүрхэн’ судар нь Дээдийн номын хоёр дахь хүрдний үед номлогдсон байдаг.

“150 бадагт номоос эхлээд 100,000 бадаг бүхий Билиг барамидын судрын олон хувилбарын дотор 150 бадагт ‘Очироор огтлогч судар’ ба 25 бадагт ‘Билгүүний зүрхэн’ судар ордог. Билиг барамидын сургаалийн хамгийн товч хувилбар нь ‘A’ гэх нэг үет үгэнд багтдаг бөгөөд энэ нь юмс үзэгдэж байгаа шигээ үл оршдог гэсэн утгыг илэрхийлдэг ажээ. Юмс бие даан оршиж байгаа мэт харагддаг ч ‘A’ гэх үг тэрхүү бодит оршихуйн үгүйсгэлийг илэрхийлж байгаа юм. Энэ нь давхар утга агуулга огт үгүй, эсвэл юу ч үл оршино хэмээн баталсан үгүйсгэл биш юм.

“Билиг барамидын зарим судар хятад хэлнээ орчуулагдсан хэрнээ төвөд хэл дээр орчуулагдаагүй байж магадгүй. Үнэн хэрэгтээ Бурхан Багшийн айлдварыг хятад хэлнээ илүү их орчуулсан байдаг. Харин Энэтхэгийн их бандида нарын зохиол бүтээлийг төвөд хэлнээ маш ихээр орчуулсан байна. Түүнэс гадна зөвхөн пали хэл дээр хадгалагдаж үлдсэн ном судрууд гэж бий. Хэрвээ бид аль нэг түүвэр эмхэтгэлд багтаагүй ном судрыг олж олны хүртээл болгож чадвал сайн хэрэг болно.”

Билиг барамидын судруудад хоосон чанарыг ухаарах билиг оюуны тухай тодорхой өгүүлсэн байдаг бол зам мөрийг хэрхэн дагах талаар далд утгатай өгүүлсэн байдаг гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлан ярив. Тодорхой утгын тайлбарыг хожим нь Нагаржуна гэгээн хийнэ гэдгийг Бурхан Багш зөгнөн айлдсан юм. Мөн Майдар гэгээн ‘Илт онохуйн чимэг’ зохиолдоо далд утгын талаар тодорхой номлосныг тайлбарласан тайлбарууд санскрит болон төвөд хэлнээ асар их бий.

Леура дахь айлдварын хоёр дахь өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Леура дахь хоёр дахь өдрийн
айлдварын үеэр. Австрали, Леура, 2015.6.6.
Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
Бодит байдал хийгээд шүтэн барилдлагыг ойлгохоос эхлээд зөв ухаарлыг өөртөө төлөвшүүлэх замаар андуу ташаа үзэл бодлоос хэрхэн ангижрах тухай Нагаржуна гэгээн бүтээл зохиолууддаа тайлбарлажээ. Буддизмын үндсэн сургааль нь шүтэн барилдаж үүссэн хоосон чанарын тухай, харин буддист үйлдэл нь хүчирхийллийн бус байх ёстой гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ. Аливаа үр дагавар шалтгаанаас үүдэлтэй хэмээн нийтээрээ үздэг боловч шүтэн барилдаж үүсэхүйн илүү гүн тайлбараар бол шалтгаан ч мөн үр дагавраас үүдэлтэй ажээ.
Төвөдөд Манзушири бурханы хувилгаан хэмээн Богд Зонхов, Сажа Бандида, Лончен Рабжамба гэх гурван хүнийг нэрлэдгээс Богд Зонховын зохиолыг өөрийн шашны боловсролд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн үздэгээ тэр хэллээ.

Барамидын болон тарнийн ёсонд өөрийгөө дадуулсны дараа гэгээн гэрлийн нарийн түвшний ухааныг ашиглах замаар Бурханы хутгийг олох, Бурханы 4 биеийг олох боломжтой болно.

Сажа урсгалынхан самсара болон нирванагийн салшгүй байдлын тухай сургаальтай дээрхийг холбож үздэг. Нинма урсгал Их Төгсгөл, гаадамба урсгал Махамудра сударт тулгуурладаг. Эдгээр урсгалуудын бясалгал хийх арга зам өөр боловч бүгд гэгээн гэрлийн үндсэн оюун ухааныг ашигладаг.

Буддын ёсоор шинжлэн нягтлах дөрвөн итгэмжлэл буюу бодьгалд бус ном дор итгэмжлэх, үгэнд бус утганд итгэмжлэх, гулзгай утга бус шударгуу утганд итгэмжлэх,мэдэл бус билиг билгүүнд итгэмжилдэг гэдэгт Дээрхийн Гэгээнтэн анхаарал хандуулав.

Леура дахь айлдварын хоёр дахь өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын хоёр дахь өдрийн айлдварыг
600 гаруй хүн сонслоо. Австрали, Леура, 2015.6.6.
Гэрэл зургийг Расти Стьюарт
Тэрээр танхимд цугларсан хүмүүст хандан сүүлийн үеийн зүүдэндээ анхаарлаа хандуулахыг сануулаад, авшиг өгөх үйл ажиллагаагаа үргэлжлүүллээ. Дараагийн арга хэмжээний бэлтгэл ажлын хүрээнд энгийн хүмүүст авшиг өгөх, бодийн сэтгэл үүсгэх зан үйлийг удирдав. Буддистууд Лам Гурван Эрдэнэд аврал одуулдаг бөгөөд Бурхан - багш, Ном- зам мөр, Хувраг- зам мөрд маань хань болдог гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ. Хувиа хичээх сэтгэлийг дарж, бидний бие махбодийн хийгээд оюун санааны сайн сайхны баталгаа болдог энэрэнгүй үзлийг тэрээр өндрөөр үнэллээ.

Дээрхийн Гэгээнтэн үдийн хоолны дараа танхимд буцаж ирээд, очир тарнийн ёсыг нууц байдалд хэрэгжүүлэх ёстой гэдгийг айлдав. Тэрээр

“Нууц тарнийн ёсыг сонгогдсон цөөн тооны шавь нарт дамжуулдаг байсан. Нууц байдал нь шавь нарын оюуны янз бүрийн чадавхитай холбоотой бий болсон асуудал. Жишээ нь бодийн сэтгэлийг хэвшүүлэх хоёр арга байдаг бөгөөд эдгээр нь уг, үрийн долоон шалтгаан ба өөрийгөө өрөөлтэй адилтгаж, оронд нь тавих арга юм. Энэ хоёр аргын сүүлийнхийг нь нууц хэмээн хэлдэг бөгөөд ямар нэг нуух зүйлтэй учраас бус, харин хүн болгонд тохирох арга бус учраас ийнхүү нэрлэдэг” хэмээн хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн бодьсадвын болон тарнийн тангараг өргүүлээд, дараа нь авшиг өгөх үйл ажиллагаандаа оров. Маргааш тэрээр Гухясамажагийн 5 зэргэмж болон Важрабхайравагийн 6 иогийг тайлбарлах болно.

Үзсэн: 2 225
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц