Эмэгтэй хуврагууд “өвлийн их чойр” зохион байгуулж Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын өмнө номын мэтгэлцээн явуулав

7-11-2015, 05:05  |  Хэвлэх

2015 оны 10 дугаар сарын 31

Энэтхэг, Дарамсала. 2015.10.31 – Долоон хийдээс цугларсан эмэгтэй хуврагууд жил бүр зохион байгуулагддаг өвлийн их чойрт оролцож Зүглагхан дуганы өмнөх талбайд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын өмнө номын мэтгэлцээн өрнүүлэв. Гучин таван эмэгтэй хуврагууд Гэдэнчойлин, Долмалин, Жанчүвчойлин, Жамъяанчойлин, эмэгтэй хуврагууд суралцдаг Энэтхэгийн Спити институт, Непалын Гопан болон Түгжэчойлин хийдүүдээс ирсэн байлаа. Энэ жилийн өвлийн их чойрыг Энэтхэгт хамгийн анх байгуулагдсан төвөдийн эмэгтэйчүүдийн хийд болох Гэдэнчойлин хийд зохион байгуулжээ.

Эмэгтэй хуврагууд “өвлийн их чойр” зохион байгуулж Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын өмнө номын мэтгэлцээн явуулав
Эмэгтэй хуврагууд өвлийн их чойрт оролцож, Дээрхийн Гэгээнтний
айлдварыг сонсов. Энэтхэг, Дарамсала, Тэгчэнчойлин хийд.
2015.10.31. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ирэх жил буддын гүн ухааны шалгалтаа өгч дуусах гэвшмаа нарын талаар ярьж яриагаа эхлэв.

Тэрээр бурханы шашин Төвөд оронд бүхэлд нь дэлгэрсэн боловч ихэнх хүмүүс ердийн мухар сүжиг төдийд шүтэж байна гэлээ.

“Бид 21 зуунд амьдарч байгаа бөгөөд Бурхан багшийн айлдсан сургаалыг гэгээрлийн зам мөр гэж ойлгох хэрэгтэй. Бид бурханы шашны сургаалын тухай ярьдаг бөгөөд ярьсан шигээ биелүүлдэг байх хэрэгтэй. Би пали уламжлалыг дагадаг Тайландын лам нартай уулзаж байсан. Тэд винай буюу сахил санваарыг үнэхээр цэвэр ариунаар сахидаг байна. Би тэднээс хутагтын дөрвөн үнэний тухай асуухад тэд винайн сургаалын үүднээс тайлбарлаж байсан юм.”

“Буддын гүн ухааны түвшин бүр “би үгүй”-г номлодог боловч өөр өөрөөр тайлбарладаг. Жишээлбэл Абхидармын ёсоор “би үгүй”-г тайлбарлах боловч гүн ухааны дээд түвшин болох төв үзлийн байр сууринаас авч үзвэл тийм ч оновчтой тайлбар болж чаддаггүй. Хоосон чанарын үзэл онолыг дээд түвшинд судалсан Нагаржуна нарын үзэл нь тодорхой бөгөөд маш нарийн тайлбартай байдаг. Буддын гүн ухааны томоохон сэтгэгчид болох Дармакирти, Шантаракшита тэргүүтэй буддын гүн ухааны эрдэмтэд бусад шашны эрдэмтэдтэй өргөн хүрээнд номын мэтгэлцээ явуулдаг байсан бөгөөд үүний үр дүнд тэдний мэдлэг үнэхээр гүн гүнзгий болсон байна.”

Эмэгтэй хуврагууд “өвлийн их чойр” зохион байгуулж Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын өмнө номын мэтгэлцээн явуулав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уг номын үйл ажиллагаанд оролцож
айлдвар айлдлаа. Энэтхэг, Дарамсала, Тэгчэнчойлин хийд.
2015.10.31. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Өнөө цагт учир шалтгааны ухаанаар нотлон буулгадаг буддын гүн ухааны уламжлалыг зөвхөн Төвөдийн бурханы шашнаас л олж чадна. Тиймээс бид энэхүү үнэ цэнтэй уламжлалыг хадгалан авч яваадаа сэтгэл хангалуун байгаа.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь ярихдаа гуч гаруй жил үргэлжилсэн орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэдтэй хамтран зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурлын тухай дурьдаад орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэд буддын гүн ухааны логик сэтгэлгээний онцлогийг өндрөөр үнэлэхийн зэрэгцээ сэтгэл судлалын асар өргөн ойлголт байгааг хүлээн зөвшөөрч байгааг ярьсан юм. Тэрээр Төвөдүүд бид энэ бүгдийг үзэж судлахын тулд хятад, хинди, эсвэл англи хэл сурах шаардлага алга. Сэтгэл судлал болон гүн ухааны өргөн ойлголтыг агуулсан ном судрыг аль хэдийнээ бид өөрсдийн эх хэл дээрээ орчуулж Ганжуур, Данжуур болгон хэвлэсэн гэдгийг онцлов.

Мөн тэрээр ихэнхдээ зан үйлийг голлодог Намжал дацан тэргүүтэй зарим хийдүүдийн сургалтын хөтөлбөрт буддын гүх ухааны хичээлийг оруулсан тухайгаа ярьлаа. Мөн эмэгтэй хуврагууд шавилан суудаг Гэдэнчойлин хийд буддын гүн ухааны “Илт онохуйн чимэг” шастрыг судалж эхэлснийг сайшаан магтсан бөгөөд ахин ирэх жилээс шалтгалтаа дуусгаж гэвшмаа цол хамгаалах эмэгтэй хуврагуудад талархал илэрхийлэв.

Эмэгтэй хуврагууд “өвлийн их чойр” зохион байгуулж Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын өмнө номын мэтгэлцээн явуулав
Эмэгтэй хуврагууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын өмнө номын
мэтгэлцээн өрнүүлэв. Энэтхэг, Дарамсала, Тэгчэнчойлин хийд.
2015.10.31. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Хийд тус бүрээс ирсэн долоон эмэгтэй хуврагууд босч номын мэтгэлцээн явууллаа. Тэд урд, хойд нас байгаа үгүйг учир шалтгааны үүднээс нотолж байсан юм.

Номын мэтгэлцээний дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ахин айлдвар айлдсан бөгөөд өөрийн зохиосон Наландагийн арван долоон бандида нарын магтаалаас эш татав.

“Өнөө цаг үед шинжлэх ухаан, технологийн түвшинд асар их дэвшил гарч байна. Гэвч цаг завгүй, төөрч будилсан энэ амьдралд учрыг нь ойлгосон сүсэг бишрэл бидэнд үнэхээр чухал болж байна. Тийм учраас Бурхан багшийн айлдсан сургаалыг бид анхааралтай судалж, дүн шинжилгээ хийх хэрэгтэй.”

Тэрээр судалгааг хэрхэн хийх тал дээр ертөнцийн зургаан чимэг, хоёр дээд гэж алдаршсан Наландагийн найман эрдэмтдийг дурьдсан юм. Тэд өөрсдийн үзэж судалсан зүйлээ ном болгон үлдээснийг онцлов. Тэд зүгээр судлаач нар байгаагүй бөгөөд өөрсдийн үзэж судалсан зүйлээ бусдад түгээн дэлгэрүүлсэн гайхамшигтай хүмүүс байжээ. Тэрээр Нагаржуна гэгээнээс Адиша гэгээн хүртэлх эрдэмтдийн магтаалыг байнга уншдаг ажээ. Ялангуяа Төвөдөд Наландагийн уламжлалыг эхлүүлсэн Шантаракшита гэгээний үйл хэргийг гайхамшигтай явдал байсан гэлээ.

Эцэст нь тэрээр:

“Нэгэнт бидэнд гэгээрэлд хүрэх мөн чанар байгаа л бол түүнийг бид өөрсдөө хийх хэрэгтэй. Үүний тулд бид нэг нэгэндээ тус болж чадах аваас туслах хэрэгтэй байна” хэмээн айлдсан юм.
Үзсэн: 2 076

Холбоотой мэдээ:
  • Мундгод дахь эмэгтэйчүүдийн Жанчүвчойлин хийд болон Гандан Лачи хийдэд мориллоо.
  • Анхны эмэгтэй гэвшмаа цол хамгаалсан баярт оролцож, Мундгод дахь Төвөдийн төв сургуулийн 50 жилийн ойн баярт оролцлоо. 2016.12.22.
  • Буддын эмэгтэйчүүдийн хийд болон Тиксей дэх муслимын сүм, Шей дэх Ламдон сургуульд зочлов
  • "Бодь Мөрийн Зэрэг" номын айлдвар үргэлжилж буй фото сурвалжлага. Энэтхэг, Карнатака, Билакуппе, Дашлхүнбо хийд. 2015.12.23-25.
  • Эмэгтэй хуврагуудын номын мэтгэлцээн
  •  

    Хуваарь (ойрын)

    Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

    2018 оны 10 дугаар сарын 3-6

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
    Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

    2018 оны 10 дугаар сарын 12-14

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

    Сайтын үндсэн бүтэц