“Оюун ухааныг хөгжүүлэхүй ба өөрчлөгдөж хүмүүс” хоёр дахь өдөр

28-09-2015, 17:55  |  Хэвлэх

2015 оны 9 дүгээр сарын 18

Англи, Кэмбридж. 2015.09.17- Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Крипс Кортыг чиглэн явахад бүртийх үүлгүй цэлмэг тэнгэрт наран хурцаар ээж байлаа. ‘Боловсролын хэтийн төлөв’ сэдэв бүхий өглөөний хэлэлцүүлгийг Эд Кесслер удирдсан байна.

“Оюун ухааныг хөгжүүлэхүй ба өөрчлөгдөж хүмүүс” хоёр дахь өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Магдален коллежийн Сэр Хамфрей
Крипс театрт ирсэн даруйдаа хуучин анд нөхөдтэйгөө уулзав.
Их Британи, Кембриж, 2015.9.17. Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
Хэлэлцүүлгийн эхэнд лорд Рован Виллиамс боловсролын тухай өөрийн үзэл бодлыг илэрхийлэв. Амьдралынх нь эхний он жилүүдэд хүүхдэд анхаарал тавих чухлыг тэрээр тэмдэглээд, сургуулийн анги танхимын хэмжээг анхаарах цаг болсон хэмээлээ. Мөн тэрээр боловсрол гэдэг нь нэг саван дахь зүйлийг нөгөө сав руу юүлэх үйл явц гэж үү гэсэн асуултыг тавиад, бүтээлч, энэрэнгүй хүн төлөвшүүлэх тогтолцоог бид хэрхэн бий болгох талаар бодох ёстойг тэмдэглэн хэллээ. Түүний эхнэр сургуулиудад багшлах үйл явцад тусалдаг байхдаа хүүхдүүдтэй ярилцдаг байсан бөгөөд хүүхдүүд урьд нь том хүмүүстэй хэзээ ч ийнхүү эн зэрэгцэж ярьж байгаагүй гэж хэлж байсан тухай дурсан ярив.

Эртний Энэтхэгээс Төвөдөд уламжлагдан ирсэн сургалтын хэв буюу багш хэдхэн шавьтай тулж ажилладаг аргачлалын талаар Дээрхийн Гэгээнтэн тодорхой тайлбарлан ярилаа. Багш эхлээд үзэж байгаа номыг маш нарийн тайлбарладаг. Шавь номоо уншиж, судалсны үндсэн дээр бусад сурагчидтай ном хаялцана. Учир шалтгааны ухааныг ашиглан хэлэлцэж байгаа сэдвийнхээ хүрээнд тэд эргэлзэж, шүүмжлэлтэй ханддаг нь оюун ухааныг хурцлахад тустай байдаг. Тэрээр мэдлэг олох гурван үе шатыг тодорхойлон хэлэхдээ,

“Хамгийн түрүүнд багшийн амнаас гарсан үгнээс, эсвэл номноос уншиж мэдлэг авдаг. Дараа нь та олж авсан мэдлэгийнхээ талаар бодож, тунгаана. Өөр бусад ном уншиж, өөр олон үзэл бодолтой танилцана. Буддын хийгээд буддын бус сэтгэлгээний олон төрлийг судалж, яагаад ийм олон төрөл байгааг эргэцүүлэн бодно. Гурав дахь үе шат бол амьдрал дээр туршин олсон мэдлэгээ дадлагжуулах явдал юм” хэмээн айлдлаа.

“Оюун ухааныг хөгжүүлэхүй ба өөрчлөгдөж хүмүүс” хоёр дахь өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Магдален коллеж дээр зохион
байгуулагдаж байгаа хэлэлцүүлгийн хоёр дахь өдөр үг хэлж
байгаа нь. Их Британи, Кембриж, 2015.9.17.
Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
Сэтгэл хийгээд сэтгэл хөдлөлийн үйл явцыг ойлгоход тэдгээрийн үр дагавар тухайлбал уур хилэн, сэтгэлийн түгшүүр, сэтгэл гутрал зэргийг ажиглах нь чухал ач холбогдолтойг Дээрхийн Гэгээнтэн санууллаа. Үүний ачаар хүн төрөлхтний нэгдмэл байдлыг ойлгож чадна. Өнөөдрийн даяаршсан дэлхийд миний үндэстэн, миний нутаг хэмээн хязгаарлах нь зохимжгүй болоод байна. Урьд нь хүний үнэт зүйлсийн тухай ойлголтыг сүм хийдүүд дэлгэрүүлдэг байсан бол өнөөдөр тэдний нөлөө буурахын зэрэгцээ сургууль болон боловсролын байгууллагууд энэ үүргийг хараахан биелүүлж чадахгүй байгааг тэмдэглэн хэлэв. Тэд энэ үүрэг хариуцлагыг үүрэх хэрэгтэй учраас Дээрхийн Гэгээнтэн иргэний ёс зүйн сургалтыг орчин үеийн боловсролд нэвтрүүлэх ажлыг санаачилж, сургалтын зохих хөтөлбөр боловсруулах ажлыг дэмжиж байгаа билээ.

Шашны байгууллагууд хүний сайн сайхан болон улам өсөн нэмэгдэж байгаа бидний харилцан хамаарлын тухай ярьдаг байх шаардлагатайг лорд Виллиамс тэмдэглэн хэлэв. Танхимаас тавьсан асуултад тэрээр хариулахдаа, аль нэг зүйлийн гарцаагүйг нотлохын оронд өөртөө итгэлтэй байдлыг бий болгоход анхаарах ёстой гэв. “Бүү сандар” гэсэн бичгийг сургуулиудын хаалганы дээр өлгөхийг хүсч буйгаа тэр хэллээ.

“Оюун ухааныг хөгжүүлэхүй ба өөрчлөгдөж хүмүүс” хоёр дахь өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ба лорд Рован Виллиамс нар
хэлэлцүүлэг хийж байгаа бүлэг хүмүүстэй уулзлаа. Их Британи,
Кембриж, 2015.9.17. Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
Дээрхийн Гэгээнтэн, лорд Виллиамс нар боловсрол, зөрчилдөөнийг шийдвэрлэх арга болон эрх чөлөөний сэдвээрх хэлэлцүүлгийн бүлэгт дараа нь орж ажиллав. Түүний сургаалийг сохроор дагаж бишрэлгүй нягталж, шалгаж үзэхийг шавь нартаа сургасан Бурхан Багшийн зөвөлгөө өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй хэмээн Дээрхийн Гэгээнтэн илэрхийлэв. Ёс зүй бол зарчим болохоос, хатуу хэм хэмжээ биш бөгөөд үйл хөдлөлийн чухал шалгуур нь сэдэл хэмээн тэр хэлэв. Өнөөдөр олон хүн улс төрийг бохир гэж хэлдэг ч, улс төр бус, харин улс төрчдийн сэдэл бохир байдагт асуудал оршдог гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэлээ. Эрх чөлөө бол юу дуртайгаа хийхийн нэр бус, харин хүний энэрэнгүй мөн чанарт суурилдаг гэдгийг тэр тогдотгон хэлэв. Хүч үл хэрэглэх тухай эртний Энэтхэгийн ахимса үзэлд үүрэг хариуцлагын ухагдахуун агуулагдсан байдаг. Энэ нь нэг талаас боломжийн хэрээр бусдад үйлчлэхийн тухай, нөгөө талаас илүү чухал нь бусдад хор хөнөөл хүргэх чадалтай байсан ч үүнээсээ татгалзахын тухай юм.

Үдээс хойших сүүлчийн нэгдсэн хуралдааныг Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Дели дэх Нийтийн Хариуцлагын Сангийн нарийн бичгийн дарга Ражив Мехротра даргаллаа. Хэлэлцүүлгийн эхэнд хурлын дарга танхимд суугаа хүмүүсийг шашин шүтдэг, шүтлэгтэй, шүтлэггүй эсэхийг нь лавлаж гарыг нь өргүүлэв. Цөөхөн хүн шүтлэггүй гэдэг дээр гар өргөсөн байна.

“Оюун ухааныг хөгжүүлэхүй ба өөрчлөгдөж хүмүүс” хоёр дахь өдөр
Хурлын дарга Ражив Мехротра Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон
лорд Виллиамсаас асуулт асууж байгаа нь. Их Британи, Кембриж,
2015.9.17. Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
Мехротра лорд Виллиамсаас шашин шүтэх, шүтлэгтэй байх хоёрын ялгааг асуулаа. Шашин бол уян хатан бус, эзэн биегүй зүйл гэсэн нийтлэг тодорхойлолтыг тэр эш татаад, шүтлэг бол хувь хүн өөртөө олж авах зүйл хэмээн хэлэв. Гэвч хэрвээ шашин шинэ ололт нээлтийг эрэлхийлэхгүй бол хоосонтой нэгэн адил, шүтлэг бодит ертөнцтэй холбоогүй бол мөн хоосон гэдгийг тэр тэмдэглэлээ. Тэрээр шүтэж бишрэх талаар ярихыг илүүд үзэж буйгаа хэлээд, шүтэн бишрэхэд итгэл хэрэгтэй, энэ нь буддын шашны аврал одуулахтай утга нэг хэмээн хэлэв. Үнэнч шударга, ил тод байж сурах нь бид бүгдэд нэн шаардлагатай зүйл хэмээн тэр нэмж хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн өөрийн ээлжинд үг хэлэхдээ, шүтлэг бол сайн хүн байхын тулд байдаг учраас тэрээр иргэний шүтлэг байж болох талаар төсөөлөн бодож буйгаа иэлрхийлэв. Хэдийгээр зарим хүн шашинд том барилга байшин хэрэгтэй хэмээн боддог ч, шашин бол итгэл үнэмшил, үнэн хэрэгтээ хайрыг дэлгэрүүлэгч билээ. Шашны янз бүрийн уламжлал нь өөр өөр арга замаар бодит үнэнийг эрэлхийлэх гүн ухааныг номлодог бөгөөд итгэл үнэмшлээр дамжуулан хайр, энэрлийг түгээдэг. Гэхдээ итгэл үнэмшлээ өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэхийн оронд (хоосон) шүтэж бишрэх нь чухал гэж үздэг хүмүүс байх шиг байна.

Амьдралыг бүтээгч Эзэн бүтээсэн, хүн Эзэнтэй шууд холбоотой гэх үзэл санаа нь хүнийг хүчирхэг болгодог гэдгийг Дээрхийн Гэгээнтэн хүлээн зөвшөөрөв. Нэг үнэн, нэг шашин гэх үзэл нь хувь хүний хувьд байж болох ч, өнөөгийн олон шашин бүхий дэлхий ертөнцөд бид олон шашин, олон үнэнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй талаар ярив. Гол нь өөрийн шашин шүтлэгт чин сэтгэлээсээ хандах чухал юм.

“Оюун ухааныг хөгжүүлэхүй ба өөрчлөгдөж хүмүүс” хоёр дахь өдөр
Ярилцлагад оролцогч асуулт тавьж байгаа нь. Их Британи,
Кембриж, 2015.9.17. Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
Танхимаас Томас Мертоны талаар, үхлийг хөнгөвчлөх тухай, ухамсрын мөн чанарын талаарх асуултуудыг тавилаа. Амьдралыг ямар ч үнээр хамаагүй хамгаал гэж шашин бидэнд сургадаггүй хэмээн лорд Виллимс хэлсэн ч, үхлийг түргэсгэж туслах нь зөв арга гэдэгт одоохондоо эргэлзэж буйгаа илэрхийллээ. Лорд болон Дээрхийн Гэгээнтний аль аль нь Томас Мертоныг хүндлэн биширдгээ илэрхийлсэн ба түүнийг христийн хийгээд буддын шашныг холбосон гүүр хэмээн Дээрхийн Гэгээнтэн тодорхойлов.

Ухамсрын тухайд Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ, бидний ердийн ухамсар нь мэдрэхүйн эрхтний мэдрэмжтэй холбоотой байдаг гэв. Зүүдэнд, эсвэл унтаж байхад мэдрэхүй ажилладаггүй учраас энэ үед илүү нарийн түвшний ухамсар бий болдог. Гүн нойрны, ухаан алдах үеийн, нас нөгцөх үеийн ухамсар нь илүү нарийн түвшнийх байдаг. Ухамсар бол тархины үйл ажиллагааны илрэл хэмээн ихэнх эрдэмтэд 20 зууны төгсгөл хүртэл үздэг байсныг тэр дурдав. Гэвч сэтгэцийн уян хатан чанарыг олж нээснээс хойш энэ үзэл бодол өөрчлөгдөж ирсэн байна.

Төвөдөд зарим хүн, ихэнхдээ лам нарын бие нь клиник үхлийн дараа хэдэн өдрөөр муудахгүй хадгалагдан үлдсэн тохиолдлын талааар Дээрхийн Гэгээнтэн ярив. Эрдэмтэд энэ үзэгдлийг сонирхон судалж байгаа бөгөөд төхөөрмжийн тусламжтайгаар зарим нээлтийг хийсэн гэдгийг хэллээ. Нарийн түвшний ухамсар үхлийн дараа хэсэг хугацаанд биед оршсоор байдаг хэмээн төвөдүүд үздэг.

Төвөд хэлнээ орчуулагдсан буддын ном судрын 300 ботийн агуулгыг шинжлэх ухаан, гүн ухаан болон шашны хэмээн ангилж болно гэж Дээрхийн Гэгээнтэн тайлбарлан ярив. Шашны агуулга нь буддистуудын хувьд чухал байж болох ч, шинжлэх ухааны болон гүн ухааны хэсэг нь эрдэм шинжилгээний ач холбогдлоороо бусад хүний анхаарлыг татаж болох юм. Энэ үүднээс буддын шинжлэх ухааны сэдвээр ном бэлтгэсэн байгааг англи болон бусад хэлнээ орчуулж байгаа ажээ. Орчуулга бэлэн болмогц хэдэн хувийг тус коллежид илгээхээ тэрээр амлалаа.

“Оюун ухааныг хөгжүүлэхүй ба өөрчлөгдөж хүмүүс” хоёр дахь өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам лорд Виллиамс нар хурсан олонтой
гар даллан салах ёс хийлээ. Их Британи, Кембриж,
2015.9.17. Гэрэл зургийг Ян Камминг
Нэгдсэн хуралдааны төгсгөлд хэлэлцүүлгийн хэсэг бүрийг төлөөлж нэг хүн товч тайлан тавьсан байна. Зарим тайланд одоо хэрэгжиж байгаа урам зориг өгөхүйц үйл ажиллагааны талаар дурдсан байв.

Хурэлцэн ирж энэхүү арга хэмжээнд оролцсон, арга хэмжээг амжилттай болгоход хувь нэмрээ оруулсан, дэмжиж тусалсан бүх хүнд Камерон Тейлор талархал илэрхийллээ. Энэ арга хэмжээ нь “Хэлэлцүүлгийг Дэмжих Сангийн“ шугамаар зохион байгуулагдаж байгааг тэр сануулаад, цаашид ч ийм арга хэмжээ олноор зохион байгуулагдах бөгөөд тэдгээрт өнөөдөр энд байгаа хүмүүсийг оролцоно гэдэгт итгэж буйгаа тэр хэлэв. Тэр Дээрхийн Гэгээнтэн, лорд Виллиамс, Хиллари Виллиамс-Папворт нарт онцгойлон талархал илэрхийллээ. Оролцогчид халуун дотно уур амьсгалын дунд зургаа авахуулснаар арга хэмжээ өндөрлөв.

Крипс Кортоос хөдлөхийн өмнө Дээрхийн Гэгээнтэн төвөд хүмүүсийн төлөөлөлтэй уулзаж, төвөд хэл, соёл, шашны уламжлалаа хадгалан үлдэхийг тэдэнд уриалсан байна. Түүнтэй уулзахын тулд зорьж ирсэн, гадаа гудманд баяр ёслолын байдалтай мэндчилсэн тэдэнд тэрээр талархаж буйгаа илэрхийлэв. Дээрхийн Гэгээнтэн маргааш Лондон хотыг зорино.

Үзсэн: 2 222
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц