Дээрхийн Гэгээнтэн Далай лам Блью Мауйнтэнсэд олон нийтэд үргэлжлүүлэн ном айлдлаа

22-06-2015, 11:07  |  Хэвлэх

2015 оны 6 дугаар сарын 8

Австрали, Нью Саус Уэльс, Блу Маунтэнс, Леура, 2015 оны 6 дугаар сарын 8- Өнөө өглөө хурлын танхимд бүх хүн суусны дараа ‘Гүрү Иогийн зургаан бүлэг’ номоор үйл ажиллагаа эхэллээ. Дээрхийн Гэгээнтэн арга хэмжээг нээж хэлэхдээ,

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Блью Мауйнтэнсэд олон нийтэд үргэлжлүүлэн ном айлдлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Леурад дөрөв дэх өдрөө ном айлдаж
байгаа нь. Австрали, Леура, 2015.6.8. Гэрэл зургийг Жереми Рассел
“‘Гухясамажагийн таван зэргэмж’ номын гайхалтай сайн англи орчуулга байдаг учраас та бүхэн унших боломжтойгоос гадна надаас эхлээд бидний ихэнх маань эцсийн дээд түвшинд хараахан хүрч чадаагүй байгаа учраас өнөөдөр би Важрабхайрава садханаг тайлбарлая гэж бодож байна. Бидний өдөр бүр хэрэгжүүлэх ёстой зүйлсийн нэг нь энэ яах аргагүй мөн” хэмээв.

Тэрээр Важрахайраваг хэрхэн сахих дэг жаягийг нэг бүрчлэн тайлбарлалаа. Маргааш үргэлжлүүлэн тайлбарлана.

Үдээс хойш Дээрхийн Гэгээнтэн дунд сургуульд зочлохоор дахин Катоомба хотыг зорилоо. Түүнийг тосон угтсан Блью Маунтэнс хотын дарга Марк Гринхилл танхимд хуран цугласан 3600 хүнд Дээрхийн Гэгээнтнийг танилцуулахын өмнө нутгийн уугуул иргэдэд талархал илэрхийлэв. Төвөд хүүхдүүдийн төлөөлөл урт насны ерөөл дууг дуулав. “Одоо миний ээлж үү?” хэмээн Дээрхийн Гэгээнтэн асуугаад хурсан олонд хандан ийнхүү хэлэв.

“Хүндэт ахан дүүс нар аа, Би Австрали тивд дахин хөл тавьж байгаа боловч хөдөө орон нутагт анх удаагаа зочилж байна. Энэ нутаг үзэсгэлэнтэй сайхан, бага зэрэг сэрүүн боловч тайван газар байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Блью Мауйнтэнсэд олон нийтэд үргэлжлүүлэн ном айлдлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Блью Мауйнтэнс хотын дарга Марк
Гринхилсстэй уулзаж байгаа нь. Австрали, Нью Саус Уэльс,
Катоомба, 2015. 6. 8. Гэрэл зургийг Расти Стьюарт
“Дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүний нэг нь би. Бид бие бялдрын, оюун ухааны, сэтгэл санааны хувьд бүгд адилхан. Бид бүгд аз жаргалтай амьдрахыг хүсдэг бөгөөд эхээс мэндэлсэн тэр цаг мөчөөс эхлэн бидний ийнхүү амьдрах эрх үүсдэг. Бид бага балчир насандаа хайр энэрлийг амталж үзсэн учраас бусдад тэрхүү хайр энэрлийг үзүүлэх чадвар бүх хүнд бий.”

Хүн үндсэн мөн чанараараа нигүүлсэнгүй байдаг гэдэг нь шинжлэх ухааны туршилтаар батлагдсан тухай ярьлаа. Нялх балчир хүүхдүүдэд бусдад тусалж байгаа болон саад болж байгаа зургуудыг үзүүлэхэд тусалж байгааг нь сонгож байсан байна. Түүнчлэн байнгын айдас хүйдэс, уур уцаар, үзэн ядалт хүний дархлааны тогтолцоог эвдэж байдаг нь нотлогдсон. Илүү энэрэнгүй хандлага нь дотоод хүч чадал, өөртөө итгэлтэй байдал, амар амгалан сэтгэлийг бий болгодог хэмээн хэлэв. Эрүүл сэтгэл санаа бие махбодийн эрүүл мэндийг дээшлүүлж байдаг.

“Хүн бүрийн сэтгэлийн гүнд хайр, энэрлийн үр суулгаастай байдаг. Энэ бол хүн төрөлхтний итгэл найдвар бөгөөд бид үүнд илүү их анхаарал хандуулах хэрэгтэй. Харамсалтай нь хүний үнэт зүйл гэх бидний сэтгэл бага залууд маань хүчтэй байдаг хэрнээ нас ахиж, илүү бие даахын хэрээр замхран бүдгэрдэг. Өнөөгийн боловсролын тогтолцоо эд материалын хөгжлийг зорилго болгож, дотоод үнэт зүйлд маш бага цаг зарцуулж байна. Хүмүүс хүний үнэт зүйлсийн эрэлд гарахдаа ихэнхдээ шашинд ханддаг бол өнөөдөр дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүний нэг тэрбум нь аль нэг шашныг шүтдэггүйн дээр энэрэнгүй сэтгэлтэй байх албагүй гэж үзэж байна. Үүний зэрэгцээ шашин шүтдэг хүмүүс дотор чин сэтгэлээсээ шүтдэггүй олон хүн байгаагаас гадна хүлээцтэй байдал, эв зохицол, дотоод амар амгаланг тогтоох ёстой шашин маань хүртэл зөрчилдөөн тэмцлийн шалтаг болж байна.
“Тэгэхээр дотоод үнэт зүйлсийг хөгжүүлэх зохистой арга бол иргэний ёс зүйг хэвшүүлэх арга байж болох юм. Иргэний гэсэн нэр томьёонд зарим найз нөхөд маань болгоомжтой хандаж байгаа боловч, Энэтхэгийн агуулгаар бол энэ нь шашнаас огт ангид зүйл бус, харин бүх шашны хийгээд шашингүйн үзэлтний үзэл бодолд хүндэтгэлтэй хандана гэсэн үг юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Блью Мауйнтэнсэд олон нийтэд үргэлжлүүлэн ном айлдлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Катоомбагийн дунд сургууль дээр
үг хэлж байгаа нь. Австрали, Нью Саус Уэльс, Катоомба, 2015.6.8.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
Дотоод үнэт зүйл дутагдсан гэр бүл баян байсан ч, хүч нөлөөтэй байсан ч аз жаргалгүй байдаг. Харин чинээлэг биш ч гэлээ хайр, өгөөмөр сэтгэл бухий гэр бүл байнга баяр баяслаар цалгиж байдаг. Сайхан сэтгэл бол аз жаргалын эх ундарга мөн.”

Хүн болж төрснөөр заяагдсан агуу бэлэг бол инээмсэглэл хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Дараагийнх нь хүний тархи. Аливаа зүйл бидний хэтийн, эсвэл ойрын зорилгод нийцэж буй эсэхийг шийдэхийн тулд бид оюун ухаанаа дайчлах хэрэгтэй хэмээн айлдлаа.

“Уурлах нь ямаг ашигтай вэ? гээд өөрсдөөсөө асуугаад үз. Ямар ч ашиг байхгүй. Уур хилэн бидний дотоод амар амгалан, нөхөрлөл хийгээд аз жаргалтай гэр бүлийг бусниулан сүйтгэдэг. Нөгөө талаас хайр энэрэл асар том үр өгөөжийг өгдгөөс гадна бие бялдрын эрүүл мэнд, сэтгэлийн амар амгаланг бий болгодог. Бусдын төлөө санаа тавих нь итгэлийг буй болгож, улмаар итгэл нь нөхөрлөлийн эх суурь болдог. Бид нийгмийн амьтад учраас нөхөрлөл бидний хувьд чухал ач холбогдолтой. Бидний эсэн мэнд амьдрах маань бусдаас хамаарна.

Хүн төрөлхтөнд өнөөдөр тулгарч байгаа олон асуудлыг хүмүүс өөрсдөө бий болгосон. Хэн ч хүндрэлтэй тулгарахыг хүсдэггүй хэрнээ өөрсөддөө асуудал үүсгэсээр байна. Бид сэтгэлийнхээ сөрөг хандлагын боол болж байгаа учраас шийдлийг олох хариуцлагыг бид бас нуруундаа үүрэх ёстой.

Дэлхий ертөнц даяарчлагдаж байна. Уур амьсгалын өөрчлөлт бид бүгдэд нөлөөлж , үүнээс хэн ч зайлсхийн нуугдаж чадахгүй. Дэлхийн эдийн засаг гэсэн үг нь нэг дэлхийн гишүүд болсон бусад хүмүүсийн талаар бодох шаардлагатай гэсэнтэй утга нэг юм. Тиймээс л эрүүл ухаан, хамтын туршлага дээр суурилан хүний үнэт зүйлсийг боловсролын тогтолцоонд нэвтрүүлэх шаардлагатай байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Блью Мауйнтэнсэд олон нийтэд үргэлжлүүлэн ном айлдлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Катоомба сургууль дээр хийсэн
яриаг сонсож байгаа хүмүүс. Австрали, Нью Саус Уэльс, Катоомба,
2015. 6. 8. Гэрэл зургийг Расти Стьюарт
Бусдыг хайрлах, асрах тухай сэтгэлийг хэвшүүлэх энгийн дасгалаас эерэг үр дүн гарсныг баталсан шинжлэх ухааны нотолгооны талаар Дээрхийн Гэгээнтэн өгүүллээ. Судалгаанд оролцогсдын цусны даралт, стресс болон бусад хүчин зүйлийг хэмжсэний дараа 3 долоо хоногийн туршид өдөрт цаг хагасын хугацаанд хайр, нигүүлслийг хэвшүүлэх дасгал хийлгэж байсан байна. Туршилтын төгсгөлд тэдний цусны даралт, стрессийн түвшин буурч, бусадтай харьцах харьцаа нь сайжирсан ажээ. Үүнээс дүгнэн хэлэхэд, хэрвээ бид дэлхий ертөнцийг илүү сайхан болгохыг хүсч байгаа бол гэр бүлдээ, орон нутагтаа, улс үндэстнээ илүү ээнэрэнгүй болгох хариуцлагыг үүрэх ёстой..

Үлдсэн амьдралдаа ийм өөрчлөлт гарахыг харж амжихгүй хэмээн Дээрхийн Гэгээнтэн өгүүлэв. Харин 21 дүгээр зуунд харьяалагдаж байгаа, өнөөгийн залуу үеийнхэнд өөрчлөлтийг хийх боломж байна. Тэдэнд алсын хараа хэрэгтэйгээс гадна тэд одооноос үйл ажиллагаагаа эхлэх хэрэгтэй байна.

Дээрхийн Гэгээнтэн ярианыхаа төгсгөлд,

“Хэрвээ та бүхэн намайг өөрийн нэг анд нөхрөө гэж үзэж байгаа бол өнөөдөр миний хэлсэн үгийг тунгаан бодоод дэлхий дахиныг сайн сайхан болгоход хэрхэн хувь нэмрээ оруулж болох вэ хэмээн өөрсдөөсөө асуугаасай гэж хүсч байна” хэмээн айлдлаа.

Танхимаас тавьсан асуултад Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа, шашны хийгээд гүн ухааны асуудлаас ялгаатай нь шашны зан заншлын хэсэг нь зарим талаар хоцрогдсон учраас өөрчлөх ёстой зүйлийн нэг хэмээн хэллээ. Бурхан Будда эрэгтэй эмэгтэй хүмүүст шашны үйл хэрэгт оролцох тэгш эрх өгсөн байтал эрэгтэй лам хуврагууд одоо ч давуу эрх эдэлж байгаа жишээг тэрээр дурдав. Тэрээр өөрчлөлтийг хүлээж байгаа ч, үүнд олон улсын Буддын нийгэмлэгийн зөвшөөрөл хэрэгтэй гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Блью Мауйнтэнсэд олон нийтэд үргэлжлүүлэн ном айлдлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг 3600 гаруй хүн
сонслоо. Австрали, Нью Саус Уэльс, Катоомба, 2015. 6. 8.
Гэрэл зургийг Расти Стьюарт
Өршөөл уучлалын тухайд тэрээр 1959 оны дараа Төвөдөд шоронд ороод, 18 жилийг тэндээ өнгөрүүлсэн Намжил хийдийн нэгэн настай ламын түүхээс хүүрнэв. 1980-аад онд суллагдсаныхаа дараа тэр хүн Энэтхэгт ирэхэд нь түүнтэй уулзах боломж тохиосон хэмээн Дээрхийн Гэгээнтэн ярилаа. Тэр лам хэд хэдэн удаа аймшигт аюултай нүүр тулсан тухайгаа ярихад нь түүний амь нас аюулд тулжээ хэмээн Дээрхийн Гэгээнтэн бодсон байна. Гэтэл түүнийг шоронд хийсэн хүмүүст хандах нигүүлслийн сэтгэлээ алдах дөхсөн гэдгээ лам тайлбарлан ярьсан байна.

“Энэ бол үнэнхүү шүтлэг. Энэ бол өршөөл уучлалын бодит жишээ” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэллээ.
Үйл хөдлөл хийгээд үйлдэгчийг ялгаж танихын чухлыг тэрээр онцлон тэмдэглэв. Үйл хөдлөл нь буруу байж болох ч, үйлдэгч нь хүн хэвээр байдаг.

Эцэг эх, хүүхдийн харилцааны талаар хэд хэдэн хүн асуулт тавихад, өөрт нь хүүхэд байхгүй учраас энэ талаар туршлага байхгүй хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариуллаа. Гэхдээ түүний эцэг сайхан сэтгэлтэй байсан ч амархан бухимддаг байсан бол ээж нь эелдэг зөөлөн байсан бөгөөд түүний ууртай байхыг хэн ч харж байгаагүй хэмээн дурсан ярилаа. Хэрвээ хүүхэдтэй байсан бол хэнийг нь дууриах байсан бол гэж боддог гэв.

Харамсдаг ямар нэг зүйл байдаг уу гэсэн асуултад, хүүхэд байхдаа залхуурч, сурч мэдэхдээ хойрго ханддаг байсан гэлээ. Сурч мэдэх боломжтой үедээ суралцаагүй, өнгөрсөн цагийг буцаах боломжгүй нь харамсалтай. Мөн ахтайгаа муудалцаж, нүүрэн дээр нь сорви үлдээсэндээ, одоо тэр ах нь насан өөд болсон байгаад харамсдаг хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Блью Мауйнтэнсэд олон нийтэд үргэлжлүүлэн ном айлдлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сонсогчдын асуултад хариулж
байгаа нь. Австрали, Нью Саус Уэльс, Катоомба, 2015. 6. 8.
Гэрэл зургийг Расти Стьюарт
Хүүхдүүдийнхээ өмнө ч уураа барьж чаддаггүй нөхөртэйгээ яаж харьцах вэ гэсэн нэгэн эхийн асуултад, “есөн удаа унасан ч, есөн удаа босч ир” гэсэн төвөд ардын зүйр цэцэн үгийг тэрээр эш татан хариулав. Нөхцөл байдлыг зөөлрүүлэх талаар хичээхийг зөвлөөд, хэрвээ энэ нь тус болохгүй бол нөхрөөсөө салах талаар бодох шаардлагатай ч байж магад хэмээн хэллээ.

Хүүхдүүдэд өршөөл уучлалын талаар хэрхэн заах тухай асуудлыг Дээрхийн Гэгээнтэн хөндөн хэлэхдээ, сэтгэл хөдлөлийг сайн танин мэдэх шаардлагатай гэв. Сэтгэл хөдлөлөө хэрхэн төвшитгөх талаар бодит мэдлэгийг олохын тулд сэтгэлийн үйл ажиллагааны талаар гүн гүнзгий мэдлэгийг олох хэрэгтэй хэмээн зөвлөлөө. Эртний Энэтхэгийн болон буддын сэтгэл зүйн судлалд энэ талаар маш их зүйлийг сургасан байдаг бөгөөд Энэтхэгт эртний болон орчин үеийн мэдлэг хоршин оршиж болох давуу талтайг байнга зөвлөдөг хэмээн тэмдэглэн хэлэв.

Лалын бүгд найрамдах улсын зүгээс үзүүлж байгаа хүндрэлийн талаарх асуултад хариулахдаа, жинхэнэ лалын шашинтан хүн цус урсгадаггүй хэмээн нэгэн энэтхэг лалын шашинтан хэлснийг дурслаа. Түүнээс гадна ‘жихад’ гэсэн үг нь бусадтай тэмцэх гэсэн утга бус, харин сэтгэлийн сөрөг хандлагатайгаа тэмцэх гэсэн утгатай ажээ. Лалын бүгд найрамдах улсын асуудлыг бид тоомсорлохгүй өнгөрч болохгүйн дээр ямар нэг зүйл хийх ёстой. Гэхдээ тэрхүү бүлэглэлийн гишүүд ч хүн гэдгийг мартах ёсгүй гэдгийг онцлов. Хойд Ирландын зөрчилдөөнд оролцсон хоёр талын аль алиных нь золиос болсон хүмүүстэй уулзсанаа Дээрхийн Гэгээнтэн ярив. Уулзалт болох өрөөнд түүнийг ороход уулзалтын уур амьсгал хүнд, хүмүүсийн царай баргар байсан байна. Тэрээр тэнд байгаа хүмүүстэй ярилцсаны үр дүнд тэд тайвширч, тэдний нүүрний төрх зөөлрөн, улмаар өрөөний уур амьсгал дээрдсэн ажээ. Шашны нэрээр өнөөдөр үүсээд байгаа олон тохиолдлын шалтгаан нь өнгөрсөн үеийн бидний алдаанаас үүдэлтэй гэдгийг тэр тэмдэглэн хэллээ.

“Хүсээгүй газартаа төрсөн хүн өөрчлөлт шинэчлэлийг хийж чадах уу?” хэмээх асуултын хариу болгож тэрээр агуу их сэтгэгч бөгөөд шашны томоохон зүтгэлтэн 1 дүгээр Далай Ламын түүхийг ярилаа. 80 насны өндөрлөгт хүрэх үедээ тэр хөгширч байгаа тухайдаа сэтгэл гундуу байгаагаа илэрхийлжээ. Тэр мэдээж диваажин, эсвэл ариун газар төрөх нь дамжиггүй учраас санаа зовох явдалгүй хэмээн шавь нар нь түүнийг тайвшруулсан байна. Харин Далай Лам ариун газарт төрөх хүсэлгүй буйгаа илэрхийлжээ. Хүн амьтан зовсон газар төрөх аваас тэдэнд туслах боломжтой болно хэмээн тэр үзсэн байна. Энэ түүх түүнд онцгой нөлөө үзүүлсэн хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлээд, байнга унших дуртай залбирлаа уншлаа.

Хорвоо ертөнц оршссор байх цагт
Хамаг амьтан амьдарсаар байх үед
Орчлонгийн зовлонг арилгахын тулд
Би бээр мөн амьд байх болтугай

Дээрхийн Гэгээнтнийг индрээс буух үед түүний 80 насны төрсөн өдөрт зориулж хурсан олон ‘Төрсөн өдрийн мэнд хүргэе’ дууг дуулцгаалаа.

Үзсэн: 1 777
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц