Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Оксфордод сургуулийн сурагч, сэтгүүлчид ба “Далай Лам” төвийн гишүүдтэй уулзав

19-09-2015, 05:07  |  Хэвлэх

2015 оны 9 дүгээр сарын 15

Англи, Оксфорд 2015.09.15 – Өчигдөр Энэтхэгээс Оксфордод хүрэлцэн ирсэн Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө бороон дуунаар сэржээ. Түүнийг Магдален коллежийн хурлын танхимд сэтгүүлчидтэй уулзахаар сургуулийн цэцэрлэгт хүрээлэн дундуур алхах зуур бороо бүрэн намдсан байлаа. Тэрээр энэхүү алдартай сургуульд эргэн ирсэндээ баяртай байгаагаа мэдэгдээд очсон газар бүртээ ярьдаг өөрийн гурван үүргийн тухай ярьсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Оксфордод сургуулийн сурагч, сэтгүүлчид ба “Далай Лам” төвийн гишүүдтэй уулзав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэвлэлийн хуралд оролцохоор
Магдален сургуулийн цэцэрлэгт хүрээлэнд алхаж байгаа нь.
Ангил, Оксфорд. 2015.09.14 Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
“Би дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүний нэг мөн. Бидэнд учирч буй ихэнх асуудал бэрхшээлийг бид өөрсдөө бий болгосон. Нэгэнт бид өөрсдөө бий болгосон учир үүнийг арилгах боломж ч бидэнд мөн адил бий. Заримдаа би хүн төрөлхтөнийг хүүхэд шиг байгаасай гэж хүсдэг. Учир нь тэд илүү нээлттэй бөгөөд бусдад илүү их итгэдэг шүү дээ. Хэрвээ бид өсөж торних үедээ илүү нээлттэй бөгөөд нэг нэгэндээ итгэл өгч чаддаггүй байсан бол хүмүүний үнэ цэнийг мэдрэх боломжгүй байх байсан. Өнөөдөр бид өөрсдийн хоёрдугаар зэргийн ялгаа ба “бид ба тэд” гэсэн томьёололд баригдан гацаж байна. Үүнийг саруул ухаан болон мэдлэг боловсрол олох арга замаар арилгах боломжтой болохоос мөргөл залбирал үйлдсэн төдийгөөр үр дүнд хүрэхгүй. Уур хилэн, атаа хорсол гэх мэт сэтгэлийн сөрөг хандлагууд нь аз жаргалын уг үндэс болсон энэрэн нигүүлсэх сэтгэлийг сүйтгэдэг юм. Тиймээс бид сэтгэлийн сөрөг ба эерэг хандлагын ялгааг олж харах хэрэгтэй.”

Тэрээр бурханы шашны хувраг хүнийхээ хувьд шашин хоорондын эв нэгдлийг хөгжүүлэх тал дээр анхаарал хандуулдаг тухайгаа тайлбарлав. Томоохон шашнууд эв найртайгаар хаяа дэрлэн оршиж, цэцэглэн хөгжиж байгаа Энэтхэгийн жишээг дурьдлаа. Бүх уламжлалт шашны сургаалд энэрэн нигүүлсэх, уучлах, сэтгэл хангалуун байхыг номлодог атал өнөө цаг үед шашны итгэл үнэмшилээс болж өдий төдий асуудал, хүчирхийлэл газар авч байгаа нь санаанд багтамгүй хэрэг мөн гэв. Хэрэв бид өдөр тутмын амьдралдаа нөхөрлөлийн уг үндэс болсон итгэлцэлийг бий болгож, халуун дулаан сэтгэлтэй байж чадах юм бол энэ бүгдийг арилгах боломжтой гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Оксфордод сургуулийн сурагч, сэтгүүлчид ба “Далай Лам” төвийн гишүүдтэй уулзав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Магдален сургуульд сэтгүүлч нартай
уулзав. Англи, Оксфорд. 2015.09.14 Гэрэл зургийг Иан Камминг
Эцэст нь тэрээр төвөд хүнийхээ хувьд, хэдэн мянган төвөд хүмүүс түүнд итгэл найдвар хүлээлгэж байгаагийн хувьд тэдний өмнө хүлээсэн үүрэг хариуцлага байдаг тухайгаа тайлбарласан юм. Тэрээр төвөдийн байгал орчныг хамгаалах, энэрэн нигүүлсэх соёл, хүч үл хэрэглэх бурханы шашны зан заншилыг хөгжүүлэх тал дээр анхаарал хандуулдаг хэмээн ярьлаа.

Европт үүсээд буй цагаачдын хямралын талаар асуусанд тэдний нөхцөл байдлыг анхаарч үзэж эхэлсэнд баяртай байгаагаа дуулгаад “Гэхдээ эцсийн эцэст тэднийг цагаачлахаас өөр аргагүйд хүргэсэн аллага, дайн тулааныг бид хүч үл хэрэглэх замаар зогсоох хэрэгтэй байна. Ислам болон өрнөдийн соёл иргэншилийн зөрчилдөөний талаар ярих нь буруу юм. Муслим найз нар минь надад “Жинхэнэ муслим хүн цус урсгахыг зөвшөөрдөггүй бөгөөд Аллахын бүтээл бүгдэд хүндэтгэлтэй ханддаг байх ёстой” гэж ярьж билээ.” хэмээн дурсав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Оксфордод сургуулийн сурагч, сэтгүүлчид ба “Далай Лам” төвийн гишүүдтэй уулзав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Магдален сургуульд сэтгүүлч нартай
уулзав. Англи, Оксфорд. 2015.09.14 Гэрэл зургийг Жерреми Рассел
Тэрээр шинэ байгуулагдсан “Энэрэн нигүүлсэхүйн төлөөх Далай Ламын төв” ТББ-ын хамт олны ажлыг магтан сайшаасан бөгөөд цаашид өргөн хүрээнд улам илүү ажилах тал дээр анхаарах хэрэгтэй гэж захив. Нэгэн сэтгүүлч Төвөд нутаг дахь материаллаг хөгжил төвөдүүдэд хэр их үр өгөөжтэй байгаа талаар сонирхон асуусанд “Зам тээвэр, онгоцны буудал, төмөр зам гэх мэт дэд бүтэц хөгжиж байгаа нь сайн хэрэг” гэв. Мөн тэрээр ерөнхийлөгч Ши Жинпинийг өмнөх удирдагч нараас илүү реалист хүн гэж дүгнэж байгаагаа хэлэв. Түүнийг авилга хээл хахуультай зоригтой тэмцэж байна гэв. Төвөдийн Өөртөө Засах орон байгуулагдсаны 60 жилийн ойгоор албаны хүмүүс төвөдүүдийг аз жаргалтай амьдарч байна хэмээн мэдэгдэж байсан ч олон төвөд хүмүүс сэтгэлдээ гүн гунигтай байгааг ерөнхийлөгч тэмдэглэн хэлсэн байна.

Нэгэн сэтгүүлч хэвлэлийнхэн нийгмийн сайн сайханд хэр нөлөө үзүүлж чадах талаар асуусанд “Хэвлэлийнхэн хэдийгээр дэлхийг өөрчилж чадахгүй ч нийгэмд эерэг уур амьсгал бий болгоход чухал үүрэгтэй” гэв.

Үүний дараа Дээрхийн Гэгээнтнийг Родес Хауст урин залсан бөгөөд тэрээр Милнер хурлын танхимд цугласан ерөнхий боловсролын гурван сургуулаас цугласан сурагчидтай мэндчилэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Оксфордод сургуулийн сурагч, сэтгүүлчид ба “Далай Лам” төвийн гишүүдтэй уулзав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Магдален сургуулийн хурлын танхимд
сургуулийн сурагчидтай уулзав. Англи, Оксфорд. 2015.09.14
Гэрэл зургийг Иан Камминг
“Залуу дүү нар минь, цаг хугацаа үргэлж урсаж байдаг. Бид өнгөрснийг өөрчилж чадахгүй бөгөөд ирээдүй ч хараахан ирээгүй байна. Гэвч ямар ирээдүй ирэх нь биднээс шалтаална. Бид ирээдүйг өөрчилж чадна. XX зууны бид нарын үүсгэсэн олон асуудал бэрхшээлийг та бүхэн шийдэх хэрэгтэй болж байна. Та бүхнийг XXI зууны төгсгөлд энх амгалан дэлхийг бий болгож чадна гэдэгт бид итгэж байна. Хамгийн гол нь бидний дунд байх хоёр дугаар зэргийн ялгаанд ач холбогдол өгөлгүй хүн төрөлхтөн бүхэлдээ нэг нэгнээсээ хамаарсан нэгэн том гэр бүл юм шүү гэж бодох хэрэгтэй.”

“Өнөөдөр цэрэг зэвсгийг зогсоох, зэвсэг хураах нь зүүд мэт санагдавч ирээдүйд та бүхэн үүнийг бодит болгож энх амгалан цогцолсон, аз жаргал дүүрэн дэлхийг бүрдүүлэх хэрэгтэй. Ирээдүй та бүхний гарт бий. Сайхан ирээдүй нь бусдад аль чадлаараа анхаарал хандуулж нэг нэгнээ энэрэн хайрлахаас шалтгаална. Энэрэн нигүүлсэх сайхан сэтгэлийг бий болгохын тулд ёс суртахуун, хүмүүний үнэ цэнэ гэх зэргийг заадаг хичээлийг боловсролын системд оруулах хэрэгтэй.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Оксфордод сургуулийн сурагч, сэтгүүлчид ба “Далай Лам” төвийн гишүүдтэй уулзав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ярилцлаганд оролцсон зарим хүүхдийн
хамт. Англи, Оксфорд. 2015.09.14 Гэрэл зургийг Жерреми Рассел
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг үг хэлж дууссаны дараа сурагчид асуулт асуулаа. Эхний асуулт Сирийн дүрвэгсдийн тухай байв. Дээрхийн Гэгээнтэн энэ асуудалд илүү их анхаарал хандуулж эхэлснийг сайшаагаад тэдэнд удаан хугацааны боловсрол, ажил мэргэжил олгох тал дээр анхаарах хэрэгтэй гэв. Хамгийн гол нь тэднийг дүрвэхэд хүргэсэн нутаг оронд нь өрнөж буй олон асуудлыг зогсоох хэрэгтэй гэлээ.

Хоёрдугаар бүлгийн сурагчид өөрсдийн “Эелдэг бай, эелдэг бай, эелдэг бай” гэсэн гурван дүрмээ танилцуулсанд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам санал нэгдэж “Бидний аз жаргал хүн төрөлхтөний амар амгалан байдлаас шалтгаалж байдаг. Тиймээс бид бүх хүн төрөлхтөний сайн сайхны төлөө бодох ёстой” гэлээ.

Гуравдугаар бүлгийн сурагчид өөрсдийн тэжээдэг тахианы өндгөөр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг дайлав.

Дараа нь Далай лам “Энэрэн нигүүлсэхүйн төлөөх Далай Ламын төв” ТББ-ын хамт олонтой эргэн уулзсан бөгөөд XXI зуунд ч хүмүүс хуучин сэтгэлгээтэйгээ зууралдасны улмаас өөрсдийн бий болгосон олон асуудал бэрхшээлтэй нүүр тулгарч байгаа тухай ярьлаа. Тэрээр саяхан Орос, Хятад улсууд цэргийн жагсаал хийж өөрсдийн зэр зэвсгээ дэлхий нийтэд гайхуулсан тухай дурьдлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Оксфордод сургуулийн сурагч, сэтгүүлчид ба “Далай Лам” төвийн гишүүдтэй уулзав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам шинээр байгуулагдсан "Энэрлийн
төлөөх Далай Ламын төв" ТББ-ын гишүүдтэй уулзав. Англи, Оксфорд.
2015.09.14 Гэрэл зургийг Кеико Икеүчи
“Бид бүгдээрээ аз жаргалтай байхыг хүсдэг ба зовлон зүдгүүрийг хэн ч хүсдэггүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үүнийг бүх нийтэд ойлгуулахын тулд боловсролын тогтолцоо болон мэдлэг ухамсарыг хөгжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй байна.”

Эм эмчилгээгээр сэтгэлийн тэнцвэрт байдлыг хадгалж болох эсэхийг асуусанд Дээрхийн Гэгээнтэн “Сэтгэлийн хөдөлгөөнийг дарсан төдийгөөр үр дүнд хүрнэ гэдэгт би эргэлзэж байна. Сэтгэлийн сөрөг хандлага нь оюун санааны нэгэн хэсэг тул үүнтэй оюун санааны түвшинд тэмцэх хэрэгтэй болно. Тиймээс сэтгэл хөдлөлийн бүхий л нарийн системийг мэдэх шаардлагатай. Сэтгэл судлалын талаар эртний Энэтхэгт асар гүнзгий сургалт бий болсон бөгөөд манай төвөдүүд энэхүү сургалтыг эдүгээг хүртэл хадгалж ирсэн юм.” хэмээн хариулав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам буддын ном сургаалыг шинжлэх ухааны, философийн, шашны гэсэн гурван ангилалд хувааж болох талаар ярьлаа. Эдгээрээс шинжлэх ухаан болон философийн ном зохиолыг академик түвшинд хэн ч судалж болох бөгөөд шашны номлол нь бурханы шашинтан нарын сургаал мөн гэж тайлбарлав. Тэрээр эцэст нь энэрэн нигүүлсэх сэтгэлийг өөрийн сэтгэлтэй уялдуулах тал дээр анхааран суралцах хэрэгтэй гэж зөвлөв.

Оксфордын төвөд судлалын тэнхимийн гишүүдтэй уулзах үед тус тэнхимийн гишүүд бүгд гарын үсгээ зурсан Антони Арисийн бүтээлийн дээжээс гардуулав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Оксфордод сургуулийн сурагч, сэтгүүлчид ба “Далай Лам” төвийн гишүүдтэй уулзав
Дээрхийн Гэгээнтэн Оксфордын Төвөд судлалын тэнхимийн гишүүдтэй
уулзав. Англи, Оксфорд. 2015.09.14 Гэрэл зургийг Жерреми Рассел
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам төвөдөд бурханы шашин дэлгэрсэн нь чухал ач холбогдолтой байсан талаар ярьлаа. Дайн тулаанд дуртай байсан төвөдүүд бурханы шашин дэлгэрснээс хойш илүү энх тайвныг чухалчилсан, энэрэн нигүүлсэх сэтгэлтэй болж эхэлсэн байна. Төвөдийн соёл өнөө цаг үед тун чухал болохыг тэрээр дурьдаад Америкт ногоо цэвэрлэх ажил хийж байсан төвөд хүний тухай ярьсан юм. Тэр төвөд хүн ногоо цэвэрлэх үедээ тэнд байсан хорхой шавьж бүрийг нь ялган тавьж явуулдаг байжээ. Түүнийг харсан бусад хүмүүс энэ тухай гайхан асуусанд “Манай төвөдүүд бүх амьд амьтанд хүндэтгэлтэй ханддаг бөгөөд тэднийг аль болох егүүтгэхгүй байхыг хичээдэг” гэж хариулсан байна. Үүний дараа түүнтэй хамт ажиллаж байсан бусад хүмүүс ч мөн адил хорхой шавьжийг амьд үлдээж эхэлжээ.

“Төвөдүүд өөрийн гэсэн соёлтой, тэр нь Хятадын соёл биш юм. Бид өөрсдийн үнэт соёлоо хадгалахын төлөө хичээж байна. Бид өөрсдийн хэл, шашин, соёлоо хадгалж чадвал үүний дор өнөөгийн төвөдүүд нэгдэж чадах болно.” хэмээн Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ярьлаа.

Ингээд энэ өдрийн сүүлийн арга хэмжээ нь Далай Лам “Энэрэн нигүүлсэхүйн төлөөх Далай Ламын төв” ТББ-д ажиллаж буй Алекс Норман болон түүний эхнэр зэрэг хуучны анд нөхөдтэйгээ ярилцах албан бус уулзалт байлаа. Тэрээр Алекс Норманы эхнэрийн хичээлийн тухай дурсамжаар яриагаа эхэлсэн бөгөөд боловсролын системд анхаарал хандуулах цаг нэгэнт болсныг онцлов. Боловсролын тогтолцоог сайжруулах нь бидний ганц итгэл найдвар болж байна гэлээ. Түүний ажигласнаар шашны болон философийн үзэл нь нэлээд тогтвортой байдаг бол соёлын хувьд арай өөр ажээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Оксфордод сургуулийн сурагч, сэтгүүлчид ба “Далай Лам” төвийн гишүүдтэй уулзав
Дээрхийн Гэгээнтэн "Энэрлийн төлөөх Далай Ламын төв" ТББ-ын
нээлтэнд үг хэлж байгаа нь.Англи, Оксфорд. 2015.09.14
Гэрэл зургийг Кеико Икеүчи
Шашнаас ангид ёс суртахууны талаар ярихдаа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн эрдэмтэн дк.Амбедкар болон Энэтхэгийн анхны ерөнхийлөгч Ражендра Прасад нарын тухай дурслаа. Тэд үнэхээр шашны гүн сүсэгтэн нар мөн боловч шашнаас ангид ёс суртахууны талаар нэлээд дэлгэрэнгүй заалтыг үндсэн хуульдаа оруулжээ. Шашнаас ангид ёс суртахууны шаардлага өнөө цаг үед маш чухал болохыг тэрээр ахин тэмдэглэв.

Шинжлэх ухааны эрдэмтэд хүний сэтгэлийн үндсэн мөн чанар нь нигүүлсэнгүй болохыг нотлосон байна. Жишээлбэл эд хөрөнгө багатай ч гэсэн энэрэн нигүүлсэх хийгээд ёс суртахуунтай байж чадах юм бол тухайн гэр бүл аз жаргалтай байж чаддаг ба эсрэгээрээ баян чинээлэг хэрнээ аз жаргалгүй амьдарч байгаа гэр бүл байдгийг Дээрхийн Гэгээнтэн онцлов.

“Хэдийгээр шашин нийгэмд нэлээдгүй үүрэгтэй ч аль нэгэн шашныг бүх нийтээр хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тийм учраас шашнаас ангид ёс суртахуун өнөө цаг үед маш чухал болоод байна.”

Ингээд тэрээр сүүлийн асуултанд:

“Бодит хандлагатай байх хэрэгтэй. Хөгшин хүмүүс залуу хүмүүс шиг аяглах, тэнэгүүд ухаантай мэт дүр эсгэх хэрэггүй бөгөөд нөхцөл байдлыг бодитоор хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Дэлхийн өөрчлөлт биднээс хамаарч байна. Хэрэв бид бүгд хичээвэл ирээдүй хойч үеийн залуус маань илүү аз жаргалтай, энх тайван цогцолсон дэлхий нийгмийг үзэх болно. Та бүхэнтэй энд хамт байсандаа баяртай байна. Баярлалаа.” хэмээн хариулсан юм.
Үзсэн: 2 098
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц